Categories
мэдээ цаг-үе

Шаргын говьд Б.Болдсайхан эмчийг хагас өдөр хүлээж есөн сартай хүүгээ оношлуулсан малчин эмэгтэйн яриаг хүргэе

-Б.БАДАМГАРАВ: САЙХАН СЭТГЭЛТЭЙ, АЛТАН ГАРТАЙ ЭМЧИЙН БУЯНД НЯЛХ ХҮҮГЭЭ ЭРҮҮЛ БОЛНО ГЭЖ БОДОХООР ТЭНГЭР ЦЭЛМЭХ ШИГ БОЛЛОО-

Зүрхний төрөлхийн гажигтай хүүхдүүдийг эх орондоо эмчлэх “Зүрх мартахгүй” төслийг “Улаанбаатар Сонгдо” эмнэлэг энэ оны тавдугаар сард эхлүүлсэн билээ. Уг төсөлд Голомт банкны “Алтан түлхүүр” хүүхдийн сан албан ёсны хамтрагчаар ажиллаж өнгөрсөн хугацаанд гурван хүүхдийн хагалгааны зардлыг бүрэн хариуцаж, бяцхан зүрхнүүд эрүүл саруул биетэй болжээ. Мөн тэд 2026 он гэхэд зүрхний төрөлхийн гажигтай 1000 хүүхдийг эмчлэхээр зорьсон гэнэ. Тэгвэл “Зүрх мартахгүй” төсөлтэй холбоотой цахим орчноор “Зам дагуу хүүхдээ үзүүлэхээр өглөө найман цагаас хойш хүлээсэн ээж. Хүүг хагалгаанд оруулах шаардлагатай гэж эмч хэлэв. “Эмч ээ зардал мөнгө хэд болох бол” гэхэд эмч “Аргыг нь олно доо. Яаж ийж байгаад хотод хүрээд ирээрэй” гэсэн пост тарж олон хүний анхаарлыг татаад байгаа юм. Ингээд бид өглөө эртлэн гэрээсээ гарч зам тосон хүлээсээр хүүгээ эмчид үзүүлсэн эмэгтэйн сургийг гаргахаар Б.Болдсайхан эмч рүү залгасан юм. Б.Болдсайхан эмч “Бид Баян-Өлгий аймгийн Дэлүүн суманд үзлэгтэй явж байна аа. Тун завгүй явна. Чиний асуусан мэдээллийг хэлээд өгье” гээд үзүүлсэн хүүгийн овог нэр болоод, Говь-Алтай аймгийн Төгрөг сумын хоёрдугаар багийн Засаг дарга П.Мөнхбаатарын утасны дугаарыг өглөө.


Ингээд бид өгсөн дугаараар нь асууж сурагласаар Б.Болдсайхан эмчид хүүгээ үзүүлсэн ээж болох Говь-Алтай аймгийн Төгрөг сумын хоёрдугаар багийн малчин Б.Бадамгаравтай холбогдож ярилцлаа.


-Сайхан намаржиж байна уу. Та гэр бүлийнхээ талаар танилцуулахгүй юу?

-Манайх Говь-Алтай аймгийн Төгрөг сумын хоёрдугаар багийн малчин өрх. Ам бүл дөрвүүлээ. Манай нөхрийг Мөнхбаярын Наранбаатар гэдэг. Том охин Н.Мөнгөнзул маань зургаан настай. Энэ жил сургуульд орсон. Аймгийнхаа сургуульд сурч байна. Айлд байдаг л даа. Улирлын амралт дөхөхөөр аав нь мотоциклоор очиж авдаг юм. Харин бага хүү маань есөн сартай. Төрөлхийн зүрхний цооролттой учраас бид хоёр хааяа нэг сум, аймаг орох шаардлага гардаг. Харин энэ удаад Улаанбаатар хотоос мэдлэг туршлагатай, зүрх судасны эмч Б.Болдсайхан гэдэг хүн ирж байгааг дуулсан юм.

-Танайх сумын төвөөс хол, сүлжээгүй газар байдаг юм байна шүү дээ. Хотын төвөөс эмч үзэж явааг хаанаас мэдэв?

-Хоёрдугаар багийн Засаг дарга П.Мөнхбаатараас сонссон л доо. Засаг дарга манайд хоёр, гурван хоногийн өмнө ирээд “Зүрх мартахгүй” гэсэн төсөл хэрэгжиж байгаа юм байна. Мундаг чадвартай эмч орон нутгаар явж зүрхний өвчтэй хүүхдүүдийг үзэж байгаа гэнэ. Танайх хүүхдээ үзүүлэх үү” гэсэн. Ингээд бид малаа орхиод сумын төв орж чадахгүйгээс хойш зам тосон хүлээж байгаад үзүүлчихье гэж ярилцсан. Манайхаас урагш нэлээн хэдэн км яваад засмал зам бий. Тэр замаар яг аравдугаар сарын 6-нд явж таарна гэсэн юм.

-Өглөө найман цагт хүүгээ үзүүлэхээр гэрээсээ гарсан гэж сонссон. Засмал зам руугаа ямар унаагаар явав?

-Манай Засаг дарга өглөө эрт ирээд хүү бид хоёрыг машинаар авч явсан. Ингээд бид гурав манайхаас урагшлаад Шаргын говийн наахна Дундын овооны урдах засмал замын ойролцоо очоод 13:00 цаг хүртэл хүлээсэн.

-Шаргын говь руу танайхаас хэдэн км явж хүрдэг вэ?

-Шаргын говь манайхаас 60 км-ийн зайтай. Засаг даргынхаа буянаар энэ хол замыг машинтай туулж, ашгүй хүүгээ дааруулсангүй. Өглөө найман цагаас гэрээсээ гараад цаг 30 минутын дараа засмал замынхаа ойролцоо ирсэн байх. Тэгээд өдрийн нэг цаг хүртэл хүлээсэн гэхээр нэлээн удаан хүлээсэн байгаа биз. Ойр хавьд хүн амьтан, айл саахалт, барилга байшин юу ч байхгүй эзгүй газар шүү дээ. Уулаараа цас орчихсон, сэрүүхэн ч байсан. За ингээд хүлээгээд сууж байсан чинь гурван цагаан том жийп гараад ирдэг юм байна.

-Удаан хүлээсний эцэст тааралдсан болохоор их л баярласан байх?

-Тэгэлгүй яахав ээ. Би ч баярлаад л ирж байгаа машинуудыг тосож хүүгээ тэврээд машинаасаа буусан. Тэд ч ирээд зам чөлөөлөөд зогслоо. Гурван машинд нэлээн хэдэн хүн байсан шүү. Аль нь эмч юм бол оо, бүү мэд. Хараад л байлаа. Тэгсэн бор царайтай, буурал толгойтой, саарал цамц, шар куртик өмссөн том биетэй хүн “За ахын дүү хүрээр ир, үзээд өгье” л гэж байна. Би ч хотоос явж байгаа эмч нар баахан цагаан халаттай сүржин улс л гарч ирэх байх гэж бодсон. Тэгсэн хээгүй сайхан хүн байна лээ шүү. Бас л баахан эмнэлгийн багаж хэрэгсэл гаргаж ирээд л удах байх даа гэж бодсон тэгсэнгүй. Машиныхаа нөмөрт сууж байгаад л хүүгээ үзүүллээ. Ер нь үзлэг оношилгоо хийхэд амар болчихсон юм байна лээ. Нэг том цагаан дэлгэцтэй утас гаргаж ирээд л хүүгийн минь цээжинд эхоны дуран наалдуулж байгаад үзлээ. Тэгж их удсан ч үгүй.

-Б.Болдсайхан эмч үзээд ямар онош хэлсэн бэ?

-Би урьд нь бас хоёр эмнэлгээр үзүүлсэн, төрөлхийн зүрхний цооролттой гээд бүгдийг нь хэлсэн л дээ. Тэгсэн эмч “За тийм юм байна. Ойлгочихлоо. Та хоёр дөрөвдүгээр сард Улаанбаатар хотод ирж хагалгаанд орно шүү” гэж хэлсэн. Би төлбөр мөнгө нь хэд вэ гэж асуусан “За яахав аргыг нь олно доо. Яаж ийж байгаад л хотод хүрээд ирээрэй” гэсэн. Ингэж хэлэхээр нь ёстой өнөө тэнгэрээс илгээсэн бурхан л гэж энэ байх даа гэж дотроо их баярлаж, бахархаж байлаа. Монгол хүний сайхан сэтгэл, алтан гарт эмчийн буянд миний нялх хүү эрүүл саруул болно гэж бодохоор тэнгэр цэлмэх шиг болсон. Урьд нь “Сонгдо” гэдэг эмнэлгийн зүрх судасны мэс засалч, гавьяат эмч Б.Болдсайхан гэж хүнийг огт мэддэгүй байж. Царайг нь ч харж байгаагүй. “Зүрх мартахгүй” гэсэн аянаар олон хүүхдийн амь нас, эрүүл мэндийг аварч байгааг саяхан л сонслоо. Энэ салбартаа 25 жил тасралтгүй ажилласан ачтан юм билээ. Тэгэхээр Б.Болдсайхан эмчийн нэрийг нь ч мэддэггүй байсан би одоо тэр хүний нэр, царай зүс, сайхан сэтгэл, энэ их үйлсийг нь хэзээ ч мартахааргүй боллоо.

-Өмнө нь та хүүгээ эмнэлэгт үзүүлж, эмчлүүлэх талаар хөөцөлдөж байв уу?

-Хүүгээ хоёр сартай байхад нь төрөлхийн зүрхний асуудалтай юм байна гэдгийг нь мэдсэн. Ингээд Улаанбаатар хот орж Улсын гуравдугаар төв эмнэлгийн зүрх судлалын тасагт нарийн сайн үзүүлсэн. Тэгсэн зүрхний төрөлхийн гажигтай буюу цооролттой байна гэсэн. Ингээд эм бичиж өгөөд буцаж ирж хагалгаандаа орно шүү гэж хэлсэн.

-Тэгээд буцаж очоогүй хэрэг үү?

-Тэгээд Говь-Алтайдаа ирчихээд буцаад хот орж чадаагүй л дээ. Намайг хот орохоор зургаан настай охин, нөхөр хоёр маань л гэрээ сахиж үлдэнэ. Нөхөр малдаа явчихаар сааль сүүнээс эхлээд гэр орон хэцүүднэ. Нэг л явах боломж бүрдэхгүй байсан. Ингээд байж байгаад Б.Болдсайхан эмчийг ирнэ гэхээр нь зам тосон хүлээж үзүүлсэн нь энэ.

-Та эмчтэй хэсэг хугацаанд хөөрөлдөж чадав уу. Юу ярив?

-Хамгийн гол нь эмч “Хүүгээ ханиад хүргэж хатгаа авахуулж огт болохгүй. Ханиад хүргэхгүй л бол дөрөвдүгээр сар хүртэл давгүй ээ. Харин ханиад томуу хүрдэг л юм бол эмчдээ түргэн хандаарай” гэж сайн захиж хэлсэн. Манай багийн Засаг даргатай ч сайн ярилцаад мэдээлэл, утасны дугаараа солилцож байх шиг байсан. Тэгээд дараа дараагийн олон хүүхдүүдийг үзэх учраас бяцхан зүрхнүүдийн төлөө холын замдаа гарсан даа. Би ч талархсан сэтгэгдлээ бүрэн хэлж чадаагүй байх. Ирэх дөрөвдүгээр сард очихдоо баярлаж талархсанаа сайн хэлж ойлгуулна л гэж бодож байна. Эмчилгээний зардлын тухайд “үнэ хөлсийг нь бэлдээд байж байя. Гол нь дуудсан хугацаанд ирэхээр бэлэн байж байгаарай” л гэж ойр ойрхон сануулж хэлсэн.

-Та дөрөвдүгээр сард Улаанбаатар хотод ирэх төлөвтэй юм байна шүү дээ. Хотод ах дүү нар нь бий юү?

-Дөрөвдүгээр сард явахдаа Төгрөг сумаасаа машинаар Говь-Алтайн төв ороод тэндээсээ автобусанд суугаад л хүүтэйгээ их хотын зүг чиглэнэ дээ. Улаанбаатар хотод манай том ахынх байдаг юм. Тэднийх Нисэх, Яармагийн ойролцоо л байгаа даа. Мэдээж зүрхний хагалгаанд орно гэхээр удаж л таараа. Хүүгээ хагалгаанд оруулах, нааш цааш ирж очих, ажил хөөцөлдөхдөө ахындаа л байна.

-“Улаанбаатар Сонгдо” эмнэлэгт хүүгээ хагалгаанд оруулах уу. Эмчийнхээ утасны дугаарыг авсан уу?

-Түүнийг сайн мэдэхгүй байна. Ахаараа утсаар яриулж байгаад л хаягийг нь олоод очно доо. Манай хоёрдугаар багийн Засаг дарга ч гэсэн Б.Болдсайхан эмчийн утасны дугаарыг тэмдэглэж аваад байсан. Намайг холбож өгнө өө л гэсэн. Тэгээд амьд хүн байна аргаа олно доо.

-Та одоогоор сумын төв дээрээ байгаа гэсэн үү. Хэзээ гэртээ харих гэж байна?

-Хүү бид хоёр одоогоор сумын төвд айлд байна. Манай нөхөр мотоциклоор наашаа гарсан сурагтай. Тэгээд оройхон л буцна даа. Манайх ганц гэр айл л даа. Түргэн очихгүй бол мал ахуй, гэр орон хэцүүдэж байгаа байх. Эх хүн гэдэг хаана ч явсан үр хүүхэд, хань ижлийнхээ төлөө санаа зовохгүй байж чадахгүй. Аймгийн төв дээр байгаа охинтойгоо утсаар ярилаа. Охин маань айлд байдаг болохоор тэр бүр гэртээ ирэхгүй. “Ээж ээ, би сайн байгаа. Үсэг үзэж, зураг зурж байна” гээд л ярьж байна. Хэдий жаахан хүүхэд ч гэсэн төрсөн дүү нь зүрхний өвчтэй гэдгийг бага сага гадарлаад асуугаад байдаг юм. Түрүүхэн ярихдаа ч хүртэл “Та яагаад сумын төв орж ирсэн юм бэ. Дүү яасан юм бэ. Дүүг эмчид үзүүлсэн үү” гээд л баахан олон асуулт асуулаа. Сүлжээ тасраад асуулт бүрт нь хариулаад байж чадсангүй. “Хичээлээ сайн хийгээрэй миний охин” гэж хэлээд л утсаа тасаллаа.

-Энэ зун танай нутгаар зуншлага тааруу байсан гэв үү. Зундаа сүү, цагаан идээгээ борлуулж чадав уу?

– Манайх 200 гаруй бог малтай. Хоёр морь, хоёр саалийн үнээтэй л айл. Энэ жил зуншлага муу байсан. Сая намар сэрүү ороод цас их орчихлоо. Манайх сумын төвөөс 80 км-ийн зайтай л даа. Мотоциклоороо сумаас хойш чигээрээ явсаар гэртээ харьдаг байсан бол цас орчихсон болохоор хойгуураа тойрч л очиж байна. Ер нь жилийн дөрвөн улиралд ноос ноолуурын мөнгөөрөө л болгодог доо. Хаврын цагт хэдэн ямаанаасаа ноолуур самнана. Ингээд ноолуурын мөнгөөрөө л сумын төв орж ойр зуурын хэрэгцээгээ бэлдэнэ. Харин зуны улиралд овоо сүү, цагаан идээ борлуулчихдаг юм. Тэгсэн энэ жил ногоо муу, гандуу байсан болохоор чадсангүй.

С.ЛХАМСҮРЭН

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *