Беларусийн хотуудад ням гарагт болсон эсэргүүцлийн ажиллагааны үеэр хууль сахиулагчдын баривчилсан хүний тоо 500-г давсан гэж хүний эрхийн “Весна” төв мэдээлэв. Тус байгууллагын цахим хуудсанд нийтлэгдсэн баривчлагдсан хүмүүсийн жагсаалтад 501 хүний нэрийг оруулжээ. Баривчлагдсан хүмүүсийн дунд Беларусийн биатлонч, Олимпын дөрвөн удаагийн аварга Дарья Домрачевагийн ах, уран барилгач Никита Домрачев байгаа гэж мэдээлж байна. Ням гарагт мөн эсэргүүцлийн ажиллагааг сурвалжилсан 40 гаруй сэтгүүлчийг саатуулжээ. Хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн төлөөлөгчдийн ихэнхийг сулласан байна. Эсэргүүцлийн ажиллагаа Березовка, Брест, Бобруйск, Витебск, Гомель, Гродно, Жлобин, Кобрин, Могилев, Молодечно, Солигорск хотуудад болсон байна. Минск хотод сөрөг хүчнийхэн “Бахарлын жагсаал”-ыг зохион байгуулах гэж оролдсон боловч хүчнийхэн зогсоож чаджээ. Ням гарагт болсон ээлжит эсэргүүцлийн арга хэмжээний өмнөхөн Минскийн метроны хэд хэдэн станцыг хаасан бөгөөд, Беларусийн харилцаа холбооны үйлчилгээ үзүүлэгч “оператор А1” компани Засгийн газрын агентлагуудын хүсэлтээр хөдөлгөөнт интернэтийг хязгаарласан байна. Эсэргүүцлийн ажиллагаа дууссаны дараа Минскийн метро үйл ажиллагаагаа сэргээжээ.