Categories
мэдээ нийгэм

“Аюулгүй хот” хөтөлбөрийг үргэлжлүүлнэ

2019 оны байдлаар нийслэлийн хэмжээнд гэмт хэргийн 17 мянга гаруй тохиолдол бүртгэгдсэний 14 мянга гаруй нь хөнгөн хэлбэрийн, 3 мянга гаруй нь хүнд хэлбэрийнх байна. Сүүлийн жилүүдэд гэмт хэргийн тохиолдол буурахгүй өсөх хандлагатай байгаа нь иргэдийн аюулгүй орчинд амьдрах үндсэн эрхийг зөрчиж байгаа юм. Иймээс 2020 оны тавдугаар сард нийслэлийн Засаг даргын зөвлөл телекамерын ухаалаг системд түшиглэн нийслэл хотын иргэдийн амьдрах, ая тухтай орчныг бүрдүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, замын хөдөлгөөний зохион байгуулалтыг сайжруулах “Аюулгүй хот” төслийг хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн байдаг.

“Аюулгүй хот” төслийн хүрээнд хийгдэх ажлуудыг гурван үе шатанд хуваасан бөгөөд 2020-2021 онд нэгдүгээр шатыг хэрэгжүүлж байгаа билээ. Энд замын хөдөлгөөний хяналтын 600 орчим камер, хэв журмын 1,500 орчим камерыг суурилуулах зэрэг ажлыг хийхээр төлөвлөж, төлөвлөгөө эхнээсээ биелэгдэж байгаа. Мөн хөтөлбөрийн хүрээнд гэмт хэргийн хяналтын цогц системийг ашиглан, гэмт хэрэг, зөрчил ихээр үйлдэгдэж байгаа газрыг тодорхойлж, урьдчилан сэргийлэх ажлыг хийх нэгдсэн төвийг байгуулах, нийслэлийн хэмжээнд “Гэмт хэргийн хяналтын цогц систем”-ийг нэвтрүүлэх ажлыг эхлүүлсэн. 152 хорооны хэсгийн байцаагчийн ажлын байр, цагдаагийн дэд хэсгүүдийн байрыг нэгдсэн сүлжээнд холбох, шаардлагатай техник хэрэгслээр хангах зэрэг ажлуудын зохион байгуулалтыг мөн хийгээд байна.

Тэгвэл 2020 оны эхний есөн сарын байдлаар нийслэлийн хэмжээнд 12,350 гэмт хэргийн тохиолдол бүртгэгдсэн. Үүнийг хэлбэрээр нь харвал 10,464 нь хөнгөн, 1,886 нь хүнд хэлбэрийнх байна. Нийт гэмт хэргийн тохиолдлыг дээрх 2019 оны үзүүлэлттэй харьцуулахад 29.7 хувиар буурсан байгаа юм. Энэ утгаараа Нийслэлийн Монгол Ардын Намын хороо 2020 оны Иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуульд “Аюулгүй хот” төслийг үргэлжлүүлэхээр мөрийн хөтөлбөртөө тусгаад байна.

Тухайлбал, нийслэлд үйлдэгдэж буй гэмт хэргийн тоог бууруулж иргэдийн амар тайван, аюулгүй амьдрах нөхцөлийг бүрдүүлэхийн тулд нэн түрүүнд гэмт хэрэг, зөрчил ихээр үйлдэгддэг гудамж, талбай, олон нийтийн газар, эмзэг цэгүүдийн камержуулалтыг нэмэгдүүлэх, хяналтын камерын удирдлагын нэгдсэн төв байгуулах ажлыг үргэлжлүүлэх аж. Энд гэмт хэрэг хамгийн их бүртгэгддэг Баянзүрх, Сонгинохайрхан, Сүхбаатар, Баянгол дүүргүүдийн камержуулалтын ажилд түлхүү анхаарч ажиллахаар зорьж байна. Мөн гэр хорооллын гудамж, замын гэрэлтүүлэг, “Цагдаагийн эргүүл”, “Хэв журмын урамшуулалт эргүүл“-ийн тоог нэмэгдүүлж, хөдөлгөөнт эргүүлийн автомашины парк шинэчлэл хийх замаар гудамж, талбайд тавих хяналтыг сайжруулахаар Нийслэлийн Монгол Ардын Намын хороо 2020 оны Иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн мөрийн хөтөлбөрөөрөө дамжуулан зорьж байгаа юм.

Түүнчлэн гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажилд иргэд, олон нийтийг татан оролцуулдаг, одоо ч сайн үр дүнтэй хэрэгжиж буй “Олон нийтийн цагдаа” арга хэмжээг үргэлжлүүлнэ хэмээн Нийслэлийн МАН-ын хороо тооцоолоод байна. Харин нийслэлийн хэмжээнд архидан согтуурахтай тэмцэх дэд хөтөлбөр, согтууруулах ундааны худалдааг цагийн зохистой хуваариар ажиллуулах зэрэг ажлуудыг шинээр хэрэгжүүлэхээр тус хөтөлбөртөө тусгажээ.

Нийслэлийн хэмжээнд бүртгэгддэг гэмт хэргийн тоог бууруулахад иргэдийн оролцоо нэн чухал. Энэ утгаараа эхний ээлжид иргэдийн хууль зүйн мэдлэгийг дээшлүүлэх зорилго бүхий бүх нийтийн эрх зүйн боловсролын хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг мөн “Аюулгүй хот” хөтөлбөртөө багтаасан байна. Мөн гэмт хэрэг, зөрчилд холбогдогчдын судалгааг гаргаж тухайн бүлгүүд рүү чиглэсэн сургалт, соён гэгээрүүлэх үйл ажиллагааг зохион байгуулах ажлыг ч Нийслэлийн МАН-ын хороо орхигдуулаагүй байгааг энд онцолъё.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *