Түрүүч нь №186(6552), 192(6558), 198(6564) дугаарт
Б.Цэнддоогийн шинэ бүтээл болох “Монгол: 11 үгээр” хэмээх номын хэсгээс үргэлжлүүлэн нийтэлж байна. Монгол хүний зан төрх, үндэстний хэв шинжийг 11 сэдэвт хураангуйлан хөгжөөн, наргиантайгаар өгүүлсэн энэ ном саяхан хэвлэлд шилжиж байгаа аж.
Шашинтай тэмцэж яваа хувьсгалч хүнийг хөөж тууж болохгүй, бас ингэж явна хэмээн гомдол гаргаж болохгүй. Ингээд цөхөрсөн эмээ маань Нэгдлийн орлогч дарга хийж байсан Шарав ах дээр очиж хэрхэхийг зөвлөлдөв. Дахин, дахин ингээд байвал зулаа өргөхөө болихоос өөр аргагүй хэмээн тэд дүгнэлээ. Өнөө, улаан сухай чинь “Бурхан шүтэж зул хүж барьдаг ээжтэй хүн, социалист хөдөө аж ахуйн нэгдлийн орлогч дарга хийж таарахгүй” гээд л матаад эхэлбэл осолтой.
Цааш нь мэдээлж, матаж хүний хувь заяагаар тоглоогүй болохоор гэм халгүй ч хүн шиг. Сумаараа түүнд муу байсан болохоор тусгүй ч нэгэн шиг, Улаан доктор оо гэж.
Засаг төрөөс шашинтай тэмцэж байгаа нь үнэн зөв. Харин тэр бодлогыг сайн дураараа хэрэгжүүлж яваа амьтан бол “хэрэгт дуртай хүн” буюу адгийн шаар. Мөн үү?
НАЙМ. 2500 НАСТАЙ ЗАЛУУ
Хэрвээ та “Монголын соёлын альманах: Иргэншлийн замд” гэдэг номыг мэдэх бол дараахь өгүүлбэрийг санаж таарна. Тэнд, монголчууд бол хотшил-иргэншлийн утгаараа залуу үндэстэн. Төр ёсны хэдэн мянганы уламжлалтай ч хамтран амьдрах, дундын сонирхол, нийтлэг эрх ашигт суралцсан туршлага нь маш богино. Тал нутагт Уйгарчуудын Хар хот, Чингисийн үндэслэсэн Хархорумаас эхлээд олон хот байсан нь монголчууд хотшсоны илэрхийлэл биш. Түр зуур нэг газар хотлон байсны л улбаа. Малчин айл орой бүр хонио хотлуулаад өглөө бэлчээдэгтэй харьцуулахад бол урт хугацаагаар сууж л дээ тэнд. Малаасаа, ялангуяа хүлэг мориноосоо хамааралтай атлаа ядаж л малын тэжээл тариалдаггүй улс чинь нүүж явна. Их хаан Мөнхтэй уулзахаар ирсэн Өрнөдийн элч нар түүнийг Хархорумаа тойроод нүүж явдгийг бичсэн нь бий. Их Монголын нийслэлд олзны уран дархчууд, шашин номлооч зэрэг мал маллаж чадахгүй, харь голдуу хүмүүс л хуарагнаж байж.
Өнөөгийн бидний эх нутагт хүний өвөг(primat) 700 мянган жилийн тэртээд амьдарч, 20-30 мянган жилийн тэртээгээс дэлхийн зүг бүрт чиглэсэн миграци болж, тэдний зарим нь Берингээр дамжин Америк тивд хүрчээ гэж үздэг. БНМАУ-д 1921 оны Ардын хувьсгалын өмнө ба хойно гэсэн бүдүүвчээр эх түүхээ авч үзэж. Харин 1990-ээд оноос хойш, Монгол төрт ёсны түүхийг тал нутагт анхны төр бий болсон Хүннү гүрнээс, заримдаа, Монгол үндэстний их гүрэн улс үүдэн цогцолсон XIII зуунаас эхлүүлж 2200 илүү, эсвэл 800 гаруй жилээр тоолон тэмдэглэх болов.
Зуугаад жилийн өмнөөс, бэлчээрийн малаа орхиж, хөдөлмөрийн хуваарь үүсч, хотшин амьдарч эхэлсэн ч тэр нь жам ёсны суурьшил гэхээсээ илүү лагерийн дэглэмийн шинжтэй байжээ. Монголчуудад хөдөлмөрийн хуваарь огт байгаагүй хэрэг биш л дээ. Эмч, бариач, дархан, мужаан, анчин, оёдолчин байж л таараа. Гэвч тэдгээр мэргэжил нь малчин хэмээх ганц мэргэжлийн хавсарга шинжтэй: малчин-мужаан, малчин-оёдолчин, малчин-худалдаачин, малчин-бариач, тэр байтугай малчин-лам хүртэл бий.
Нийтээрээ тусгаар тогтносон улсын иргэн байх, цөмөөрөө хүний эрх, эрх чөлөөгөө олж авах, нийтлэг шашинтай байх төдийгөөр эрх ашгийн нийтлэгтэй болоод иргэншиж барахгүй. Хүн гээч амьтан заавал хотшин амьдарч байж л өөрийн шууд харагдахгүй боловч байгаа нь гарцаагүйг мэдэрсэн тийм эрх ашгийн төлөө амьдрахад суралцдаг аж. Өөрийн шууд харагдах ашиг, илэрхий сонирхлыг дарж сурах гэсэн үг. Сайхан бэлчээр сул байсаар байтал бусдад маань хэрэг болно гэж итгээд хонио өөр зүгт бэлчээж сурах гэсэн үг. Гэтэл малчин хүнийг ийм болгох боломжгүй. Малчин нь хүмүүжилгүйдээ биш, хэний ч биш юмыг хэнч биш этгээдэд зориулан өөрөөсөө харамлана гэж юу ч байх билээ?
Үнэн хэрэгтээ, хүн төрөлхтний нийтлэг жам ёсоор, хөдөлмөрийн хуваарьт орж, оршин амьдрах газраа өөрөө сонгоод хотшин хөгжих үзэгдэл нь сүүлийн гучаад жилд хамаарна. Нэг талаасаа 2500 настай ахмад үндэстэн, нөгөө утгаараа 30 настай нэн залуу иргэншилтэн.
Залуу үндэстэн, урт түүхийнхээ туршид онцгой нөхцөлд амьдарч ирснийг бас санацгаая. Хуулийг сахих, хууль дагасан байдлаараа үлгэрлэх нь хотшин суурьсан иргэдийн нэр төрийн хэрэг байдаг. Гэтэл, дайны цагийн байдал голлосон тал нутагт ёс суртахууны өвөрмөц хууль үйлчлэх нь дамжиггүй. Овог аймгаа, гэр бүлээ ямар ч хамаагүй үнээр авч үлдэх нь тал нутгийн оршихуйн гол дүрэм байлаа. Ийм учраас амиа аврах нь, гэр бүл, овог аймгаа аврах нь нэр хүндээ хамгаалахаас давсан үйл хэрэг байсан гэсэн үг.
Хүн төрөлхтөн иргэншин суурьшиж, амь насаа аврах, гэр бүл үндэстнээ хамгаалахаас давсан үзэл санааны эрх ашиг бий болсоор байлаа. Тэр ч байтугай нэр төр, ёс суртахууны үнэт зүйлсээ хамгаалан амиа өргөх, тэр ч байтугай өөрийн үндэстэнтэйгээ байлдан тулдаг цаг үе ч бий боллоо.
Энэ зуур монголчууд нүүдэлчин хэвээрээ л байв. Социализм байгуулан хотшиж эхлэхэд ч хуулийн зай завсраар амиа аргалан аж төрөх нь чухал хэвээр үлдэв. 1990 онд нэг л өглөө, хэдэн том жагсаалын дараагаар, онцын түвэггүйгээр хүн төрөлхтний жам ёсны хөгжил, хуулийн засаглалын замд орж ирлээ. Өрнөдийн зарим орон зуу зуун жил тэмцэж, мянга мянган хүний амийг зольж хүрсэн, тэр л улс төр-нийгмийн байгуулалд хар аяндаа орж явчихав. Төр, нийгмийн байгуулал нь өөрчлөгдсөн ч хүмүүс нь социализм байгуулж байсан нүүдэлчин монголчууд хэвээрээ байлаа.
2500 жилийн настай, орь залуу үндэстний нэгэн зовлон эндээс эхэлсэн. Тэр зовлон бол хуулин дээрх хууль, хуулийн хажуу дахь хууль, хуулин дээр нэмэгдсэн дүрэм болон амьдарч сурсан дадлага нь байлаа.
Хотшин суурьшиж, хамтран амьдарч ирсэн туршлага нь маш бага учраас нийтлэг эрх ашгийн тугийн дор нэгдэх туршлага багатай. Энэ нь чөлөөт зах зээлийг хөгжүүлэх, ардчилсан төр засаг байгуулах, глобальчлагдсан дэлхий ертөнцөд амьдрахад учирдаг гол бэрхшээлүүдийн үндсэн шалтгаан.
Үргэлжлэл бий