Ерөнхийлөгчөөс гавьяат багш цол тэмдэгээ гардаж буй нь.
Монгол Улсын Боловсролын их сургуульд математикийн багшаар 52 жил тасралтгүй ажилласан, хүндэт профессор, доктор, шатрын спортын мастер, гавьяат багш Ц.Маамтай ярилцлаа.
-Монгол Улсын гавьяат багш болсонд тань баяр хүргэе?
-Баярлалаа. Төрийнхөө хүндэтгэлийг хүлээсэн хүн баяртай байлгүй яахав. Би бурхан, байгаль ертөнцийн илгээлтийг хангалттай биелүүлсэн гэж бодож явдаг юм. Гэхдээ төр, засгаасаа би авлагатайгэж хэзээ ч бодож явсангүй. Тэгсэн төрөөс надад ийм их хүндэтгэл үзүүллээ. Би МУБИС гэдэг энэ их айлаас ажил амьдралын гараагаа эхэлсэн. МУБИС бол Монгол Улсад дээд боловсролтойбагшлах боловсон хүчин бэлтгэдэг цорын ганц сургууль. Энэ сургуульд бүтэн жаран жил ажилласандаа бахархаж явдаг юм. Энэ бахархал бол миний шавь нар юм шүү дээ.
Шавь нараа гомдоож, хүсэл зоригийг нь биелүүлээгүй үе ч байсан байх. Яахав, цөөхөн хэсгийг нь баярлуулж явсан үе ч бий. Төрийн хүндэтгэл үзүүлж байгаа гол утга учир бол миний шавь нар Монгол Улсын өнцөг булан бүрт үр бүтээлтэй, гайхамшигтай сайхан ажиллаж, амьдарч байгаагийн л илэрхийлэл. Тэгэхээр 1960-аад оноос XXI зууны эхний хорин жил хүртэл надтай учирч, уулзаж явсан шавь нартаа талархаж байна.
-Та Баянхонгор аймагт дунд сургуулиа төгссөн юм билээ. Анх танд математик зааж, энэ шинжлэх ухаанд дурлуулсан багш тань ямар хүн байсан бэ?
-Их сонин, сайхан асуулт байна. Би Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын хүн. 1949 онд сургуульд орсон. Өлзийт сумын сургуульд долоон жил сурч дараагаар нь Баянхонгор аймгийн төв хуучнаар Галуут суманд аравдугаар ангиа төгссөн л дөө. Тэр үед надад хичээл заадаг багш нар гэж гайхамшигтай хүмүүс байсан. Тэдний ач гавьяа, эрдмийн үр өгөөж надад алтан нарны цацраг адил туссан юм болов уу гэж боддог. Нэг хүнийг илүүтэй онцлон дурсъя. Чимидийн Цэрмаа гэж нэг их сайхан багш байсан. Багшийн дээд сургуулийн анхны төгсөгчдийн нэг. Лодонгийн Түдэв, Бямбын Даваасүрэн, Чойживын Лувсанжав гэх агуу хүмүүстэй багш минь нэг анги төгссөн. Ч.Цэрмаа багш маань арфиметикийг хэтэрхий их мэддэг, мундаг хүн байсан даа. Энэ хүн надад их нөлөөлсөн гэж боддог. Өөр олон ч сайхан багш нар бий.
-Багшаар заалгаагүй, багшаас сураагүй хүн гэж ховор. Та өөрөө хэдэн онд багш болж байв, хэрхэн энэ мэргэжлийг сонгож байв?
-Би 1959 онд дунд сургуулиа төгссөн. Ард түмний хэрэгцээ байсан юм уу, миний хувь заяа байсан юм уу, мэдэхгүй. Ерөөсөө л төрөөс намайг багш болгохоор шууд Монгол Улсын их сургуульд оруулсан. 60 гаруй хүүхдээс хамгийн сайн номер нэг сурагч нь гэж тэр үед үнэлсэн дуулдсан. Ингээд л би Монгол Улсын их сургуулийн математикийн ангид орж байсан юм. 1952, 1953 оны үед “Алтайд” романыг их уншдаг, бас болоогүй том хайгуулч, геологич болно гэж хүсч боддог байжээ. “Алтайд” романыг бол бүр хөдөө гадаагүй тааралдсан хүн бүртээ л ярьж өгдөг хүүхэд байсан. Ингээд 1963 онд Их сургуулийн математикийн ангийг төгсөж хуучнаар Багшийн дээд сургуульд багшаар хуваарилагдсан юм. Манай аав болоод Баянхонгорынхон намайг нутагтаа аваачна гээд машин ирүүлчихсэн хүлээж байсан сайхан дурсамж бас бий шүү.
-Та Монголын боловсролын системийг хөгжүүлэхэд хувь нэмрээ жинтэй оруулсан хүмүүсийн нэг. Тухайлбал, манай улсад боловсролын нэгдсэн тогтолцоо байгуулж эхлэх үед та энэ салбарт ажиллаж эхэлсэн юм байна?
-Боловсролын яамыг хуучин Гэгээрлийн яам гэдэг байсан даа. Гэгээрлийн яам нь Монгол Улсын боловсролын түвшинг зааж байгаа нэг байгууллага шүү дээ. Тэнд дөрвөн жилийн боловсролтой буюу анхан шатны боловсролтой хүн л бэлтгэдэг системтэй байсан. Хаа ганц нэг долоон жилийн сургууль тааралдана. За тэгээд аймаг бүрт арван жилийн сургууль байгуулж эхэлж байсан үе. Ийм л үеэс би боловсролын байгууллагад зүтгэсэн. Ингээд анхан шатны боловсрол, дунд боловсрол, бүрэн дунд, их, дээд боловсрол гээд шат дарааллаар нь хөгжүүлсэн. Их ажил л даа. Миний бодоход энэ ажил 1980-аад он хүртэл үргэлжилсэн. Тэгэхээр би Монгол Улсад боловсролын нэгдсэн систем байгуулахад үе үеийн мундаг хүмүүстэй хамт ажиллаж байсан. Өөрөөр хэлбэл Дондогийн Цэвэгмид, Цэрэнпилийн Шаравнямбуу, Доржийн Батсүх, Монгол Улсын анхны хөдөлмөрийн баатар Додийн Базар гээд хүмүүстэй ажиллаж байсан. Үе үеийн агуу хүмүүс, өнөө үеийн тэргүүлэгч эрдэмтэдтэй хамтарч ажиллаж явсан сайхан үе. Тийм ч учраас би боловсролын системд өнгөрүүлсэн жаран жилээрээ бахархдаг юм. Тэр жаран жилээрээ бахархдаг учраас би бурхны илгээлтийг хангалттай биелүүлсэн хүн гэж хэлээд байгаа юм.
Ц.Маам багш гэргий С.Дэмбэрэлийн хамт.
-Таны ажиллаж байсан үеийг өнөөтэй харьцуулахад мэдээж хол зөрүүтэй байгаа даа?
-Нэг сонин түүх ярьж өгье. Боловсролын их сургууль 1951 онд “Улсын Багшийн Институт” нэртэйгээр байгуулагдаж байсан. Тухайн үед хагас дээд боловсролтой хүн бэлтгэдэг байлаа. Өөрөөр хэлбэл, долоон жилийн сургуульд багшлах боловсон хүчин Монголд дутагдчихсан хэрэг. Ингээд “Улсын Багшийн Институт”-эд Лодонгийн Түдэв, Бямбын Даваасүрэн, Чимидийн Цэрмаа багш гээд хоёр ангид нийт жар гаруй хүнтэй анги бүрдсэн гэдэг. 1960-аад онд “Улсын багшийн Институт” Багшийн дээд сургууль нэртэй боллоо. Дээд сургууль гэдэг чинь бүрэн дээд боловсролтой хүн бэлтгэнэ гэсэн үг. Эдийн засгийн талаас нь яривал төгсөгчид нь өндөр цалинтай болж байгаа юм. Урьд нь гурван жилээр төгссөн багш нар бага цалин авна. Өөрөөр хэлбэл, сүүлд Багшийн дээд сургуулийг төгссөн багш 750 төгрөгийн цалин авч байхад гурван жилээр төгссөн нь 550 төгрөгний цалин авдаг. За тэгсэн гурван жилээр төгссөн багш нарыг дээд боловсролтой болгохын тулд нэг жилийг гүйцээх курс байгуулдаг юм байна. Тэгсэн өнөө Б.Даваасүрэн сайд, Ч.Цэрмаа багш, Чой.Лувсанжав гуай гээд математикийн анги төгссөн хүмүүс дөнгөж их сургууль төгссөн хорин хэдхэн настай над шиг “зулзага”-нуудын шавь болоод сууж байдаг байгаа /инээв/. Их сонин байгаа биз. Тэгсэн би эхэндээ онгироод л, дээд сургуулийн багш болчихсон, надад чадахгүй юм байхгүй гээд л… Ингээд сангийн аж ахуйгаас аравдугаар сард ирчихээд төв байр луу хичээлдээ орлоо. Тэгсэн гайтай юм шиг нэмж төгсөж байгаа багш нар маань миний анхны хичээлд таарчихлаа.
-Тэгэхээр та өөрийн багш нартаа хичээл заажээ?
-Тэгсэн. Өнөө миний айдаг Ч.Цэрмаа багш яг урд ирээд суучихсан. Би ч өөрийгөө их л мундаг заана гэж бодтол сүүлдээ ярих юмаа олж ядаад, хөлс асгараад ирлээ…./инээв/. Тухайн үед чинь 90 минутаар хичээллэдэг байсан. Өөрийнхөө багш байсан хүмүүст анхны хичээлээ орж таарлаа шүү. Түүнээс хойш би багш мэргэжил гэдэг тоглоом биш юм байна гэж бодож билээ. Ингээд сүүлд “Миний багш нар миний анхны шавь нар” гэсэн өгүүлэл бичсэн. Ийм л түүхтэй юм даа.
-Хоёулаа математикийн шинжлэх ухааны талаар яриагаа үргэлжлүүлье. Сүүлийн үед хүүхдүүд шинжлэх ухаан гэхээсээ илүү нийгэм, урлаг соёлын чиглэлээр мэргэжил эзэмшдэг боллоо?
-Одоо бол хүүхдүүд математикаас өөр чиглэлээр явах их дуртай болж. Хувийн ч бай албаны ч бай сэтгүүлч, хуульч, жүжигчин, эдийн засагч болох л гэж байна. Энэ бол хүүхдүүдийн буруу биш. Нийгэм аяндаа тийм байхыг шаардаад эхэлсэн. Миний үед математикийг онцгой үзэх шаардлага байсан учраас тэгж үзсэн хэрэг. Тэгэхээр одоогийн залуусыг буруу гэж хэлэхийн арга байхгүй. Гэхдээ нөгөө талаараа энэ бол тийм сайн хандлага биш. Үүнд бидний буюу манай математикчдын буруу бас байна аа. Математикийг мангас гээд ойлгуулчихсан. Математик гэдэг бол барагтай хүний ухаардаг шинжлэх ухаан биш, тусгай төрсөн тархи, оюунтай хүмүүс сурдаг гээд бүх масст ойлгуулчихаж. Үүнд л алдаа байгаа юм. Багш нар ч өөрсдөө тийм байгаадаа бахархдаг байсан үе. Тухайн үеийн л хандлага. Багшийн ч буруу биш. Энэ нь хүмүүсийг математикаас залхаачихсан байна. Гэтэл математик гэдэг бол хүний сэтгэлгээг л хөгжүүлдэг шинжлэх ухаан. Малчин хүн ухаандаа ямар бэлчээрт малаа бэлчээх, яаж өсгөх, надад ямар үр ашиг өгөх вэ гэж бодож байгаа нь л өөрөө математик сэтгэлгээ. Ухааныг л хөгжүүлдэг зүйл.
-Тэгвэл Монголд математикийн сургалтыг ямар системээр хэрхэн явуулах нь зүйтэй юм бэ. Ер нь энэ суурь шинжлэх ухаанд хүүхдүүдийг хэр бэлдэж байгаа вэ?
-Одоо нийгмийн болоод шинжлэх ухааны задрал эхэлж байна. Тэгэхээр математикийн сургалтад ч тэр боловсролын системд ч задрал болно. Хуучин янзаар ойлгохын арга байхгүй. Тэгэхээр боловсролын систем хүссэн хүсээгүй өөр болно. Товчоор хэлбэл, хуучин манай боловсролын систем сурган хүмүүжүүлэгчээс багш руу чиглэдэг байсан. Гэтэл одоо эргээд багшаас сурган хүмүүжүүлэгч рүү чиглэж байна. Жинхэнэ математикийг шинжлэх ухааны чиглэлээр хөгжүүлэх л ёстой юм. Одоо бол тийм шаардлага бол тун бага болчихлоо. Гэхдээ Монголын математикийн холбоо хөгжсөнөөс хойш их амжилт гаргасан даа. Шинжлэх ухаанд том нээлт, хувьсгалыг математик, физикийн шинжлэх ухааны л хүмүүс хийж байна. Хэлний эрдэмтэн мэргэд мундаг хүмүүсийг алийг тэр гэх вэ. Монголд бол математик, физикч зайлшгүй хэрэгтэй. Гол нь бидний алдаа хүн бүхнийг математикч болгох гэж зүтгэсэндээ байгаа юм. Угтаа бол математикийн шинжлэх ухаан хэрэгцээнийх нь хувьд тусгай сургууль байгуулаад хүүхдүүдээ хөгжүүлээд явахад төрийн ч үүрэг хэрэгтэй.
-Ер нь хүүхдийг математик суурьтай болгох нь ямар давуу талтай вэ?
-Хүний толгойг л хөгжүүлэх ёстой. Толгойг хөгжүүлэхэд математик хамгийн тохиромжтой зүйл. Тархи бол өөрийгөө зовоохыг л шаарддаг, байгалиас заяасан эд. Түүнийг чинь зовоохгүй байх юм бол зүгээр сайхан хоол идээд л чамд үйлчлэхгүй. Жишээлбэл, шалгалт өгөхдөө бодлогынхоо хариултыг бэлдээд өмднийхөө завсар хавчуулаад орлоо гэж бодъё. Хичээлээ давтаагүй бэлтгэл муутай байвал тархи чинь чамд огт туслахгүй. Өмдний чинь халаасанд байгаа хариултыг л хуулахыг нэхнэ. Харин шалгалтаа бэлдсэнээр та тархиндаа үүрэг өгч, тэр тухайд тархи хариулах арга замыг яаж ийж байгаад олоод өгчихнө. Шинжлэх ухаан бүхэн тархийг хөгжүүлнэ. Гэхдээ хамгийн их нөлөө үзүүлж тархийг хүчтэй хөгжүүлдэг зүйл бол математик. Энэ талаас нь л хандах ёстой байсан. Тархиа рациональ сэтгэлгээтэй болговол энгийн л амьдарна. Бүр сайн хөгжүүлбэл сод түвшинд сэтгэнэ гэсэн үг л дээ.
-Та олон сайхан шавь нартай байх. Онцгой сайн, амжилттай яваа шавь нараасаа дурдаач?
-Тэгэлгүй яахав. Хэл шинжлэлийн ухааны доктор, Монгол даяар алдаршсан Чойж. Лувсанжав гэж багш, хуучин Боловсролын яамны сайд байсан Бямбын Даваасүрэн, гавьяат Чимэдийн Цэрмаа гээд олон хүн байна. Мөн Үнэнбатын Маам гэж ардын багш бий. Миний хичээл орж байсан шавь нараас 37 багш гавьяат цол хүртсэн байна. Мөн сая намайг гавьяат авахад миний шавь Хөвсгөл аймгийн Галт сумын уугуул Н.Пүрэвжав гэж багш гавьяат боллоо.
С.ЛХАМСҮРЭН