Categories
мэдээ нийгэм

“Багш мэргэжил ирээдүйд” хэлэлцүүлэг боллоо

Туушин зочид буудалд өнөөдөр /2020.10.05/ “Багш мэргэжил ирээдүйд” хэлэлцүүлэг боллоо. Уг хэлэлцүүлэгт Монголын тэргүүлэх зэрэгтэй зөвлөх багш нар нэг дор чуулж, асуудлаа хэлэлцэж мэргэжлийн өнгө төрхөө тодорхойлсон юм.

Өнөөдөр боловсролын салбарт чанартай боловсролын асуудал тулгамдаж буйн үндсэн шалтгаан бол багш нарын заах арга зүй, ур чадвар дутагдаж байна. Жил бүр 2500 гаруй багш шинээр бэлтгэгдэж ажлын байран дээр гардаг ч онолын мэдлэгээс өөр туршлага байдаггүй аж. Харин шинэ залуу багш нарыг чадахгүй байна гэж түлхэх биш ажлын байран дээр дадлагажуулж, мэргэжлийн багш бэлтгэх нь чухал гэдэгт Боловсрол шинжлэх ухааны яам болон зөвлөх багш нар санал нэг байлаа. Нөгөө талаас хүүхдийг хайрлаж энэрдэг, бие даасан хувь хүн болгон хүмүүжүүлэхэд багш нарын ур чадвар дутагдаж байна. Хүүхдэд мэдлэг боловсрол олгох нь чухал боловч тэднийг эцэг эхээс нь дутахгүй хайрлаж, хүсэл сонирхлыг нь ойлгож хүндэлдэг байх ёстой.

ҮЕ ҮЕИЙН БАГШ НАРЫН ҮНДСЭН ЗАРЧИМ ХҮҮХДИЙГ ЗҮРХ СЭТГЭЛЭЭСЭЭ ХАЙРЛАХ

Монгол Улсын зөвлөх багш Т.АЛТАНЦЭЦЭГ:

Үе үеийн багш нарын үндсэн зарчим бол хүүхдийг зүрх сэтгэлээсээ хайрлах. Сурагчдыг ээж шиг дэмжиж, эмээтэй нь адилаар хайрлаж сургах хэрэгтэй. Багш нь боловсролын салбарт 43 дахь жилдээ ажиллаж байна. Миний хувьд багш, ээж, эмээ гэсэн гурван статустай багшилж байна.

Хүний нялх үрийг өөрийн хүүхдээс дутахааргүй ээж, эмээтэй нь адилаар хайрлаж дэмжих үед нь дэмжиж, бурууг нь зөв рүү чиглүүлэх нь багшийн зүрх сэтгэлээс шалтгаална. Заримд нь туршлага дутаж, зарим нь хүүхдэд чин сэтгэлээсээ хандаж, хайрлаж байна.

Хүүхдийг хайрлах үндсэн зарчмаас гадна шинэ залуу багш нар их дээд сургуулийн ширээнээс ажлын гараагаа эхлэх үедээ онолын мэдлэгээр цэнэглэгдсэн байдаг. Харин мэдлэгээ хэрхэн яаж хүүхдэд хүргэх вэ гэдэгт суралцаагүй гэсэн үг. Иймд шинэ залуу багш нарт зөвлөх багш нарын тусламж үйлчилгээг холбож өгдөг механизм шаардлагатай. Шинэ залуу багш нарт бидний нөмөр нөөлөг, заах аргазүйн жишиг туршлага илүү их хэрэгтэй. Хэрэв шинэ залуу багш нарт зөвлөх багш нарыг холбож өгвөл заах аргазүйд ахиц гарна. Би ирээдүйн багш болж буй шинэ багш нарт өөрөөсөө илүү итгэж байна. Харин цаашид нийгмийн хөгжлийн чиг хандлага өөрчлөлтөө дагаад ирээдүйд багш нарын үүрэг хариуцлага нэмэгдэнэ. Багш нар өдөр бүр өөрийгөө хөгжүүлж, ур чадвараа сайжруулж байж ирээдүйд асуудлаа бие даан шийддэг бие хүнийг төлөвшүүлнэ. Нөгөө талаас шинжлэх ухааны мэдлэгийг сурагчдадаа хэрэглээ болгон эзэмшүүлэх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, бид өмнө нь шинэчлэн батлагдсан хуулийн тухай ярьж өгдөг байсан бол одоо уг хуулийн үйлчлэлийг амьдрал дээр хэрэглэх боломжид сургадаг багш шаардлагатай гэлээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *