Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

М.Энхсайханы хүү Э.Батзул: Улсынхаа төлөө зүтгэж ирсэн аавыг минь жижиг ашиг хайгч мэт харуулах гээд байгаад эмзэглэж байна

Монгол улсын Ерөнхий сайд асан М.Энхсайханы хүү Э.Батзултай ярилцлаа.


-М.Энхсайхан гадныханд 10 сая доллараар газар нутгаа заржээ гэсэн агуулгатай Хятадын иргэдтэй уулзаж байгаа бичлэг саяхан сошиал, сайтуудаар цацагдлаа. Хэн нэг албан тушаалтан Монгол Улсын газар нутгаас худалдчихлаа гэсэн мэдээлэлд учир мэдэх хүн бол угаасаа итгэхгүй.Тийм боломж ч байхгүй. Гэхдээ шуугиан дэгдсэн нь үнэн, төрийн өндөр албан тушаалыг ашиглаж газар нутаг заржээ гэсэн утгатай мэдээлэл цацагдсан нь үнэн болохоор тодруулж лавлах үүргийнхээ дагуу танд хандаж байгаа юм. Тэр хэдэн оны бичлэг вэ?

-Тэр бичлэгийн тухай ярихаас өмнө сая таны хэлснийг давтаж хэлмээр байна л даа. Ямар ч төрийн өндөр албан тушаалтанд улсынхаа нутаг дэвсгэрийг гадаад хүнд зарах эрх, боломж байхгүй.Эрүүл хүний ой ухаанд багтамгүй мэдээлэл л дээ.Сая цацагдсан бичлэг 2012 оных.Аав тэр үед төрийн алба хашиж байгаагүй. Улс төрөөс холдсон байсан үе.

-Таны аавтайгаа зэрэгцэж суусан бичлэг цацагдсан учраас ярилцлага авах саналыг тавьсан юм.Аав чинь улстөрчийнхөө хувьд танд ямар нэг давуу тал олгож байсан уу?

-Манай аав хүлээн зөвшөөрөгдсөн том улстөрч. Тэглээ гээд хүүхдүүддээ хэзээ ч давуу тал олгож байгаагүй.Сая цацагдсан бичлэгийг харахаар хүүтэйгээ нийлээд өчнөөн мөнгө идэж уусан гэсэн сэтгэгдлийг олон нийтэд үлдээх гээд байх шиг.

Бидний бодит амьдралаас тэс өөр зүйл харуулах гээд байна л даа.Миний хамгийн их эмзэглэж байгаа зүйл бол энэ.Улсынхаа эдийн засгийг тэлэхийн төлөө ажиллаж зүтгэж ирсэн аавыг минь жижиг ашиг хонжоо хайгч мэтээр харуулах гээд байгаад нь эмзэглэж байна.Гэтэл М.Энхсайхан гэдэг хүний амьдрал тэс өөр.Монгол Улсын бүх иргэнд тэгш боломж олгохын төлөө хичээсээр ирсэн.Аавын минь төдийгөөс өдий хүртэл бүрдүүлэх гэж зүтгэсэн тэгш боломжоос хүртэх гэж зорьж яваа залуусын нэг нь би. Та ч тэр боломжоос хүртэх гэж зүтгэж яваа залуусын нэг. Хийсэн бүтээсэн ийм тод зам мөртэй аавыг минь амьдралынхаа үр шимийг хүртээд жаргах насанд нь хэлмэгдүүлж хорьчихоод, ийм гүтгэлэгтэй бичлэг хийж цацах нь хэнд ашигтайг ойлгохгүй байна. Өөрийгөө хамгаалж чадахгүй байгаа хүнийг элдэв бичлэг эвлүүлж гүтгэх нь башир улс төр.

-Сошиал, сайтуудаар цацсан тэр бичлэг рүү эргээд оръё. Та хайгуулд хөрөнгө татсан гэсэн утгатай жиргээ бичсэн харагдсан…?

-Дахиад хэлэхэд, тэр бичлэгийн тухайд манай аав улс төрийн ямар ч ажил, алба хашаагүй үед болсон явдлын бичлэг байгаа юм. 2008-2012 оны хооронд гэсэн үг.Сая цацагдсан бичлэгийн хувьд 2012 оны төгсгөл үеийнх. Тэр үед ашигт малтмалын салбарт хөрөнгө оруулалтын “бүүм” болсныг та санаж байгаа байх.

-Саналгүй яахав, гадаадын хөрөнгө оруулалт огцом нэмэгдэж, эдийн засгийн өсөлт 17 хувиар хэмжигдсэн үе. 2012 онд батлагдсан стратегийн ач холбогдолтой салбарт гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай хууль батлагдсаны дараагаас харин гадны хөрөнгө оруулалт татарч эхэлсэн шүү…?

-Харин тэгсэн. 2008-2012 оны үед гадны хөрөнгө оруулалт огцом нэмэгдэж, хөрөнгө оруулагчид Монгол руу хошуурч байсан.Миний хувьд аавтайгаа хамт 2009 онд хайгуулын салбар руу орж хэсэг ажилласан юм.Хайгуулын хоёр, гурван лиценз аваад хөрөнгө оруулалт татах чиглэлээр ажилласан.Яг тэр үед хөрөнгө оруулалт татахад хэцүү биш байсан л даа.2009 оноос хайгуулын салбарт хөрөнгө оруулах сонирхолтой хүмүүстэй уулзаж эхэлсэн.Тэр бичлэгийн хувьд 2012 оны төгсгөлд, хамгийн сүүлийн хөрөнгө оруулагчидтай уулзсан бичлэг.Хөрөнгө оруулагчидтай уулзсаны дараа лицензийн талбайдаа өрөмдлөг хийсэн юм.Яг тэр үед хөрөнгө оруулагчидтай ажлаа ярилцаж байсан бичлэгийг задалсан байна лээ л дээ.Тэр компани ажлаа албажуулж баримтжуулах зорилгоор бичлэг хийсэн юм.

-Ажлаа албажуулж баримтжуулж бичлэг хийх нь хувийн компаниудад байдаг л жишиг. Тэр бичлэгийг хэн хаанаас ямар зорилгоор авч цацсан юм бол?

-Хувийн компани ажлаа албажуулж баримтжуулахын төлөө бичиж авсан бичлэгээ өдий хүртэл хадгалаад, ийм зүйлд ашиглана гэж байхгүй л болов уу. Төрийн байгууллагаас өөр энэ бичлэгийг авч чадах газар санаанд орохгүй байна.Төрийн байгууллагууд аавын минь амьдралаар тоглож дуусах болоогүй юм байх даа гэсэн бодол л төрж байна.

-Тэр бичлэгт 10 сая ам.доллар гэсэн үг сонсогдсон. Үнэхээр тийм яриа өрнөсөн үү, эсвэл…?

-Ямар ч тоо яригдаагүй.

-Нэг хятад хүн “Миний зүгээс 10 сая ам.доллар өгч байна. Энэ бол таны албан тушаалд өгч байгаа мөнгө шүү” гэсэн утгатай зүйл яриад байсан…?

-Миний аав тэр үед буюу 2012 онд ямар ч албан тушаал хашаагүй байсан.Тэр жилийн УИХ-ын сонгуулийн дараа нь улс төр рүү буцаад орсон. Тэгэхээр уулзалт болсон тэр танхимд тийм юм яригдах ямар ч үндэслэл байхгүй. Угаасаа тэгж хэлсэн хэн ч байхгүй.

-Тэгэхээр дуу оруулчихсан гэсэн үг үү?

-Тийм байна лээ. Эвлүүлсэн бичлэг байсан.

-Тэр бичлэгт уул тал харуулаад энэ хэсгийг ингэж зарсан гэх мэт бүрхэг утгатай яриа сонсогдож байсан. Лицензийн талбай чинь аль аймагт байсан бэ?

-Дархан-Уул аймгийн газар нутагт хайгуулын лицензийн тусгай зөвшөөрөл авч байсан юм. Дарханаас хойхно арваад километр газарт байсан санагдаж байна.Хайгуулын салбарт мөнгө татах гэж байгаа хүмүүс хамгийн түрүүнд хөрөнгө оруулагчиддаа талбайгаа үзүүлнэ ээ дээ.Тийм л явдал болсон. Лицензийнхээ талбайг тайлбарласан бичлэг. Хөрөнгө оруулагчид эхлээд ирж үзсэн.Төмрийн хүдэр байж магадгүй гэж үзээд дараа ирэхдээ ямар хөрөнгө оруулалтыг яаж оруулахаа л ярьсан бичлэг байгаа юм.Гэхдээ тэнд өрөмдлөг тавиад амжилтгүй болсон.Тэгээд л дууссан ажил.

-Хайгуулын ажилд хэчнээн ам.доллар зарцуулсан бэ?

-100 мянган ам.доллар зарцуулсан.

-Хятадын хөрөнгө оруулалттай компани гэж ойлголоо. Гадны аль нэг улстай хамтарсан хөрөнгө оруулалт байсан уу, эсвэл дан ганц Хятадын хөрөнгө оруулалттай компани уу?

-Хятадын хөрөнгө оруулалттай компани байсан юм. Хятадын хөрөнгө оруулагчдын нэг онцлог нь эрсдэл хийж чаддаг.Бооцоо тавьж байгаа юм шиг хандлагатай.Эрсдэл хийж хөрөнгө оруулаад юм олдвол бизнес эрхлээд явна, юу ч олдохгүй бол гараад явчихдаг, тийм л хүмүүс.Гэтэл барууны хөрөнгө оруулагчид тийм биш. Нөөц нь баталгаатай тогтоогдсоны дараа л хөрөнгөө оруулдаг. Миний аавын амьдралынхаа турш өмнөө тавьсан бодлого , санаа хүсэл, зорилго нь ерөөсөө л улсынхаа эдийн засгийг тэлэх, хөрөнгө оруулалт татах байсан. Эдийн засгаа тэлэх, хөрөнгө оруулалт татах чиглэлээр бодлогын түвшинд хууль, шийдвэр санаачилж ажилласан улстөрчдийн нэг.Улстөрч биш болсноосоо хойш насаараа баримталж ирсэн бодлогынхоо үр шимийг Монгол Улсынхаа иргэний хувьд хүртэж чадах нь уу гэж азаа туршсан л хэрэг.Ер нь хайгуулын салбар аз туршсан эрсдэл дунд өрнөдөг онцлогтой л доо.Хөрөнгө оруулалт татаад нөөц олдвол ажлаа үргэлжлүүлнэ, нөөц олохгүй бол оруулсан хөрөнгө нь эрсдэл болоод өнгөрдөг.Ийм онцлогтой салбарт хөрөнгө оруулалт татаж ажилласан л үйл явдал.

-Уул уурхай эдийн засгийг чирч яваа ганц салбар ч гэлээ хамгийн нэр муутай салбар болчихсон. Тэр утгаараа энэ салбарт хөлс хүч, хөдөлмөрөө гаргаж яваа хүмүүсийг гүтгэж харлуулахад олон нийт дагаад шуурчихдаг гэм анзаарагддаг шүү…?

-Уул уурхайн салбарыг шүүмжилсээр байгаад нэр хүндгүй болгочихсонд хувь хүнийхээ хувьд харамсаж явдаг. Хайгуулын тусгай зөвшөөрөл гэж дөрвөлжин цаас авчихаад шууд ашиг олоод явчихдаг гэж ойлгодог хүмүүс олон байдагт бас гайхдаг.Тийм амар бизнес биш л дээ. Өчнөөн хөрөнгө зарж, баахан ажил болж байж л бизнес болох эсэх нь шийдэгддэг.Хамгийн том эрсдэлтэй салбар.

-Та сая бичлэгт дуу оруулж үг нэмсэн гэж ярилаа. Таны аавтайгаа зэрэгцээд суучихсан бичлэг дээр гэхэд өөр ямар үг нэмсэн байна вэ?

-Амны хайрцгийг нь харсан хүнд бол ойлгомжтой л харагдаж байна лээ. Хэрвээ тэр үеийн бичлэг надад байсан бол цацчихмаар санагдаж байна. Тэр үед ийм үйл явдал, яриа хөөрөө өрнөсөн юм гээд цацчихвал хаа хаанаа амар.Даанч тэр үеийн бичлэг надад алга.

-Гүтгэх зорилгоор эвлүүлэг хийж, үг яриа нэмж цацсан бичлэг юм байна. Хүнийг ингэж гүтгэнэ гэдэг илт хууль зөрчсөн хэрэг л дээ.Хуулийн байгууллагад хандсан уу?

-Зүгээр л нэг ажлын зориулалтаар бичсэн бичлэгийг хэн яагаад, ямар учраас цацсаныг хэлж мэдэхгүй юм. Хуулийн дагуу хандах газарт нь хандаад явна гэж бодож байна.Би эхэндээ “Ямар ч ор үндэсгүй дэмий гүтгэлэг юм чинь тоох хэрэггүй” гэж бодож байсан л даа.Гэтэл таньж мэддэг хүмүүс хүртэл яг юу болсон талаар асуугаад эхлэхээр нь бодлоо өөрчилсөн.Аавын минь ёс зүй, зарчим, үнэт зүйлийг мэддэг хүмүүс хүртэл эргэлзэж асуугаад эхлэхээр яг хаанаас, ямар зорилгоор цацсаныг нь олж тогтоох ёстойг ойлгосон.Аавыг минь гүтгэсэн хүмүүс хуулийн дагуу хариуцлагаа хүлээх ёстой.Хоригдоод өөрийгөө өмгөөлж үг хэлэх боломжгүй болчихсон ийм үед нь хүүгийнх нь хувьд үгээ хэлэх ёстой гэж бодоод танай сонинд ярилцлага өгөхийг зөвшөөрсөн юм.Үнэн юм үнэнээрээ сайхан.Баахан дүрс, яриа эвлүүлж, ийм худал мэдээлэл цацах нь онцгүй хэрэг.

-Сая ярьсан бичлэг сошиал орчинд цацагдахад та тайлбар хийж жиргэсэн харагдсан. Хүмүүс хэр хүлээж авч байна?

-Олон хүн дэмжсэн л дээ. Угаасаа эвлүүлэг байна, ийм ядмаг эвлүүлэг хийхдээ яахав дээ гэх мэтээр хандсан.

-Та одоо ямар ажил хийж байгаа вэ. Улстөрчдийн хүүхдүүд улс төрд орох нь бараг үзэгдэл болчихсон.Улс төрд орох бодол бий юү?

-Би хувиараа жижиг хэмжээний бизнес хийдэг. Төрийн албанд оръё гэсэн ямар ч бодол байхгүй.Чимээгүй байх дуртай.Урдахаа хийгээд явахад л болно гэж боддог жирийн л залуусын нэг.

-Хаана ямар мэргэжил эзэмшсэн бэ?

-Маркетинг зар сурталчилгааны чиглэлээр Лондонд мэргэжил эзэмшсэн.

-М.Энхсайхан, Да.Ганболд гэх мэт ардчиллын анхдагч лидерүүдийн тухай элдвээр гүтгэсэн ямар ч мэдээлэл цацсан хүлээж авахаар масс бий болсонд би сэтгүүлчийнхээ хувьд эмзэглэж явдаг. Жишээ нь, сая цацсан бичлэг хэн ч итгэхээргүй агуулгатай байсан ч “муусайн луйварчид тэгж л таарна” гэж хүлээж авах нийгмийн сэтгэл зүй бүрдчихсэн байна. Тэгж эргэлзтэл нь хараар будчихсан.Ингээд харахаар энэ бүхний цаана маш том шалтгаан байх шиг.Тэгж хардахаар үйл явдал шил дарж байна.Таны хувьд энэ тал дээр ямар бодолтой явдаг вэ?

-Хэрвээ би М.Энхсайхан гэж хүний хүүхэд биш бол “Пээ, эд чинь гэр бүлээрээ нийлээд идэж уудаг юм байна” гэсэн ойлголт төрөхөөр бичлэг цацагдсан л даа. Тэгж эргэлзтэл бичлэг эвлүүлж цацна гэдэг цаанаа ямар нэг шалтгаантай байхыг үгүйсгэхгүй. Таны хувьд энэ бүхний цаана ямар шалтгаан байгаа гэж харж байна вэ?

-Ардчилсан засаглал, чөлөөт зах зээл, тэгш боломж ярьдаг гол хүмүүсийг МАН, АН гэлгүй барьж хориод эхэлсний цаана хүчтэй төр бүхий засаглалыг тогтоох сонирхол байж ч магадгүй юм…?

-Хэрвээ үнэхээр тийм сонирхол байгаа бол бид энэ сэдвээр ярьж дуугарсаар байх хэрэгтэй.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *