“Монголын залуу инженерүүдийн холбоо” төрийн бус байгууллага, Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, “Цахим оюуны эерэг давлагаа” ТББ-ууд хамтран хүүхэд, залуучуудыг хувь хүний хөгжил, хэл болон компьютерийн хосолсон урт хугацааны, системтэй мэдлэг олгох цогц сургалтад хамруулах зорилгоор “Үндэсний шинэ давлагаа-Инженер залуу үе” хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа юм.
Монголын залуу инженерийн холбооны гүйцэтгэх захирал Б.Сүх-Эрдэнэтэй ярилцаа.
-Та “Үндэсний шинэ давлагаа-Инженер залуу үе” хөтөлбөрийн талаар мэдээлэл өгөхгүй юү?
-“Монголын залуу инженерүүдийн холбоо” төрийн бус байгууллага Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, “Цахим оюуны эерэг давлагаа” ТББ-уудтай хамтран ахлах ангийн сурагчид, оюутан залуус болон хөдөө орон нутгийн сурагчдын дунд “Үндэсний шинэ давлагаа-Инженер залуу үе” хөтөлбөрийг зохион байгуулсан. Тус хөтөлбөрийг Монголын залуу инженерүүдийн холбооны дэргэдэх инженер академиас санаачлан хэрэгжүүлж байгаа юм. Хүүхэд залуучуудыг хувь хүний хөгжил, англи хэл, компьютерийн хосолсон урт хугацааны, системтэй мэдлэг олгох цогц сургалтад хамруулах зорилготой юм.
-Эхний ээлжинд хэчнээн хүүхдийг хамруулах вэ?
-Энэхүү хөтөлбөртөө бид Улаанбаатар хотын Баяннгол, Багануур, Налайх, Сонгинохайрхан, Чингэлтэй дүүргүүдийн ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчид болон зургаан аймгийн оюутан залуучуудыг хамруулна. Хөтөлбөрийн хүрээнд сургалт, үйл ажиллагаа бүхэн үнэ төлбөргүй. Нийт 1000 гаруй хүүхдүүдийг үнэгүй хамруулна. Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газарт иж бүрэн тоноглогдсон ангид сургалтаа зохион байгуулна. Мөн өөрийн мэргэжлийг сурталчлах, инженерийн байгууллагын үйл ажиллагааг хүүхэд залуучуудад таниулах бүрэн боломжтой. Ер нь эрчим хүч хэрхэн үйлдвэрлэх, авто зам, уул уурхай гээд нарийн мэргэжлүүдийн онцлогийг мэдэж болох юм. Үүнийг бид ирэх сарын нэгнээс эхлэн гурван сарын хугацаанд зохион байгуулна.
-Хүүхдийг багаас нь инженер сэтгэхүйтэй болгохын тулд яах ёстой вэ?
– Их, дээд сургуульд элсэж буй элсэгчдийн 15 хувийг инженер мэргэжил эзэлдэг гэсэн тоо бий. Харин бусад хөгжингүй орнуудад 40 хувьтай байдаг. Тэгэхээр энэ тоог нэмж, хамгийн багадаа л 30 хувьд хүргэх шаардлага ч бас байгаа. Манай улс цаашдын хөгжлөө эрчим хүчгүйгээр төсөөлөх аргагүй. Суурь дэд бүтэц болох эрчим хүчний салбарт инженер залуусыг бэлтгэхэд анхаарах нь чухал. Мөн энэ чиглэлийн мэргэжлээр боловсон хүчин бэлтгэн төгсгөж байгаа сургуулийн сургалтын орчныг сайжруулах шаардлагатай. Хүүхдийг багаас нь энэхүү мэргэжилд дурлуулж, сургахын тулд бид төсөл хөтөлбөр боловсруулсан. Энэ нь эргээд оюутан залуус маань дараа дараагийн үедээ үлгэрлэн, сурталчлах гол дэгээ болж байгаа юм.
– Залуучуудыг дэмжин ажиллах хэчнээн төв үйл ажиллагаа явуулж байгаа вэ?
– Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Шинжлэх ухаан технологийн иновацийн газартай хамтран ажилладаг. Үүнд арван дэд төв залуучуудаа дэмжин үйл ажиллагаагаа явуулж байна. Цаашлаад энэхүү үйл ажиллагааг нийслэлээс дэмжвэл дэд төвүүд дээрээ энэ үйл ажиллагаагаа бүрэн явуулах боломжийг нээж өгөх юм.
-Ер нь залуучууддаа хандаж хэлэхэд инженерийн ямар чиглэл нь ашигтай байдаг юм бэ?
-Монголын залуу инженерийн холбооны дэргэд уул уурхай, зам тээвэр, харилцаа холбоо мэдээллийн технологи, хүнс хөдөө аж ахуй гэх мэт мэргэжлийн салбар хороод байдаг. Тус хороодод ажиллаж буй залуу инженерүүд өөрийн мэргэжлийн онцлогийг харуулсан, мэргэжлээрээ бахархсан, дараагийн залуу үедээ мэргэжлээ уламжлуулах зэрэг дараа дараагийн боловсон хүчнээ бэлдэхэд түлхэц болж өгөх зорилготой. Одоо инженерийн мэргэжлийг хосолсон байдлаар сурах шаардлагатай. Шинэ технологиуд нэвтрэн гарахын хэрээр хүнд төдий чинээ мэдээлэл хэрэгтэй болдог. Ингэхдээ шинэ технологийн бүх зүйл мэдээллийн технологид суурилдаг. Тухайлбал, Цахилгааны инженер юмуу барилгын инженер нь давхар IT суурьтай хосолсон мэргэжил эзэмшихгүй бол бид мэдээллээс хоцрогдох талтай. Магадгүй 10 жилийн дараа автотээврийн салбарт жолоочгүй машин явах жишээний. Тэгэхээр IT суурьтай инженерүүд маань ажлын байран дээр үлдэх өндөр магадлалтай. Цаашид бид энэ асуудлаар залуу багш нартайгаа хамтран сургалт хөтөлбөрийг гаргахаар төлөвлөж байгаа.
-Өнөөгийн залуусын мэргэжил сонгох байдал, тэдний хөдөлмөр эрхлэх орон зай хэр хангалттай байна вэ?
-Нэг талаас их, дээд сургуулиуд сурах орчныг сайн бүрдүүлээд, оюутан өөрөө суралцах хугацаандаа үндсэн мэдлэгээ өндөр түвшинд олж авч чадвал дараа нь ямар ч байгууллагад орсон бэлтгэгдсэн байх шаардлагатай. Тэгэхээр оюутнууд өөрсдийгөө хөгжүүлэхэд нэн тэргүүнд анхаарах хэрэгтэй юм.
-Залуу инженерүүд хэчнээн бүтээл хийсэн бэ?
-Манай холбоо энэ оны нэгдүгээр улирлаас эхлэн одоог хүртэл үйл ажиллагаагаа тасралтгүй явуулж байна. Өнгөрсөн оны арваннэгдүгээр 5-ны өдөр Монголд Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ивээл дор “Залуу инженерүүдийн үндэсний чуулган-2019”-ийг зохион байгуулсан. Ер нь инженерүүдийн холбооны залуучуудын бүтээж байгаа бүтээлүүдийг нийгэмд таниулах, сурталчлах ажлуудыг үе шаттай хэрэгжүүлж байна. Үүгээрээ дамжуулан залуусын бүтээлч сэтгэлгээг нэмэгдүүлэх юм.
Д.ОТГОНТУЯА