Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Соёмбо нэвтэрхий толь: “Эдийн засаг”

Өчигдөрхөн нэгэн чухал номын нээлт ЭЗҮИС дээр боллоо. Уг номын нэр нь “Соёмбо нэвтэрхий толь: Эдийн засаг”. Цуврал нэвтэрхий толиуд гарч байгаагийн нэг нь. Эдийн засгийн ухааны доктор Л.Оюун тэргүүтэй багийн бүтээсэн уг нэвтэрхий тольд эдийн засаг гэгч нь чухам юу болох, яадаг тухай тун ойлгомжтой бөгөөд энгийнээр тайлбарлажээ. Эдийн засаг зөвхөн л энэ чигийн хүмүүст хамаатай, тэд л судалж мэдэх ёстой гэсэн ойлголт нэгэнт улиран одсон. Харин ч эсрэгээрээ энгийн иргэн хүртэл энэ талаар багагүй мэдлэгтэй байхыг шаарддаг нийгэмд бид амьдарч байна. Уг нэвтэрхий толь нь нийт 20 бүлэгтэй. Эдийн засаг гэгч томоохон салбарт байж болох бүх л ухагдахуун ойлголтыг багтаасан нь онцлог. Жишээ нь, эдийн засгийн салбар яаж ажилладаг тухай, хөдөлмөрийн харилцаа, өмч, өмч хувьчлал, мөнгө, мөнгөний эрэлт, үйлдвэрлэл гээд өргөн хүрээг хамарсан тун сайн толь болж. Ер нь эдийн засаг гэдэг нийтлэг утгаараа хэн амьдралын хэрэгцээгээ хангах, амьжиргааны хэрэгсэл олж авахын тулд өөрөө бий болгож, идэвхтэй хэрэглэдэг бүх л зүйлсийг хамардаг. Эдийн засгийн гол зорилго нь хүний материаллаг, оюуны, нийгмийн хэрэглээг хангах юм. Кино үзэх, ном унших, урлаг соёлын боловсрол зэрэг нь эдийн засаг талаасаа оюуны хэрэгцээ бол аюулгүй амьдрах гэх мэт нь нийгмийн хэрэгцээ болж таарах нь. Эдийн засгийн хөгжил нь мөн тайван амьдрах, эрүүл саруул байх хэрэгцээг ч хангаж өгдөг. Хүний амьдралын салшгүй нэгэн хэрэглэгдэхүүн бол мөнгө билээ. Харин хүмүүс эдийн засаг гэхээр л мөнгө гэж ойлгох гээд байдаг. Гэтэл мөнгө нь эдийн засгийн нэг мөчир нь. Мөнгө хэлбэрийн хувьд эхлээд бараа солилцоо маягаар байсан ч хөгжлийн явцад зоос, цаасан мөнгө, карт, цахим мөнгө, крепто мөнгө гэх мэтээр өөрчлөгдөж байна. Мөнгө нь чухамдаа бараа солилцооны түгээмэл хэрэгсэл юм. Мөнгө гэсэн ойлголтын араас үнэ гэсэн ухагдахуун заавал явдаг. Тэгвэл үнэ гэж яг юу вэ. Үнэ гэдэг нь нэгж бараанд худалдан авагчийн төлөх, худалдагч нэгж барааныхаа оронд хүлээн авах мөнгөний хэмжээ гэж уг нэвтэрхий тольд тунчиг ойлгомжтой тайлбарлаж. Хэдийгээр үнэ гэхээр хэн ч мэдэх мэт боловч энэ мэт тодорхойлолтыг мэдээд авчихад илүүдэх юун.

Аливаа эдийн засгийн гол цөм, хөшүүрэг нь түүхий эдийг боловсруулах замаар бүтээгдэхүүн болгодог үйлдвэрлэл билээ. Үйлдвэрлэлгүйгээр хэрэглээ гэж байхгүй. Тиймээс үйлдвэрлэл гэх ойлголт нь эдийн засгийн үндэс юм. Эдийн засагт үйлчилгээ, мэдээлэл, оюуны үнэт зүйлсийн үйлдвэрлэл чухал байр суурийг эзэлнэ. Тэгэхээр үйлдвэрлэл гэдэг нь зөвхөн материаллаг талын ойлголт биш болж таарах нь. Аж үйлдвэр хөгжсөн улсын эдийн засаг хүчтэй байх үндэс нь үйлдвэрлэл. Үйлдвэрлэлийг дагаад барааны эргэлт болон гүйлгээ гэх ухагдахуун гарч ирнэ. Тэгвэл үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн нийлүүлэгчээс хэрэглэгчийн гарт очих нэгж хугацааг барааны эргэлт гэх бол борлуулсан бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний тоо хэмжээг мөнгөн дүнгээр илэрхийлэхийг барааны гүйлгээ гэж тодорхойлдог юм байна. Өнөөдөр таны нэг найздаа авч өгч буй бэлэг, цайны цагаараа авч идсэн хоол, захиалан уншиж байгаа сонин гээд бүгд цаанаа эдийн засгийн эргэлтийг бий болгож байгаа. Эдийн засаг гэхээр л хүн ойлгохын аргагүй онол байгаад байна аа гэж бодож байгаа бол таны энэ бодлыг уг нэвтэрхий толь эрс өөрчлөх болно. “Өө, эдийн засаг гэдэг чинь тийм хүн ойлгоход төвөгтэй зүйл биш байсан байж” гэж бодох вий. Эдийн засгийн харилцаанд өдөр бүр ямар нэгэн байдлаар орж байгаа учраас уншигч та энэ талын мэдлэг мэдэгдэхүүнтэй байх зайлшгүй шаардлагатай. Тэгвэл таны хүссэн мэдлэг мэдээллийг хангалттай хэмжээгээр багтаасан уг нэвтэрхий толийг аваад ширээнийхээ ном болгоорой гэж зөвлөх байна. Мөн энэхүү толийг бүтээсэн доктор Л.Оюун болон түүний багийнханд дахин талархал илэрхийлэх нь зүйтэй биз ээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *