УИХ-ын чуулганы нээлтэд Ерөнхийлөгч Х.Баттулга үг хэлж байна.
Тэрбээр “Эдийн засгаа сэргээх, экспортоо нэмэгдүүлэх чиглэлд ажиллах шаардлагатай байна. Шинэ УИХ энэ чиглэлд ажиллаж, алдагдалгүй төсөв батлах ёстой тул үүнийг сануулах гэж өнөөдөр үг хэлж байна. Орон нутгаар ажиллаж 7000 гаруй иргэдтэй уулзаж, үгийг нь сонслоо. Малчдын орлого болох малын түүхий эд үнэгүйдэж, хөсөр хаягджээ. Бид аж үйлдвэрээ хөгжүүлэх цаг ирсэн. Өнгөрсөн жилүүдэд ганц аж үйлдвэрийн цогцолборыг хөгжүүлж чадсангүй. Төсвийн сахилга бат алдагдаж, аймаг сумын төсвийг иргэдийн тулгамдсан асуудалд зарцуулах байтал, асар үнэтэй гоёмсог хаалга барихыг чухалчилж байна. Орхон аймагт шинээр барьж байгаа цэцэрлэгт хүрээлэнгийн хаалгыг 140 сая төгрөгөөр хийсэн байна. Иргэд үүнд эгдүүцэж байгааг дурдах нь зүйтэй.
Төсөвт хүйтэн сэтгэлээр хандаж болохгүй. Мэргэжлийн хяналтынхан дулаан, халууны шугамгүй газар барилга барих зөвшөөрөл олгож байна. Үүнийг би дээр, дооргүй сөрөг хүчингүй болж, олонхоор түрж шийдвэр гаргаж байгаагийн уршиг гэж харж байна.
Та бүхэн төсөв тодотгохдоо аймшиггүйгээр 4.8 их наяд төгрөгийн алдагдал тавьсан. Та бүхний тавьсан өрийг ард түмэн ажил хийж төлдөг. Одоо дахиад улсын төсвийг алдагдалтай батлах уу. Монгол Улс цаашид ч гадны зээл тусламжаар аргацаах уу.
Улс оронд шийдэх олон асуудал байна. Бүгдийг зэрэг шийдэх боломжгүй. Хамгийн суурь асуудлаа эрэмбэлж сурах хэрэгтэй. Юун архины савлагаа, юун дээлийн хээ, юун кэмбриж хөтөлбөр. Бидэнд шийдэх чухал асуудал маш их байна. Та бүхэн дэлхий нийттэй хөл зэрэгцэн алхахгүй юм аа гэхэд ядаж, араас нь хөөж, хурдтай ажиллах хэрэгтэй байна. Та бүхэн төсөвт хүйтэн сэтгэлээр хандахаа болих хэрэгтэй.