Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Бэлчээрийн мал аж ахуйг Сэлэнгээс эхлээд Төв аймгийн хойд сумдад хориглох нь зөв

Засгийн газар 2018 онд долоон аймгийн 60 сумын 113 багийг тариалангийн бүс нутгаар албан ёсоор зарласан. 1990 оноос хойш тариалангийн бүс нутгуудад ялангуяа Сэлэнгэ, Төв аймагт малын тоо 2.7-3 дахин өсөөд байсан учир ийм зохицуулалт хийснээр бэлчээрийн мал аж ахуй, газар тариалангийн салбар хооронд олон жил үргэлжилсэн зөрчил, маргаан эцэслэгдэнэ гэж үзсэн.

Малын өсөлтөөс шалтгаалан газар тариалан, бэлчээрийн мал аж ахуйтай зөрчилдөж, улмаар ургацын гарц, хэмжээ, технологийн мөрдөлтөд нөлөөлөөд зогсохгүй хөрсний үржил шим, элэгдэл, эвдрэлд орох, агро-экологийн тэнцвэрт байдал алдагдах зэрэг сөрөг үр дагавар гарч буйг эрдэмтэд тогтоосон учир ийнхүү Сэлэнгэ аймгийн 16 сум, 44 баг, Төв аймгийн 13 сум, таван баг, Архангай аймгийн 18 сум, Хэнтий аймгийн есөн сум, Дархан-Уул аймгийн хоёр сум, Булган, Өвөрхангай аймгийн нэг нэг сумыг албан ёсоор тариалангийн бүс нутаг гэж тогтоож, энэ бүсэд бэлчээрийн мал аж ахуй эрхлэхийг хязгаарласан.

Саяхан Ерөнхий сайд Сэлэнгэ аймгийн нутгаар ургац хураалтын явцтай танилцаж явах үед тариаланчид бэлчээрийн мал аж ахуй тариалан эрхлэлтэд саад болж, тариаг нь сүйтгэж, хүндрэл учруулж байгаа талаар гомдоллож байлаа.

“Өдрийн сонин”-ы хувьд бэлчээрийн мал аж ахуйг “Дур зоргын мал аж ахуй” гэж үзэж, томъёолдог. Учир нь дуртай газраа буудаг, дуртай газар руугаа нүүдэг, малаа маллах, маллахгүй нь малчны дурны асуудал байдаг. Малаа үхүүлэх үү, амьдруулах уу гэдэг нь ч малчны хүсэлтэй холбоотой байдаг болохоор ийн дур зоргын мал аж ахуй гэж нэрлэсэн юм. Ийм мал аж ахуй, газар тариалан хоёр зэрэгцэж нэг дор байх нь гал, ус шиг харшилна.

Сэлэнгийн тариаланчид ярьж байна билээ, “Буудайны 30 хувийг нь мал ороод идчихдэг” гэж. Мал тариан талбай руу ороод таван амаараа иддэг гэцгээдэг. Дөрвөн хөл, нэг амаараа буудай идэж, талхалдаг. Тиймээс малын тоо толгойг энэ бүсэд тохируулж, холбогдох хууль, тогтоолоо хэрэгжүүлж, тариалангийн бүс нутагт мал бүхий иргэдийн мал төдөөс илүүгүй байна гэсэн тоо тогтоож зааж өгөх хэрэгтэй. Хэрвээ тэр заасан тооноос илүү тоогоор мал маллах сонирхолтой бол тариалангийн бүс нутгаас холдож нүүх хэрэгтэй. Нүүхээс өөр арга байхгүй гэдгийг та бид цөмөөрөө мэднэ дээ. Манай малчид юу ч хийдэггүй. Өглөө хонь малаа туучихаад орой нь хурааж авчирдаг. Хаврын хахирган цаг, хавсаргатай үед төл малаа бол өсгөж бойжуулдаг л байх. Мал аж ахуйг “Баяжуулдаггүй, тэгсэн хэрнээ өлсгөдөггүй” гэж тодорхойлдог.

Нэгэн үе 150 сая хоньтой байсан гэгддэг Австрали улсын томоохон фермүүд нь 200-300 мянган хоньтой байдаг. Мал, шувууны махны дэлхийн хамгийн том экспортлогч, махны үйлдвэрлэл, боловсруулалтаараа улсынхаа эдийн засгийг босгодог Бразил улсад 10 мянган үхэртэй ферм олон. Гэтэл манайд энэ олон малчин ганц ганц өрхөөрөө төдий хэмжээний мал маллах боломжгүй. Тиймээс баяжуулдаггүй, өлсгөдөггүй гэдэг нь энэ л дээ.

Малчид малаа задгай тавиад явуулчихаар тариа сүйтгэчихдэг. Зарим малчин малаа тариалангийн талбайд зориуд бэлчээдэг. Адуугаа шөнө тариа олж иднэ биз гээд тавиад явуулчихна. Өдөр хонио ойрхон хариулж байгаад мэдээгүй царайлаад тариан талбай руу оруулчихна. Энэ мэт жишээгээр мал аж ахуй, газар тариалан хоёр хоорондоо харшилдаж, малчид, тариаланчид бие биедээ дайсагналцдаг болоод удлаа. Тиймээс тариаланчид “Тариалангийн бүсээс мал бүхий иргэдийг гаргая” гэдэг нь зөв өө. Сэлэнгээс эхлээд Төв аймгийн хойд сумдаар бэлчээрийн мал аж ахуй эрхлэхийг хориглох цаг нь болсон.

Тариан талбайгаа хашчихвал болоо биз дээ гэдэг. Ямар ч хашаа байгаад малчин очиж тасдаад малаа оруулчихаар хашаа, хашлага, хэрэм байгаад нэмэргүй. Эзэнгүй хээр байгаа тариан талбай харсан малчин малаа тойруулж тууна аа гэж ер байхгүй. Цадаад аваг гээд хашааг нь тасдаад малаа оруулчихдаг нь дийлэнх. Харин манаач харагдвал тойроод тууж байгаа харагддаг. Үүнээс болоод тариаланчид хэдийгээр буянт мал минь гэдэг ч хөлсөө дуслуулж ургуулсан тариагаа хамгаалаад малыг үзэж чадахаа больсон. Малыг нь үргээж, тууна, ална, хядна, торгоно гээд бөөн юм болцгоодог. Малчин нь малаа, тариаланч нь тариагаа өмөөрөөд заамдалцаж авдаг. Хэрвээ тариаланчид малчдын малын 30 хувийг идчихдэг байсан бол малчид яах байсан гэж бодож байна. 1000 хониных нь 300-г аваад явчихна гээд бод доо. 300 хонийг нь нэг л шөнө хулгай хийгээд аваад явчихдаг байвал малчид Монголыг нураана биз дээ. Малчид Монголд нэр хүндтэйг ч хэлэх үү. Бүгд малчин айлаас, малчны хотноос гаралтай байдаг болохоор малчдын үгийг их тоодог. Хэрвээ малчид жилдээ 300 хонио тариаланчдад идүүлдэг байсан бол хот хөдөөгүй дуулиан шуугиан дэгдэж, Монголыг бүхэлд нь хөдөлгөх байсан даа. Тэгтэл тариаланчид яаж байна, сайд ирэхэд нөхцөл байдлаа аядуу хэлж байна. Ингэж тэмцэх нь зөв шүү дээ. Харин ч тариаланчид гэх хүмүүс чинь тайван хүмүүс байдаг тулдаа өдий хүртэл тэсчээ.

Бэлчээрийн мал аж ахуй, тариалан хоёрыг зайлшгүй салгах хэрэгтэй. Засгийн газрын тогтоол, шийдвэрийг ажил хэрэг болгож, мал тариа идвэл өндөр торгуультай болгох, мал нь тариа идсэн малчныг хууль зөрчсөн гэж үздэг болох хэрэгтэй. Малчдад энэ талаар сайн таниулж “Тариалангийн бүс, үр тариа эх оронд мал шиг хэрэгтэй зүйлсийн нэг. Тариа бол стратегийн бүтээгдэхүүн байдаг юм” хэмээн анхааруулах ёстой. Ингэж байж тариалангийн бүс нутаг бодитоор бий болно. Энэ хэдэн тариаланчдаа ад үзэх юм байхгүй. Гэхдээ малчдыг ад үзээд байгаа юм биш шүү. Эрхэлж буй аж ахуйн ажил үүргийнхээ онцлогоос хамаарч хоёр талдаа нутаглацгаа. Өвөл тариалангийн талбай дахь сүрлийг малчид малдаа идүүлдэг. Гэтэл сүүлийн үеийн технологиор ингэж талбайн сүрлийг малд идүүлэх нь тусгүй гэх юм дуулдаж байна. Тариаланчид “Сүрэл талбайн чийг хааж, хөрс хаврын салхинд хийсэхээс хамгаалдаг” гэх юм ярьцгаах болсон. Тэгэхээр сүрэл нь хүртэл газар тариаландаа эргээд нөмөртэй байдаг учир өвлийн цагт талбай руу мал оруулаад байх ч хэрэггүй, харин хаягдал будааг нь малчид авдгаараа авдаг юм байгаа биз.

Бэлчээрийн мал аж ахуй, газар тариалангийн зааг ялгааг сайн тогтоож, хуулиа мөрдүүлж, цаашид тариалангийн бүсээ улам өргөжүүлэх шаардлагатай. Харин эдгээр бүс нутагт мал аж ахуй эрхлэхийг зорьж байгаа бол суурин буюу фермерийн аж ахуй хөгжүүлж болох нь нээлттэй хэвээр. Хашаанаас нь гаргадаггүй бол фермерийн хашаанд хичнээн үхэр, гахай маллах нь ямар хамаа байх вэ. Иймээс газар тариалангийн бүс нутаг болох Сэлэнгэ, Төв, Дархан-Уул, Хэнтий, Өвөрхангай, Архангай аймгийн тогтоосон бүс нутгаас бэлчээрийн мал аж ахуйг холдуулж, эрчимжсэн мал аж ахуйг хослон хөгжүүлэх зохицуулалт хийх нь зүйтэй.

Газар тариалангийн бүсэд бэлчээрийн мал аж ахуйг тариа руу оруулахгүйгээр маллана гэж хэзээ ч байхгүй гэдгийг та бид тариалан хөгжүүлсэн 60 жилдээ хангалттай харлаа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *