Categories
мэдээ цаг-үе

Г.Ганболд: Махны экспортыг тэлж, үнийг нь нэмэх шаардлагатай

УИХ-ын гишүүн Г.Ганболдтой ярилцлаа.


-Та УИХ-д анх удаа сонгогдлоо. Ээлжит бус чуулганаар хэлэлцэгдсэн асуудлуудад ямар байр суурьтай байв?

-УИХ-ын гишүүний тангараг өргөөд хоёр сар гаруй болж байна. Энэ хугацаанд УИХ-ын анхдугаар чуулган, ээлжит бус чуулганд оролцлоо. Парламентын түүхэнд хамгийн богино хугацаанд Засгийн газар бүрэлдсэн. Засгийн газар танхимаа бүрдүүлснээс 60 хоногийн дотор хуулийн дагуу ирэх дөрвөн жилд хэрэгжих Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрөө батлуулах ёстой. Энэ жилээс Монгол Улс хөгжлийн бодлогоо өөрөөр тодорхойлдог болсон. Өмнө нь бид үндсэн чиглэлээ нэг жилээр тодорхойлдог байсан. Алсын хараа 20:50 2050 он хүртэл Монгол Улсын урт хугацааны стратеги баталлаа. Хөгжлийн бодлого төлөвлөлтийн хуулийн дагуу үндсэн чиглэлээ таван жилээр, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрөө дөрвөн жилээр тодорхойллоо. Төсвийн тодотголд нийгмийн зүгээс шүүмжлэлүүд гарсан. Гэхдээ Монгол Улсын эдийн засаг сүүлийн жилүүдэд тэлж байгаа. Тэлж байгаа эдийн засгийг шууд агшааж болохгүй. Тиймээс алдагдалтай төсөв баталсан. Төсвийн цоорхойг гадаадаас өндөр хүүтэй бонд авч нөхнө гэж батлаагүй. Дотоодын эх үүсвэрүүдээ гаргая, Засгийн газрын бонд гаргая гэх байдлаар төсвийн алдагдлаа нөхнө. Сүүлийн жилүүдэд хөрөнгө оруулалтын бодлого тэлж хөрөнгө оруулалтууд асар их нэмэгдээд ирэхээр үүнийг дагаад олон ААН-үүд бий болж байна. Хөрөнгө оруулалтыг хумивал тэр олон ААН-ийн үйл ажиллагаа доголдоно. Нөгөө талаас ажлын байр хумигдана. Тиймээс үндсэндээ төсвийн тодотголоор 530 орчим тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хассан. Энэ нь төсвийн тодотгол хийх болтол тендер нь зарлагдаагүй, ажил нь удаашралтай байсан зэргийг харгалзаж таналт хийгдлээ. Гадаад дотоод томилолтын зардлуудыг тодорхой хэмжээгээр танасан, төсвийн байгууллагуудын техник тоног төхөөрөмж, машин техник худалдаж авах төсвийг ч таналаа. Төсвийн тодотгол дээр миний зүгээс дэмжсэн байр суурийг илэрхийлсэн.

-Та орон нутгаас сонгогдсон гишүүн. Ээлжит чуулганаар Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийг хэлэлцэнэ. Энэ хуульд ямар өөрчлөлтүүд орж байгаа вэ?

-Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн ажлын хэсэгт нь орж ажилласан. Ажлын хэсэгт орон нутаг болоод нийслэлийг удирдаж байсан хүмүүс голлож ажиллалаа. Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн гол үзэл санаа нь нэлээд өөрчлөгдөж байна.

Хоёр өөр зарчмын ойлголтууд явж байгаа юм. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд Ерөнхий сайд, Засгийн газрын эрх мэдэл өндөр болчихсон. Түүнтэй адил Засаг даргыг аймгийн иргэдийн хурлаас хамааралгүй болгох, эсхүл шууд босоо удирдлагатай томилдог хэлбэр лүү явуулъя гэх саналтай гишүүд байна. Сумын Засаг даргыг сонгохдоо багийн дарга нар нь, сумын дарга нар аймгийн даргыг сонгоход санал өгдөг. Сүүлийн үед аймгийн Засаг дарга сумын дарга нараа захирах, арга хэмжээ авах, хариуцлага тооцох, сумын дарга нь мөн адил багийн дарга нараа захирах, арга хэмжээ авах нь бага болчихоод байна. Зарим гишүүдийн зүгээс босоо томилгоотой байсан нь зөв шүү гэх байр суурийг илэрхийлж байгаа. Үүнээс гадна зарчмын олон өөрчлөлт орж байгаа. Хүмүүс зөвхөн хурлын дарга сонгох, Засаг дарга сонгох, багийн дарга сонгохыг нь хараад байна. Жишээлбэл, хамгийн гол өөрчлөлт нь чиг үүргийн хуваарилалт. Яам, аймгийн засаг дарга, сумын Засаг дарга, багийн дарга нарын ажиллах, эрхлэх чиг үүрэг нь давхацчихсан. Зарим нь дунд нь хийдчихсэн. Чиг үүргийн давхардлыг арилгасан, аймаг, сум, багийн дарга нар юу хариуцаж ажиллахыг илүү тодорхой болгож байгаа юм. Тэр утгаараа аймаг сумдад тодорхой хэмжээний чиг үүргээ дагаад санхүүгийн эрх мэдэл очно. Орон нутагт санхүүгийн, томилгооны гэсэн хоёр төрлийн эрх мэдэл байдаг.

-Нэр бүхий гишүүдийн зүгээс гадаадын хөрөнгө оруулалт, гадаад худалдааг дэмжих хуулийн төсөл өргөн барьсан. Энэ тал дээр байр сууриа илэрхийлээч?

-Гадаадын хөрөнгө оруулалтын асуудлыг гадаад харилцааны яаманд хоёр, гуравхан хүн хариуцаад ажилладаг. Үүнийг агентлаг болгож, гадны хөрөнгө оруулалтыг татаж оруулах, оруулсан хөрөнгийг хамгаалах ажил дутагдаад байна. Бид гадаадын хөрөнгө оруулалтыг шууд утгаар нь ойлгоод байдаг талтай. Татварт яг хэдийг өгч байгааг хэл гээд байгаа болохоос дам нөлөөллийг нь ердөө хардаггүй. Оюу толгойд мянга гаруй аж ахуйн нэгж туслан гүйцэтгэгчээр ажиллаж байна. Манайхан хэт гадаадын хөрөнгө оруулалтыг үгүйсгэсэн байдлаар явж болохгүй.

-МАН мөрийн хөтөлбөртөө зээлийн хүүг бууруулах талаар тусгасан. Зээлийн хүү зах зээлийн жамаараа буурдаг. Энэ тухайд?

-Зээлийн хүүг бууруулах стратеги баталсан. Зээлийн хүүг бууруулах дөрвөн жилийн хөтөлбөрийг ямар үе шаттай явуулах вэ гэдгийг УИХ дээр стратеги батлах үед олон гишүүд ярьсан. Гадаадын хөрөнгө оруулалттай банкийг оруулж ирэх ёстой юм байна. Ингэж байж зээлийн хүүг бууруулахгүй бол манай дотоодын банкууд хэт цөөн монополь байна. Гадны улсад нэг банкны хувьцааны 15 хувиас дээш нь нэг хүний өмчлөл байж болдоггүй. Дөрвөн жилийн хугацаанд стратеги дээр ажиллаж, түүнийгээ ажил хэрэг болгож зээлийн хүүг бууруулах ёстой гэдэгт санал нэг байгаа. Ер нь дэлхийн улс орнуудын жишиг хандлага ямар байна гэхээр гадаадын банкийг оруулж ирж улс орны хөгжил урагшилдаг. Манай улс шиг өндөр зээлийн хүүтэй, жижигхэн зах зээл дээр бизнес хөгжих тэлэх боломж хомс биз дээ.

-Та Өвөрхангай аймгийн Засаг даргаар ажиллаж байсан. Хөдөө орон нутагт тулгамдаж буй асуудлыг голоос нь мэдэх байх. Танай аймагт ямар асуудлууд тулгамдаж байна?

-Өвөрхангай аймагт тулгамдаж байгаа асуудал их байна. Манай аймаг уул уурхай, үйлдвэргүй, мал аж ахуйн аймаг. Эдийн засгийн 60 гаруй хувь нь мал аж ахуйгаас хамааралтай. Мал аж ахуйгаас хамааралтай байна гэдэг байгаль цаг уураас шууд хамааралтай болчихдог. Байгаль цаг уур, түүхий эдийн үнэ ямар байх зэргээс иргэдийн амьдрал шалтгаалдаг. Энэ жил өвөлжилт хүндрэх нь тодорхой болчихлоо. Бэлчээрийн даац асар их хэтэрсэн. Өвөрхангай аймаг 1990 оноос өмнө сая 600 мянган малтай байсан бол одоо 7.2 сая толгой мал зусаж байна. Бэлчээрийн даац дөрөв дахин хэтэрсэн. Тиймээс махны экспортыг нэмэгдүүлэхэд гол анхаарлаа хандуулах шаардлага байсаар ирлээ. Энэ чиглэлээр ХХААХҮЯ, УОК байнга шахаж байгаа. Бид өөрсдөдөө чөдөр тушаа болоод явж байдаг улсууд. Квот тогтоочихоод түүнийгээ хэдхэн аж ахуйн нэгжид өгдөг. Гадагш нь мах экспортолдог хэдхэн зөвшөөрөлтэй компаниудтай. Тэдний үгээр яамны гаргасан тоогоор л экспорт явж байна. Квотоо нэмэгдүүлэх шаардлагатай. Мал яагаад их байна гэхээр мал үнэгүйдчихээд байгаа юм. Нэг өрх 500 малтай амьдрахад хэцүү. Хүүхдийнхээ сургалтын төлбөрийг төлөөд гэрийн жилийн хэрэглээгээ аваад явна гэхээр дийлэхгүй. Тиймээс л мянган толгой мал хүргээд байгаа юм. Ингэж байж хэрэглээндээ хүрээд байна. Хэрвээ мал үнэтэй байвал малчид малаа өсгөх гээд байхгүй.

-Махны үнийг нэмэгдүүлэх ёстой гэж үзэж байна уу?

-Тийм. Махны үнийг нэмэгдүүлнэ гэхээр төв суурингийнхан дургүйцдэг. Франц улс гэхэд мах нь нэг үнээр л явдаг. Мах ховордсон үед нь улс татаас өгөөд тэнцвэржүүлээд явж байдаг. Дэлхийн улс орнууд гадаадад экспортолж байгаа махаа дэлхийн жишигт аваачдаг. Манайх цаашдаа махны үнийг нэмэгдүүлэх ёстой. Манай улс 1990 оноос өмнө 25 сая малтай байхдаа найман саяыг нь экспортолж байсан. 75 сая малтай болчихоод дөрвөн сая мах экспортолж байна. Бэлчээрийн даацыг зохистой хэмжээнд хүргэж, жилд 10 саяас дээш мах экспортлох хэрэгтэй.

-Ээлжит бус чуулганаар ирэх оны төсөв хэлэлцэгдэнэ. Тойрог руугаа хэдий хэмжээний төсөв тусгахаар зорьж байна?

-Ирэх оноос цар тахал тодорхой хэмжээнд хумигдаж, экспортын бараа бүтээгдэхүүн тогтмол хэвийн гараад байвал ирэх оныг өөдрөгөөр төсөөлж байгаа. Эдийн засагчид, бизнесийнхний яриад байгаа шиг эдийн засагтаа ковидтой холбоотой дорвитой арга хэмжээ авч чадаагүй гэдэгтэй санал нийлэхгүй байна. Манайх тийм байдалд тулчихаагүй. Манай улс дэлхийн бусад улсыг бодвол тийм том эдийн засагтай улс биш. Эдийн засаг маань уул уурхайн хэдэн бүтээгдэхүүн дээрээ тулгуурладаг. Эдгээр уул уурхайн бүтээгдэхүүний үнэ харьцангуй тогтвортой, өсч байгаа. Ийм нөхцөлд бид өөдрөг байх ёстой. Дэлхийн томоохон улсуудын эдийн засаг айхавтар унаж байна. Ирэх онд улс орны хөрөнгө оруулалт өнгөрсөн жилүүдээс буухгүй байх гэж төсөөлж байгаа.

Өвөрхангай аймагт дулааны станцыг барих хөрөнгө нь шийдэгдчихсэн. Ахмадуудын түрээсийн байрыг шийдэх шаардлагатай. Сумдын сургууль, цэцэрлэг, эмнэлгүүдийг инженерийн шугам сүлжээнд холбохгүй бол модон жорлонтойгоо байсаар байх уу. Хар хорин хотыг аялал жуулчлалын жишиг хот болгоно гэж мөрийн хөтөлбөрт оруулсан. Монгол Улс аялал жуулчлалын ганц ч болтугай жишиг хоттой болох ёстой. Энэ бүхнээ хэрэгжүүлэхээр зорино.

-Өвөрхангай аймгийн Баянтээгийн уурхайн захирал О.Сумъяасүрэн Өвөрхангай аймгийн Засаг дарга болгох гэж байгаа гэж дуулдсан. Энэ үнэн үү?

-Орон нутгийн сонгууль удахгүй болно. Сонгуульд ялсан нам хэнийг Засаг дарга болгохоо шийднэ. МАН-д намын залгамж чанар, намд олон жил ажиллаж ирсэн туршлагатай боловсон хүчин олон байгаа. Өвөрхангай аймгийг удирдаж ирсэн шилдэг тэргүүний бэлтгэгдсэн боловсон хүчин ч олон бий. Сонгуулийн үр дүнгээс шалтгаалж дараагийн хүнийг сонгоно.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *