Энэ удаагийн “Нэг ангийнхан” буландаа СУИС-ийн Радио, телевизийн сэтгүүлч-зураглаачийн ангид 2003 онд элсэн суралцаж байсан УГЗ Г.Золжаргал, С.Басбиш багшийн ангийнхныг урьж оролцууллаа.
Сурагчийн ширээнээс тохой салгаж СУИС-ийн Радио, телевизийн сэтгүүлч-зураглаачийн ангид орохдоо орос хэлний багш н.Даваасүрэнгээр 2003 онд угтуулж сэтгүүлч Г.Золжаргал багшаар 2007 онд үдүүлж байсан нь саяхан юм шиг тэдний сэтгэлд тод үлджээ. Тухайн үед өргөн жинс моданд орж дүрэмт хувцас мэт жинсээр ижилссэн 26 хөвгүүн, долоон охин 13 жилийн өмнөх энэ л намар нэг анги гэх тодотголоор цуглаж байжээ. Иймээс л намар тэдэнд догдлол “авчирдаг” гэх.
Эл ангийнхан олон хөвгүүнтэй байсан болохоор байнгын шуугиан, хөгжөөнтэй. Тухайн үеийн сор болсон багш нараас номын дуу сонсож байсан нь тун ч олзуурхам, талархууштай зүйл байсан талаар ангийнхан дуу нэгтэй ярих юм. Ангийн охин П.Хулан “Бид хичээл заалгаж номын дуу сонсож явсан багш нарыгаа уулзах бүртээ бахдан шагшин ярьдаг. Энэ л гайхалтай сургуулиас бид өөрсдийн гялалзсан нэгэн хувилбарыг бий болгож чадсан гэж боддог. Дөрөвхөн жилийн хугацаанд хамгийн гэгээн, мартагдашгүй дурсамж үлдээсэн гэхэд итгэмээргүй санагддаг” хэмээн ярьж байлаа.
Багш нар нь тэднийг нам суулгаад нозоортол нь лекц уншдаггүй, аль болох бүтээлч сонирхолтой байдлаар хичээлээ заадаг байсан талаар ч тэд дурдсан юм.
Ангийнхан “Бидэнд багш нар маань хичлээлийг хамгийн сонирхолтойгоор заахаас гадна мэргэжилдээ эзэн нь болгох гэж хичээдэг байлаа. Биднийг ажлын талбарт гарахад хичээл заасан багш нарын маань арга барил ой тойнд одоо хүртэл санагддаг. Бүгд л хамгийн шилдэг мэргэжилтэн бэлдэх гэж хичээдэг, чармайдаг байсан. Шараваа багш камер бариулж сургах гээд биднээр “амьд тэгш ус” хийж байлаа. Камераа бариад хөдөлгөөнгүй дүрс бичихийн тулд аягатай ус толгой дээрээ тавиад явах сургуулилт хийсэн юм. Тэр хичээл дуусахад ангийн шал нэлэнхүйдээ ус болж, үйлчлэгч эгч аашлаад бид өөрсдөө шалаа цэвэрлэж билээ” хэмээн хуучлахад нөгөө хэсэг нь “Залуухан ч гэсэн айхавтар цогтой багш Одонтуяа маань ч биднийг элдүүр нь ханасан сур шиг болгох гэж мөн ч олон шөнө нойр хоолгүй зүтгүүлсэн дээ. Хэдийгээр ганц курсийн хичээл байсан ч бидний сэтгэлд хоногшиж чадсан. Тайзан дээр уйлж дуулж, өөрийнхөө байж үзээгүй дүр төрхөөр өөрийгөө тольдох гайхалтай сайхан туршлага болж бидэнд үлдсэн юм” хэмээн оюутан ахуйн дурсамжуудынхаа талаар ам уралдуулан ярьж байлаа.
Оюутан цагийн юм бүхэн нандин сайхан. Тэдний хувьд шохойдсон цагаан байшин ч амьдралын эх булаг нь гэнэ. Энэ талаар ангийн хөвгүүн Д.Ууганбаатар “Бидний сургуулийг гаднаас нь харахад эгэл даруухан илүү зүйл нэг ч үгүй мэт харагдавч анги танхимд ороход инээж хөөрч, уйлж дуулж, амьдрал буцалж байдаг гэгээн их өргөө байсан юм. Хэдий бид оюутны ширээнээсээ салаад 13 жилийг ардаа орхиж байгаа ч биесээ харахдаа хэзээний л томоогүй дэвэргэн насандаа эргээд очсон юм шиг хөөрцөглөдөг. Айл айлын аавын хүүхдүүд цуглахдаа ааш аяг ондоо ч хүсэл мөрөөдөл, эрмэлзэл дүүрэн он жилүүдээ хамтдаа үдсэн болохоор ижилдэн дасдаг юм уу даа” хэмээн хуучиллаа.
Эрчүүд олонтой нь энэ ангийн давуу тал болж байжээ. Энэ талаар ангийнхан “Бид санаа сэтгэл нэгдэхдээ хялбар, аливаа зорьсон ажлыг маш түргэн бүтээдэг, дайчин хүүхдүүд байсан. Багын ажил, хамтын бүтээл гаргахдаа маш шуурхай. Олон аавын өөрсдийн гэсэн үзэлтэй хүүхдүүд цуглаад бид биесээсээ суралцах зүйл ч их байлаа” хэмээн ярьсан юм. Ангийн хүүхдүүдийн ихэнх нь хотынх байжээ. Стиль, имиж ч гэж ярилтгүй байж. Ямар сайндаа л ангийн охин Батцэцэгийн хурим болж ангийн хэсэг хөвгүүд яваад ороход нь хуриманд сууж байсан нэг хүн “Хүүе энэ чинь ямар хамтлаг билээ” гэж асууж байхав. Тухайн үедээ мода дагаж үсээ урт ургуулж байсан гэнэ.
Хэдий нас залуу ч эдний ангиас салбартаа тэргүүлсэн манлайлагч залуус олон төржээ. Тухайлбал, Соёлын тэргүүний ажилтан Ч.Мядагмаа (Боловсрол суваг тв), Монголын телевизүүдийн холбооны нэрэмжит “Алтан Шонхор” наадмын шагналт СТА М.Цогтбаяр, Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан Д.Ууганбаатар, Соёлын тэргүүний ажилтан, спортын мастер, алтан гадас одонг С.Батболд, NTV телевизээс уламжлал болгон зохион байгуулдаг телевизийн шилдэг зураглаачийн “Алмаз 2010” шагналт Ц.Буянбаатар нарыг дурдаж болно. Үүнээс гадна “Шударга журам”-т медалиар шагнуулж байсан ачтан бий аж. 2014 онд Баянхонгор аймгийн Түйн голд живж байсан хүүхдийн амийг ангийн хүү, одоогийн ETV телевизийн Зураглаачдын албаны дарга Н. Батбаяр аварч төрийн түргүүнээс “Шударга журам” медаль гардаж байжээ.
Хэдий сэтгүүлч гэх тодотголтой ч Г.Золжаргал багшийн ангийнхан уран яруу үг хэллэг гэхээсээ илүүтэй утга бүхий гэрэл зураг, дүрс бичлэгээр дотоод сэтгэлээ уудалдаг гэнэ. Сайхан ярьж чадахгүй байж мэдэх ч санасан бодсон бүхнээ хүний нүдэнд зураглаж чадах, шатаж яваа уран бүтээлчид шүү, манай ангийнхан чинь хэмээн зарим нь бахархана. Энэ ч утгаараа зургаа нь өөрийн гэсэн уран бүтээлийн студи нээжээ.
Залуу насны сайхан дурсамжууд анги, хамт олонтой салшгүй холбоотой байдаг аж. Эргээд уулзах бүрт дэврүүн насандаа очсон мэт байдаг болохоор анги, хамт олон гэдэг цаг хугацааны галт тэрэг юм уу даа.
Р.ЖАРГАЛ