НИТХ-ын АН-ын бүлгийн дарга М.Тулгаттай ярилцлаа.
-Нийслэл хотод түгжрэлийн асуудал “шүдний өвчин” болоод байна. Хорио цээр тавигдаад хичээл сургууль бүгд ороод эхлэхээр нөгөө л замын түгжрэл, нийтийн тээврийн хүртээмжийн асуудал яригдахаас аргагүй болж байна. Өглөө бүр автобусны буудал бүрт өчнөөн төчнөөнөөрөө автобус хүлээдэг, багтдаггүй. Ер нь түгжрэлийг бууруулах бодит шийдэл юу вэ?
-Түгжрэлийг нийтийн тээврийн хөгжлөөр л шийдвэрлэнэ. Автобус, троллейбусныхаа хүртээмжийг нэмэгдүүлж, үйлчилгээний чанарыг сайжруулах, тусгай замын зорчигч тээвэр, монорэйл зэрэг хувилбарт тээврийн хэрэгслүүдийг бий болгох хэрэгтэй. 2016 оноос эрх барьж буй МАН мөрийн хөтөлбөртөө “Богдхан төмөр зам” төслийг хэрэгжүүлнэ гэж амласан. Тодруулбал, хотын төвөөр явж буй транзит төмөр замыг Богд уулын урдуур явуулж ачааллыг хотын төвөөс гаргаж, одоогийн замыг хотын дотоод зорчигч тээвэрлэлтэд зориулна гэдэг шийдэл. Төмөр замын аюулгүйн зурвас ихээхэн зай эзэлдэг, энэ талбайд нь авто зам тавиад зай талбайг нь тээвэрлэлтэд ашиглаж болно. Гэтэл энэ мөрийн хөтөлбөр биелээгүй. Ямар ч ажил хийгдээгүй. Тусгай замын автобусыг нэвтрүүлнэ гэсэн. Мөн л ажил хэрэг болоогүй. Түгжрэлийг шийдэх тухай ярихаар хүмүүс их, дээд сургуулийг хотоос гаргах, төвлөрлийг сааруулах гэх мэтийг ярьдаг. Дэлхийн мега хотуудтай харьцуулахад манай хот чинь 1 сая 500-хан мянган хүн амтай жижигхэн хот. Асуудлын гол нь нийтийн тээвэр хөгжөөгүйтэй л холбоотой. Хуучин цагт машин ховор, автобусаар явж болдог байсан.Ер нь нийтийн тээврийг түлхүү ашигладаг хот түгжрэлгүй байдаг. Гэтэл манайд өдөр тутмын ажил, амьдралдаа хүмүүс хувийн машинаа сонгож байна. Учир нь нийтийн тээвэр хүртээмжгүй, ая тух муутай, бохир, тогтсон цагаар явдаггүйгээс хэдэн ч минут, цаг хүлээдэг. Янз бүрийн ааш авиртай хүмүүс айлгаж ичээх, ааштай жолооч нар харааж ерөөх, огцом тоормосолж, сүлжиж давхих гэх мэт асуудлыг нь яриад байвал дуусахгүй. Тээврийн хэрэгслийн аюулгүй байдал бас ямар түвшинд байгаа билээ. Нийтийн тээвэр нь бараг л аюултай унаа болчихсон. Энэ бүхнээс шалтгаалж иргэд хувийн унаагаа илүү үзэж байна. Уул нь автомашин жолоодно, маллана гэдэг стресстэй ажил. Автомашинаас хамааралгүй хот бол тайван, чөлөөтэй, стрессгүй байх юм.
2016 онд давхардсан тоогоор 244 сая хүн нийтийн тээврээр үйлчлүүлсэн байна. Тэгвэл 2019 онд 152 сая хүн болж буурсан. Улаанбаатар хотын хүн ам цөөрөөгүй шүү дээ. Энэ бол хувийн машины хэрэглээ ихэсч, “автобусаас ангижирч” буйг илтгэх тоо баримт. Нийтийн тээвэр рүүгээ анхаарахгүй байгаагийн үр дагавар.
-Нийтийн тээврийг хүртээмжтэй, чанартай болгочихвол үйлчлүүлэх тоо тодорхой хэмжээнд нэмэгдэнэ биз дээ?
-Тэгэлгүй яахав. Улаанбаатар хотод 1000 орчим автобус, троллейбус үйлчилгээнд явж байна. Энэ хэдэн автобус нийт зорчигч тээврийн хөдөлгөөний тал хувийг нь нуруун дээрээ үүрдэг. Бүртгэлтэй тоогоор 500 мянган хувийн тэрэг хөдөлгөөнд оролцож байна. Ингээд бодохоор нэг автобус 300-400 автомашины ачааллыг өөртөө авч байна гэсэн үг. Иймээс автобусны тоог нэмж, чанаржуулж, нийтийн тээврээр иргэд үйлчлүүлдэг болсноор түгжрэлийг эрс багасгах боломжтой.
Автобусынхаа тоог нэмье гэхээр нэг асуудал гарч ирнэ. Одоо л гэхэд төв замын нэгдүгээр эгнээгээр автобуснууд оочерлож байна. Хаана нь нэмэх юм гэдэг асуудал. Нэмлээ гэхэд хамтдаа таг зогсоод бас л цагаараа явж чадахгүй. Үүнд, нэг хувилбар байж болохоор санагддаг. Энхтайваны өргөн чөлөөний замыг үндсэндээ нийтийн тээвэрт зориулсан зам болгож, ердийн автомашины хөдөлгөөнийг эрс хязгаарлах. Гэхдээ энэ нь шүүмжлэл, маргаан дагуулах, зориг шаардсан шийдвэр байх болов уу. Хэрвээ үүнийг хэрэгжүүлэх юм бол автобус, троллбейбусныхаа тоог нэмээд, хуваарийн дагуу яг цагаараа явдаг болох боломж бүрдэнэ. Босоо тэнхлэгт богино рейсийн маршрутуудыг холбож өгнө.
Өөр нэг арга бол зам дагуу багана босгож, дээгүүр явах монорэйлийн шугам татах. Агаар дээгүүр явж байгаа болохоор ямар ч саадгүй, ая тухтай, цагаа барина. Өөр тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөхгүй, түгжирч зогсохгүй. Метро болон монорэйлээр шийдэх аргуудын тухайд 2014 онд Японы ЖАЙКА байгууллагын тусламжтай судалгаа тооцоог нь хийгээд гаргачихсан эд.
-Дүүжин тээврээс юугаараа ялгаатай юм бэ?
-Дэлхийн томоохон хотуудад аялал жуулчлалын зориулалтаар дүүжин тээврийг ашигладаг. Түүнээс биш нийтийн тээврийн зориулалтаар хэрэглэж байсныг би лав мэдэхгүй. Тийм дүүжин тээвэрт би лав сууж үзээгүй. Ази, Европын орнууд ихэвчлэн массаар нь тээвэрлэх боломжтой метро юмуу, монорэйл гэх мэтийг хэрэглэж байна.
Судалгаагаар нэг хүн жилд дунджаар 45 хоногийг түгжрэл дунд өнгөрүүлж байна. Бензин шатахууны зардал гэхэд өдөрт 440 сая төгрөг, жилд 114.4 тэрбум төгрөгийг зүгээр л шатааж байна. Хүн өдөрт төлөвлөсөн ажлынхаа 37%-ийг буюу гурван ажлын ганцыг нь л амжуулж байна гэсэн судалгаа байна. Хаашдаа л ийм их эдийн засгийн хохирол, үргүй зардлыг гаргаж байгаагаас хойш, хөрөнгө оруулалтыг төвлөрүүлж, томоохон зоримог шийдлийг хэрэгжүүлмээр байгаа юм.
-Таны хэлж буй шийдлүүд үнэхээр бодит амьдрал дээр хэрэгжих боломжтой юу?
-Хувилбарууд, судалгаа тооцоонууд бүгд байна. Гол нь улс төрийн шийдвэр болон хүсэл зоригийн асуудал. 2012-2016 онд түгжрэлийг шийдэх хэд хэдэн угсраа арга хэмжээ авагдсан. Та санаж байгаа байх, нэгдүгээр эгнээгээр автобус зорчдог болсон, дугаарын хязгаарлалт эхэлсэн. Гудамж төслийн хүрээнд 37 уулзварыг томсгосон. Ер нь түгжрэл хаана үүсдэг вэ гэхээр уулзвар дээр л үүсдэг. Замын өргөн нарийн бол үнэндээ чухал биш. Өргөн ч бай, нарийн ч бай, 2-оос дээш эгнээтэй шулуун явж байгаа автомашинууд хэвийн хурдаа хадгална. Гол нь уулзвар дээр л саатал үүсч байгаа юм. Тухайн уулзвараар нэг ногоон гэрлээр зургаан машин зүүн эргэж гардаг бол тэр зургаа л гарна. 10 машин ирвэл дөрөв нь түгжрээд эхэлнэ. Өргөн замаар хэчнээн хурдтай давхиж ирлээ ч ялгаагүй. Хэрэв уулзварын зүүн эргэдэг эгнээг нэмж хоёр болгочихвол нэг гэрлээр амжиж гарах машин хоёр дахин нэмэгдэж, 12 болно. Үр дүн ямар байх нь тодорхой. Тиймээс уулзварыг өргөтгөх ажил тухайн үед хэрэгжсэн. Эдгээр ажлууд хэрэгжиж, автобус бол нэгдүгээр эгнээгээр сааталгүй явдаг ВИП унаа юм гэх зэрэг сурталчилгаа явж, хүмүүс нийтийн тээврээ хэрэглэх нь ихэссэн. Түгжрэл ч мэдэгдэхүйц хөнгөрсөн. Ойрын жилүүдэд бол түгжрэлийг шийдэх талаар бараг юу ч хийгдсэнгүй. Эгнээг нь өргөсгөх уулзвар ч байхгүй болчихлоо. Тиймээс тусгай замын зорчигч тээвэрлэлт, монорэйл гэх мэт томоохон төслийг зоригтой хэрэгжүүлэх шаардлагатай.
-Нийслэлийн намын дарга Д.Пүрэвдаваа нийтийн тээврийг үнэгүй болгоно гэж ярьсан байсан. Яаж хэрэгжүүлэх юм бэ. Нийтийн тээвэр гэдэгт юуг хамруулаад байгаа юм бэ?
-“Жишээ нь, нийтийн тээврийг үнэгүй болгох хувилбар бий” гэснийг “үнэгүй болгоно гэлээ” гээд явчих шиг болсон. Нийтийн тээврээр үйлчлүүлдэг хүмүүсийн тоо 2017-2019 оны хугацаанд хоёр дахин буурсан гэдгийг түрүүн хэлсэн шүү дээ. Нийтийн тээврийн орлого нь эрс буурч байна. Мөн ахмад настнууд, оюутнууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд гээд нийтийн тээврээр үнэгүй үйлчлүүлдэг томоохон бүлэг байна. Ингээд олдог орлого нь зардалтайгаа харьцуулахад бага байгаа учраас нэгмөсөн үнэгүй болгож хувийн машинаас нийтийн тээврээр үйлчлүүлэх сэдлийг нь төрүүлье гэх саналууд ч гардаг. Түүнийг жишээ болгож дурдсан гэж би ойлгож байна.
Түүнээс гадна, шууд биш мөртлөө түгжрэлийг бууруулахад нэмэр болох нэг шийдэл байна. Хаягжилтаа цэгцэлж, шуудан харилцаагаа хөгжүүлэх хэрэгтэй. Бид хаягаа зааж өгөхдөө “Автобусны буудлын баруун урд талын ягаан гурван давхар байшин бий тэрүүгээр зүүн эргэнэ” гэдэг ч юм уу энэ мэтээр хаягаа зааж өгдөг. Орчин үеийн 21 зууны Улаанбаатар хотын хаягууд ийм байгаа нь бидний арчаагүйтэй холбоотой. Хаягийг шийдэх нь төмөр зам барих ч гэдэг шиг нүсэр ажил биш шүү дээ. Шуудангийн үйлчилгээ хөгжиж, хүргэлтээр бараа бүтээгдэхүүн ирдэг, төрийн үйлчилгээ, бичиг цаас ч үүгээр явдаг болвол эдийн засгийн бүтээмж нэмэгдэхээс гадна түгжрэл буурахад ч нөлөөлнө. Хүргэлт гэдгийг пиццаны хүргэлт төдийхнөөр ойлгож болохгүй.Эд зүйл, бичиг цаас, худалдан авсан бараа гээд бүхий л зүйлийг гэртээ ч юмуу, байгаа газраасаа хүргүүлэн авах тухай асуудал юм. Ер нь ч тийм хэрэгцээ шаардлага байгаа гэдгийг “Ковид-19” харууллаа шүү дээ. Тэр дундаа төрийн үйлчилгээг шуудангаар, цахимаар авдаг болох хэрэгтэй. Ингэснээр төрийн үйлчилгээ хүртээмжтэй, хүнд сурталгүй, хялбар болно. Нэг үйлчилгээ авахын тулд заавал гэрээсээ гарч очдог, очоод тийм материал нэмэлтээр хэрэгтэй гэхээр буцаад явдаг, оочерлодог. Эдийн засагт бүтээмж бий болно, түгжрэл тодорхой хэмжээгээр буурна, хүргэлтийн ложистик үйлчилгээ эрхэлдэг бизнесийн төрөл хөгжинө, олон шинэ ажлын байр бий болно. Улаанбаатарчууд бүрэн хийж чадах зүйл шүү дээ.
Р.ХИШИГЖАРГАЛ
,