Цаг уур, орчны шинжилгээний газраас энэ долоо хоногт болон аравдугаар сарын эхээр нийт нутгаар цас орж, эрс хүйтрэхийг анхааруулж байна. Тодруулбал, есдүгээр сарын 29-нд нутгийн баруун хагаст, есдүгээр сарын 30-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн зарим газраар, аравдугаар сарын 1-нд нутгийн зүүн хагаст, аравдугаар сарын 2-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр нойтон цас орно.
Салхи ихэнх нутгаар секундэд 7-12 метр, есдүгээр сарын 29-нд баруун аймгуудын нутгаар, есдүгээр сарын 30-нд ихэнх нутгаар, аравдугаар сарын 1-нд говь, тал хээрийн нутгаар, аравдугаар сарын 2-нд нутгийн зарим газраар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүсэж, шороон болон цасан шуурга шуурна. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 9-14 градус хүйтэн, өдөртөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 2-7 градус, өдөртөө 11-16 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө 5-10 градус дулаан байна.
2020 оны 10 дугаар сард агаарын дундаж температур Сэлэнгэ, Төв, Хэнтийн нутаг, Булганы зүүн, Дорнодын хойд хэсгээр олон жилийн дундаж/ОЖД/-аас 1-2°C-аар хүйтэн, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй бол Хур тунадас Өмнөговь, Дорноговийн нутаг, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Сүхбаатарын өмнөд хэсэг болон Дундговийн өмнөд хагаст ОЖД – аас ахиу, бусад нутгаар дунджийн орчим орох төлөвтэй байна.