Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Б.Баярцэнгэл: Цахимд шинэ санаа өгдөггүй, онцын шаардлагагүй нэр бүхий хүмүүст цагаа зориулснаас өөрийгөө хөгжүүлэх зүйлд цагаа зарцуулах нь танд хэрэгтэй

Сэтгэл судлаач Б.Баярцэнгэлтэй ярилцлаа.


-Өнөөдрийн нийгмийн сэтгэл зүйн төлөв ямар байна вэ?

-Өнөөдөр нийгмийн сэтгэл зүй эмзэг гэмтэлтэй байна. Гаднаас ирж буй сөрөг мэдрэмжүүдийг хүлээн авч амьдралын хэв маяг хандлагад нь ч өөрчлөлт орж эхлээд байна. Амьдарч буй орчноосоо итгэлцэл, амар тайвныг мэдэрч чадахгүй байна.

-Өнөөдөр цахимд орчинг анзаарахад хүнд шинэ санаа өндөггүй, мэдлэг мэдээлэл түгээдэггүй, ядаж л өөдтэй үг амнаас нь унадаггүй сэтгэц нь хэвийн бус хүмүүс хүчтэй нөлөөлөл үзүүлж байна. Наад захын жишээ татахад л өчигдөр (уржигдар) Осоржамаа, Сүнээ нар зодуулсан тухай мэдээлэл гарахад л нийгэм хөмөрчих шахлаа. Хүн бүр л хүчтэй хүлээн авч тус бүрийн дүгнэлтээ дор бүрнээ хийж цэцэрхлээ. Энэ нь нэг талаасаа нийгмийн сэтгэл зүйн эмгэг байж болох уу?

-Бид өдөр тутмын амьдралдаа л бусдад санаатай, санаандгүйгээр нөлөөлж байдаг. Тухайн хүн ямар чиглэлийн нөлөөлөгч вэ гэдгээс хэрэгтэй хэрэггүй нь танигддаг. Өнөөдөр манайд бараа таваар, үйлчилгээ санал болгодог инфлюнсрүүд л өндөр ашиг орлоготой ажиллаж байна. Тэд ажлын цагт баригдахгүйгээр өөрийн тааваараа хөдөлмөрлөж өндөр ашиг олж чадаж байна л даа. Хүмүүс ач холбогдол өгч хошуурч байгаа учраас ч энэ төрлийн инфлюнсрүүд ашиг орлоготой ажиллаад байна.

Ийм инфлюнсэрүүд иргэдэд итгэл төрүүлэхээс биш чанар бодит байдлыг амлаж чаддаггүй. Тэдний нэршил нь ганган сонсогдох ч зүгээр л цахим худалдааны төлөөлөгчид гэж хэлж болно. Нөгөө талд нийгэмд, шинэ санаа түгээдэг мэдлэг нөлөөлөгчид бий. Тэд бодитой санал, шийдэл санал болгодог. Тэдний хэлж ярьж буй зүйлээс бусдад зөв хандлага зөв үйлдэл түгээгдэж байдаг. Үр ашгийн хувьд ч нийгэмд өндөр ашиг тустай. Өөр хэрэгтэй зүйлсээ аваад өдөрт тутамдаа хэрэгжүүлээд явахад хувь хүнд тустай шүү дээ. Харамсалтай нь бодит байдал дээр ийм төрлийн инфлюнсрүүд өндөр хандалт авч чадахгүй байна.

Хүмүүсийг хошууруулаад байгаа Осоржамаа, Сүнээ нар нийгмийн аж байдал адил төстэй зовлонтой, өөрийнхөөрөө амьдралаа бүтээж яваа улс. Тэдэнд харилцах хүн үгүйлэгдэж байгаа учраас л нийгмийн сүлжээнд хандаж байгаа юм. Цахимд бусдаас хайр,хайхрал, гуйланчлах хамгийн том эмгэг асуудал шүү дээ. Тэдний үзүүлж харуулж буй хандлага нь ч нийгэмд сайн үр нөлөө өгөхгүй. Өөрсдөд нь ч алсуураа сөрөг үр дагавартай. Тэдний хувийн амьдрал хэт олны дунд задгай болж байгаа. Цаад гэр бүлийнх нь нандин харилцаа массын хяналтад орчихож байна шүү дээ. Энэ нь эхэндээ сайхан ч сүүлдээ хүнд хэцүү зовнил болж хувирч болзошгүйг мэддэггүй.

-Ийм төрлийн үр өгөөж байхгүй инфлюнсерүүдийн нйгэмд үзүүлэх хор нөлөө юу вэ?

-Наанадаж л бусдад буруу үлгэр дуурайл үзүүлнэ. Бусдад шинэ санаа шийдэл өгдөггүй, таны хүүхдэд буруу үлгэр дуурайл үзүүлж болох, танд ямар ч хэрэггүй нэр бүхий хүмүүсийн нөлөөлөлд хэдэн мянгаараа автаж цаг заваа үрдэг асуудлаа болих хэрэгтэй. Тэр цагаа өөрийгөө хөгжүүлэхэд зарцуулж болно шүү дээ. Хэрэггүй, ашиг тусгүй инфлюнсерүүдийг үзэхгүй байхад л аяндаа алга болно.

-Манайд өөр нэг тулгамдсан асуудал нь сэтгэл гутрал. Цахимд их цаг зарцуулж байгаа нь магадгүй үүнтэй ч холбоотой юм шиг. Сэтгэл гутралын талаар ерөнхий ойлголт өгөхгүй юу?

-Хүмүүс сэтгэл гутралыг сэтгэл санааны байдаг л асуудал гэж буруугаар ойлгоод байдаг. Үнэндээ сэтгэл гутрал чинь сэтгэл засал болон эмээр эмчлэгддэг бие даасан өвчин шүү дээ. Насанд хүрсэн хүн болон хүүхэд ямар ч ялгаа байхгүй сэтгэл гутрал юм уу, аливаа сэтгэлзүйн эмгэгтэй болох магадлалтай. Хүрээлэн буй орчноос, хүнээс, тодорхой бэрхшээл, асуудлаас улбаалж сэтгэлзүйн гутралд орсноор хүнд мэдрэмж төрөх, өөрийгөө үнэлэх үнэлэмж буурах, өөрийгөө удирдаж чадахгүй байх зэрэг асуудал танд тулгарч байвал хүндрэхээс нь өмнө хурдан шийдэхийг хэрэгтэй. Сэтгэл гутралын хамгийн том хүчин зүйл бол хүн. Хүн л нэгнээ сэтгэлийн гутралд оруулж хүн л хүнээ эвдэх гээд байдаг. Мөн эсрэгээрээ хүн хүндээ сайн зүйлсийг ч сургадаг.

-Өөрийнхөө сонирхолтой зүйлд цаг заваа гаргаж кайф авч завгүй байснаараа сэтгэл гутралаас ангижрах боломжтой гэх ойлголт яваад байдаг. Энэ боломжтой юу?

-Сэтгэл гутрал хүчээр шийдэх сэтгэцийн эмгэг биш л дээ. Тухайн хүн ямар шалтгааны улмаас сэтгэл гутралд орсон, ямар нөхцөлд, хэр удсан бэ гэдгээс хамаараад харилцан адилгүй тул мэргэжлийн хүний тусламжтайгаар л шийдэлд хүрнэ. Ер нь эрүүл амьдралын хэвшлийг өөртөө суулгах нь сэтгэл гутралтайгаа тэмцэхэд тус болдог.

-Сэтгэл гутралд орсон үедээ өөрийгөө хэрхэн удирдах вэ?

-Өөртөө тайван орчин бүрдүүлж сайн нойр авч, амрах нь чухал. Дараагийн арга хэмжээ бол ярилцах. Насанд хүрэгчдийн харилцааны хувьд хэнд нууцаа ярих вэ гэдгийг ухамсарладаг, тодорхой мэдрэмжтэй болсон байдаг. Ойр дотны, итгэлтэй хүмүүстэйгээ ярилцаж, мэргэжлийн хүнд хандах нь зөв.

-Судалгаанаас харахад сэтгэл гутрал өсвөр насныханд тулгамдсан асуудал болох нь анзаарагддаг. Сэтгэл гутралд орсон хүүхдэд ямар шинж тэмдэг илэрдэг вэ?

-Өсвөр насны хүүхэд эцэг эхтэйгээ төдийлөн ярихгүй байх, шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байх, зөрүүдлэх зэргийг хэвийн үйлдэл гэж үзэж болно. Харин хүүхдийн илэрхийлэмж бүр сөрөг, түрэмгий болоод ирвэл асуудал даамжирч байгаагийн шинж гэж ойлгох хэрэгтэй. Үүнийг эцэг эхчүүд хэвийн үзэгдэл мэтээр хүлээж авч болохгүй. Хашхирах гэх мэт ямар нэг түрэмгий байдлаар өөрийгөө илэрхийлж байна гэдэг бол хэвийн бус үзэгдэл.

-Өөрийн сэтгэлзүйг тогтвортой өөдрөг байлгахын тулд өөртөө ямар дадалыг хэвшүүлэх нь үр дүнтэй вэ?

-Сэтгэл хөдлөл байнга тогтвортой, өөдрөг байна гэж байдаггүй. Хүн бол нийгмийн бүтээгдэхүүн. Нийгмийн хүрээлэл дэх нөлөөллөөс шалтгаалаад сэтгэл хөдлөл байнга өөрчлөгддөг. Нийгмийн харилцааны хувьд өдөр тутамд аливаа зүйлсээс суралцаж, тодорхой сэтгэл хөдлөл, мэдрэмжүүдийг авснаар тухайн хүний зан төлөв, чиг баримжаа тогтдог. Иймд аливаа асуудлыг хүндээр тусган авахгүй байх нь маш чухал. Нийгмийн харилцааны үед олж авсан, шаналал, гуниг аливаа эмгэгийг үүсгэх хүчин зүйл болдог. Олон жилийн өмнө сонссон үгэндээ ч шаналаад, голдоо ортол гомдчихсон, тэр хэмжээгээр өөртөө итгэх итгэл буурч, өөрийгөө хаадаг тохиолдлууд бий. Хүмүүстэй харилцахдаа өндөр хүлээлт тавих хэрэггүй. Учир нь хүмүүс санаатай, санаандгүйгээр бусдадаа сэтгэлзүйн сөрөг цочрол өгч, сэтгэлийг нь гэмтээдэг тохиолдол бий.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *