Categories
мэдээ цаг-үе

Gangbay: “Ганган цагаан” дуу бид хоёрын төсөөлснөөс богино хугацаанд хүмүүст хүрлээ

GANGBAY хамтлагийн дуучин Д.Ганбаттай ярилцлаа.


-Танай хамтлагийн “Ганган цагаан” дуу олон нийтийн сүлжээнд тавигдаад богино хугацаанд хүүхэд, залууст хүрээд байна. Өнөө зуны ХИТ дуу гэж нэрлээд байгаа. Youtube-д 5.3 сая гаруй хүн энэ дууны клипийг үзээд байна?

-Бид хоёрын хувьд урлагийн сургуульд суралцсан гэдэг утгаараа аливаа дуу, уран бүтээл хийхэд өөрсдөд маань олон давуу талууд үүсдэг. Жишээлбэл, залуусын хэлдгээр эморол буюу сэтгэл гутрал гэдэг зүйл жүжигчний хувьд аваад үзэхэд эмзэглэл болоод хувирчихдаг. Эмзэглэсэн үедээ ямар нэгэн зүйл бичмээр, хиймээр санагдана. Миний хувьд хүчтэй гунигласан тухайн үеийн мэдрэмжээ цаасан дээр буулгаад л энэ дууны үг бүтсэн гэхэд болно. Үгээ эхлээд бичсэний дараа youtube-ээс аяа хайж олоод, үндсэндээ дуу бүтсэн. Бид хоёр Be­lucci records-ийн Г.Энэрэл ахтай дууныхаа тал дээр зөвлөлддөг байсан. Дуугаа биччихээд Г.Энэрэл ахад сонсгосон чинь “Наадхыг чинь гялс бичье” гээд бичсэн л дээ. Бичүүлснийхээ дараа өөрсдөө сонсоход тухайн үед ХИТ болоод байсан дуунуудаас ондоо байсан болохоор нэг их сүртэй сонсогдоогүй. Би эмнэлэгт хэвтэж байгаад энэ дуугаа цацагдсанаас хойш 10 хоногийн дараа youtube рүү ороод хартал бидний бодсоноос олон хүнд хүрсэн байсан. Цацагдсаны дараа хулгайн дуу гэсэн яриа олны дунд хэсэг явсан. Үүн дээр тайлбар хэлэхэд, “Ганган цагаан” дуу маань ямар нэгэн оюуны өмчийн маргаангүй, бүх эрх нь албан ёсоор бидэнд байдаг шүү.

-Тэгэхээр та “Ганган цагаан”-ы үгийг эмзэглэсэн үедээ бичжээ?

-Тийм ээ.

…Гангарч болдоггүй ганган цагаан

Гантиг сувдан бэлзэг минь

Амсаж болдоггүй амины ганцхан

Амт нь дэндсэн амраг минь… Энэ дууны клип бас их хурдан бүтсэн шүү. Хоёр, гурав хоногийн дотор л клиптэй болчихсон.

-Дууны клипүүдээ илүү бүтээлчээр хийхийг зорьдог юм шиг харагддаг. Клипээ өөрсдөө найруулдаг уу?

-Тийм ээ. Өөрсдөө клипнүүдийнхээ зохиолыг тусад нь гаргаад ач холбогдол өгч хийдэг. Халтуурдахыг хүсдэггүй. Нэгэнт урлагийн салбарыг сонгосон учраас энэ бид хоёрын амьдрал гэсэн үг. Юу мэдэж авсан бэ, тэр бүгдээ гаргаж, аль болох чанартай бөгөөд сэтгэлээсээ хандахыг хичээдэг. Тиймээс үүндээ бүх юмаа зориулж явна даа.

-“Gangbay” хамтлагийн хувьд сүүлийн үед гарч ирсэн хамтлаг, дуучдаас хуучны гэмээр хэв маягаараа ялгагддаг. Бас та нар оросоор дуулдаг?

-Гангаа, Баянаа гэдэг нэрнийхээ эхний үеүдийг нийлүүлээд л “Gangbay” гэж нэрлэсэн. Бид хоёр СУИС-д анх танилцаж, 2019 оны арваннэгдүгээр сарын 17-нд хамтлагаа байгуулсан. Найзлаад таван жил болж байна. Манай хамтлагийн гишүүн Баянмөнх 1998 оны аравдугаар сарын 14-нд Эрдэнэт хотод төрсөн. “Зуунбилэг” дунд сургуулийг төгссөн. Миний хувьд 1999 оны зургадугаар сарын 19-нд Улаанбаатар хотод төрсөн. “Эрдмийн ундраа” цогцолбор сургуулийг төгссөн.

-Та хоёр жүжигчин мэргэжилтэй мөртлөө яагаад хамтлаг байгуулж, дууны урлагт хөл тавьсан бэ?

-Дуугүй бол амьдрал утгагүй шүү дээ. Би багадаа яруу найраг сонирхдог, “Хүрэл тулга” яруу найргийн уралдаанд байнга оролцдог байсан. Манай ээж уран зохиолын багш болохоор тэр үү уран зохиолын ном, Бавуугийн Лхагвасүрэн гуайн шүлгүүдийг унших дуртай, хажуугаар нь аян дээр үг бичсээр байгаад нэг мэдэхэд дадал болчихсон байсан. Мэргэжлээ сонгохдоо жүжигчин болно гэж ороод яагаад ч юм амьдралын хэв маяг маань намайг хөтлөөд, одоогоор өөрийн хүслээрээ дуугаа хийгээд л явж байна.

-“Belluci records”-оос гарч ирсэн хамтлаг гэж хүмүүс ойлгодог. Одоогоор ямар продакшнд албан ёсоор харьяалагддаг вэ?

-“Belluci records”-оос бидний гурван уран бүтээл дээр дэмжиж, хамтарч ажилласан. Албан ёсны үзэглэсэн гэрээ байгаагүй. Одоогоор “Infinitie creative” студид харьяалагдаж, бие дааж уран бүтээлээ хийж байгаа.

-Жүжигчний мэргэжлээрээ ажиллаж, тайз, дэлгэцийн бүтээлд хүч үзэх үү?

-Одоогоор зургаан киноны санал ирсэн байгаа. Гэхдээ дуундаа төвлөрөөд цааш явах зорилготой байгаа учраас ойрын хугацаанд мэргэжлээрээ ажиллах гэж яарахгүй байна.

-Хөл хорионы үеэр нийгэм тэр чигтээ нам гүм байх хугацаанд танай хамтлаг юу хийж байв?

-Уг нь хавар их сургуулиа төгсөх, шалгалт шүүлэг гээд ид ачаалалттай жил байх байсан боловч хичээл карентилагдаад тэр үеэр далимдуулан бидэнд уран бүтээл дээрээ төвлөрөх цаг гарч, нэг талдаа ашигтайгаар туссан гэхэд болно. Магадгүй тэр үе байгаагүй бол “Ганган цагаан” гэдэг дуу ингэж олон хүнд хүрч, ХИТ-үүдийн нэг гэж нэрлэгдэж явах байсан эсэхийг мэдэхгүй байна.

-Бие даасан цомгоо хэзээ гаргах вэ?

-2021 оны нэгдүгээр сарын 1-нд бид хоёрын анхны цомгийн нээлт драмын жүжиг хосолсон мюзикл хэлбэрээр болно. Өөрсдийнхөө дуунуудаар жүжиг маягийн юм хийнэ гэж төлөвлөсөн шүү. Ямартаа ч бид дууны шүлэг, ая, клип гээд бүх эд эс, ширхэг бүрд нь сэтгэлээ шингээхийг зорьдог. Яагаад вэ гэвэл бид урлагийн сургуулийг нь төгссөн хүмүүс учир урлагийн хүний түвшинд л бүтээл хийх ёстой.

-Хамтлаг байгуулагдаад анхны дуугаа нийтэд цацсан тэр үеийнхээ тухай сонирхуулбал?

-Хамгийн анх “Могжоохон хүү” гэдэг дуугаа цацаад, гэнэт зориглоод ер нь урлагт энэ эрчээрээ үзэхээр шийдсэн. Тэгээд Г.Энэрэл ахтай өөрсдөө холбогдоод, түүнд дуунууд маань таалагдаад анхны боломж гарч ирж байсан. Бид хоёр Азидаа шилдэгт орох мюзикл кино хийхийг хүсдэг. Байгуулагдаад жилийн ч хугацаа болоогүй байхад нэг ч болтугай дуу нь хүмүүст хүрнэ гэдэг урлагийн салбарт хөл тавьсан хүмүүсийн хувьд том амжилт. Бид амжилтдаа ташууралгүй, улам их хичээж, тавьсан зорилгодоо хүрч ажиллахыг зорьж байна. Их том ажил амжуулаагүй, дөнгөж урлагт хөл тавьж буй болохоор үүнээс илүүг ярьж чадахгүй нь. Биднийг дэмждэг фенүүддээ, манай дууг сонсдог хүүхэд, залуустаа баярлалаа гэж танай сониноор дамжуулъя.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *