Хубилай хаан ба Монгол жанжид” үзэсгэлэн 2020 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр Монголын үндэсний музейд нээгдлээ. Үзэсгэлэнг нээж Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газрын дарга Ц.Нацагдолгор үг хэлэв. Эзэн Чингис хаан түүний залгамжлагч алтан ургийн суут хаан Хубилай сэцэн хааны мэндэлсний 805 жилийн ой энэ онд тохиож байна. Хубилай сэцэн хаан IV жарны хөхөгчин гахай жилийн намрын эхэн сарын 15-ны хөхөгчин туулай өдөр Хэрлэнгийн ордноо Толуйн их хатан Сорхугтани бэхигээс мэндэлсэн билээ. Хубилай хаан эзэн Чингис хааны дараах Монголын хаадын алдар сууг манлайлан дэлхийн түүхэнд тодоор бичигдсэн хаан юм.
Энэхүү үзэсгэлэнд Хубилай хаан, Монголын эзэнт гүрний үеийн түүхэн хүмүүс, баатруудын дүр төрхийг сэргээн урласан сонирхолтой лаан баримлууд, Монголын Үндэсний музейн сан хөмрөгт хадгалагддаг Юань гүрний үед холбогдох хосгүй үнэт үзмэрээ дээжлэн хүргэж байна.