Урьд өмнө нь манай томчуудын идэж, уух, хумслах арга өөр байлаа. Бариагүй мөртлөө барьсан юм шиг, эсвэл барьж эхэлж байгаад хаячихдаг, үгүй бол огт хийгээгүй мөртлөө хийсэн юм шиг яриад л мөнгө дутлаа гээд идчихдэг байлаа. Энэ нь сүүлийн үед дорхноо баригдчихдаг боллоо. Үргэлжлүүлээд идээд байх боломж багассан. Нэг ёсондоо хуучин арга явцгүй болж, хоцрогджээ. Одоо аргаа өөрчилж төсвийн мөнгөөр хийж байгаа объектуудыг бүрэн дуусгаагүй байж бүрэн хийж дуусгасан гээд мөнгийг нь авчихдаг юм байна. Харахад яг дуусчихсан юм шиг. Идэж уух арга нь шинэ шатанд хүрч, улам нарийссан гэсэн үг л дээ.
Хамгийн наад захын жишээ Налайхын зам. Харахад дуусчихсан, дээгүүр нь машин яваад эхэлсэн. Нэгэнт баригдаж дуусахыг нь хүлээж хүлээлт үүсчихсэн учраас яаран ашиглалтад оруулмагц нь ард түмэн за болчихлоо гээд сэтгэл нь амарчихав. Дутуу үлдээсэн юм юу байна гэж хэн ч асуулгүйгээр баяртайгаар тэр замаар давхилдаж эхэлсэн.Яг ингэж хараа хяналт, шаардлага сулардаг. Манайд өнөөдрийн байдлаар бүрэн дуусаагүй хэрнээ тууз хайчилж, баяр тэмдэглэж, ашиглагдаад эхэлсэн олон байгууламжууд бий. Дээр дурдсан Налайхын замыг ашиглалтад оруулсан ч асар их мөнгөний ажил дутуу байна. Эргүүлэг, тойруулга, орц гарц, тэмдэглэгээ тодорхойгүй. Энэ мэтээр мөнгийг нь луйвардаад төрийн ажил явахгүй байна. Дуусаагүй ажлуудаас эхнээс нь нэрлэе.
Дарханы зам дуусаагүй, тууз хайчлаад, ламаар ном уншуулж, буяны ажил шиг газар ухаад цай оршуулаад сүйд байсан. Өмнөх засагт байсан сайд нь Дарханы замыг гуравдугаар сард эхлээд зургадугаар сард ашиглалтад оруулна гэж амлаад Далан худалчаараа дуудуулсан. Өнөөдрийн байдлаар тендер нь цуцлагдчихаад байна.Хятадын нэг компани гүйцэтгэхээр болоод ингэж бүтэлгүйсэн хэрэг. Ажил удааширснаас болж хичнээн хүний амь энэ замд үрэгдлээ дээ. Хичнээн хүн эд хөрөнгөөрөө хохироо бол. Сонгуулийн өмнө Нийслэлийн эх хүүхдийн эмнэлэг гэж арван жил хүлээгдсэн эмнэлгийг ашиглалтад орлоо гэж нээлт хийж, тууз хайчилсан. Хүчилтөрөгчийн үйлдвэр нь анхнаасаа буруу баригдсан гэх юм билээ. Эх хүүхдийн эмнэлгийн зориулалтаар ашиглах ямар ч боломжгүй гэж мэргэжлийн хүмүүс хэлдэг. Сонгуулийн шоу болгож, нээлт хийсэн ч өнөөдөр ашиглагдахгүй байгаа. Өнөөх нээлтийнхээ үеэр баахан ор, тоног төхөөрөмж нийслэлийн хэдэн эмнэлгээс авчирч үзүүлэн болгож харуулсан. Нэгэнт ашиглах боломжгүй, буруу барьсны хариуцлагыг хэн хүлээх вэ. Цэвэрлэх байгууламж шинээр барина гэж олон ч дарга олон ч жил ярилаа, шоудлаа. Одоо ашиглалтад ороогүй л байна. Замын цагдаагийн хажуугийн гүүр байна. Гүүрний хөдөлгөөн, замын зохицуулалт хийгдээгүй. Улсын комисс хүлээж аваагүй ч мөн л ашиглаад эхэлсэн. Харахад яалт ч үгүй гүүр байгаад байдаг, шууд үгүйсгэхэд хэцүү. 2018 онд Хөшгийн хөндийн нисэх буудлыг ашиглалтад оруулна гэж байлаа. Орсонгүй. Дараа нь 2019 оны долдугаар сард ашиглалтад орно гэж албан ёсоор зарлаж байлаа. 2019 он болоод иртэл бүтээн байгуулалтын ажил 99 хувьтай байна гэж хэлээд 2020 онд бүрэн ашиглалтад орно гэж зарласан. Одоогоор ашиглагдаагүй л байна.
Улиастайгаас Дарь-Эхийн замтай нийлүүлэх Монелийн зам гэж бий. Дуусаагүй удлаа. Цахилгаанчны гудамжны буюу ТЭЦ IV-ийн зам байна. Ашиглалтад ороогүй маш олон жил боллоо. Энэ зам баригдчихвал Нэгдүгээр хорооллын түгжрэлийг багасгахад нэмэртэй. Гэвч дуусдаггүй.
Шинэ Нисэхийг харахад бүтэн бүтэн цогцолбор байшин харагдаад байдаг. Яагаад дуусдаггүйг бүү мэд. Дарга болгон нэг тайлбар хэлсээр бид ч хүлээж залхав. Шинэ Нисэхэд зориулсан хурдны зам ч дуусаагүй. Урд аймгуудаас ирдэг машин зам хурдны зам доогуур гардаг. Тэрийг нь том машин очоод түгжчихдэг. Ийм юм хийсээр манай эрх баригчид он удлаа. Ингэж удааж, гацааж, хохироож байгаад хагас дутуу ашиглалтад оруулахаар нь хүлээж цөхсөн иргэд юу юугүй баярлаад явчихна. Андлалын өргөөг олноороо хараад шоконд орсон. Бидний татварын мөнгийг үр ашиггүй зарлаа гэж дургүйцэж байгаа. Олон тэрбумыг төсөвлөсөн гэхэд арай л дэндүү юм харагдана лээ. Яаж тайлбарлахаараа долоон давхрын дайтай бүтээн байгуулалт гэж хэлээд байгааг ойлгох арга алга. Эрх баригчид ингэтлээ улайм цаймдаа гараа юу.
Дуусдаггүй энэ олон барилга, бүтээн байгуулалтаас нэг юмуу хоёр, гурван дарга хангалттай луйвар, хулгай хийчихсэн биз. Багадаа тэрбум унагана. Ганц тэрбумаар ч тогтохгүй байх л даа. Ханаж цадахгүй улс шүү дээ.
Дуусаагүйн цаадах луйвар хэмээх шинэ технологитой болжээ. Үүнд ард түмэн анхаарал тавьж, хянаж, шалгаж, шахаж шаарддаг хэвээрээ баймаар байна. Дуусаагүйн луйврууд их хорлонтой юм аа. Гүүр бариад баруун, зүүн тийш гарах арга байхгүй. Явган хүний зам байхгүй. Хурдны хязгаарын тэмдэг тавиагүй. Гарцтай газар нь хурд сааруулагч байхгүй. Цавчаа ихтэй, бүрэн дуусаагүй ийм бүтээн байгуулалт Монголоор дүүрлээ. Хариуцлага нэхдэг хүн алга. Дээр нь биднийгээ бүрэн аз жаргалтай болгоход наймхан хувь дутуу гэж Нийслэлийн удирдлагууд оношилжээ. Мөн их даапаалж байгаа юм шүү.
Дуусгадаггүйн цаадах луйвар нэг талдаа гүйцэтгэгч болон захиалагч нарын далд тохироогоор төсөвт өртөг үнийг нь өсгөж хамтын ашиг олох юм. Захиалагч гэдэг нь төр буюу төрийн нэрийн дор албан тушаал хашигч авлигач ноёд, эрх мэдэлтнүүд. Нөгөө талдаа гүйцэтгэгч нь хүлээлгэж өгмөөр байгаа ч хүлээж байгаа нь авлигалаа өгөхгүй, тохирч чадахгүйгээс болдог.