Categories
мэдээ цаг-үе

Б.Отгонбаатар: Монголын түүх, бурхны шашинтай холбогдолтой ном судрын эх хувилбар Өмнөд Монголд хадгалагдсан

Монголын бурхны шашины сүм хийдүүд болон лам нарын төлөөлөл өчигдөр монгол бичгийг хамгаалах шаардлагыг Хятадын Гадаад хэргийн сайд Ван И-д хандан өргөн мэдүүлжээ. Өмнөд Монголын сургуулиудад хятад хэлээр сургалт явуулах шийдвэр нь хэд хэдэн хууль тогтоомж, хүний эрхийн конвенцийг зөрчиж байна хэмээн тэд үзэж байгаа юм. Тодруулбал, БНХАУ-ын үндсэн хуулийн дөрөвдүгээр зүйлд, “Үндэстэн бүр өөрийн хэл, бичгээ ашиглаж хөгжүүлэх, ёс суртахуун, зан заншлаа хадгалж өөрчлөх эрх чөлөөтэй” хэмээн заасныг зөрчсөн аж.

Энэ талаар Сажа Бандидын номын хүрдэн хийдийн УЗ-ын гишүүн, тэргүүн Б.Отгонбаатараас тодрууллаа.


-Та бүхний зүгээс монгол бичгийг Өмнөд Монголд өмнөх шиг нь хадгалж хэрэглээч гэсэн шаардлага хүргүүлж байна уу. Эсвэл Ар Монголд ч монгол бичгийг өргөн дэлгэр хэрэглэе гэсэн санааг гаргасан уу?

-Уйгаржин монгол үсгийг манай улс 2025 оноос төрийн бичиг болгож, бүхий л албан бичгээ хөтөлж, хавсралтаар явуулахаар болсон. Ар Монголын хувьд тэртэй тэргүй тусгаар тогтносон улс учраас заавал монгол бичгээр ярьж бичье гэж уриалаагүй. Хамгийн гол нь Монголын түүх, бурхны шашинтай холбогдолтой бүх ном судар Өмнөд Монголд эх хувилбараараа монгол бичгээр хадгалагдсан байгаа. Тэд л монгол бичгийг тасралтгүй хэрэглэж ирсэн. Харин бидний хувьд дунд нь 70 жил алдсан. Хэрвээ Өмнөд Монголд л монгол бичгийг хэрэглэхгүй болбол 20-30 жилийн дараа монгол үсгээр гаргацтай бичдэг, дүрс үсгийг тайлж уншдаг эрдэмтэд үгүй болох эрсдэлтэй. Монгол үндэстний ихэнх хувь нь Өмнөд Монголд амьдарч байна. Тэд л монгол бичгийг өдий зэрэгтээ хэрэглэж, авч яваа улс шүү дээ. Хэрэв үүнийг хорьчихвол монгол бичгийг өргөн дэлгэр хэрэглэж чадахгүй, улмаар үндэсний бичиг соёл, хэл мөхөх аюултай.

-Өмнөд Монголд бурхан шашин төдийгүй манай төрийн албан бичгүүд монгол бичгээр хадгалагдан үлдсэн гэсэн үү?

-Манайх анхнаасаа 1990 онд л уйгаржин монгол бичгээр төрийн албан бичгээ тэмдэглэсэн бол өдийд монгол бичгээр торохгүй унших байлаа. Яг үнэндээ уйгаржин монгол үсгээр уншдаг хүн Ар Монголд 10 хувь ч хүрэх үү, үгүй юү эргэлзээтэй. Тиймээс ийм жишээ Өмнөд Монголд дахин давтагдвал монгол бичиг маань устаж үгүй болно. Энэ том гүрний хэл соёлд уусаад орчихно шүү дээ. Улмаар Монголын хэл соёл, бурхны шашины холбогдолтой судар номыг тайлж чадахаа байна. Бид кирилл үсгээр заримыг нь буулгаж байгаа ч утга нь бүрэн төгс гардаггүй. Ийм учраас л тэмцээд байгаа юм. Эзэн богд Чингис хаан төр улсаа байгуулаад Уйгарчуудаас монгол бичгийг авч, төрийн их бичиг болгон хэрэглэсэн байдаг. Монгол үсгээр бурхан шашины сургаал болон “Ганжуур”, “Данжуур” зохиогдсон. Тиймээс ч босоо бичиг маань Монголын бурхны шашинтай салшгүй холбоотой. Энэ лам нар яагаад уйгаржин монгол бичигт хайртай болчихоод гүйгээд байна гэж бодож магад.

-Бурхан шашины ном судрын эх хувилбар нь монгол бичгээр тэмдэглэгдэн үлдсэн учраас соёл, сэтгэлгээтэй шууд холбогдох нь ээ?

-Монголын их хаадын үед уйгаржин монгол үсгээр бурхны шашины үндсэн хууль болох “Ганжуур”-ын 108 ботийг буулгах ажил эхэлж, Тогоонтөмөр хааны үед бүрэн дууссан юм. Ийнхүү Монголын их хаадын үеийн төрийн гурван эрдэнийн нэг болж тэмдэглэгдсэн байдаг. Хожим бага хаадын үед “Данжуур”-ыг босоо монгол хэлнээ орчуулж, өнөөдрийг хүртэл бидний баримтлах үндсэн судар болсон агуу үсэг юм.

-Хятадын гадаад хэргийн сайд Ван И-д хандан илгээсэн хүсэлтээ танилцуулбал?

-Уйгаржин монгол үсэг маань монгол туургатан бидний өв соёл юм шүү дээ. Өмнөд монголчуудын маань гол хэрэглэгдэхүүн, шашин соёлын тулгуур болсон хэл соёлыг Хятадын ард түмэн хүндэтгэн үзэж, хуучин заншлаар нь цаашид үргэлжлүүлж яваач гэсэн хүсэлт байгаа. Ерөөс уйгаржин монгол үсгээс өөр босоо бичиг хаана ч үгүй, онцлогтой. Бурхны шашины тогтсон хэллэгийг уйгаржин монгол бичгээр л томьёолж бичдэг. Энэ тогтсон үгийн томьёоллыг кирилл үсгээр буулгахад утга нь дүйцдэггүй. Зөвхөн монгол бичгээр агуулга нь бүрэн цогцолж гарч ирдэг. Бурхны шашиныхаа сургаал номлолыг судалъя гэвэл яах аргагүй монгол бичиг л хэрэгтэй. Тиймээс ч нэн түрүүнд дээдэлж, сурах учиртай хэл соёл юм аа.

Үржиншаддүвлин хийдийн сургалтын албаны дарга М.Дарханмандал

-Өмнөд Монголын сургуулиудад хятад хэлээр хичээл заах болсон энэ явдал нь Хятад улсын үндсэн хуулийн дөрөвдүгээр зүйлд “Үндэстэн бүр өөрийн хэл, бичгээ ашиглаж хөгжүүлэх, ёс суртахуун, зан заншлаа хадгалж өөрчлөх эрх чөлөөтэй” гэж заасныг зөрчиж байна. Хятад улс өөрөө Олон улсын гэрээ конвенц бусад зүйл заалтыг зөрчсөн шийдвэр болсон юм. Ингээд Монголын бурхны шашины сүм хийдүүд болон лам хуврагууд, сүсэгтний холбооныхон нэгдээд энэ шийдвэрээ эргэж хараач гэсэн хүсэлт гаргасан. Энэ бол зөвхөн Өмнөд Монголын асуудал биш, нийт монгол үндэстний хэмжээнд яригдах сэдэв юм. Бичиг гэдэг бол тухайн улс үндэстний соёлын тулгуур багана. Өв соёлын маань суурь болсон монгол бичгийг хорино гэдэг өөрөө тэр үндэстэн устан үгүй болох нөхцөлийг бүрдүүлж байгаа хэрэг. Мөн 2013 онд ЮНЕСКО-гоос монгол бичгийг биет бус соёлын өвд бүртгэн авсан юм. Тэгэхээр БНХАУ маань өөрөө энэ соёлын биет бус өвийг хамгаалах үүрэгтэй. Соёлын биет бус өвийг авч яваа үндэстний бичгийг хорино гэдэг бол олон улсад хүлээсэн үүрэг хариуцлагаа биелүүлэхгүй байгаагийн илрэл. Иймээс тухайн шийдвэрээ эргэж үзээч гэсэн байр сууринаас хандаж, Монгол Улсынхаа Гадаад хэргийн яамаар дамжуулж Хятад улсын Гадаад хэргийн яаманд хандаж байгаа юм.

Үржиншадивлан хийдийн хурлын лам Д.Батдорж

-Аливаа улс үндэстний оршин тогтнох таван гол тулгуурын нэг нь хэл юм. Өөрөөр хэлбэл, тухайн үндэстний сэтгэлгээний онцлог хэл соёлоор илэрдэг. Ерөөс Буриад, Өмнөд Монгол, Тува ч ялгаагүй ямар ч хүн аялгаараа ойлголцож чаддаг онцлогтой. Тэгэхээр нэг үгийг олон янзаар бичих биш, тухайн аялгад нь таарсан бичлэгтэй гэсэн үг. Үүнийг л авч үлдэхгүй бол тухайн үндэстний сэтгэлгээний дархлаа алдагдах уршигтай. Шашин гэдэг өөрөө тухайн үндэстний зан заншлыг хүссэн хүсээгүй уламжлуулдаг.

П.САЙНЖАРГАЛ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *