Categories
мэдээ цаг-үе

Дэлхийд борлуулалтаараа газрын тосны дараа ордог кофе

Кофе нь борлуулалтаараа газрын тосны дараа ордог дэлхийд хамгийн их борлуулалттай, эрэлттэй бүтээгдэхүүн. Дэлхийн зах зээлд кофены үйлдвэрлэл сүүлийн жилүүдэд тасралтгүй өсөж байгаагийн дотор Ази тивд кофены хэрэглээ хүрээгээ тэлсээр байна. Кофены зах зээл сүүлийн 10-н жилд 10 дахин нэмэгджээ. Бразил дэлхийн хамгийн том кофе тариалагч, үйлдвэрлэгч, экспортлогч улс юм. Тус улс дэлхийн кофены 40 орчим хувь буюу жилд гурван сая тонн кофе үйлдвэрлэж байна. Харин манай улсын хувьд 15-60 насны хүн амын 53 хувь нь кофе хэрэглэдэг гэдэг нь судалгаагаар тогтоогдсон бөгөөд тэдний 73 хувь нь задлаад шууд хэрэглэдэг сүүтэй, чихэртэй кофег, 20 гаруй хувь нь дунд зэргийн амттай кофе хэрэглэдэг бол үлдсэн нь чанга буюу хар кофе уудаг гэжээ. Эдгээр хүмүүс жилд гурван тэрбум орчим төгрөгийг кофенд зарцуулдаг аж.

КОФЕ ГЭЖ ЮУ ВЭ?

Боргол буюу кофе нь кофены буурцгийг (кофены модны үр) хуурч, нүдсэн нунтгийг буцалсан усанд хийж найруулсан хар хүрэн өнгийн ундыг хэлнэ. Кофе гэдэг үг нь араб хэлний qahwah буюу дарс гэсэн үгнээс үүсэлтэй бөгөөд энэ үг нь Османы эзэнт гүрний үед турк хэлэнд kahve болон нэвтэрч герман хэлэнд koffie болж, 1582 онд англи хэлэнд coffee буюу кофе хэмээх дуудлагатай болж дэлхий нийтээр тархжээ. Кофены ургамал нь бутлаг мод байх бөгөөд Этиопоос гаралтай. Голдуу Африкт, мөн Өмнөд Америк, Төв Америк болон Өмнөд Азид ургадаг. Хүн төрөлхтний түүхэнд кофе гарч ирсэн нь архи, цайтай харьцуулахад сүүлд боловч дэлхий даяар хамгийн олон оронд хүмүүсийн амтархан уудаг ундаа юм. Ихэвчлэн халуунаар нь уудаг. Кофенд кофейн хэмээх зөөлөн сэргээгч бодис агуулагддаг.

КОФЕНЫ ГАРАЛ

IX зууны үед Этиопийн нэгэн ямаачин нэг бутлаг ургамлын жимс идсэн ямаанууд нь сэргэг, сэргэлэн болж байхыг анзаарснаар анх кофе хэмээх ургамалтай хүн төрөлхтөн танилцах боломж нээгдсэн гэж үздэг. Ямаачин залуу өөрөө тэр ургамлын жимсийг идэж үзэхэд мөн хамаг биеийг нь сэргээж байсан учир нутгийнхаа сүмийн ламд жимснээс өгчээ. Лам жимсийг тоолгүй шатаахаар гал руу хийж орхитол бусад лам нарын анхаарлыг татахуйц сайхан үнэр сэнгэнэсэн байна. Тиймээс хуурсан шош шиг болсон уг жимсийг үнснээс нь гаргаад аягатай халуун усанд хийснээр кофе хэмээх ундаа үүссэн гэдэг дам яриа байдаг.

Харин хамгийн анхны инстант буюу найруулж уудаг кофе 1771 онд Англид үүссэн байна.

КОФЕ БА ЭРҮҮЛ МЭНД

Кофег тааруулж хэрэглэх нь эрүүл мэндэд тустай.

Кофе хэрэглэгчид кофе уудаггүй хүмүүстэй харьцуулахад паркинсоны өвчнөөр өвчлөх магадлал нь 80 хувиар бага байдаг юм байна. Мөн тамхины хор нөлөөг саармагжуулдаг. Архаг тамхичдыг зүрх болон элгээ хордуулах нөлөөллийг нь багасгана. Багтраа болон толгойны өвчнийг намдаана. Элэгний төрөл бүрийн өвчин тусах магадлалыг багасгадаг. Өдөр бүр хоёр аяга кофе уудаг хүмүүс элэгний циррозоор өвчлөх эрсдэл 80 хувь бага байдаг.

Мөн магнигаар баялаг. Магни нь хүний бие дэх олон ферментийн урвалыг түргэсгэхэд шаардлагатай элемент юм. Нянгийн болон наалдамтгай чанарын эсрэг үйлчилгээтэй. Италийн судлаачид кофе шүдний цоорлоос сэргийлдгийг туршилтаар баталж харуулсан байна. Гэвч энэ зөвхөн ямар нэг суурь өвчингүй хүмүүст л хамаатай бөгөөд сүү, чихэртэй кофе нь маш их холестрин агуулдаг. Түүнчлэн хэрэглэж буй кофены чанар маш чухал юм. Гэвч кофе уумагц гар нь салганаж, зүрх нь дэлсдэг хүмүүс бий. Мэдээж хэрэг ийм шинж тэмдэг илэрдэг хүмүүс кофе уухгүй байх нь дээр юм. Мөн бамбай булчирхайн өөрчлөлттэй, хэт их ядаргаанд орсон, зүрх судасны системийн өөрчлөлттэй хүмүүст кофе сөрөг нөлөөтэй.

КОФЕНЫ ТҮГЭЭМЭЛ ТӨРЛҮҮД

Espresso-Эспрессо бол бараан хүрэн болтол нь шарсан анхилуун үнэртэй үрийг тусгай эспрессо машинд өндөр даралтаар найруулж гаргасан хүчтэй хар кофе юм. Сайн болсон эспрессо кофе нь гадарга дээрээ алтлаг хүрэн өнгийн хөөслөг нимгэн өрөмтэй болсон байдаг. Хэрвээ энэ өрөм нь сайн бүрэлдсэн бол элсэн чихэр нэмэхэд хэдэн секунд хөвж байгаад алгуур доошилж уусдаг.

Cappuccino-Хамгийн түгээмэл кофены төрөл. Жинхэнэ каппучино бол тэнцүү хэмжээний эспрессо, хөөрүүлсэн сүү, сүүний хөөснөөс бүрддэг.

Americano-Энэ нь нэг аяга халуун усанд нэг татах (single shot) хэмжээний эспрессо нэмснийг хэлдэг.

Caffe Latte-Энэ бол нэг татах (single shot) хэмжээний эспрессо дээр гурав дахин их хэмжээтэй хөөрүүлсэн сүү нэмсэн хувилбар.

Caf au Lait-Франц уламжлалаар хийсэн кофе. Каффе Латтетэй (Caffe Latte) ижил гэхдээ эспрессоны оронд чанасан кофе хэрэглэж сүүний харьцаа нь 1:1 байдаг.

Ерөнхийдөө каффе латтены сулруулсан хувилбар гэж үзэж болно.

Caf Mocha (Mochachino)-Энэ бол каппучино, эсвэл каффе латте дээр шоколадны сироп, нунтаг зэргийг нэмж гаргасан хувилбар.

Caramel Macchiato-Кофе шоп болгон өөр өөрийн аргаар бэлтгэдэг олон хувилбартай ундаа. Хамгийн түгээмэл жор нь эспрессо, карамел, хөөрүүлсэн сүү холих. Амт оруулахын тулд ванилла нэмэх нь бас бий.

Ice coffee-Жирийн мөстэй кофе. Зарим кофе шопд сүү, элсэн чихэр нэмж хийдэг.

Instant coffee-Найруулдаг нунтаг кофег хэлнэ. Ийм кофе нь хэрэглэхэд амар, өдөр тутмын хэрэглээнд нэвтэрсэн авч жинхэнэ кофены хорхойтнууд үүнийг нэг их таашаадаггүй. Чанар болон амтын хувьд бусдаасаа мууд тооцогддог.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *