Categories
мэдээ цаг-үе

Р.Жавхлантөгс: Дэлхийн хэмжээний шагналыг авахад “Монголын соёл” хамгийн их нөлөөлсөн

“Дэлхий ба сүнс” киноны хамтрагч продюсер, найруулагч Р.Жавхлантөгстэй ярилцлаа.


Саяхан “Дэлхий ба сүнс” кино бүтээлээр олон улсын наадамд амжилттай оролцон, алтан цомын эзэд боллоо. Энэхүү баримтат киноны зураг авалтыг хаана, хэзээ хийсэн бэ?

-Америкийн нэгдсэн улсын Хойд Техасын урлагийн их сургуулийн кино групп бидэнтэй хамтарч 2014 онд киноны зураг авалтаа эхэлсэн. Тэдний зүгээс монгол хүмүүс байгальтайгаа хэрхэн уялдаж амьдардаг тухай сурвалжлах санал тавьсан юм. Гэхдээ монгол хүний онцлогийг түлхүү гаргахын тулд гол баатрыг онцолж, түүний амьдралын сонирхолтой түүхээр аялахыг хичээсэн. Өөрөөр хэлбэл, Монголд дэлгэрсэн буддын шашины хөгжлийг гол сэдэв болгосон гэсэн үг. Ингээд Дархан, Сэлэнгэ аймгуудад зураг авалт хийж, гол дүрийн баатар Дэлгэр ламын амьдралыг хэдэн жил ажиглахад тодорхой хугацаа зарцуулсан. “Дэлхий ба сүнс” киноны зураг авалтыг дөрвөн жилийн хугацаанд хийж, 2018 онд дуусгасан.

-Баримтат кино бусад уран бүтээлээс юугаараа ялгагддаг вэ?

-Зарим киног урьдаас уран сайхны тавилттай бэлтгэдэг. Харин баримтат киноны хувилбарууд тухайн бодит байдлыг шууд харуулдгаар онцлогтой.

-Киноны гол баатар лам хүн гэсэн үү?

-Бурхан номын мөр хөөсөн, ямар нэгэн сүм хийдэд хамаардаггүй, хувиараа ажилладаг лам хүнийг оролцуулсан. Буддын ухаанд боловсорсон энэ лам уламжлалт ахуйгаа барьж уул ус, ургамал моддыг арчилж тордох, гол горхины эхийг хамгаалах үйлс хийдэг. Өөрөөр хэлбэл, байгаль дэлхийгээ хайрлаж хамгаалах үзлийг эрхэмлэдэг нэгэн юм. Нүүдэлчин ардын уламжлалт ахуй ч эх дэлхийтэйгээ сүлэлдэн оршдог шүү дээ.

-Тэгвэл та бүхний дөрвөн жил хүч хөдөлмөрөө зориулж бүтээсэн энэхүү кино хэдэн минут үргэлжилдэг вэ?

-“Дэлхий ба сүнс” кино 25-30 минут үргэлжилдэг. Ерөөс нүүдэлчдийн байгаль дэлхийтэйгээ уялдан холбогдож амьдарч буй өнөөдрийн ахуйг илтгэсэн.

-Баримтат киноны төрлөөр хэдэн улс оронтой өрсөлдөв. “Telly awards” кино наадмыг товч танилцуулбал?

-The Telly Awards нь Америк даяар 50 мужаас дэлхийн таван тивээс нийт 12000 гаруй уран бүтээлийг хүлээн авч өрсөлдүүлдэг томоохон наадам юм. Олон улсын энэхүү наадам АНУ-ын Нью-Йоркт анх 1979 онд үүсэн байгуулагдсан, баримтат болон телевизийн контентууд зэрэг өргөн хүрээтэй явагддаг. Ингээд бид кино төрлөөр алтан цом, баримтат киноны зураг авалтаар хүрэл цом авсан. “Telly awards” дотроо маш олон төрөл категориор өрсөлддөг. Жишээлбэл, бүрэн хэмжээний кино, зохиолтой болон зохиолгүй, чөлөөт уран бүтээлчдийн гэх мэт төрөлтэй.


-Бусад улс орны хувьд ямар өнцгийг сонгон авсан байв?

-Байгаль орчны өөрчлөлтийг , нийгмийн асуудал, хувь хүний түүх, орчин үеийн залуусын амьдралын хэв маяг гэх мэт өргөн сэдвийг хамруулсан юм билээ. Бүтээлүүдийг ажиглахад улс орон болгоны онцлог гэхээс илүү тухайн уран бүтээлчийн сонгон авсан сэдэв гол нь байсан.

-Баримтат кинонд өвөрмөц нэр өгчээ. Энэхүү киноны зураг авалтын явцад Монголд дэлгэрсэн буддын шашинтай холбоотой чухам юу ажиглагдав?

-Монголчуудын амьдралын философи, буддын шашинтай хэрхэн зохицож шүтэлцэж байгаа нь шинэ нээлт шиг байсан. Дэлгэр ламын хувьд аж амьдрал, зан үйлээрээ дамжуулан байгалиа хэрхэн хамгаалж буйг харуулж байлаа. Өөрөөр хэлбэл, байгальтайгаа зохицож амьдрах нүүдэлчдийн үзэл санаатай буддын шашины гүн философи утга нэгэн байдаг гэсэн санаа юм.

-Тэгвэл хамтарч ажилласан Америкийн багийнхны хувьд бүр ч илүү нээлт байжээ?

-Бидний амьдрал тэдний хувьд тэс өөр ертөнц шүү дээ. Бидний гаргасан амжилтын хамгийн чухал нөлөө нь “монголын соёл” байсан. Монголын ахуй уламжлал, ард түмний аж амьдрал яг бодитоороо л гайхамшиг юм байна. Хамгийн гол үндэс суурь нь бидний зан заншил, уламжлалт соёлтой салшгүй холбоотой.

-Буддын ухаантан байгальтайгаа хэрхэн зохицон амьдарч буй арга ухааныг яривал сонирхолтой болов уу?

-Буддын шашин Монголд хөгжихдөө бидний гүн ухаан, зан үйл, уламжлал соёлтой нэвт сүлэлдэж илүү өвөрмөц төрхийг бүрдүүлсэн болов уу. Бид уулыг хөндөхгүйн тулд орой дээр нь овоо босгодог уламжлалтай. Хүний амьдралын их ундарга усны эхийг хайрлан хамгаалдаг байсан. Энэ бүхэн байгаль өөрөө эзэнтэй гэдэг үзэл санаа юм. Уламжлалт ухаан маань буддын шашинтай уусан уялдаж, магадгүй төгс төгөлдөр болох зам руугаа яваа байх.

-Буддын шашин монгол уламжлалтай нэгдэж улам төгөлдөржсөн гэсэн үг үү?

-Байгалийн эд эс болгон амьтай юм шүү дээ. Уул ус, ургамал мод, амьд бүхнийг хайрлан хамгаалах ажлыг Дэлгэр лам байнга хийдэг. Тэрбээр хадаг уяж багласан моддыг хайж очоод цэвэрлэхийг нь харахад үнэхээр сонирхолтой санагдсан.

-Мод ургамалдаа хадаг уяж сүсэглэдэг бус, харин авч цэвэрлэдэг байвал илүү нигүүлсэнгүй байх?

-Шашины янз бүрийн зан үйл байдаг. Гэвч эцсийн зорилго нь хүн байх явдал гэдгийг харуулсан. Модыг зузаан хадгаар уяж баглахаар амь нь голоороо тасарч байдаг. Тиймээс байгаль дэлхий бурхны бүтээл гэдэг талаас нь илүү тусгасан гэсэн үг.

-Тэгэхээр Монголд дэлгэрээд буй буддын шашиныг зөв өнцгөөс нь гаргахыг зорьжээ?

-Яг үнэн. Буддын шашины эцсийн зорилго бол байгаль дэлхийгээ хайрлах юм шүү дээ. Бурхан бол таны дотор байгаа, түүнээс хэн нэгэн лам, эсвэл сургаал айлдаад суудаг мундаг эрхэмдээ гол биш. Баримтат кино угаас бодит байдал ямар байгаа яг түүнийг хүүрнэдэг. Одоо ямар сувгаар яаж хүргэх вэ гэдэг ажилдаа орсон байна.

П. САЙНЖАРГАЛ

С.УЯНГА

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *