Кембрижийн хөтөлбөрөөр хичээллэх сургуулиудын тоог өсгөх УИХ-ын гишүүдийн санаа олны анхааралд байна. Сүүлдээ бүр боловсролын салбар тойрсон том маргаан болоод хувирчихлаа. Кембрижийг эсэргүүцсэн хүмүүсийн ихэнх нь “Боловсролын ялгаа гаргах нь” гэж шүүмжилж суух шиг байна. Орчин үед хүмүүс хөрөнгө чинээгээрээ ялгарахаа больсон. Бүгд машинтай, бултаараа байшинтай, ер ямар ч хэрэглээгээрээ ялгараад байх юмгүй болчихсон. Нийгэмдээ тодорч, гялалзах ганцхан том ялгаа бий. Тэр нь боловсрол. Өөрийгөө хөгжүүлж, өөртөө хөрөнгө оруулалт хийж, дэлхийн хэмжээнд, хаана ч гологдохооргүй чадвар мэдлэгтэй хүн л нийгэмд тов тод ялгарч, амжилтаараа түүчээлж байгаа.
Ингээд харахаар боловсролын ялгаа гарна гэж ярьж суугаа нь хэтэрхий мугуйд тайлбар. Боловсролын ялгаа байх ёстой. Дахиад хэлэхэд, бид боловсролоороо ялгарч гялалзах бичигдээгүй хуультай нийгэмд бултаараа амьдарч яваа улс. Ийм нийгэмд амьдарч байгаа учраас жирийн иргэд хүүхдээ сайн сургуульд оруулах ёстой. Дэлхийн боловсролтой хөл нийлүүлэх боломжийг нь төр засгаас ирээдүй болсон хүүхдүүддээ олгох учиртай. Хуучин цагт, бүр түрүү үеийн нийгмүүдэд бяр чадалтай эрүүл саруул нь ялгарч үлддэг байсан бол орчин цагийн соёлт хүн төрөлхтний амьдрахын төлөөх тэмцэлд боловсролтой хүн л ялж, шалгарч, шигшигдэж үлдэж байна. Боловсролтой хүн л аятай тухтай сайхан амьдардаг нийгэмд амьдарч яваа учраас манай сонин Кембрижийн хөтөлбөрөөр хичээллэх сургуулийн тоог өсгөх талд толгой дохиж, нийтлэлийн бодлогоороо дэмжиж байгаа юм.
Кембрижийг эсэргүүцээд байгаа хэсгийг ажиглахаар Кембрижийн хөтөлбөртэй сургуульд багшилж байсан, эсвэл хүүхэд нь тийм сургуульд сурч явсан хүмүүс цөөнгүй харагдана лээ. Өөрсдийнх нь хүүхэд олон улсын хөтөлбөртэй сургуульд сурч, дэлхийн топ их сургуулиудад тэтгэлгээр суралцаж, сайхан амьдраад байхад яагаад бусдын хүүхэд, эгэл жирийн иргэн Батын охин тийм боломжийн үзүүрээс атгаж болохгүй гэж. Бас боловсролын салбарт бизнес хийж яваа хүмүүс эсэргүүцэгчдийн нэг том бүлэг болчихсон явааг ажигч нэгэн бол анзаарчихсан суугаа байх. Хатуухан хэлэхэд, боловсролын тэгш бус байдал дээр дөрөөлж боловсролын салбарт бизнес хийж яваа хүмүүс Кембрижийг эсэргүүцэгчид дунд цөөнгүй бий.
Манай улсад Кембрижийн хөтөлбөрөөр хичээллэдэг гурван сургууль бий. Энэ сургуулиудад суралцагчдын 85 хувь нь дунд болон дундаас доогуур орлоготой айлын хүүхдүүд юм билээ. Тэднээс нэлээд нь дэлхийн топ сургуулиудын тэтгэлгийг авчихаад явж байна. Ардын хүүхдэд боломж олдвол эгэл борог орчноос дэлхийд гарах боломж бийг энэ жишээнээс харчихаж болно. Энгийн бор амьдралаас олимп, тив дэлхийн дэвжээнд алдраа дуурсгасан тамирчид төрж гарсан жишээ өчнөөнөөрөө дуулддаг. Ардын хүүхдүүдэд их спортоос гадна инженер, мэдээлэл технологи гээд бүх л салбарт цэнхэр гаригт тодроод гараад ирэх боломж бий. Кембрижийн хөтөлбөрөөр хичээллэдэг сургуулиудын тоог өсгөчихвөл дэлхийн шилдэг их сургуулийн тэтгэлэг авч, дэлхийн боловсрол эзэмших сурагчдын тоо огцом өснө гэдэгт эргэлзэх зүйл алга.
Жирийн иргэдийн хүүхдүүд олноороо ийм боломжийг атгаж, дэлхийд гайхагдсан инженер, эрдэмдэн судлаач болбол улсаараа хөгжих асуудал биш. Улсын хөгжлийн суурь нь боловсрол гэдгийг дэлхий хүлээн зөвшөөрчихсөн. Дэлхийн улс орнууд ийм дүрмээр л хөгжиж яваа. Наад захын жишээ гэхэд Сингапур байна. Загасчны тосгон гэж дэлхийд шоглуулж байсан Сингапурын дэлхийд тодорч хөгжсөн түүх ерөөсөө л боловсрол. Олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн суурийг боловсролдоо шигтгээд өгчихсөн учраас Сингапурыг дэлхий мэддэг болсон юм.