Categories
мэдээ цаг-үе

Г.Мөнхцэцэг: Аймаг бүрийн онцлог, нөөц боломж, хөгжлийн харааг харгалзах, харилцан дэмжсэн үр ашигтай бүтцийг бүрдүүлэхэд анхаарна

УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэгтэй ярилцлаа.


-Та хоёр дахь удаагаа УИХ-д сонгогдлоо. Өнгөрсөн сонгуулиар МАН үнэмлэхүй ялалт байгуулсан. Сонгуулийг хэрхэн дүгнэж байна вэ?

-МАН улс төрийн ууган хүчний хувьд сонгуулийн амжилтаа улс орны өмнө хүлээсэн үүрэг хариуцлага, хүнд цаг үеийг дааж гарах хувь заяаны тохиол, цаг үеийн захиалга талаас илүү харж, тал талдаа хичээж байна. УИХ ч тэр Ерөнхий сайд, Засгийн газрынхаа бодлого, ажлын арга барил, хийж хэрэгжүүлэхээр зорьж буй ажлыг ойлгон дэмжих, Засаг маань ч ард түмний төлөөлөл болж сонгогдсон төрийн эрх барих дээд байгууллагынхаа баталсан хууль тогтоомж, шийдвэрүүдийг хэрэгжүүлэхийн төлөө хамтран ажиллаж, бүхий л түвшинд хүчээ нэгтгэж, улс орныхоо төлөө зүтгэх боломж бүрдсэн. Энэ удаагийн сонгуульд Ерөнхий сайд багаа удирдаж орсон, удирдагчийн болон намын нэр хүнд, төлөвшил, мөрийн хөтөлбөр, шударга ёс, сахилга хариуцлага, эх оронч шийдвэрүүдийг илүүтэй хүсэн хүлээсэн ард түмний хүлээлт, нэр дэвшигчдийн хичээл зүтгэл гээд олон хүчин зүйл мэдээж нөлөөлсөн. Боловсон хүчний залгамж халаагаа ч бэлтгэж, цус сэлбэсэн, эмэгтэйчүүдийн манлайлал, жендерийн бодлогоо ч сайн авч явсных гэж боддог. Хүчээ нэгтгэвэл ямар ч далайцтай том асуудлыг шийдвэрлэх боломжтой, харин эв цуцвал улс төрийн ямар тогтворгүй байдал үүсч,эцэст нь улс орны эрх ашиг хохирдгийг харуулсан өмнөх цаг үеийн, зөвхөн манай намын гэлтгүй туршлага, сургамжууд бий. Бид ард түмний энэ их итгэлийг зүтгэлээр л хариулах ёстой.

-Та орон нутгаас сонгогдсон гишүүн. Говийн бүсчилсэн хөгжлийн талаар ямар байр суурьтай байдаг вэ?

-Энэ удаагийн УИХ-ын сонгуульд говийн дөрвөн аймгаас нэр дэвшсэн ганц эмэгтэй байсан. Говийн хүн голдоо нартай гэдэг. Говьд төрж өссөн хүний хувьд, мөн өмнө нь говиосоо сонгогдсон төрийн түшээ байхын хувьд, нутаг усаа илүүтэй мэдэж говьчуудын ажил амьдралыг ойлгодог болохоор тэр энэ говь гэх ялгамжаа байгаагүй. Би Дорноговьд төрсөн. 2016 оны УИХ-ын сонгуулиар Говьсүмбэр аймаг дээрээ нэмээд Дорноговийн найман сумыг хамарсан тойргоос нэр дэвшиж, анх сонгогдон дөрвөн жил ажилласан. 2020 оны сонгуулиар Говьсүмбэр, Дундговь мөн л хоёр аймгийг хамарсан тойргоос сонгогдлоо. Нэг бүс нутаг ч хоёр тусдаа аймгийн асуудлыг авч явна гэдэг өөрөө их ажилтай, онцлогтой байдаг л даа. Энэ утгаар говио би бүхэлд нь сэтгэлдээ багтааж, хөгжлийг нь цогцоор харах юмсан гэж боддог болжээ. Говийнхон маань, бүсгүйчүүд маань ч дэмжиж, санал сэтгэгдлээ харамгүй хэлж ярьдаг. Говийн бүсчилсэн хөгжлийн бодлого амин чухал байна. Монголын говь эх орноо авч явна гэхэд хилсдэхгүй. Бүх л том уул уурхай говьд байна. Гэтэл ард түмний маань амьдрал ахуй орхигдож, бэлчээр ус, байгаль экологи доройтож, аюулгүй байдал алдагдаж эхэллээ. Монголын их амар амгалан говьд маань л байлаа шүү дээ. Өнөөдөр ажилгүй, өвчтэй зовлонтой, хүнд үйлдвэрүүд, том машин техник, тоос шороонд дарагдсан ган гачиг отор нүүдэлд зутарсан дүр зураг Монголын говиор нийтлэг байгаа нь үнэхээр сэтгэл эмзэглүүлж байна. Нэн тэргүүнд бид Говьсүмбэрээс, Дундговь, Арвайхээр чиглэлийн хэвтээ тэнхлэгийн зам тавих асуудлыг тусгасан. Энэ зам Замын-Үүд чиглэлийн олон улсын авто замын сүлжээтэй холбогдсоноор баруун таван аймаг руу ачаа тээвэр, логистикийн шинэ гарц нээх юм. Дагаад аялал жуулчлал, үйлдвэрлэл, үйлчилгээ хөгжүүлнэ. Тухайлбал, Говьсүмбэрт сүмбэр кракул хонины аж ахуй, брэнд бүтээгдэхүүн хөгжүүлэх боломжтой, Дундговьд мах сүү, бусад түүхий эд бүтээгдэхүүн боловсруулах экспортын чиг баримжаатай үйлдвэрүүд байгуулбал Дорноговь, Өмнөговь аймгууд дахь үйлдвэр уурхайнуудын хэрэгцээг хангаад, улмаар гадагш гаргах ч бололцоотой. Их, дээд сургуулиудын салбар, МСҮТ, урлаг соёлын байгууллагуудыг шилжүүлэх, орон нутагт байгуулах замаар хөгжлийг ойртуулах хэрэгцээ байна. Тухайлбал, Говьсүмбэр Боржигин соёлын голомт, Дундговь дуу хуурын өлгий гэдэг утгаар Төв Халхын дуулалт жүжгийн театр байх жишээтэй. Мөн сумдынхаа хөгжлийг дэмжиж, нутагтаа сайхан амьдрах нөхцөлийг бүрдүүлэх зорилтууд дэвшүүлсэн. Аймгийн төвүүдээ дулааны цахилгаан станц, цэвэрлэх байгууламж, цэвэр усны баталгаатай эх үүсвэртэй болгох, орон сууцжуулах шаардлагатай байна. Цөлжилтийг бууруулах далайцтай ажил эхлүүлмээр байна. Мод тарих ажлыг яаж төрийн бодлогод оруулж, бүх нийтийн үйлс болгох, усаа хамгаалах, бэлчээрээ зохистой ашиглахаас эхлээд олон ажлууд байна. Дундговь аймгийг онцлоод буйн учир нь говийн төдийгүй улсынхаа зүрхэн төвд оршдог, бүс нутгаа бүхэлд нь дэмжсэн бүтцийг бий болгох боломжтой газар. Аймаг бүрийн онцлог, нөөц боломж, хөгжлийн харааг харгалзах, нөгөө талаас бие биенээ харилцан дэмжсэн үр ашигтай бүтцийг бүрдүүлэхэд анхаарна гэсэн үг.

-УИХ-ын 2020-2024 оны парламентад сонгогдсон 13 эмэгтэй гишүүн нам харгалзахгүй хамтран ажиллахаар бүлэг байгуулсан. Таны хувьд соёлын чиглэлд, ялангуяа хөдөөгийн эмэгтэйчүүдийн ажлын байр, нийгмийн асуудлыг анхааран ажиллах болсон байна лээ. Хөдөө орон нутагт ажлын байр тулгамдсаар ирсэн шүү дээ. Ямар арга хэмжээ авахаар төлөвлөж байна?

-Эмэгтэй гишүүд бүлгээ байгуулж, нийгмийн тулгамдсан асуудлуудыг хариуцан авч, дэмжиж хамтран ажиллах зохион байгуулалтад орлоо. Миний хувьд соёл, эмэгтэйчүүд, говийн бүсийнхээ асуудлыг илүүтэй анхаарч ажиллая гэж байгаа. Дөрвөн жил ажил хийхэд дороо л өнгөрдөг. Иймд бүх асуудал руу тэр бүр орох боломжгүй. Хариуцсан чиглэлээ сайн аваад явъя, бусад эмэгтэй гишүүдийнхээ хариуцсан ажлыг дэмжээд өгье, тэгснээр илүү үр бүтээл гарна л гэсэн үг юм. Мал аж ахуй бол маш том ажлын байр. Олон хүний амьжиргааг залгуулдаг. Том утгаар нь авч үзвэл манай хөдөө нутаг, малчид, ялангуяа эмэгтэйчүүд маань нүүдлийн соёл, үндэстэн оршихуйн бүх дархлааг тээж авч яваа юм. Хөдөөгүй бол Монгол үгүй. Бас соёлоос ангид зүйл гэж байхгүй. Үнэтэй цэнэтэй бүхэн маань өв соёл шүү дээ. Өнгөрсөн парламентад ажиллахдаа Соёл урлагийн асуудлаарх Ажлын хэсгийг ахалж бүтэн жил ажиллаад, авч хэрэгжүүлэх бүхий л арга хэмжээ, асуудлыг багцалж, энийг л хийж хэрэгжүүлэх хэрэгтэй байна гэдэг чиглэлийг боловсруулж, Засгийн газарт тогтоол батлуулж хүргүүлсэн. Нэлээд нь хэрэгжээд явж байна. Соёлын яамтай ч боллоо. Хэрэгжилт, мөн цаашид хэрхэн сайжруулах асуудлыг ч эргэн авч үзэж, хамтарч ажиллана. Говь нутагт уурхай, хүнд үйлдэрлэл давамгайлж байна. Эрэгтэйчүүд голдуу ажилладаг. Гэрээс хол, эмэгтэйчүүд гэртээ голдуу. Дайны үе шиг, эр нөхрөө хүлээсэн, өрх гэрээ авч явах гэж зүтгэн гэрт эм, гадаа эр болсон эхнэрүүд, эцгээ харуулдсан, санасан хүүхдүүд хаа сайгүй. Дагаад нийгмийн маш их асуудлууд, гэр бүл салалт, өвчлөл, осол аваар, архидалт гээд өсч байна. Наад зах нь хүүхдийн дотуур байр ямар байна. Малчин хүн зургаан настай, тэр нялх хүүхдээ яаж сургаж байна,малаа дагаад хэн нь явах вэ, хүүхдүүдээ хараад сум, аймагт хэн нь суух вэ гээд хөдөөгийн хөндүүр асуудал олон шүү дээ. Иймд эмэгтэйчүүдийн нийгмийн асуудал гэдгийн ард энэ бүх асуудал бий. Яаж ажлын байртай болгох вэ, гэр бүл хамтдаа элэг бүтэн амьдарч, үр хүүхэд нь сургууль боловсролтой, зөв хүн болгож өсгөх гэдгийг сууриар нь бодох болсон байна. Эрэгтэйчүүд маань илүүтэй мөнгө санхүү, эдийн засаг ярьдаг. Цаана нь нарийн ширийн асуудлууд шийдэгдэхгүй болохоор үр дүнгүй болж байна. Айл гэр ч гэсэн ийм л байдаг. Энэ ч үүднээс эдгээр асуудлуудаас ажлаа эхэлье, хийснээ батжуулъя гэж бодож байна.

-Хөдөө орон нутагт ямар ажлын байруудын хэрэгцээ шаардлага их байгаа бол. Тухайлбал, танай тойрогт?

-Дундговь аймаг 47 мянган хүн амтай. Аймгийн хэмжээнд хөдөлмөрийн насны хүн ам 30836, хөдөлмөр эрхлэлтийн түвшин 75.6 хувьтай. Ажилгүйдлийн түвшин бага юм шиг харагддаг ч, ажлын байр хомсдолтой байна. Хүн амын 75 хувь нь хөдөөдөө байдаг. Харин Говьсүмбэрийн хувьд хөдөлмөрийн насны хүн ам 10277. Хүн амын 59 хувь нь хөдөлмөрийн чадвартай залуу, хөгжих ирээдүйтэй аймаг. Гэтэл хөдөлмөрийн насны хүмүүсийн 57 хувь нь л хөдөлмөр эрхэлж байна. Аймгийн хэмжээнд 17,4 мянган иргэний есөн мянга нь банкны зээлтэй буюу насанд хүрсэн дөрвөн хүн тутмын гурав нь зээлтэй байна. Энэ бол ажлын байр ямар их шаардлагатай байгааг харуулж буй үзүүлэлт. Малжуулах хөтөлбөр Дундговь аймагт үр дүнгээ өгч буй ч бэлчээрийн чанар хүндрэлтэй, отор нүүдэл ихтэй байдаг. Боловсруулах үйлдвэрлэл, аялал жуулчлал, тээвэр логистикийн үйл ажиллагаа хөгжөөд ирвэл хүний нөөцөө энэ чиглэлд мэргэшүүлэх, мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэх асуудлыг хамтад нь хэрэгжүүлэх шаардлагатай. Говьсүмбэр аймгийн Политехникийн коллеж мэргэжлийн боловсон хүчин бэлтгэхэд орон нутагтаа төдийгүй улсдаа чухал хувь нэмэр оруулж байна. Уул уурхайн болон машин мехнанизмын техникч, операторч, гагнуурчин, засал чимэглэлээс эхлээд 15 мэргэжлээр сургадаг. Улмаар эх орны бүтээн байгуулалтын төслүүд дээр ажиллах цэргийн албан хаагчдад мэргэжлийн боловсрол олгож байна. Энэчлэн орон нутагт шаардлагатай боловсон хүчнийг бэлтгэх боломжтой.

-Кэмбрежийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх нь зүйтэй гэж үзэж байгаа юу. Энэ тал дээр ямар байр суурьтай байна вэ?

-Даяарчлал, дэлхий нийтийн хөгжлийн хандлагыг харгалзах гэсэн залуусын хүсэл мөрөөдлийг ойлгож байгаа ч, миний хувьд үндэсний өв соёл, үнэт зүйлийг хадгалах, харин ч түүгээрээ дэлхийд өрсөлдөх чадвараа хөгжүүлж болно гэсэн итгэл үнэмшилтэй байдаг. Манайх үндэснийхээ боловсролын тогтолцоог сайжруулаад явах өргөн боломж бий. Кембрижийн олон улсын дунд боловсролын хөтөлбөрийн чанарыг олон улс орнууд хүлээн зөвшөөрч хэрэгжүүлдэг. Үүнийг гадаадын иргэд, олон улсын байгууллагын ажилчдын хүүхдүүд сурдаг сургуульд нь ашиглаад явах нь зүйтэй байх. Харин үндэсний хэмжээнд боловсролын тэгш хүртээмжтэй, чанартай, ялгаваргүй байх нөхцөлийг бүрдүүлэх, улмаар олон улсын жишигт нийцэх зорилтыг хангаж ажиллах шаардлагатай гэж үзэж байна. Хуучин тогтолцооны үеийн сургалт ч, цөм хөтөлбөр маань ч гэсэн олон давуу талуудтай. Магадгүй бид бүрэн ашиглаагүй, дутуу дулимаг хэрэгжүүлсэн, алдаж оносон зүйл их бий болов уу. Кембрижийн буюу хос хэл, давхар хөтөлбөртэй сургуулиуд энгийн сургуулиас дөрөв дахин их, зарим нэг сургуулийн хувьд бүр 18-25 дахин өндөр зардалтай гэсэн судалгаа байна. Улсын хэмжэээнд 800 гаруй ерөнхий боловсролын сургуульд, 640 мянган хүүхэд суралцаж байна. Гурван ээлжийг дөнгөж л халж эхэлж байна. Ойрын үед улсын хэмжээнд 200 гаруй шинэ сургууль, мөн 270 орчим цэцэрлэг шинээр барих шаардлагатай байгаа. Хуучин сургуулиудын засвар үйлчилгээ гээд боловсролын салбарт хөрөнгө мөнгө багагүй шаардагдаж байна. Сая бид таван жилийн үндсэн чиглэл, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт эдгээр асуудлыг тусган баталж өглөө. Үндэснийхээ хөтөлбөрийг маш сайн хэрэгжүүлээд төгсөгчид нь улсдаа тэргүүлээд, гадаадад ч амжилт гаргаад явж буй сургуулиуд олон бий шүү дээ. Дотоод нөөц боломжоо бид бүрэн дүүрэн үнэлж, ашиглаж чадаж байгаа бил үү. Харин бид багшлах боловсон хүчнээ онцгой анхаарах болсон. Багш бэлтгэхээс эхлээд, шилдэг нь багш болдог хөшүүргээ бий болгож байж, боловсролын чанар сайжирна. Ерөнхий боловсролын стандарт, үнэлгээний системээ ч шинэчлэх нь зөв. Гэхдээ олон дахин болчимгүй өөрчлөлт хийж, тогтворгүй болгож болохгүй. Дээд боловсрол илүү дэлхийн чиг баримжааг авч, ерөнхий боловсрол үндэснийхээ дархлааг илүүтэй бодсон хөтөлбөр стандарттай баймаар санагддаг. Ерөнхий боловсролын сургуульд хүүхдийн сэтгэхүй тогтдог. Хүмүүжил, төлөвшил, хандлага суудаг. Монголчууд бид оюун сэтгэлгээ, ёс зүй, хүмүүжлийн гайхамшигт өвтэй ард түмэн. Энэ их эрдэм ухааныг хүүхдүүддээ эзэмшүүлэх тал дээр анхаармаар байна. Тойрогтоо хэрэгжүүлж, энэ тал дээр үр дүнгээ өгсөн “Их соёл-Эх үндэс” хөтөлбөрөө үргэлжлүүлэх санаатай байна. Зөвхөн боловсрол гэлтгүй аль ч чиглэлээр төрийн бодлого тодорхойлоход бодох зүйл бол бид нэгдмэл үндэстний бүтэн Монгол гэдгээ тэргүүнд тавих ёстой санагддаг. Холбооны буюу олон үндэстний улсуудаас үнэт зүйл, оршин тогтнох дархлаа маань өөр. Хөгжлийн хараа, бодлого төлөвлөлт үүнийгээ дагаад онцлог байх ёстой. Хөгжихийн тулд эхлээд оршин тогтнох тухай бодох ёстой.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *