Categories
мэдээ цаг-үе

Ч.Мөнхбаяр: “ХКН Өмнөд Монголд соёлын геноцид үйлдэхээ зогсоо!” хөдөлгөөнд 100 мянган хүн санал өгвөл энэ асуудлыг Конгресс хэлэлцэх болно

-ҮР ХҮҮХДЭЭ ХЯТАД БОЛГОХГҮЙ ГЭСЭН 400 ОРЧИМ ЭЦЭГ ЭХИЙГ БАРИВЧИЛЖ, ХҮНД ЯЛ ТУЛГААД БАЙНА-

“Өмнөд Монголын соёлын холбоо” ТББ-ын тэргүүн Ч.Мөнхбаяртай ярилцлаа.


-Өмнөд Монголын ойрын өдрүүдийн нөхцөл байдлын талаар та мэдээлэл өгнө үү?

-Тэнд уугуул монголчууд бүх нийтийн эсэргүүцлийн хөдөлгөөнөө өрнүүлсээр байна. Хүүхдүүдээ сургуульд өгөхгүй байгаа.

Сүүлийн үед эцэг эхчүүд өргөдөл өгөх, хамтаараа хүүхдээ дотуур байрнаас гарган авч харих зэрэг тэмцэл өрнүүлсэн. Өмнөд Монголд монгол сургууль хөдөө орон нутагт их байдаг, хотод цөөн байсныг нь увуулж цувуулан хятад сургууль болгож өөрчилдөг, үүнтэй холбоотойгоор бага хэмжээний тэмцэл өрнөөд намждаг байсан. Тиймээс дотуур байранд орсон хүүхдээ авах хөдөлгөөн их өрнөсөн юм. Зарим газар орон нутгийн монгол цагдаа нар тэмцлийг дэмжиж, тушаалыг зөрчиж, хүүхдүүдийг юмыг нь мартуулалгүй зохицуулж туслан эцэг эхэд нь хариуцлагатай хүлээлгэж өгсөн. Зарим газар эцэг эхчүүд дайрч орж хүүхдүүдээ авсан. Зарим газар хүүхдүүд дотуур байрнаас зугтаж гарч, аав ээждээ очсон.

Сургуулиуд, урлагийн байгууллагууд, хэвлэл мэдээллийн газрууд хамт олноороо эсэргүүцсэн тохиолдлууд гарсан. жишээ нь, “Одон” телевизийн 300 монгол ажилтан эсэргүүцлийн бичиг өгсөн, “Зохион байгуулагчдыг хална” гэхэд “Бүгд ажлаасаа гарна” гээд халуулаагүй. Бүгдийг нь халбал “телевиз ажиллахаа байж, Хятадын засгийн нэр хүнд сэвтэх юм. Багшийн их сургуулийнхан мөн л тэгсэн. Албан тушаалтнууд, намын ажилтнууд эсэргүүцсэн.

-“Хос хэлний бодлого”-ыг эсэргүүцэж, дөрвөн хүн халуун амиа өргөж, тэмцлийг улам хурцатгасан. Энэ талаар мэдээлэл байна уу?

-Дөрвөн хүн Хятадын бодлогыг эсэргүүцэж амиа хорлосон, тэдний дундаас Алшаа аймгийн намын ажилтан Сурнаа, Шилийн гол аймгийн багш Соёлт нарын нэр тодорхой болсон. Өмнөд монголчууд бараг 100 хувь эсэргүүцлийн хөдөлгөөнд нэгдээд байна.

Ингээд хичээлийн шинэ жил Өмнөд Монголын дунд сургуулиудад нээгдээгүй. Хятад хүүхдүүдэд дээл, хувцас өмсгөж худал мэдээ бэлтгэсэн. Монгол сургуульд худал зураг авах гэж, хятад сургуулиас хүүхдүүдийг зөөж байгаа нь бичлэгт үлдсэн. Монгол сургуулиудын хүүхдүүд явчихсан, багш нар ажил хаячихсан, эл хуль эзэнгүй байгааг харуулсан бичлэгүүд тарсан. Энэ долоо хоногт хүчээр ирүүлсэн монгол хүүхдүүд сургуулиасаа шөнө бөөнөөрөө оргож зугтлаа. Монголоороо байх гэсэн тэр балчир үрс харанхуй гудамжаар айдас түгшүүр, итгэл горьдлого тээн зугтаж гүйж байгаа нь юутай өрөвдөлтэй вэ. Зарим сургуулийн хүүхдүүд харин уриа лоозон хашгирч, жагсаал цуглаан маягтайгаар харьж байна билээ.

Өмнөд Монголын Засгийн ордон байдлыг өөрчлөх гэж мэдэгдэл гаргасан. Хүүхдээ сургуульд авчрахгүй бол төрийн байгууллагад ажиллагсдыг хална, хувийн секторт ажиллагсдыг шийтгэнэ, тэтгэвэр тэтгэмж өгөхгүй, хүүхдүүдийн сурч боловсрох эрхийг бүрмөсөн хасна гэсэн байсан. Болохгүй бол дахин хүмүүжүүлэх сургалтад иргэдийг хамруулна гэдэг. Шинжааны концлагериудыг “Дахин хүмүүжүүлэх төв” гэж Хятадын засаг нэрлэдэг. Өмнөд Монголд концлагерь байгуулж хорино гэсэн үг байж магадгүй гэж зарим нь тайлбарласан. Иргэдийг сүрдүүлэх дарамтлах нь их байгаа. Хар дансанд бүртгэнэ гэж сүрдүүлж байгаа, энэ нь бүх иргэний эрхийг нь хасна гэсэн үг, иргэний үнэмлэхээ үзүүлж авдаг бүх зүйлийг авах боломжгүй болно гэсэн үг. Ажлын байрнаас авахуулаад галт тэрэгний тасалбар хүртэл.

Гэвч өмнөд монголчууд хүүхдээ сургуульд өгөхгүй л байна. Гурав, дөрвөн зуун идэвхтэй иргэдийг баривчилсан, их л хүнд ял тулгах бололтой юм билээ. “Гурван их аюул”-аар яллах магадлалтай. Тэр нь салан тусгаарлах, терроризм, хэт даврах гурав. Зарим идэвхтэй эсэргүүцсэн иргэн нуугдаж байгаа. Тэднийг эрэн сурвалжилж байгаа. Үр хүүхдээ хятад болгохгүй гэсэн жирийн эцэг эхчүүд шүү дээ, хөөрхий.


-“Хятадаар хичээллүүлэх шийдвэр цуцлагдлаа” гэж нэг хэсэг яригдсан нь ямар учиртай юм. Явуулга байв уу?

-Байдлыг намжаах зорилгоор тараасан худал мэдээлэл л дээ. Өнгөрсөн зургадугаар сард Хятадын Сурган хүмүүжлийн яамны албан тушаалтан Гө Вэйвэй Тунляод ирэхдээ хятадаар хичээллэх тухай л ярьсан. Өмнө нь ч хятадаар хичээллэх тухай яригдаж байсан. Тухайлбал, өнгөрсөн хавар Бээжингийн сэтгүүлчид Өмнөд Монголд тусгай даалгавартай ирж, монгол хүүхдүүдтэй ярилцаж, “Хятад оронд хятадаар ойлголцохгүй байна, өөр улс мэт байна” гэж их дуулиан шуугиан дэгдээж байлаа. Чухам л хятадаар хичээллэх тухай л яригдаж ирсэн. Өдий хүртэл долоо, найман удаа хятадаар хичээллүүлэхийг оролдоод, монголчуудын эсэргүүцэлтэй тулгарч больж байсан. Шинжааны Баянголын монгол тойрогт монгол сургуулиудыг хятадаар хичээллэдэг болгосон. Энэ бол үлгэр загвар нь юм. Тэнд хятадаар хичээллүүлэх ажиллагааг удирдсан Цогбаяр гэдэг түшмэл одоо Өмнөд Монголд хятадаар хичээллүүлэхийг удирдаж байна. Зургадугаар сараас эхлэн, монгол бичгээр бичсэн уриа лоозон, сургаал үгс, Чингис хааны хөрөг, гадаа байгаа үндэсний агуулгатай зураг, байгууламжуудыг авч хаях, нурааж буулгах гээд үндэсний соёлын эсрэг Соёлын хувьсгал гэлтэй үйл явц өрнөснийг бас хэлэх хэрэгтэй.

“Шийдвэрийг болилоо” гэж худал үг тараасан бол, одоо “Нэгдүгээр ангиас хятад хэл заана, ахлах ангиудад хятадаар түүх, улс төрийн хичээлүүдийг заана” гэж бас ярих боллоо. Үүнийг “худал үг” гэж өмнөд монголчууд үзэж байгаа. “Хүүхдүүдийг сургуульд ирүүлээд хятад хэлээр сургах гэсэн арга байж ч магад” гэж итгэхгүй байгаа. Хятадын төрийн зорилго бол энэ жил бүтэхгүй байлаа гэхэд ирэх жил хятадаар хичээллүүлэх явдал. 2019 онд Тунляод хятадаар хичээллүүлэхийг оролдоод эсэргүүцэлтэй тулж больж байсан. Эцэг эхчүүд “Янз бүрийн арга саам хийхэд автах биш, бүрмөсөн хятадаар хичээллүүлнэ гэсэн санааг болиулах ёстой” гэж тэмцэж байгаа.

-Өмнөд монголчуудын тэмцэл бусад цөөн тоот үндэстнүүдийн тэмцлээс юугаараа онцлогтой вэ?

-Төвөд, Шинжаанд үндэсний эрх чөлөөний тэмцэл өрнүүлсэн хэсэг бүлгүүд байж ирсэн. Үндэсний эрх чөлөөний үйл ажиллагааг Өмнөд Монголд аль дээр үед бүрмөсөн дарчихсан гэж Хятадын төр үзэж, “Үлгэр жишээ цөөн тоот үндэстэн” буюу үнэндээ тэмцэлгүй дуулгавартай үндэстэн гэсэн санааг илэрхийлдэг байлаа. Гэтэл энэ онд бүх нийтийн эсэргүүцлийг өмнөд монголчууд өрнүүлж Хятадын засгийг шоконд орууллаа.

Хонконгийн бүх нийтийн эсэргүүцлийг арай гэж дарсан. Даян дэлхийн түвшинд үүнээс болж Хятадад маш их таагүй үр дагаврууд учирсан. Гэтэл үлгэр жишээ гэх цөөн тоот үндэстэн бүх нийтээрээ эсэргүүцсэн нь Хятадын засгийн хувьд маш санаандгүй үйл явдал боллоо. Санаандгүй байдал, бүх нийтийн чанар, хүчирхийлэл гараагүй, эхнээсээ дэлхий нийтийн анхааралд өртсөн зэргээрээ Өмнөд Монголын тэмцэл Төвөд, Уйгураас онцлогтой. Хонконгтой төстэй талууд харагдаж байгаа ч, Хонконг бол хятадууд гэж тооцогддог.


-АНУ-ын Конгресст 100 мянган гарын үсэг цуглуулж өгөх хөдөлгөөн өрнөж байна. Энэ нь ямар учиртай хөдөлгөөн бэ?

-Төвөд, Уйгурт уугуул үндэстнүүд ямар эсэргүүцэл өрнүүлж байгаа нь тэр бүс нутгууд дахь онцгой дэглэм, хаалттай байдлаас болоод тэр бүрий мэдэгддэггүй. Харин өмнөд монголчууд сошиал сүлжээнд идэвхтэй, ар монголчуудтай хэлхээ холбоотой зэрэг байдлаас болж, энэ удаагийн тэмцэл нь дэлхийн хэвлэл мэдээллийн анхаарлыг сайн татсан. Улмаар АНУ, Германы парламентчид дэмжлэгээ илэрхийлсэн. АНУ-ын конгрессийн гишүүн хатагтай тэрхүү гарын үсгийн хөдөлгөөнийг эхлүүлсэн гэж бодож байна.

Тэрхүү petitions.white­house.gov сайт нь иргэдийн санаа бодлыг авах зорилготой, олон гарын үсэг цуглавал асуудлыг хэлэлцэх болзолтой Америкийн төр засаг үүсгэсэн сайт юм. Сайтад хангалттай гарын үсэг цуглахаар Конгрессийн лобби бүлэг тосож аваад хэлэлцүүлэх байх гэж бодож байна. Гарын үсэг зурах энэ хөдөлгөөний уриа нь “ХКН Өмнөд Монголд соёлын геноцид үйлдэхээ зогсоо!” гэж байгаа нь, үйл явдлыг аймаглан устгах буюу геноцид гэмт хэрэг гэж үзэж, маш ноцтойгоор тодорхойлсон байна. Өмнөх үгэнд ньХятадын коммунист нам Хүний эрхийн тунхаглал, ЮНЕСКо-гийн баримт бичгүүд, БНХАУ-ын болон Өмнөд Монголын хуулиудыг зөрчиж байгааг анхааруулсан байсан.

Ноднин АНУ-ын Конгресс Хонконгийн ардчилал, хүний эрхийн тухай хууль, Хятад дахь уйгуруудыг хамгаалах тухай хууль баталсан, мөн АНУ-ын Сенат Уйгурын актыг баталсан. Өмнөд Монголын асуудлыг Конгресс хэлэлцэх нь мөн хууль гаргахад хүргэх байх гэж бодож байна. Хууль гарснаар газар аваагүй байгаа хятадаар хичээллүүлэх оролдлого зогсоход их эерэг нөлөөтэй. Ийм оролдлого урьд цөөнгүй удаа гараад бүтэлгүйтэж байсан. Тэр нь одоо ч давтагдаж болох юм.

Манай сонины дугаар шилжих мөчид “ХКН Өмнөд Монголд соёлын геноцид үйлдэхээ зогсоо!” гарын үсэг зурах хөдөлгөөнд 71229 хүн саналаа өгөөд байлаа.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *