Categories
мэдээ цаг-үе

Б.Бат-Эрдэнэ: Төрөөс шинжлэх ухааны салбарт дорвитойхон санхүүжилт хийх цаг нь болсон

-ХЭРВЭЭ УЛС САНХҮҮЖҮҮЛЖ ЧАДВАЛ МОНГОЛ ХҮНД ТААРСАН ОНОШЛУУР, ВАКЦИНЫГ МОНГОЛ ЭРДЭМТЭД ХИЙЖ ЧАДНА-

Монгол Улсын Шинжлэх Ухааны Академийн орлогч дарга Б.Бат-Эрдэнэтэй ярилцлаа.


-Дэлхийд шинжлэх ухаан, технологи асар хурдацтай хөгжиж, тэр хэрээрээ энэ салбарт улс орнууд мөнгө хаяж байна. Монгол Улсын Шинжлэх Ухааны академид 2020 оны Улсын төсвөөс хэр хэмжээний санхүүжилт төсөвлөсөн бэ?

-Одоогоор Монгол Улсын Шинжлэх Ухааны салбарт нийт 2000 гаруй хүн ажиллаж байна. Түүний 1100 орчим нь Шинжлэх Ухааны Академид ажилладаг. Үлдсэн нь салбар хүрээлэнгүүд болон Яам тамгын газруудад ажиллаж байна. Нийт цалингийн сангаар нь бодвол 1700 гаруй хүн үндсэн цалингаар ажилладаг гэсэн судалгаа бий. 2020 оны ШУА-ийн төсөвт 38 орчим тэрбум төгрөг төсөвлөсөн. Үүний 70 орчим хувь нь цалин гэж ойлгож болно. Үлдсэн нь урсгал зардал болон эрдэм шинжилгээний ажлын зардал юм. 2019 болон 2020 оны эрдэм шинжилгээний ажлын зардалд тус тус 13 орчим тэрбум төгрөг орсон байдаг.

-Шинжлэх ухааны салбарын анхдугаар их хурал дээр төрийн гурван өндөрлөг тэр дундаа У.Хүрэлсүх сайд эрдэм шинжилгээний ажилчдын ажиллах нөхцөл, судлагаа шинжилгээний ажлыг нэмэгдүүлнэ гэж амласан байсан. Ер нь амлалтдаа хүрч ажиллав уу?

-Монгол Улсын Шинжлэх Ухааны салбарт 2016 оноос өмнө санхүүжилт тэр бүр байхгүй байсан. Шинэ Засгийн газар байгуулагдаж ерөнхий сайд У.Хүрэлсүх шинжлэх ухааны салбарт анхаарал хандуулна ч гэж ярьсан. Гол үйл явдал 2019 оны ШУ-ы салбарын анхдугаар их хурал дээр болсон. Тэр хуралд төрийн гурван өндөрлөг маань эрдэм шинжилгээний ажилчдын ажиллах нөхцөл, судлагаа шинжилгээний ажлыг нэмэгдүүлнэ гэж амласан. Энэ амлалтын хүрээнд ерөнхий сайд У.Хүрэлсүх томоохон бүтээн байгуулалт хийж байгаа. Инновацийн төвийн калластрийн төв байгуулах юм. Үүнд нийт 94 тэрбум төгрөгийн төсөв батал ж өгсөн. Энэ нь гурван жилийн хугацаанд хэрэгжинэ. Ингээд 2020 онд гурван тэрбум төгрөг олгож байгаа юм. Энэ ажил ч үндсэндээ хийгдээд явж байгаа. Сүүлийн 60-70 жил байгаагүй том бүтээн байгуулалт юм л даа. Зураг төсөл, тендер нь шалгараад одоо газар шорооны ажил руугаа орж байгаа. Харин үүнээс цааш лабораториудын тоног төхөөрөмжүүдийг шинэчлэн сайжруулах асуудал яригдах байх л даа.

-Коронавирустэй холбоотой судалгаа шинжилгээний ажилд төрөөс хэчнээн төгрөгийн санхүүжилт өгсөн бэ?

-Коронавирустэй холбоотой судалгаа шинжилгээний ажилд 600 сая төгрөгийг Шинжлэх Ухаан Технологийн Санд өгсөн. Ер нь манай академийн хувьд 1100 хүний цалин болон бусад урсгал зардлууд гэж бий. Энэ төсөв маань цалингийн нэмэгдэлтэй холбоотойгоор өссөн. Түүнээс биш ямар нэгэн байдлаар урсгал зардал, эрдэм шинжилгээний ажлын зардлыг нэмэгдүүлсэн зүйл байхгүй.

-Энэ 600 сая төгрөгөөр ямар судалгаа шинжилгээний ажил, төсөл хөтөлбөрийг эрдэмтэн, судлаачид хэрэгжүүлж байна вэ?

-Манай Шинжлэх Ухааны Академи болон Биологийн хүрээлэн хамтраад судлаач доктор Э.Оюунсүрэнгийн ахалсан оношлуур бүтээх багийг байгуулсан. Уг баг амжилттай ажиллаж байна. Энэ оношлуурыг эхний ээлжинд арван хүнд туршсан шүү дээ. Дараагаар нь энийгээ 100-160 хүнд мөн энэ оношлуураа тавина. Үүний төсөв 180 сая төгрөгийг улс шийдэж өгч байгаа.Ингээд тухайн хүнд дархлаа буюу эсрэг биет үүсч байгаа эсэхийг шалгах юм. Үнэхээр эсрэг биет үүсч байгаа бол энэ оношлуур батлагдаад үйлдвэрлэгдээд эхэлнэ гэсэн үг. Урьд нь арван хүнд тавьсан оношлуурт ямар нэгэн алдаа дутагдал илрээгүй. Улс нэг оношлуурыг 700-900 мянган төгрөгөөр худалдаж авдаг юм билээ. Түүний оронд дотооддоо энэ оношлуурыг хийчих юм бол зардлаа тэр хэрээр хэмнэнэ л гэсэн үг.

-Оношлуур баттай гэдэг нь тогтоогдчихвол хэдэн төгрөгөөр бүтэх вэ. Импортоор орж ирдэг оношлуураас хямд өртөгтэй байж чадах уу?

-Ямар ч байсан гадаадаад худалдаж авдаг оношлуураас хоёр дахин хямд.

-Оношлуураас гадна судалгаа, шинжилгээний хэд хэдэн төсөл хөтөлбөрүүд хэрэгжиж байгаа юм билээ?

-Энэ төслийг Шинжлэх Ухаан Технолийн сангаас асуувал дэлгэрэнгүй, тодорхой ярина. Манай биологийн хүрээлэнд зөвхөн оношлуур бэлтгэх төслийг өгсөн. Ер нь бол манайхаас гадна салбар хүрээлэнгүүд дээр олон төсөл хэрэгжүүлж байгаа. Энэ бүх төсөл хөтөлбөрүүд төрөөс 600 сая төгрөгийн санхүүжилт хийгдээд явж байгааг дурдсан. Гэхдээ 600 сая гэдэг бол үнэндээ бага тоо шүү дээ. Коронавируст дэлхийн улс орнуудын зарцуулж байгаа мөнгийг харьцуулахад 600 сая төгрөг бол үнэндээ бага мөнгө. Коронавирус тархсан улсуудад нэг хүний эмчилгээний зардал хэдэн доллар болж байгаа билээ. Гэтэл өнөөдөр бүхэл бүтэл улс байж судалгааны ажилдаа 600-хан сая төгрөг гаргаж байна гэдэг бол гутамшигтай.

-Улс орнууд коронавирустай холбоотой судалгаа шинжилгээний ажилд асар их хөрөнгө хаяж байна. Бидний хувьд илүү хүлээзнэсэн байдалтай байгаад байна уу, гэж хараад байгаа?

-Одоо л бид эрдэмтдээ ашиглах цаг шүү дээ. Миний бодлоор дэлхийн эрдэмтэд өөрсдийнхөө үндэстэн ястан, ард түмэндээ зориулсан судалгаа шинжилгээг л хийж байна. Гэтэл бид өнөөдөр түүндээ анхаарахгүйгээр гаднаас вакцин хүлээгээд байгаа. Хятад, америк, орос хүндээ тааруулсан вакциныг бид авах гээд хүлээгээд суугаад байна. Зүй нь бол бид монгол хүндээ таарсан оношлуур, вакциныг монгол эрдэмтэд хийх ёстой. Хэрвээ мөнгө нь байгаад үнэхээр улс санхүүжүүлж чадна гэх л юм бол манайд боловсон хүчин байгаа шүү дээ. Одоо 2000 оны эхэн үе биш байхгүй юу. Энэ чинь 2020 он. Энэ хорин жилийн хугацаанд гадаадад маш олон эрдэмтдээ бэлтгэчихсэн. Канад, Америк, Австрали гээд Европын том том сургуулиудыг маш олон доктор төгсчихсөн. Гол нь лаборатори, тоног төхөөрөмж санхүүжилт л муу байна. Өнөөдөр санхүүжилт, хангамж байхгүй бол үнэхээр мундаг чадалтай эрдэмтнээс юу гарах вэ. Жишээлбэл, хими, биологийн хүрээлэнгүүд өөрсдийн байгаа нөөц бололцоон дээрээ л тулгуурлан ажиллаж байна. Үнэхээр лабораторийн тоног төхөөрөмжийг сүүлийн хэдэн жил улсаас бараг өгсөнгүй. Бид улсыг хараад суулгүй гадаадын маш олон төсөл хөтөлбөрүүдээс лабораторийн тоног төхөөрөмжүүдийг авсан. Тэгэхээр улсаас хэзээ ч гадаадын төсөл хөтөлбөрүүд тоног төхөөрөмж ав гээд зардал өгөхгүй шүү дээ. Бид цалин, зардалаа хэмнэсэн байдлаар л илүүчилж байж тэр мөнгөөрөө авдаг. Иймэрхүү байдлаар бид шинжлэх ухааны академийн хэмжээнд нэлээн хэдэн лабораторуудын тоног төрөөрөмжүүдийг шинэчилсэн.

-Вакцин хийх боловсон хүчин бидэнд байгаа гэж ойлголоо. Гол нь мөнгө санхүү дээр л асуудал үүсээд байгаа юм байна. Тийм үү?

-Жишээлбэл, коронавирусийн эсрэг вакцинийг манай анагаах ухааны хүрээлэн, биологи, химийн хүрээлэнгүүдийн эрдэмтдийг хамруулаад вакцин хийе гэвэл манай эрдэмтэд оролцоход бэлэн. Ганцхан үүнийг нэгтгэж засгийн газраас даалгавар өгөх хэрэгтэй. Өнөөдөр чи, би гэх зүйлгүй болсон шүү дээ. Шинжлэх Ухааны академи, Их дээд сургуулиуд өөр салбар хүрээлэн гэж ялгах зүйл байхгүй бид хамтраад л ковидийн эсрэг ажиллах хэрэгтэй. Тэгэхийн тулд бидэнд өнөөдөр олон улсын түвшинд бэлтгэгдсэн лаборатори хэрэгтэй.

-Шинжлэх Ухаан Технологийн санд эрдэм шинжилгээний хурал, зөвлөгөөн хийх санхүүжүүлэлт бий юү?

-Одоогоор Шинжлэх Ухаан технологийн сан дээр эрдэм шинжилгээний ажлын зардал нэг ч төгрөг байхгүй. Ингээд манай эрдэмтдийн судалгаанууд бүгд зогсчихсон. Эрдэмтэн одоогоор юу хийж байна вэ гэхээр үндсэн цалин, үйл ажиллагааны зардалаа аваад гадаад руу төсөл хөтөлбөр бичээд л сууж байна. Улсаас өгч байгаа мөнгө байхгүй юм чинь өөр хийх зүйл алга. Нөхцөл байдал ийм л байна.

-ШУА-ийн лабораториудын тоног төхөөрөмжийг сайжруулах тал дээр төрөөс анхаарч байна уу?

-Ер нь бол бид социализмын үеийн лаборатори, төнөг төхөөрөмжтэйгөө байж байгаа шүү дээ. Дэлхийн нийт шинжлэх ухаанаар хөгжиж байгаа үед бид тэр болгонд багаж тоног төхөөрөмжөө шинэчлэх шаардлагатай болж байна. Багаж тоног төхөөрөмж худалдаж авсан жилүүд гэвэл цөөхөн дөө. Төрөөс 400-500 сая төгрөг л өгдөг юм. Тэр нь юу ч болохгүй байна. PCR ч юмуу ямар нэгэн тоног төхөөрөмж худалдаж авахад дэлхийн зах зээлд ямар үнэтэй байдаг билээ. Хамгийн багадаа л 50 мянган доллар болно. Ер нь нэг санаачлага гаргахад энэ биологи, хими, физикийн хүрээлэнгүүдийг парк маягаар байгуулбал харилцаа холбооны хувьд ч ойрхон болно шүү дээ. Эрдэмтэд хоорондоо маш их мэдээлэл солилцоно. Дэлхийд шинжлэх ухаан каластрийн төвөөр хөгжиж байна. Манайх ч мөн энэ жишигт орох ёстой. Үүнийг дэмжээд каластрийн төв байгуулаад өгчих юм бол эрдэмтэд маань тэндээ л очиж сууна.

-Монгол эрдэмтдийн цалин хэд байдаг вэ. Эрх баригч намын зүгээс шинжлэх ухааны салбарын санхүүжилтийг дөрөв дахин нэмэгдүүлнэ гэж яриад байгаа шүү дээ. Тоног төхөөрөмжийн шинэчлэл хийхэд хэдэн төгрөгийн санхүүжилт хэрэгтэй байгаа вэ?

-Ер нь бол лабораторын тоног төхөөрөмжийн шинэчлэл хийхэд 20 орчим сая доллар гэсэн тооцоо гарсан байсан. Нөгөө талдаа олон улсын эрдэмтдийн цалинг монгол эрдэмтний цалинтай харьцуулахад хэцүү шүү дээ. Хамгийн ойрын жишээ Оросын холбооны улс манайх хоёр ойролцоо хөгжлийн түвшинтэй гэж явдаг. Тэгэхэд орос эрдэмтний цалин манай эрдэмтдийн цалингаас дөрвөөс тав дахин илүү. Бүр олон улсын жишиг ярихаа больё. Бүтэн цагаар ажиллаж байгаа эрдэм шинжилгээний ажилтан гэхэд дундаж цалин нь 905 мянга. Гэтэл их, дээд сургуулийн дадлагажигч багш нэг сая 500 мянга төгрөгний цалин авдаг. Ингэхээр ямар сайн эрдэмтэн бидэн дээр ирж судалгаа шинжилгээ хийх вэ дээ. Цалингаа ядаж олон улсын түвшинд хүргэдэггүй юм аа гэхэд ядаж амжиргааны түвшинд хүрчих хэмжээний байвал энэ гадаадад байгаа эрдэмтэн судлаачид маань ирэх боломжтой болно. Тэд эх орондоо юм хийхийг хүсч мөрөөдөж л байгаа. Ийм л асуудлуудыг шийдчихвэл манай шинжлэх ухааны салбарт сөнөчихсөн зүйл байхгүй. Ямар ч байсан урагшаа явна л гэж бодож байгаа.

-Ер нь лабораториудын судалгааны багаж хэрэгслийн ашиглах хугацаа, норм нь ямар байдаг юм бэ?

-Жишээлбэл, хүмүүс гар утсаа хэдий хугацаанд шинэчилж барьдаг вэ. Асар хурдацтай өсөж байгаа техник технологийг харах юм бол бараг зургаан сар тутамд солихоор байгаа биздээ. Гэтэл бид заавал шинэ гарсан бүхэн рүү уралдах албагүй. Ямар нэгэн тоног төхөөрөмж 15 жилийн хугацаа нормтой гэж бодъё. Гэхдээ тухайн төхөөрөмж 20 жил үүргээ гүйцэтгэнэ. Гэхдээ одоо технологийн хурдац, хиймэл оюун ухаан, аж үйлдвэрийн дөрөвдүгээр хувьсгал гээд бодохоор эдгээр тоног төхөөрөмжүүд тав зургаан жилийн дараа л хоцрогдоод байна. Бид судалгааны багаж хэрэгслээ сольж, шинэчлэх давтамж тогтоосон зүйл байхгүй. Хэрэв та завтай бол хүрээлэнгээр дагуулаад үзүүлэхсэн. Манай хүрээлэн 1980-1990 оны тоног төхөөрөмжүүдээ ашиглаад л сууж байна. Нарийн багажуудаа яалтч үгүй сольж л байгаа. Тэгээд нарийн багажаа авангуут үндсэн тоног төхөөрөмж нь байхгүй. Үндсэн тоног төхөөрөмжөө авчихаар нарийн багаж нь байхгүй. Ингээд уялдаж өгөхгүй л байна. МАН-ын хөтөлбөрт шинжлэх ухааны салбарын санхүүжилтыг дөрөв дахин нэмэгдүүлнэ гэчихсэн байсан. Засгийн газрын мөрийн хөтөлбөрт эрдэм шинжилгээ, судалгааны ажлын зардлыг нэмэгдүүлж, тоног төхөөрөмжийг сайжруулна гэсэн заалтууд байна. Тэгэхээр энэ заалтуудаа хэрэгжүүлээд явах хэрэгтэй. Нэг сайхан заалт тавьчихдаг. Санхүүжүүлэх болохоор мөнгө байдаггүй. Тэрийг зарим удирдлагын түвшний хүмүүс ойлгодоггүй. Эсвэл ойлгохыг хүсдэггүй юм уу. Үнэхээр шинжлэх ухааны салбарт дорвитойхон санхүүжилт хийх цаг нь болсон.

С.ЛХАМСҮРЭН

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *