Categories
мэдээ цаг-үе

Ц.Оюунбаатар: Монголын төр генецод үйлдсэнээ хүлээн зөвшөөрөх ёстой

Хэлмэгдэгчдийн өдрийг тохиолдуулан “Хүний эрх шударга ёс төв”-ийн тэргүүн Ц.Оюунбаатартай ярилцлаа.


-Их хэлмэгдүүлэлт болсноос хойш 80 жил өнгөрчээ. Энэ хугацаанд Монголын төр хэлмэгдүүлэлтийн асуудалд хэр анхаарч ажилласан бэ?

-Манай улс хэдийгээр тусгаар тогтносон улс болж хөгжсөн ч ямар хүнд бэрх зам туулснаа хэзээ ч мартаж болохгүй. Үүнийг үр хүүхэд, хойч үедээ сануулж байх ёстой. Их хэлмэгдүүлэлтийн үеэр 18700 лам цаазлагдсан гэдэг. Мөн буриадуудыг октябрийн хувьсгалаас зугтсан гэж, тайж угсаатай хүмүүсийг феодал хэмээн үзэж толгой дараалан хядсан. Тэр дундаа буриадууд гарын арван хуруунд багтахааргүй цөөхүүлээ үлдсэн байдаг. Энэ мэтээр 37000 орчим хүнийг хэлмэгдүүлж, 30000 хүнийг цаазлан, үлдсэн 7000 орчим хүн нь шоронд ч нас барсан байна. Үүнээс хойш 1950-1960 онд сэхээтний төөрөгдөл хэмээн олон хүнийг хэлмэгдүүлж, нутаг заан цөлсөн байдаг. Тэр үед төр засгийг шүүмжилсэн олон зохиолч, яруу найрагчдыг хэлмэгдүүлж, ял оноосон. Энд Р.Чойном, Г.Жамъян зэрэг зохиолчдыг дурдаж болно. Мөн Тангадын Галсанг Баянхонгорт цөлж тэмээ хариулуулсан зэрэг сэхээтнүүдийг хэлмэгдүүлж байсан. 1950 оны дунд үед Сталинг нас барсны дараа цагаатгах ажил эхлүүлсэн. Харамсалтай нь 1960-аад оны ихээр намын төв хорооноос нууцаар хэлэлцээд дахин шүтэх үзэл, тухайн үеийн нам төрийн эсрэг асуудал гарч ирж байна гээд зогсоосон байдаг. Дараа нь 1990 оноос ардчилал гарч ирсний дараа хэлмэгдэгчдийг эрчимтэй цагаатгасан ч бүрэн дуусаагүй байна.

1936 онд бүх сүм хийдүүдийг тараасан. Хийд тарсны дараа гэртээ очиж амьдарч байсан хүмүүсийг өндөр цол хэргэмтэй лам нар гэдэг утгаар нь шууд баривчилсан. Энэ асуудал ЗХУ-ын удирдагч Сталин, Гэндэн хоёрын ярианаас болж үүссэн байдаг. “Танай лам нар арми босгох хэмжээний олуулаа байна, зэвсэг хүчээр хангагдаж бидний эсрэг хөдөлж болзошгүй. Та нар лам нартайгаа тэмц” хэмээсэн гэдэг. Ингээд төрийн эсрэг ямар ч хэрэг хийгээгүй гавжаас дээш мяндагтай лам нарыг хоморголон хядсан. Хэлмэгдсэн лам нарт ямар ч ойлголт төсөөлөл байгаагүй. Тухайлбал, Өмнөговь аймгийн Манлай сумын н.Адьяадамба гэдэг 78 настай хэвтэрт байсан маарамба буюу эм барьдаг хүнийг ачиж аваачаад буудсан байгаа юм. Ийм аймшигтай хэлмэгдэлтийг улс даяар явуулсан.

Тухайн үеийн ЗХУ-ын Дотоод явдлын яамны орлогч сайд М.Ф.Фриновскийн заговар буюу хуйвалдааны гэсэн жагсаалтыг Монголд авчирч 105 цэргийн болон төрийн өндөр дээд албан тушаалтныг 1938 оны есдүгээр сарын 9-10 хооронд баривчилсан. Ингээд төрийнхнийг хэлмэгдүүлсэн. Маршал Чойбалсантай ойр байсан хүмүүс ч мөн хэлмэгдсэн. Энд бидний мэдэх П.Гэндэн, Г.Дэмид, Ерөнхий сайд А.Амар, Д.Лосол, Д.Догсом зэрэг хүмүүсийг хэлмэгдүүлсэн. Ингээд заримыг нь хядаж устгаад, заримыг нь арван жилийн хорих ялаар шийтгэсэн. Хорих ялаар шийтгүүлсэн хүмүүс яасан талаар мэдээлэл байхгүй.

-Одоогоор цагаатгалын ажил хэдэн хувьтай байна, хэдэн хүнийг цагаатгачихаад байна вэ?

-Хэлмэгдэгчдийн цагаатгах үйл ажиллагаа дуусах болоогүй. Учир нь 1930-1940 оны хооронд хэлмэгдсэн хүмүүсийн хэргийн материал нь олдохгүй байгаа юм. Өөрөөр хэлбэл хаана, хэдэн хүнийг буудсан гэдэг тодорхойгүй байна л даа. Тухайлбал, хамбын овооноос 600 ламын яс олдсон гэж байгаа. Гэхдээ тэр нь хэн юм бэ, ямар хүмүүсийг аваачиж буудсан талаарх ямар ч бичиг баримт байхгүй. Тэнд буудсан гэсэн хэдэн газар байдаг ч, хороосон хүмүүсийг албан ёсоор оршуулаагүй. Жалганд аваачаад буудчихсан, эрэг нь нурж мэдэгдэхгүй болох зүйл ч бий шүү дээ. Мөн шоронд байхдаа нас барсан, хороох Шүүхийн шийдвэр гараагүй, онцгой бүрэн эрхт комиссоор ороогүй хэрнээ баригдаад хэлмэгдүүлсэн хүн олон бий. Одоогоор 1000-2000 хэлмэгдэгчийн асуудал шийдэгдэж чадахгүй өдийг хүрлээ.

-Цагаатгахтай холбоотой хуулиудын уялдаа холбоо, хэрэгжилт хэр байдаг вэ?

-2001 онд баталсан Цагаатгалын нөхөн олговор олгох тухай хууль болон 2018 онд нэмэлт оруулсан хуулиудад маш зөрчилтэй заалтууд орсон. Учир нь энэ хуулийг боловсруулахдаа эрх зүйн мэдлэг боловсрол муутай улстөрчид хийснээс болж маш том зөрчил гарсан байгаа юм. Тодруулбал, нэгдэх хэсэгт, “хуулийн субьект нь хэлмэгдэгч өөрөө түүний үр хүүхэд, ач зээ нар нь байна” гээд заачихсан. Хоёр дахь хэсэгт, “хуулийн нөхөн олговор авах нь хэлмэгдэгч түүний төрүүлсэн болон үрчилсэн хүүхэд” гэж заасан байгаа юм. 1930-1940 онд Монгол Улсад хуулийн дагуу үрчлэх гэсэн ойлголт, үүнийг нотолдог ямар ч төрийн байгууллага байгаагүй. Үүнээс гадна тухайн үед манай улсын эрчүүдийн 40 хувь нь лам байлаа шүү дээ. Тэр үед хамгийн нэр хүндтэй хүнээрээ овоглодог байсан. Ингээд өрх толгойлсон эрчүүдийн ихэнх нь лам хүмүүс байсан. Өрхийн тэргүүлэгч түүний дүүгээс гарсан хүүхэд болон тухайн гэрт амьдарч байгаа эмэгтэйчүүдийн хүүхэд өрхийн тэргүүлэгч ламаар овоглодог байсан. Ингээд тэр үед үрчилж авсан гэрчилгээ гэж байгаагүй, тухайн үеийн мэдэх хүмүүс нь одоо байхгүйгээс хохирч байгаа хүмүүс олон байна. Ийм байдлаар асуудал нь шийдэгдээгүй 30000 гаруй хүн байна.

Энэ хуулийн хоёр дахь зөрчлийг нь хэлье л дээ. Хуульд шүүхээр болон онцгой комиссын шийдвэрээр цаазлагдсан буюу хорих ялаар шийтгэгдсэн гээд биччихсэн байгаа юм. Гэтэл шүүх, онцгой комисс дээр очиж чадаагүй, шоронд байхдаа яргалал, эрүү шүүлтээс болоод амь насаа алдсан хүмүүсийг орхигдуулсан заалт байгаа юм. Ямар аймшигтай эрүүдэн шүүлт явуулж байсныг төсөөлөн хэлэхийн аргагүй хэргүүд бий. Тухайлбал, нэг хэлмэгдэгчийг шалан дээр нь зодож хавиргыг нь хугалж, хугарсан хавирга нь уушгийг нь нэвт сүлбэж цус алдахаар нь шал бузартууллаа гээд дахин зодож амийг нь хороочхоод шорон нь орхиод өмхийрүүлж хаясан байгаа юм.

Энэ бүхнийг бид гаргаж ирэхгүй бол улс төрийн намууд энэ асуудалд улс төрийн зорилгоор хандаж байна. Жишээлбэл, МАН энэ асуудлыг дарах, ярихгүйгээр тойрч гарахыг хүсдэг. Жилдээ ганц удаа цэцэг өргөөд л орхиж байна шүү дээ. Энэ мэтээр асуудлыг шийдэхээс эрх барьж байгаа МАН зайлсхийж байна. Харин АН-ынхан “ийм аймшигтай яргаллыг үйлдэж байсан, ийм хэргүүд гарч байсан” хэмээн шүүмжилж байгаа хэдий ч хэлмэгдүүлэлтийг дахин гаргахгүй байх эрх зүйн орчны талаар юу ч хийсэнгүй.

Ер нь Монголын төр лам нарыг давхаргынх нь хувьд, буриадуудыг үндэстэн ястныхан хувьд, тайж язгууртнуудыг феодал хэмээн хүйс тэмтэрснээ генецод гэж хүлээн зөвшөөрөх ёстой.

-Генецод гэдэг нь ямар утгатай юм бэ?

-Генецод гэдэг нь төрлөөр нь аймаглан устгах хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэг гэсэн үг. Үүний үр дагавар маш их. Монголын төр үүнийг хүлээн зөвшөөрч албан ёсоор баталгаажуулах ёстой. Гэтэл өнөөдрийн УИХ маш сул ажиллаж байна. Хуулийн мэдлэг алга, баахан бизнес эрхлэгчид мөнгө тараагаад гараад ирчихсэн. Төр үүнийг генецод гэдгийг хүлээн зөвшөөрч, үр хүүхэд, ач зээгээс нь уучлалт гуйн тэтгэмжийг нь өгөх ёстой. Хэрвээ ингэхгүй бол хүний эрх, шударга ёсны төв, Хэлмэгсдийн холбоо хамтарч ГАГ-ын олон улсын шүүх дээр очиж тогтоолгоно. Ингэвэл Монгол Улсын нэр хүнд навс унана. Генециодыг сайн дураараа тодруулж залруулах нь гурван өндөрлөгийн үүрэг. Түүнээс биш өдөр тутмын аар саар ажил биш.

-Өнөөдрийн нийгэмд ч хэлмэгдүүлэлт байна гэж зарим хүмүүс ярьдаг шүү дээ. Та энд ямар байр суурьтай байна?

-Өнөөдөр Монголд хэлмэгдүүлэлт болж байгаа шүү дээ. Улс төрд МАНАН бүлэглэл бий болсон. Энэ бүлэглэл хонгилын шүүх, хуулийн байгууллагыг гаргаж ирсэн. Ингээд улс төрийн сөрөн зогсож байгаа улс төрийн хүчнийг “агнах”, хэлмэгдүүлэх ажлыг маш идэвхтэй хийж ирсэн. Үүнийг эсэргүүцэж талбай дээр 50000 хүний жагсаал хийснийг санаж байгаа байх. Өнөөдөр эрх баригчид АТГ болоод хууль, хяналтын бусад байгууллагуудыг өөрийнхөө сөрөг хүчин, дайсан гэж үзэж байгаа хүмүүсээ хэлмэгдүүлэх ажлыг хийсэн.

Р.ХИШИГЖАРГАЛ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *