Андра академийн гүйцэтгэх захирал, мисс, топ модель Х.Бадамгэрэлтэй ярилцлаа.
Та 2009 оны Монголын мисс, 2014 оны Гоёл наадмын топ моделиар шалгарч байсан. Загварын тайзнаа алхах хүсэл, зорилго тань багын мөрөөдөл байсан уу?
-Загвар өмсөгч, мисс болох зорилго надад анхнаасаа байгаагүй. Харин надад ямар авьяас байгаа гэдгийг бодож, олон оролдлого хийснээс тунаж үлдсэн нь “загварын салбар” юм. Эзэмшсэн мэргэжлээ өөрийн болгож, оройд нь гарах ёстойг ойлгосон учраас зорилгынхоо төлөө тууштай тэмцсэн гэсэн үг. Тиймээс ч бусдыг шүүмжилж, заахынхаа оронд өөртөө анхаарч, өөрийнхөө төлөө оролдлоготой, зүтгэлтэй явах нь амжилтад хүргэдэг гэдгийг бусдадаа захидаг. Өмнө нь загвар өндөр охидуудын салбар байсан бол одоо ямар чиглэл гэдгээс нь шалтгаалж өөрчлөгдсөн. Тухайлбал, фото модель цэвэрхэн арьстай, зөв төрхтэй байхад л хангалттай. Харин сурталчилгааны моделиуд өөрийгөө илэрхийлэх чадвартай, илтгэх ур чадтартай байх нь чухал. Мэдээж тайзны моделийн хувьд өндөр байх шаардлагыг нэн түрүүнд тавьдаг.
-Өөртөө мөрдлөг болгодог зарчим тань юу вэ?
-Мэдээж төгс хүн гэж хаа ч үгүй, алдаа үргэлж байдаг. Гэхдээ хамгийн гол нь гаргасан алдаагаа дахин давтахгүй байх нь чухал. Мөн тасралтгүй өөрийгөө хөгжүүлэх хэрэгтэй. Миний хувьд бусдын өмнө илтгэл тавих нь цаашдаа хөгжүүлэхийг хүсдэг сонирхол юм. Энэ нь миний хувьд шинэлэг гэхээс илүү шаардлагатай зүйл болж хувирсан. Бусдад илтгэх сонирхол маань одоо сургагч багшийн түвшинд хүрсэн учраас зөвхөн Монгол гэлтгүй олон улсын хэмжээний багш дасгалжуулагч болох зорилготой. Өөрөөр хэлбэл, Хүний амьдралыг өөрчлөх хэмжээний дасгалжуулалт хийж, чиглүүлэг өгөхийг хэлж байгаа юм. Өмнө нь тайзан дээр гарч гоо сайхнаараа дамжуулан хүмүүст мэдрэмж таашаалыг өгдөг байсан бол одоо бусдын зүрх, тархинд хүрэх үгийг урладаг болж байгаа гэсэн үг.
-Эмэгтэйчүүд карьер хөөх хүсэлтэй хэдий ч гэрийн эзэгтэй, ээжийн үүргээ гүйцэтгэх болдог. Мэдээж амжилттай яваа хүмүүсийн хувьд гэр бүлийн дэмжлэг их нөлөөлдөг байх?
-Эмэгтэй хүн өсвөр нас, эх хүн гэсэн амьдралын хоёр мөчлөгтэй байдаг. Загварын салбарынхны хувьд хүүхэд төрүүлнэ гэдэг нь ихэнх зүйл зогсонги болж буйн дохио. Учир нь хүүхдэдээ анхаарах, гэр бүлдээ цаг гаргах гэх мэтчилэн арай өөр төрлийн шаардлагууд гарах учраас карьерь хөөх боломж бага. Хамгийн гол нь гэр бүл маань намайг дэмждэг учраас тэднийхээ тусламжтайгаар тэнхээтэй давж гарсан.
-Та Андра академиар дамжуулан олон залууст сэтгэл зүй болон гоо сайхны зөвлөгөө өгдөг. Тэгвэл залуу үеийнхэнтэй тулж ажилладаг багшийн хувьд тэдний давуу болон сул талыг анзаарав уу?
-Сүүлийн 11 жил Z үеийнхэнтэй ажиллалаа, тэд гайхалтай нээлттэй сэтгэдэг зан чанартай. Ямар нэгэн бартааг даваад гарах сэтгэл зүйн хүчтэй. Тэдний алган дээр дэлхий багтаж байгаа. Эдгээр залууст маш их ур чадвар бий. Үүний зэрэгцээ аюултай шийдвэрийг ч гаргах нь бий. Аливаад ухамсартай, ул суурьтай хандаж шийдвэл тэд дэлхийг ч эргүүлэх чадалтай. Угаас бэрхшээлийг даваад гарсны дараа маш жижигхэн зүйл байсныг анзаардаг. Тэгэхээр хамгийн гол нь алдаанаасаа суралцаад сөрж чадвал амжилт дагуулах бүрэн боломжтой. Хүүхдүүд урдаа тулгарсан жижиг бэрхшээлийг хэтэрхий том гэж эндүүрснээс болж ахиц дэвшил гаргахгүй цаг хугацааг алддаг. Энэ дэлхийн долоон тэрбум хүний хэдэн сая нь танаас хүнд нөхцөлд амьдарч байгааг бодоод үзээрэй. Тэгэхээр байгаадаа талархаж, илүү ихийг хийж бүтээе гэсэн зорилготой байх хэрэгтэй.
-Хүний гоо сайхныг зөвхөн гадаад төрхөөр бус дотоод мөн чанараар тодорхойлдог болов уу?
-Загвар өмсөгч, мисс бэлдэх бол дараагийн шатны ойлголт буюу тухайн хүүхэд сонголтыг нь чиглүүлж өгдөг. Харин нийгэмд сайн боловсон хүчин, зөв монгол иргэнийг бий болгох нь манай академийн гол алсын хараа юм. Дотоод зүрх сэтгэлээ гоё сайхан болгосон хүн угаас гаднаасаа ч сайхан болно шүү дээ. Тиймээс дотоод зүрх сэтгэлийг өөрчлөх нь илүү чухал гэдгийг ойлгуулахыг хичээдэг. Өөрөөр хэлбэл, тархи, зүрхэнд хүрч үйлчилсний дараа гадаад хэлбэрийг өөрчлөхөд асуудал биш болж хувирдаг юм. Ерөөс хүнийг амжилтад хөтөлдөг хамгаас чухал зүйл бол хандлага. Авьяасыг хөгжүүлж болдог, ур чадварыг эзэмшүүлдэг. Миний хувьд одо зан чанараа төлөвшүүлж, хандлагаа бүх талаар нь эерэг болгоход анхаарч байгаа. Хүн хүсэх л юм бол чадварыг маш богино хугацаанд хөгжүүлж болдог. Гол нь хүмүүс хандлага дээрээ л анхаарах хэрэгтэй. Хандлагыг соёл, харилцаа, ёс зүй гээд олон зүйл дагаж байдаг. Та өөрөө эерэг хандлагатай бол ёс зүйгүй үйлдэл хийхгүй гэсэн үг.
-Хувь хүнийг амжилтад хүргэдэг хамгийн том шалгуур нь хандлага гэв үү?
-Хандлагыг үйлдэл болгохгүй л бол мянга ярьж, сонсоод нэмэргүй. Хандлага өөрөө үйлдэлд уриалж, үйлдэл нь амжилтад хөтөлдөг. Өөрийгөө өөрчилсөн цагаас эхлээд бид маш их аз жаргалыг бусдад түгээж байдаг. Нэг иргэн хөгжиж байж гэр бүл хөгждөг, гэр бүл амар амгалан байвал улс тайван байна. Тэгэхээр иргэний хөгжлөөс гэр бүлийн хөгжил, гэр бүлийн хөгжлөөс улсын орны ирээдүй харагдана. Би шавь нартаа “Өөрийгөө монголоор битгий төсөөл” гэж байнга захидаг. Дэлхий гэдэг нэгэн айлын долоон тэрбум хүний нэг гэж өргөнөөр харж чадвал хүнд хүрэхгүй оргил, чадахгүй амжилт гэж байхгүй. Тэгэхээр харах өнцгөө тэлж, бодож болох хамгийн томоор, хүрч болох хамгийн холд хүрэхийг зорих ёстой. Хүн хүсч, хичээх л юм бол амжилт, карьерь гэдэг зүйл эргээд олдохдоо маш хурдан. Амжилт, албан тушаалыг резинэн бөмбөлгөөр төсөөлж болно. Харин резинэн бөмбөлгийг унагахад эргээд ойгоод ирдэг зүйл гэж л ойлгох хэрэгтэй. Харин шилэн бөмбөлгийг газар унагавал эргээд хэзээ ч өмнөх шигээ эвлэхгүй сорвитой үлдэнэ. Гэр бүл яг үүн шиг ойлголт юм. Энэ хоёрын хамгийн үнэ цэнэтэйгээ хамгаалж бид амжилт руу тэмүүлэх ёстой. Амжилт гэдэг бол баян тарган, гоё машинтай, том захирлыг хэлэхгүй шүү дээ. Амжилт гэдэг бол хэр олон хүний амьдралыг өөрчлөхөд нөлөөлж чадсанаар илэрхийлэгддэг гэж боддог.
Нөхөр тань “The Voice of Mongolia” шоунд ороход мэдээж сэтгэл догдлон харж байсан болов уу?
Хүн ер нь хамгийн сайн чаддаг зүйлээ хийхдээ л аз жаргалыг мэдэрдэг. Манай нөхөр өөрөө дуучин биш, эдийн засагч мэргэжилтэй. Гэхдээ дуулах нь түүний унаган авьяас учраас би биширдэг. Энэ авьяасаараа аз жаргалыг мэдэрч, амьдралыг өөр өнгөөр будаж байгаа юм. Шоуны үеэр нөхөр маань гэр бүлдээ маш их баяр баяслыг авчирч байсан. Би нөхрийнхөө дуртай зүйл, сонирхлыг дэмжихийг хүсдэг, цаашид ч дэмжсээр байх болно. Шаардлагатай гэвэл бууг нь цэнэглээд ард нь байж байх чадал надад байгаа. Миний бодлоор эрэгтэй хүн эмэгтэй хүнийг хайрлахдаа мөхөөлгөхгүй, бөхийлгөхгүй зорилго, хүсэл мөрөөдлийг нь дэмжиж, урам өгч чаддаг байвал жинхэнэ эр хүн. Эхнэр тань сайн найз, хамтран ажиллагч, бүх зүйлээ хуваалцагч байх ёстой. Тэгэхээр эмэгтэй хүнийг аз жаргалтай болгодог зүйлийг нь хүлээн зөвшөөрч байж гэр бүл өөрөө бат тогтоно. Эхнэр хүн дандаа нөхрийн ард нуугдах ёсгүй. Хайрыг өмчлөхгүй эр хүнийг л би “жинхэнэ нөхөр” гэж боддог. Хайрыг өмчлөх л юм бол эхнэрээ алтан торонд хийсэн бялзуухай болгосноос өөрцгүй.
Та кинонд дүр бүтээж байв уу?
Би 3-4 кинонд оролцож байсан. Түүнийгээ кинонд тоглосон гэж хэлэхгүй. Кинонд тоглох гэдэг чинь өөрөө бүхэл бүтэн дүрийг амилуулна гэсэн үг юм билээ. Надад ихэвчлэн орчин үеийн киноны санал ирдэг учраас миний хүссэнд арай нийцэхгүй байгаа юм. Би түүхэн киноны эмэгтэйн дүрд оролцож үзэхийг хүсдэг. Энэ нь миний хувьд үр хүүхдүүддээ гайхуулж, үлгэр жишээ болоход тод жишээ болно.
-Таны хувьд хүүхдийнхээ хүмүүжилд хэрхэн анхаардаг вэ?
-Би хүүгээсээ хэлсэндээ хүрдэг байхыг шаарддаг, мөн зөв үлгэрлэхийг хичээдэг. Хамгийн гол нь хүүхэд тань юу хүсээд байгааг анхаарч сонсож, ярилцах шаардлагатай. Хэрэв хүүхдээрээ хүсээгүй зүйлийг нь хийлгэвэл эргээд сэтгэл зүйн дарамт болох эрсдэлтэй. Иймээс аль болох хүүгээ сонсож, ярилцахыг эрхэмлэдэг. Манай гэр бүлийн хувьд аливаа асуудлыг ярилцсаны үндсэнд шийддэг. Бид хоёр нийлж байгаад сул үггүй, цэгцтэй, энгийнээр ярилцаж аливаа учрыг хүүдээ ойлгуулахыг эрмэлздэг юм.
Бусдад тусалснаар хүн өөртөө сэтгэлийн аз жаргалыг бий болгодог. Таны хувьд үүнийг юу гэж боддог вэ?
Хүнийг өнгөрснөөр нь дүгнэх биш, ирээдүйд юу хийж чадах вэ гэдгээр нь харж, харьцах хэрэгтэй. Андра академийн хувьд нийгмийн хариуцлагын үүднээс тусгай сургуулийн хүүхдүүдийг сургалтандаа үнэгүй хамруулах, хүүхдийг ивээх сангуудтай хамтарч ажиллаж өөрсдийнхөө дуу хоолойгоор дамжуулаад бусдад урам зориг, үлгэрлэлийг өгдөг. Яг одоогоор хүүхдийг ивээх сантай хамтарсан ажлууд маань эхэлчихсэн явж байгаа. Заавал бусдад зарлаж мэдээлснээр тэр сайн үйлс болдоггүй. Хэн нэгний төлөө л хийж байгаа бол энэ нь том жижиг хамаагүй.
-Эмэгтэй хүний мөн чанарыг өөрийнхөөрөө тодорхойлбол?
-Ер нь эмэгтэй хүн ухаантай байхад гоо сайхан, авьяас ур чадвар дагаад ирдэг. Ухаалаг эмэгтэй ар гэр, ажил албаа амжилттай авч явдаг болов уу. Гэхдээ бусад эмэгтэйг ухаангүй гэж байгаа юм биш. Хүн ар гэрээ яаж авч явах нь тухайн хүний л шийдвэр, хувь хүний асуудал шүү дээ. Бид нар бусдын шийдвэрийг няцаах эрхгүй. Тйимээс өөр дээрээ л анхаарах нь чухал. Би өөрөө ухаантай байвал ар гэр, ажил амьдрал маань зөв голдиролдоо хөгжинө гэж боддог.
П.САЙНЖАРГАЛ
С.ОТГОНГЭРЭЛ