Categories
мэдээ цаг-үе

Б.Пүрэвсүрэн: Шүүхэд хандаж буй нийт хүмүүсийн 33 хувь нь улс төрийн өндөр албан тушаалтан байна

Глоб Интернэшнл төвийн хуульч Б.Пүрэвсүрэнтэй ярилцлаа.


-Монгол Улсын үндсэн хуульд үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг тусгасан байдаг. Тэгвэл энэ эрхээ олон нийтийн сүлжээгээр дамжуулан эдэлснийхээ төлөө байцаагдаж шалгагдаж яваа жишээ бий?

-Энэ эрх чөлөөг 1992 оны Үндсэн хуульд зааж, баталгаатай эдлэх эрх, эрх чөлөө болгон хуульчилсан. Гэхдээ хүмүүс юу дуртайгаа ярьж, хэвлэн нийтэлж, үзэл бодлоо илэрхийлж болохгүй учир Үндсэн хуулийн 19.3 дугаар зүйлээр хязгаарладаг. Тодруулбал, Хүн эрх, эрх чөлөөгөө эдлэхдээ үндэсний аюулгүй байдал, бусад хүний эрх, эрх чөлөөг хохироож, нийгмийн хэв журмыг гажуудуулж болохгүй учир аливаа мэдээллийг үндэслэлгүйгээр цацах нь хязгаарлалтад багтаж болно. 2015 онд НҮБ-аас Монгол Улсын Засгийн газарт өгсөн 64 зөвлөмж байдгаас үүний найм нь үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөтэй холбоотой. Үүнд хүнийг гүтгэх, доромжлох асуудлаар эрүүгийн хариуцлага хүлээлгэж хэрхэвч болохгүй тухай заасан. Тэр дундаа хорих ялын санкци байж болохгүй, харин Иргэний хуульд нийцүүлэн зохицуулах нь зүйтэй гэдэг зөвлөмж өгсөн. Ингээд 2017 оны долдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн мөрдөгдөж эхэлсэн Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгаар худал мэдээлэл тараах ойлголт болон гүтгэх, доромжлох зүйл заалтыг хүчингүй болгож байв. Гэвч УИХ-аас Худал мэдээлэл тараахыг гэмт хэрэгт тооцохоор 2020 оны нэгдүгээр сарын 10-ны өдөр хуульчилсан.. Тухайн хуулийн төсөл нь батлагдахаас өмнө буюу хэлэлцүүлгийн шатанд төслийн 13.14 дүгээр зүйлийн доор“Энэ хэргийн улмаас төрийн байгууллага, улс төрийн албан тушаалтан гомдол гаргах эрхгүй” гэсэн тайлбар байсан. Өөрөөр хэлбэл, улс төрийн өндөр албан тушаалтан гомдол гаргах эрхгүй гэсэн нь олон улсын хэм хэмжээ, зөвлөмжид нийцсэн хуулийн тайлбар юм. Энэ тайлбар маш хэрэгтэй байсан ч энэ оны нэгдүгээр сарын 10-ны өдөр батлагдсан УИХ-аар үүнийг хүчингүй болгосныг “хуулийн амин сүнсгүй” нийгмийн хэрэгцээ, шаардлагад төдийлөн нийцээгүй заалт болсон гэж хэлж болно.

-Гүтгэх, доромжлохтой холбоотой гомдлыг ихэвчлэн ямар хүмүүс өгдөг талаар судалгаа бий юү?

-Глоб Интернэшнл төвийн судалгаагаар гүтгэх, доромжлохтой холбоотойгоор цагдаа, хууль хүчний байгууллага, иргэний хэргийн шүүхэд хандаж буй нийт хүмүүсийн 33 хувь нь улс төрийн өндөр албан тушаалтан байна. Тодруулбал, гурван хэрэг тутмын нэг нь гэсэн үг.

-Улс төрийн зүтгэлтнүүд иргэддээ гомдол үүсэх нь бусад улс орнуудад ямар байдаг вэ?

-Гомдол гаргах эрхгүй этгээд буюу public figure буюу монголоор орчуулбал, “олон нийтийн зүтгэлтэн” гэсэн ойлголт байдаг. Өөрөөр хэлбэл, дэлхийн зарим оронд улс төрийн албан тушаалтан нь иргэндээ гомдол гаргах эрхгүйгээр хуульчилсан жишиг бий. Тэгэхээр хуулийн амин сүнсээ буюу нэмэлт тайлбарыг авчихсанд гол учир нь байгаа юм. Үүнийг нь хасчихсан учраас худал мэдээлэл тараасан үндэслэлээр, төрийн байгууллага болон улс төрийн албан тушаалтан нь Эрүүгийн хэрэг үүсгэхээр гомдол гаргах бололцоотой болчихсон. Одоо УИХ-ын гишүүн Б.Энхбаяр, Б.Жаргалмаа, М.Оюунчимэг нар хамтраад Эрүүгийн хуулийн 13.14 дүгээр заалтад нэмэлт тайлбар хийхээр наймдугаар сарын 28-ны өдөр хуулийн төсөл санаачилсан байна лээ.Гэхдээ энэ жилийн УИХ-ын намрын чуулганаар нэр бүхий гишүүдийн санаачилсан хуулийн төсөл батлагдвал одоо маргаан дагуулаад буй төрийн байгууллага болон улс төрийн өндөр албан тушаалтан гомдол гаргах эрхгүй болох юм.

Мөн худал мэдээлэл гэдэгт юуг хамруулах вэ гэдгийг тодорхойлохгүйбол тухайн хэрэг маргааныг шийдвэрлэхэд асуудалтай. Хэрэг шалгаж буй цагдаагийн албан хаагч прокурор нь ч юмуу өөрийн дур зоргоор, хүссэнээрээ энэ нь илт худал юм байна шүү гэсэн үзэмжээр яллах болчоод байгаа юм. Энэ чиглэлээр ажилладаг иргэний нийгмийн байгууллагууд хуулийн төслийн тайлбартай холбогдуулан саналаа хэлэхээр төлөвлөөд байна.

-Энгийн иргэд өөрсдийнхөө фэйсбүүк хаягт сэтгэгдлээ бичсэнийхээ төлөө байцаагдаж, шүүгдсэн тохиолдол хичнээн байна вэ?

-Өмнө нь онолын хувьд өөр гүтгэх, доромжлох гэдэг хоёр өөр ойлголтыг ялгаж салгахгүйгээр нэг заалтад багтаан Зөрчлийн хуулийн 6.21 дүгээр зүйлээр зөрчлийн хэрэг үүсгээд хоёр саяын торгууль оногдуулж байв. Манай байгууллагад Цагдаагийн ерөнхий газрын мэдээлэл, дүн шинжилгээний хэлтсээс ирүүлсэн мэдээлэлд Зөрчлийн хуулийн Гүтгэх заалт хэрэгжиж байсан хугацаа болох 2017 онд 27, үүнээс сэтгүүл нэг, 2018 онд 111, үүнээс сэтгүүлчтэй холбоотой нь 16, 2019 онд 122, сэтгүүлчид 15, 2020 оны нэгдүгээр сарын 10-ны өдрийг хүртэлх хугацаанд дөрвөн зөрчлийн хэрэгт тус бүр хоёр саяын торгуулийн шийтгэвэр оногдуулсан мэдээлэл ирүүлсэн. Зөрчлийн хуулиар торгуулсан хоёр сая төгрөг тухайн хохирсон гэх иргэнд очихгүйгээр төрийн дансанд ордог онцлогтой. Товчхондоо, төр иргэдийн хоорондох маргаан дундаас мөнгө хийдэг тогтолцоо гэж хэлж болох юм. Тэгэхээр зөрчил, Эрүүгийн хуульд орсноороо тухайн хохирсон буюу гүтгүүлсэн хүн хохиролоо мөнгөн төлбөрөөр авч чадахгүй юм. Иймд зөрчлийн хуулиар цаашид шийдэх боломжгүй юм байна гэсэн дүгнэлтэд хүрээд өөрчилсөн хэрэг. Мөн цахим орчинд үзэл бодлоо илэрхийлж буй асуудлыг Юнеско-гийн тодорхойлолтоор чөлөөт илэрхийллийн орон зай гээд зарлачихсан.

-Эрүүгийн хуулийн 12.5 дугаар зүйлд 14-16 насны хүүхдийг хүчирхийлсэн тухайд торгууль нь бага байна гэсэн асуудал бий?

-Энэ талын судалгаа дагнан хийдэггүй хүний хувьд хувь хуульчийнхаа үзэл бодлыг илэрхийлэх нь зүйтэй болов уу. Эрүүгийн хуулийн 12.5 дугаар заалт нь16 насанд хүрээгүй хүнтэй бэлгийн харьцаанд орохыг гэмт хэрэгт тооцох заалт юм.Энэхүү заалт хуучин мөрдөгдөж байсан 1986, 2002 оны Эрүүгийн хуульд ч байсан шүү дээ. Мөн ямар тохиолдолд гэмт хэрэг гэж үзэхийг хуульд тодорхой заасан. Тухайлбал, торгуулийн хэмжээг тавиад, хорих ялын санкци буюу нэг жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэлтэй. Хүнийг бие физиологийн хувьд бүрэн төлөвшөөгүй байхад нь бэлгийн харилцаанд хэдий сайн дурын үндсэн дээр тохиролцсон ч нийгмийн хор уршиг ихтэй гэдэг үүднээс хуулиар хязгаарлаад гэмт хэрэг гэж тооцоод буй. Гагцхүү эл заалтыг иргэн хүн зөв, буруу гэж үзэл бодлоо илэрхийлэх нь нээлттэй. Өөрөөр хэлбэл, цахим орчин эсвэл хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан үзэл бодлоо илэрхийлэх нь хэнд ч нээлттэй. Зүгээр л хуультай санал нийлэхгүй байна гэсэн иргэний шүүмж гэсэн үг.

-Энгийн иргэн үзэл бодлоо илэрхийлэх эрхээ эдэлсний төлөө цагдаагийн байгууллагад дуудсан тохиолдол хэд байна?

-Эрүүгийн хуульд орсон болохоор энэ талаарх гомдол мэдээллийг цагдаагийн байгууллага шалгах үүрэгтэй. Миний бодлоор үүнийг иргэний журмаар шийдэх боломжтой гэж үздэг. Иргэний хуулийн 491, 21, 511 зэрэг нэр төр алдар хүндийн гэм хорын хохирлын заалт байдаг. Үүгээр шийдвэл тухайн хүн би энэ мэдээ, энэ хүний үзэл бодлоос болж цалингаа авч чадаагүй, эсвэл ажил үүргээ гүйцэтгэх боломжгүй боллоо, сэтгэл санааны хохирол учирлаа гэх зэргээр хохирлоо тодорхойлж, иргэний хэргийн шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргах бүрэн боломжтой.

Эрүүгийн хуулийн 13.14 Гүтгэх заалттай холбоотойгоор шийдэгдсэн анхны тохиолдол энэ хавар дөрөвдүгээр сард гарсан. Тодруулбал, Хөвсгөл аймгийн сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс иргэнийг аймгийн зарын групп дээр цагдаагийн албан хаагчид ковидын үеэр ажиллаж буйтай холбогдуулан үзэл бодлоо илэрхийлснийг шүүхээс гэм буруутай гэж үзээд 550.000 төгрөгөөр торгох шийдвэр гарсан байна лээ.

-Хуулийн тайлбарыг хассан болохоор эрх зүйн орчин нь бүрдээгүй гэсэн үг үү?

-Хэрэв нэгдүгээр сарын 10-нд батлагдсан хууль маань тайлбартай батлагдсан байсан бол улс төрийн өндөр албан тушаалтан өнөөдөр гомдол гаргахгүй эрхгүй байлаа. Энэ нь өөрөө маш том давуу талыг олгож байсан. Үнэндээ улс төрийн өндөр алба хашна гэдэг чинь өөрөө иргэдээс ирэх шүүмжийг хүлээн зөвшөөрөөд олон нийтийн өмнө гарч, иргэдийн шүүмжлэлд хүлцэнгүй байна гэдгээ зөвшөөрч буй хүний хийж байгаа алхам. Хэрэв төрөлхөөс заяасан эрхтэй, хааны удмын ч юм уу хүмүүст энийг хязгаарладаггүй. Мэдээж тэр хүн эцэг эхээ өөрөө сонгож төрөөгүй учраас арай өөр болоод явчихна. Харин улс төрийн албан тушаалтан өөрөө хүсч байгаа учраас олон нийтийн шүүмжид хүлцэнгүй байх ёстой нь үүрэг юм.

-Төрийн өндөр албан тушаалтан нь үзэл бодлоо илэрхийлсний төлөө байцаадаг байдал гадаадад ямар байдаг. Жишиг болсон улс орныг мэдэх үү?

-Эрх зүй нь өндөр хөгжсөн орнуудад “олон нийтийн зүтгэлтэн” гэдэг ойлголтыг гаргаж ирээд тусгасан байдаг. Тэр жишгээр Монгол сайн жишгийг нь авах гээд байна шүү дээ. Тэр дундаа олон нийтийн зүтгэлтэн, улс төрийн өндөр тушаалтан, аливаа төрийн байгууллагыг хамаатуулахгүй байя гэсэн дээр санал нэгдээд байгаа.Сонирхуулахад, ОХУ-д гүтгэх үйлдлийг 2011 онд Эрүүгийн хуулиас хасан захиргааны зөрчил шалган шийдвэрлэх журмаар хянах болсон ч жил хүрэхгүй хугацаанд Эрүүгийн хуульд буцаан оруулах болсон.

Манай байгууллагад үзэл бодлоо илэрхийлэх эрх нь зөрчигдсөн гэх иргэн хандан өмгөөллийн туслалцаа хүссэн. Тухайн иргэний холбогдсон асуудал дээр гомдол гаргагч нь Хууль зүй, дотоод хэргийн сайд байгаа юм байна лээ. Гэтэл сайд маань өнгөрсөн оны аравдугаар сард Монголын Хэвлэлийн зөвлөлөөс санаачилдаг “Ёс зүйн форум”-доролцохдоо “Миний нэр дээр цагдаагийн байгууллагад өргөдөл гомдол явж байвал би яг энэ цаг мөчөөс татаж авна” гэж өөрөө хэлсэн байдаг.Цаашид ч иймэрхүү асуудал өргөдөл, гомдол гаргахгүй гэсэн санаа нь цухалзаж байсан шүү. Түүний ийнхүү олны өмнө өгсөн амлалт болох бичлэг одоо ч хадгалагдаж байдаг байлгүй дээ.

П.САЙНЖАРГАЛ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *