Дэлхийн II дайны үед эх орноо төлөөлөн Монголын ард түмний бэлгийг фронтод хүргэлцэж явсан “Фронт” С.Цэгмидийг Цэргийн гавьяаны одонгоор шагнажээ. Хүндэт цол тэмдгийг нь Батлан хамгаалах яамны Захиргаа хэлтсийн дарга хурандаа н.Эрдэнэ-Очир, Дундговь аймгийн Засаг даргын тамгын газрын Цэргийн штабын тоо бүртгэлийн офицер, дэд хурандаа Г.Цэрэндолгор нарын төлөөлөл хүрэлцэн ирж, гардуулсан байна.
Батлан хамгаалах яамны төлөөлөл өнгөрөгч тавдугаар сард нутагт нь очиж, “Ахмад дайчин” цол тэмдгээр шагнаж байсан юм.
“Фронт” хэмээн олонд алдаршсан С.Цэгмид нь Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын уугуул. Өдгөө 98 настай тэрбээр хөдөө нутагтаа үр ач нараа тойруулан, мал маллах арга ухаанаа зааж сурган, оюун саруул, энх тунх аж төрж сууна.
Түүнд Ялалтын баярын 75 жилийн ойг тохиолдуулан ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин зарлиг гаргаж, Монголын ард түмэн Дэлхийн хоёрдугаар дайны хүнд үед тусламж үзүүлснийг үнэлж, Төрийн дээд шагнал Бүх ард түмнүүдийн найрамдлын одонгоор мөн шагнасан билээ.
Энэхүү шагналыг Монгол Улс дахь ОХУ-ын Элчин сайдын яамны албан хаагчид дөрөвдүгээр сарын 18-нд нутагт нь очиж, гардуулан өгсөн талаар бид мэдээлсэн. Тэрбээр “Уранхай шинельтэй, уранхай бакал”-тай өрөвдмөөр цэргүүд гардан байлдаж, урагш давшиж байсан. Газар дор нуувчинд төмөр орон дээр өвс зулаад, дээр нь цагаан даавуу, нэг шинель хаячихсан тийм орон дээр 7-8 хонож, бэлгээ тараасан. Монголынхоо эмэгтэйчүүд, залуучуудыг төлөөлж, фронтод буу дуугаргаж, их буугаар буудаж үзсэн. Мөн Монголын ард түмний сэтгэлийн хандиваар бүтсэн 40 гаруй танкийг хүлээлгэж өгөхөд оролцон, Дундговь аймгаа төлөөлж үг хэлж байлаа” хэмээн нэгэн яриандаа дурджээ.