Өнөөдөр улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр. Төр засгийн удирдлагууд энэ өдөр өнгөрсөн зуунд олон мянгаараа хэлмэгдсэн иргэдээ хүндэтгэн дурсаж, Монголын үндэсний түүхийн музейн өмнөх хэлмэгдэгсдийн хөшөөнд цэцэг өргөдөг. Өнөөдөр ч тэр жишгээ дагах байх. Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд зэрэгцэж зогсоод хэлмэгдэгсдийг хүндэтгэхдээ өдгөө ч улс төрийн хилс хэлмэгдэл үргэлжилсээр байгааг сөхөж ярих болов уу. 1937 онд хувьсгалын эсэргүү гэж лам, сэхээтнүүдээ өчнөөнөөр нь барьж хорьж, хороосон түүх энэ цагт арай өөр өнгөөр үргэлжилж буй нь нууц биш. Өнгөрсөн зууны хэлмэгдлийн жилүүдэд яам, засгаас шууд тогтоол гаргаж барьж хорьдог байсан бол шинэ цагийн хэлмэгдүүлэлт огт өөр эхлэлтэй. Улс төрийн шалтгаанаар онилсон хүнээ эхлээд сошиалаар муу муухай гэж харлуулж цоллоно. Улсын хөрөнгө идсэн уусан, завшсан, муусайн баячууд гэсэн ойлголтыг цахим ертөнцөөр дамжуулж олонх иргэдэд өгчихөөд өнөөхийг нь АТГ, прокурор шалгаж, Шүүх алх тогшчихдог явдал бараг л жишиг болчихсон гэхэд хэтрүүлсэн болохгүй. Нэгэнт нийгмийн сэтгэл зүйг бэлдчихсэн учраас шүүгдэж хоригдсон улстөрчдийг “муусайн луйварчдыг хорьсон нь болсон юм” гэж буруутгах сэтгэл зүй иргэдийн дунд давамгайлж байгаа нь бас нүдэнд ил үнэн. Шүүх ҮАБЗ-ийн хараа нөлөөнд орчихсон учраас улс төрөөс хараат болчихсон гэх шүүмжлэл өнөө ч хүчтэй байгаа.
Өнгөрсөн жил Ерөнхийлөгчийн санаачилсан хуулиар ҮАБЗ шүүгчийг хугацаагүй түдгэлзүүлэх, ерөнхий шүүгчийг огцруулах зөвлөмж гаргавал Шүүхийн ерөнхий зөвлөл санал болгож Ерөнхийлөгчид өөрт нь уламжилдаг болчихсон. Хуульч О.Мөнхсайхан “Энэ зөвлөмжид үндэслэл дурдахыг ч хууль шаардаагүй нь шүүгчдэд том айдас үүсгэчихсэн. Хэрвээ энэ хүчтэй институтээс ямар нэг зүй бус нөлөө ирэхэд үгүй гэж хэлэх юм бол Ерөнхийлөгчийн өөрийнх нь тэргүүлдэг ҮАБЗ-өөс өөрийнх нь томилсон Ерөнхий зөвлөлд зөвлөмж очоод улмаар Ерөнхийлөгчид өгч хугацаагүй түдгэлзүүлчихнэ, огцруулчихна” гэж онцолсон нь бий. Товчхондоо ҮАБЗ-ийн шууд нөлөөнд орчихсон шүүх улстөржсөн шийдвэр гаргахаас аргагүй байдалд хүрчихсэн гэсэн үг.
Яг ийм өнгөөр шил дараалж өрнөсөн шүүх хурлуудын дараа Ерөнхий сайдтай тэрсэлдсэн, Ерөнхийлөгчийн дургүй улстөрчид, эсвээс эрх барьж буй намын хүчтэй өрсөлдөгч болж сонгуульд өрсөлдсөн АН-ын гишүүд торны цаана сууж байна. Дубайн гэрээ гэх сүржин тодотголтой хэрэг үүсгэж Да.Ганболд, Б.Ариунсан, Б.Бадрал, Б.Бямбасайханыг, Оюу толгой, хувьцаа, үндэслэлгүй хөрөнгөжсөн гэх мэт буруутгалаар С.Баярцогтыг, арилжааны банкаар дамжуулж өндөр хүүтэй зээл гаргалгүйгээр жирийн иргэдэд бага хүүтэй зээл авах боломж олгосных нь төлөө Н.Номтойбаярыг хэрэгтэн болгочихоод байгаа. Онцлоод хэлэхэд, Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж явсан гурван ч хүн өнөөдөр торны цаана сууж байна. Оюу толгойн хөрөнгө оруулалтын гэрээг баталж, тахлын үед ганц нүүр тахалж яваа мега төслийг хөдөлгөсөн С.Баяр, мега төсөл, төмөр зам дээр бодитой гаргалгаа гарц шийдэл ярьдаг М.Энхсайхан, нийгмийн халамжийн чиглэлийн бодлогоороо бусад Ерөнхий сайд нараасаа ялгардаг Ж.Эрдэнэбат нарын шүүх хурал дээр хэлсэн үгийг манай сонин өмнө нь онцлон нийтэлж байсан юм. С.Баяр шүүх хурал дээр “Намайг заавал Оюу толгой төсөлтэй холбох, чингэхдээ заавал буруу гараар бусармаг аргаар холбоотой гэж нотлох гээд байгаа нь манай Монголын өнөөгийн бохир улс төртэй шууд холбоотой… Оюу толгой төслөөс улбаатай энэ хэргийг битгий улстөржүүлээсэй. Тулга тусгаар Монгол Улсын хуулийн дагуу шударгаар шийдээсэй гэж чин сэтгэлээсээ хүсч байна” гэсэн бол Монгол Улсын Ерөнхий сайд асан М.Энхсайхан шүүх хурлын төгсгөлд үг хэлэхдээ “Сүүлийн үед Монголд болж байгаа үзэгдэл их аюултай. ҮАБЗ нэрээр шүүхийн бие даасан хараат бус байдлыг эвдэж эхэлсэн… Би Монголд авторитар дэглэмийн үр хөврөл ҮАБЗ гэдэг нэрийн дор бойжиж эхэлснийг эсэргүүцэж байна. Өөрөөр хэлбэл, энэ бүх алхам ардчиллын эсрэг хийгдэж байгаагийн эсрэг байна” гэж онцолсон юм. Харин Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбат шүүх хурлын үеэр “Шударга үнэний баталгаа байх ёстой шүүх өнөөдөр Үндсэн хууль, манай улсын нэгдэн орсон олон улсын гэрээ конвенц, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчиж өмгөөлүүлэх, хууль зүйн мэргэжлийн туслалцаа авах эрхийг маань хууль бусаар хязгаарлаж, намайг өмгөөлөгчгүйгээр шүүж байгаа нь 1992 оноос хойш Монгол Улсын шүүхийн түүхэнд гарч байгаагүй харамсалтай үйл явдал болж байна” гэх мэтээр шүүх рүү чиглэсэн шүүмжлэлүүд хэлж байв.
Бид өдгөө торны цаана суугаа гурван улстөрчийн өмгөөлөгчдөд хандсан юм. Эхлээд хандсан өмгөөлөгч маань Ерөнхий сайд асан М.Энхсайханыг өмгөөлж буй Д.Оросоо. Дараа нь хандсан өмгөөлөгч маань Монгол Улсын тэргүүн Шадар сайдаар ерээд оны эхэнд ажиллаж байсан Да.Ганболдын өмгөөлөгч Б.Баяраа. Хоёр хоногийн өмнө давж заалдах шатны шүүх хурал нь болж, давж заалдах шатны шүүхээс ялыг нь хэвээр үлдээсэн Н.Номтойбаярын өмгөөлөгч Ц.Одонтунгалагийн байр суурийг бас сонссон юм. Сая онцолсон гурван өмгөөлөгчид “ҮАБЗ-ийн хэт нөлөөнд орчихсон учраас шүүх хараат, илт улстөржсөн шийдвэр гаргаад байна. Шүүхийн хараат бус байдал алдагдсан гэх шүүмжлэлд та ямар тайлбар өгөх вэ. Таны өмгөөлсөн хүнд шүүх илт шударга бус хандсан уу” гэсэн асуулт тавьж хариу авснаа уншчигчдадаа хүргэе.
М.ЭНХСАЙХАНЫ ӨМГӨӨЛӨГЧ Д.ОРОСОО: ОРЧИН ҮЕИЙН УЛС ТӨР, ЭРХ ЗҮЙН ХЭЛМЭГДҮҮЛЭЛТ БОЛЖ БАЙНА
Шүүх бие даасан хараат бус ажиллаж байж шударга ёсыг тогтоох ёстой. Харамсалтай нь ҮАБЗ-ийн зөвлөмжөөр шүүх, шүүгчийн бүрэн эрхэнд халдах хуулийн зохицуулалт орсон нь шүүхийн хараат бус байдалд сөргөөр нөлөөлж байна. Шүүх хараат бус байх баталгаагаа алдаж байна. Зүй нь Монголын шүүх Үндсэн хуульд заасанчлан бие даасан, хараат бус байх зайлшгүй шаардлагатай. Монгол Улсын иргэний шударгаар шүүгдэх эрх гэж бий. 1937 оны түүхийг сөхөөд харахаар иргэний шударгаар шүүгдэх эрх гэдэг зүйл үгүй болчихсон учраас олон хүн хилсээр хэлмэгдсэн байдаг. Тэр үеэс хойш хэдэн арван жилийн дараа Монголын төр тухайн цагт шүүх шударгаар шүүгээгүй юм байна гээд иргэдээ цагаатгасан. Миний үйлчлүүлэгч М.Энхсайхан гэж хүний хувьд шударгаар шүүгдэх хуулийн эрхтэй. Гэвч тэр эрх нь хэрэгжиж чадсангүй. Шударгаар шүүгдэж чадахгүй байна. Жишээ нь, машины үнэлгээ хийсэн шинжээч “Алдаатай дүгнэлт гаргачихлаа. Дахин үнэлгээ хийе” гээд байхад шүүх хүлээж авахгүй байна. Энэ бол шударгаар шүүгдэх эрхийг нь хангахгүй байгаагийн наад захын тод жишээ. Үүнээс гадна байгуулаагүй гэрээтэй холбогдуулж буруутгаж байна. УИХ-д Засгийн газраас Таван толгойн төсөлтэй холбоотой тогтоолын төслийг өргөн мэдүүлсэн. Тухайн үеийн Ерөнхий сайд Ч.Сайханбилэг гэдэг хүн гарын үсгээ зураад, тамгаа дараад УИХ-д өргөн мэдүүлсэн. Тогтоолын төсөл өргөн мэдүүлсэн гэж шалгаж байгаа бол М.Энхсайханыг биш, тухайн төслийг өргөн мэдүүлсэн Ерөнхий сайдыг нь шалгах ёстой. Гэтэл Ерөнхий сайдын үйлдлийн төлөө манай үйлчлүүлэгчийг буруутгаж байна. Хэн нэг хүний үйлдлийн төлөө өөр хүнийг яллаж болох уу. Дахин тодотгоход нэг үйлдлийн төлөө хоёр зүйл ангиар яллаж байна. Дээр нь нэмээд эрх мэдлээ урвуулан ашигласан гэж яллаж байгаа. Бас хорлон сүйтгэхийг завдсан гэж яллаж байна. Ингээд харахаар энэ бүхнийг шударга ёс гэж хэлэхэд хэцүү. Би хувьдаа үүнийг орчин үеийн улс төр, эрх зүйн хэлмэгдүүлэлт гэж хэлнэ.
ДА.ГАНБОЛДЫН ӨМГӨӨЛӨГЧ Б.БАЯРАА: УЛСТӨРИЙН ШИНЖТЭЙ ХЭЛМЭГДҮҮЛЭЛТ ГЭЖ ХАРАХААС ӨӨР АРГА АЛГА
ҮАБЗ-ийн шийдвэрээр шүүгчийг түдгэлзүүлнэ гэдэг бол шүүх хараат болж байгаагийн маш том шалтгаан. Энэ шийдвэр 2019 онд гарсан. Ийм өөрчлөлт хуульд орсон нь шүүхээс улс төрийн шинжтэй шийдвэр гарах үндэс болж байна. Үүний дараа 2020 оны нэгдүгээр сарын 10-ны өдөр Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан. Товчхондоо эрүүгийн хуулийн эрх зүйн байдлыг дордуулах замаар буцаан хэрэглэдэг болсон. 1960 онд социалист Орост ийм зүйл болж байсан л даа. Тэр явдлаас хойших хоёр дахь тохиолдол нь Монголд гарч байна гэсэн үг. Өөрөөр хэлбэл, хуулиа буцаах замаар зарим төрлийн гэмт хэргийг дахин нэхэж ял оноодог замаар явж байна. Оюу толгой, Дубайн төлөвлөгөөний тухайд бол Оюу толгойг огт оролцуулахгүй шийдэж байгаа гэсэн асуудал бий. Үүнээс гадна УИХ, Засгийн газар, Ерөнхий сайдаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлсэн хэрэгт хэд хэдэн хүнийг яллаж байгаа. Үүрэг даалгавар өгсөн Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг эзгүйд даалгаврыг нь биелүүлсэн хүмүүст ял өгч байгаа нь нөхцөл байдлын хувьд ноцтой зөрчил. Манай үйлчлүүлэгчийн тухайд 2002 оны Эрүүгийн хуулийн 263-т зааснаар ял шийтгэсэн. Энэ бол материаллаг бүрэлдэхүүнтэй буюу бодит мөнгөн хохирол шаарддаг гэмт хэрэг. Хохирлыг нь нотлохгүйгээр урьдчилаад ял өгнө гэдэг бол шүүхийн хувьд маш бүдүүлэг алдаа. Зүй нь бодит хохирлыг нь тогтоосны үндсэн дээр зүйл ангиар ял шийтгэл өгөх хэрэгтэй. Хуулийн үндэслэл нь ийм. Ингээд харахаар хэрэг шийдсэн байдлыг цэвэр хэлмэгдүүлэлт явагдаж байна гэж харахаас өөр арга байхгүй. Миний хувьд давж заалдах шатны шүүхэд гомдлоо гаргачихсан. Өөрөөр хэлбэл, бид өнөөг хүртэл шүүхэд итгэж байна л гэсэн үг. Итгэхгүй ч гээд яах билээ. Эцсийг нь хүртэл явна. Өмнөх улс төрийн шинжтэй хэргүүдийг харахад нааштай юм харагдахгүй л байна. Дүлий дүмбэ царайлаад алхаа цохиод байна шүү дээ. Хэлмэгдүүлэлт үргэлжилж байна.
Н.НОМТОЙБАЯРЫН ӨМГӨӨЛӨГЧ Ц.ОДОНТУНГАЛАГ: ХЭРЭГ ШИЙДДЭГ БАЙДАЛ ЭНЭМАЯГААР УДААН ҮРГЭЛЖИЛБЭЛ ШҮҮХИЙН ДАРХЛАА УСТАНА
Шүүх шударгаар шийдэж чадахгүй байна. Н.Номтойбаярыг сонгуулиас өмнө тавдугаар сарын 28-ны өдөр, сонгогчийн үнэмлэхээ авахаас нь өмнө хорьсон. Сонгуулын сурталчилгааны 22 хоногийн хугацаанд суртчилгаагаа нээж, хаах боломж ч олдоогүй. Тавдугаар сарын 28-нд цагдан хоригдохоос эхлээд л энэ хүний үндсэн эрх, халдашгүй дархан эрх нь зөрчигдөж эхэлсэн. Сонгуулийн суртчилгаагаа хийж, мөрийн хөтөлбөрөө танилцуулах ямар ч боломжгүй учраас өмгөөлөгчийн хувьд цагдан хорих байранд өглөө, оройдоо очиж чиглэл авах маягаар, тун хэцүү нөхцөлд ажилласан. Миний үйлчлүүлэгчийн хувьд Монголын шүүх хүний эрхэнд арай ч илт, улайм цайм халдахгүй байх гэсэн итгэл үнэмшилтэй байсан. Харамсалтай нь шүүх хэн нэгний нөлөөнд автсан гэх мэт ямар нэг шалтгаанаар хуулиас гадуур хандсан. Цагдан хорихгүйгээр сонгуулийн сурталчилгааг нь хийлгэх бүрэн боломж байхад шүүгч тэгээгүй. Миний хувьд шүүх хараат бус байх үндсэн мөн чанараа алдсан юм болов уу гэж харж байна. Монгол хориннэгдүгээр зууны ардчилсан улс. Гэтэл Монголын шүүх өмгөөлөгчийн үгийг авахгүй байна. Өмгөөлөгчгүй шүүх хурал хийдэг байдал даамжирчихлаа. Хүний эрхийг хамгаалдаг өмгөөлөгчдийг үл тоосон ийм нөхцөлд хүний эрх ярихад хэцүү. “Ковид-19” дэлхийг айлгаж байгаа. Манайх дотооддоо цар тахлын халдварыг алдаагүй гэсэн олзуурхал бий. Гэхдээ Монголын шүүхэд “Ковид-19” илэрчихээд байна. Өмгөөлөгчийн хувьд шүүхэд тахлын аюул нүүрлэчихсэн л гэж харж байна. Өмнө нь хэзээ ч хүний эрх ингэж зөрчигдөж байгаагүй. Хэзээ ч үзэл бодлоо илэрхийлэх эрхэд нь ингэж халдаж байгаагүй. Хэн нэгнээс хараат ч юм шиг том айдастай болчихлоо, Монголын шүүх. Хэрэг хийсэн хүн шийтгэл авах нь зүйн хэрэг. Гэвч Н.Номтойбаярын албан тушаалын гээд байгаа хэрэг нь үндсэндээ ямар ч хохирогчгүй. Албан тушаалаа урвуулан ашигласан зүйл байхгүй. Хар үгээр хэлбэл, арилжааны банкны өндөр хүүгүйгээр зээл авах боломжийг л бусдад олгосон. Өнөө зээл нь төлөгдөөд ямар ч асуудалгүй явж байгаа. Улстөрчийнх нь хувьд зүрхийг нь мохоож, аргыг нь барах гэсэн л арга харагдаад байх шиг. Хэрвээ хэрэг шийддэг явц энэ маягаар удаан үргэлжилбэл Монгол Улсын шүүхийн дархлаа бүрэн устана.
Э.АНХЗАЯА