Жил бүрийн есдүгээр сарын 10-ны өдрийг улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр болгон орон даяар хүндэтгэн өнгөрүүлж байх тухай УИХ-ын шийдвэр 1996 онд гарсан.
Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга, Улсын Их Хурлын дарга Гомбожавын Занданшатар нар өнөөдөр Хэлмэгдэгсдийн хөшөөнд цэцэг өргөлөө.
Хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэхээр ирсэн УИХ, Засгийн газрын гишүүд, улс төрийн намууд, төрийн болон төрийн бус байгууллагуудын төлөөлөл, иргэд энэ үеэр Хэлмэгдэгсдийн хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүлсэн юм.
МОНГОЛ УЛСЫН ЦАГААТГАХ АЖЛЫГ УДИРДАН ЗОХИОН БАЙГУУЛАХ УЛСЫН КОМИССООС МЭДЭЭЛСНЭЭР:
- Улс төрийн хэрэгт шийтгэгдсэн иргэдээс өнөөдрийн байдлаар нийт 31,314 иргэнийг цагаатгаад байна.
- Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн дагуу нийт 71 тэрбум 815 сая төгрөгийн нөхөх олговрыг цагаатгагдсан хэлмэгдэгч, түүний гэр бүл, үр хүүхэд, ач, зээ, ах, эгч, дүү, ач дүү, зээ дүү зэрэг 19,225 иргэнд олгоод байна.
- Түүнчлэн улсын хэмжээнд хэлмэгдэгчдийн дурсгалыг мөнхжүүлэх чиглэлээр бий болгосон нэрэмжит байгууллага, өргөн чөлөө, талбай – 31, хөшөө – 79, суварга – 47, самбар – 29, дурсгалын багана – 27, музейн булан – 16 зэрэг нийт 229 объект байна.
Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комисс төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран хэлмэгдэгсдийн дурсгалыг 25 дахь жилдээ хүндэтгэн өнгөрүүлэв.