УИХ-ын гишүүн Г.Дамдиннямтай ярилцлаа.
-Кембрижийн буюу олон улсын хөтөлбөрийг хэрэгжүүлэх нь ЕБС-иуд болоод сурагчдад ямар ач холбогдолтой юм бэ?
-Үндэсний боловсролын тогтолцоог олон улсын жишигт хүргэх зорилгоор энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэх гээд байгаа юм. үүний тулд хэд хэдэн төрлийн ажлыг хийх хэрэгтэй байна. Тухайлбал, сургалт явагдах стандартыг нутагшуулах чанаржуулж, хөтөлбөрөө сайжруулах, түүнийг дагасан сурах бичгүүдийг гаргах, хөтөлбөрийг олон улсын стандартаар заах багш нарыг бэлдэх, заасан мэдлэгээ үнэлэх шинэ систем бий болгох, багш бэлдэх тогтолцоог сайжруулах, сургуулиудын менежмэнт, шинэ системийг удирдахад сургах зэрэг нэгэн бүхэл системийг тогтоох шаардлагатай.
олон улсад Ебс-иудын олгож байгаа мэдлэгийн түвшинг үнэлдэг шалгалтууд байдаг. хамгийн нэр хүндтэй, олон оронд хүлээн зөвшөөрөгдсөн нь PISA-ийн үнэлгээ. энэ үнэлгээгэр шинжлэх ухааны хичээлүүдэд аль улсын хүүхдүүд ямар түвшинд байна вэ гэдгийг нь тогтоодог. манай улс энэ шалгалтыг ирэх дөрвөн жилд багтаж өгнө. Өмнө туршилтын журмаар энэ шалгалтын доод түвшний үнэлгээнд орсон, маш хангалтгүй дүн гарсан. Үнэлэх боломжгүй гэсэн хариу ирсэн байдаг. Ер нь улсаа хөгжүүлье гэж зорьж байгаа бол боловсрол, сургалтын чанараа сайжруулах хэрэгтэй. Тиймээс олон улсын стандартад нийцсэн, хамгийн түгээмэл хэрэглэгддэг хөтөлбөрийг нутагшуулж, үндэсний хөтөлбөрөө өргөж гаргах ажил хийж, хэрэгжүүлэх хэрэгтэй.
Одоогоор олон улсад IB болон Кембрижийн гэсэн хоёр хөтөлбөр хамгийн түгээмлээр хэрэглэгдэж байна. Энэ хоёр хөтөлбөрийн ялгааг ярья л даа. “IB” нь хөтөлбөртөө тухайн улсын онцлог, агуулгыг оруулах боломж хязгаарлагдмал, тусгай багш нар ирж заадаг, маш өндөр төлбөртэй байдаг. Манай улсад энэ хөтөлбөрөөр хичээлээ заадаг сургууль бий. Ер нь Кембрижийн хөтөлбөрт аль хэдийнэ шилжчихсэн байсан дотоодын хувийн сургуулиуд энэ хөтөлбөр рүү хөрвөх үе рүүгээ явж байна. Энэ бол хөгжлийн дараагийнх нь шат л даа. Харин Кембрижийн хөтөлбөр дэлхийн 160 гаруй оронд нэвтэрчихсэн, тухайн улс орныхоо зан заншил, ёс суртахууны онцлог, нөхцөлд нь ямар нэгэн өөрчлөлт оруулахыг тулгаж шаарддаггүй. Өөрөөр хэлбэл, монгол хэл, Монголын түүх, уран зохиол зэрэг хичээлүүдийг монгол хэл, агуулгаар нь ордог. Харин математик, физик, хими, геометр, газарзүйн хичээлийг англи хэлээр орж, хөтөлбөрийнхөө стандарт, аргачлал, үнэлэмжээр үнэлэдэг. Энд нэг зүйлийг онцлох хэрэгтэй. Английн математик, Оросын математик, Хятадын математик гэсэн зүйл байдаггүй шүү дээ. Жишээлбэл, нэг дээр нэгийг нэмэхээр хоёр гэсэн ойлголт дэлхийн бүх улсад ижил байдаг биз дээ. Химийн хичээлд усыг H2O гэж томьёолдог шүү дээ. Өөр томьёо байхгүй, дэлхий нийтээрээ үүгээр томьёолдог. Пифагорын теоромыг Монголд, Англид ижилхэн л ойлгож байгаа.
Ер нь шинжлэх ухааны хичээлүүдийг дэлхийн стандарт хэмжээнд хүргэж заах л гээд байгаа юм. Гагцхүү ямар аргаар, хэр хэмжээтэй, хэддүгээр ангид нь заах, ямар шалгуур хангасан багш заах вэ гэдэг стандартыг ярьж байна шүү дээ. Гэтэл үүнийг “Цэвэр цусны монгол хүнийг устгах гэж байна, агуу Монгол Улсыг устгах гэж санаархаж байна, Колончлолын мэдлэг түгээх гэж байна” гэх мэтээр эрүүл хүн ойлгоход бэрх байдлаар мушгин ярьж байна. Ний нуугүй хэлэхэд боловсролтой, мэдлэгтэй хүмүүс үүнийг санаатайгаар гуйвуулж байна гэж би бодож байна. Учир нь энэ хөтөлбөрийг эсэргүүцэж шүүмжлээд байгаа хүмүүсийн анкетыг хараарай. Тэд бүгд баруунд боловсрол эзэмшсэн, мөн хүүхдүүдээ тусгай хөтөлбөртэй сургуульд сургаж байгаа гэдэгт итгэлтэй байна. Гэтэл олон улсад хүлээн зөвшөөрөгдөх аттестаттай боловсролын стандартыг орон нутаг, нийслэлийн захын сургуулиудын хүүхдэд өгье гэхээр яагаад эсэргүүцээд байгаа юм бэ. Одоогийн орлогын түвшинээрээ ялгаатай боловсрол олдог гажиг тогтолцоон дээр бизнес хийж асар их ашиг олдог сонирхлын бүлэг, түүний лоббичид утгагүй зүйл ярьж эсэргүүцээд байгаа харагдсан. Өнөөдөр манай улсад Кембрижийн хөтөлбөрөөр үйл ажиллагаа явуулдаг 21 сургууль байна.Үүний гурав нь улсынх. Энэ гурван улсын сургуулийн зөвхөн нэгд буюу 100 хүрэхгүй суудалд 1500-2000 хүүхэд өрсөлдөж байна шүү дээ.Тэдгээр хүүхдийн зарим нь орох ёстой шалгуур, шалгалтыг нь давчихаад харамсалтай нь, багш, ангийн хүрэлцээгүйгээс болоод орж чадахгүй байна. Би өнөөдөр тэдгээр хүүхдүүдийн зарим эцэг эхтэй уулзлаа. Тэд ганцхан юм хэлж байна. “Бид өнөөдөр бүгдээрээ өрх бүртээ оюутнуудтай, хэрэглээний зээлтэй учраас орлого маань хэрэглээндээ явчихаад байна. Уг нь хүүхдэдээ чанартай боловсрол олгож, олон улсад өрсөлдөхүйц боловсролтой болгомоор байна. Гэхдээ 10-90 гаруй сая төгрөгийн төлбөртэй хувийн сургуульд хүүхдээ сургах бололцоо алга. Тиймээс энэ хөтөлбөрийг улсын хэмжээнд хэрэгжүүлээд өгөөч” гэж байна. Хэрэгцээ асар их байна.
-Хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд орчин нөхцөл, боловсон хүчний хүрэлцээ хэр байгаа вэ. зарим гишүүдийн зүгээс ямар ч хэрэгжүүлэх нөөц, боломж байхгүй гэж ярьж байсан?
-Аливаа шинэчлэлийг эхлүүлэхэд, шинийг бүтээхэд оргүй хоосноос л эхэлдэг шүү дээ. Монгол Улсын Засгийн газрын 2010 онд гаргасан шийдвэрээр Кембрижийн хөтөлбөртэй гурван сургууль байгуулагдсан. Энэ гурван сургууль 30 болон өргөжих ёстой байсан ч харамсалтай нь өөр намын Засгийн газар гарч ирээд гацаасан.Тэр үеийн Засгийн газрын төлөвлөгөөгөөр 6-8 жилийн дотор улсын бүх сургуулийн шинжлэх ухааны буюу хими, физик, математик, газар зүй зэрэг хичээлүүдийг дунд ангиас нь олон улсын стандартад нийцүүлэх боломжтой гэж тооцоолсон. Одоо ч боломжтой байна, хэрэгжүүлэхэд бүр ч илүү хялбар болсон байна. Учир нь яаж хэрэгжүүлэх загвар сургуулиуд нь байгуулагдаж туршилтаа амжилттай хэрэгжүүлээд 10 жил болж байна шүү дээ. Мөн багш нарыг сургаж болно. Ямар хөрөнгө, процесс, цаг ордог нь тодорхой. Нэг зүйлийг зориуд тодорхой хэлье хос хэлний сургуульд хүүхэд 1-5, эсвэл 1-8 анги хүртлээ монгол хөтөлбөрөөрөө, монгол хэлээрээ сурна. Тэгээд зөвхөн дээр дурдсан шинжлэх ухаан гэгдэх хэдхэн хичээл англи хэлээр орно. Монгол хүн болох ёстой насандаа монголоороо л сурна айх хэрэггүй.
-Эхний ээлжид улсын 10 хувьд нь Кембрижийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх юм уу. Боловсролын ялгаа бий болно гэсэн шүүмжлэл гарч байгаа?
-Монгол Улсад ЕБ-ын 900 орчим сургууль байна. Үүний 10 хувьд хэрэгжүүлнэ гээд тооцоолохоор 90 орчим сургуульд нь л энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэх болчихоод байгаа юм. Тиймээс Сангийн яам, Боловсролын яамтай зөвлөлдөж байгаад дүүрэг, аймаг бүрт чадвал хоёр чадахгүй бол нэг лаборатори сургууль байгуулахаар зорьж байна. Тухайн лаборатори сургууль нь дүүрэг, аймгийнхаа бусад сургуулиудад өөрсдийн сурснаа дамжуулж хамт хөгжөөд явах юм. Лаборатори сургуулиуд социализмын үеэс л байсан ийм үүрэгтэй ажилладаг шүү дээ. Шинэ юм биш. Гэнэт гарч ирсэн юм шиг ад үзэх нь цаанаа шал өөр жижигхэн зорилготой хүмүүсийн л ажил. Боловсролын ялгарал гарна гэж хүмүүс яриад байгаа юм. Харин ч үүнийг чинь арилгах гээд байгаа юм. Тэгш боломж олгох гээд байгаа юм шүү дээ. Гэр бүлийн орлогоос үл хамаарч олон улсын түвшинд нийцсэн стандартаар мэдлэг авах ёстой л гээд байгаа юм. Хэрвээ боловсролын ялгаа хөтөлбөрийн ялгаагаар гардаг гэвэл Монголд анх 1910-аад он орчимд тэнхим байгуулагдсан цагаас эхлээд боловсролын ялгаа гарч байжээ. Орос 3, гадаад хэлний 23, турк сургуулиуд, хятад хэлний, япон сургалттай тусгай, гүнзгийрүүлсэн, лаборатори зэрэг өөр өөр хөтөлбөртэй сургууль байсаар л байсан шүү дээ. Яагаад тэдгээрийг ялгарал гэж харахгүй байна гэдэг нь сонин байдаг.
-Хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд хэр их төсөв шаардагдах бол?
-Хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд тийм ч их зардал гарахгүй.Зарим гишүүдийн зүгээс 8.5 тэрбум төгрөгөөр ийм сургууль байгуулах гэлээ гэж шүүмжилсэн байна лээ. Алдаатай тоо харсан байх. Өнөөдөр Боловсролын яамны өгсөн мэдээллээр анги дүүргэлт 25-30 хүүхэдтэй 320 хүүхдийн сургууль 3.8 тэрбум төгрөгөөр босно. Лаборатори тоног төхөөрөмж, тавилга хэрэгсэл гэхэд дээд тэл нь 600 орчим сая төгрөг орно. Цаана нь зөвхөн багш нарын цалингийн нэмэгдэл, давтан сургах зардал, хос хэлнийхний хувьд жилдээ нэг удаа өгдөг 10 хүрэхгүй мянган долларын хураамж гээд нийтдээ 20 орчим хувийн л зөрүү гарч байгаа юм. Багшийн ажлыг үнэл, чадваржуул гээд байгаа хүмүүс харин ч энэ ажил хэрэгжсэнээр нэхээд байгаа зүйл нь биелэхийг ойлгох хэрэгтэй байна. Үүнээс гадна бас нэг юмыг тодруулж хэлье. Энэ дөрвөн жилийн хугацаанд сургуулийн хүрэлцээг нэмэгдүүлж, багшийн ачааллыг бууруулъя гэсэн зорилт тавьсан. Энэ зорилтын хүрээнд 200 сургууль баригдахаар төлөвлөгдсөн байгаа шүү дээ. Хүртээмж ч нэмэгдэх ёстой, чанар ч сайжрах ёстой. Аль нэгийг нь хийх гэж нөгөөг нь хойш нь тавих албагүй.
-Эдийн засаг хүндхэн байгаа энэ үед нэмж санхүүжүүлэх төсөв нь хүрэх юм уу. Энэ талаар сангийн яамтай зөвлөлдөж үзсэн үү?
-Сангийн яамтай зөвлөлдсөн. Боломжтой гэж мэдэгдсэн гээд дээр хэлсэн байх аа. Эцэст нь хэлэхэд, би жолооч аавтай, тогооч ээжтэй, гэр хороололд өссөн хүүхэд. Намайг хүнд түвэг болчихолгүй амьдралаа аваад явчихдаг зэрэгт хүргэсэн зүйл бол боловсрол. Олон аавын хүү, ээжийн охинд энэ боломжийг нээмээр байна. Өөрсдөө баруунд сурч, тусгай хөтөлбөрөөр боловсорчихоод бусдад энэ боломжийг өгөхгүй гэж байгаа хүмүүсийг огтоос ойлгохгүй байна. Дарханы, Толгойт эсвэл Яармаг, Баянголын гэр хорооллын орлого багатай айлын хүүхдүүд улсын сайн сургуульд сураад олон улсад өрсөлдөөд явж яагаад болохгүй байгаа юм. Энэ боломжийг бий болгох л зорилго шүү дээ.
Р.ХИШИГЖАРГАЛ