Categories
мэдээ нийгэм

Сэргээгдэх эрчим хүчээр Британитай хамтран ажиллах боломжтой гэв

Эрчим хүчний сайд Н.Тавинбэх Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Филип Малонийг хүлээн авч уулзлаа.

Эрчим хүчний сайд Н.Тавинбэх Монгол Улсын Засгийн газар үйл ажиллагааны мөрийн хөтөлбөртөө сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийг нэмэгдүүлэхээр тусгасныг дуулгалаа. Тэрээр, “Манай улс сэргээгдэх эрчим хүчний нэгдсэн бодлоготой болох шаардлагатай байгаа. Эрчим хүчний нэгдсэн системийн горим тохируулгад нийцтэй байдаг усан болон усан цэнэгт станцыг барьж байгуулах чиглэлд Их Британи улстай хамтран ажиллах боломж нээлттэй” гэдгийг илэрхийлэв.

Элчин сайд Филип Малон хариуцлагатай албанд томилогдсонд нь сайд Н.Тавинбэхэд баяр хүргэн Британид айлчилж, туршлага солилцохыг урилаа. Их Британи болон Монгол Улсын сэргээгдэх эрчим хүчний үйл ажиллагаа 2009 оноос эхлэлтэй. Дорноговь аймгийн нутагт 30 МВт-ын “Говь” нарны цахилгаан станцын төслийг хэрэгжүүлж, энэ оны 6 дугаар сараас эхлэн эрчим хүчний нэгдсэн системд 1,214,640 кВт цахилгаан эрчим хүчийг нийлүүлээд байна. Мөн Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүрэгт “Нааново” 14 МВт-ын хүчин чадалтай хог хаягдлаас эрчим хүч үйлдвэрлэх төслийг хэрэгжүүлж эхэлжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *