Бие даагч Т.Ганболд нар СЕХ-ны шинэ удирдлагуудад дахин шаардлагаа хүргүүлэв. Энэ үеэр Т.Ганболдоос тодруулга авлаа.
-СЕХ-ны удирдлагууд солигдсонтой холбогдуулан өнгөрсөн сонгуулийн талаарх шаардлагаа дахин хүргүүлж байгаа юм байна. Энэ талаараа ярихгүй юу?
-Өнгөрсөн УИХ-ын сонгуулийн нөгөөдөр нь гарсан зөрчлүүд, нотлох баримтууд дээр ярилцаад Сонгуулийн ерөнхий хорооны өөрсдийнх нь цахим мэдээлэл технологийн ажилчид, хуулийн хэлтсийн мэргэжилтнүүдтэй нь хамт суугаад хэвлэл мэдээллийн хэрэгслийн өмнө ярилцсан. Сонгуулийн хорооныхон өөрсдөө хар машин дээр огт байхгүй форматаар мянганы нэгжийн таслалтай үйлдлүүд гарч ирсэн гэдгийг хүлээн зөвшөөрсөн. Үүний дараагаар дахин санал тооллогыг хийе гэдэг чиглэл Ерөнхийлөгчөөс өгөгдсөн. Харамсалтай нь дахин санал тооллого хийхэд хүн гараараа будахын аргагүй цэвэрхэн будсан саналын хуудаснууд гарч ирсэн. Мөн дахин санал тооллогын үеэр нууцлалтай байх ёстой саналын хуудаснууд ил задгай уутнаас гарч ирж байгааг харуулсан бичлэг флаш дээр бий. Мөн их хэмжээний багц, боодол цааснуудыг энэ бол хүчингүй хуудаснууд юм аа гэж ялгаж тавьж байсан. Эдгээр нь хүчингүй хуудас гэхээсээ илүү МАН-ын дугуйлаагүй, эрх мэдэлтнүүдэд ашиггүй саналууд байна гэж хардахаар нөхцөл байдлууд үүсч байгаа. Энэ бүх илт факт, баримттай, бохир ул мөртэй хийгдсэн энэ үйлдлүүдийг шалгуулахаар Улсын ерөнхий прокурор, Тагнуулын ерөнхий газар, Сонгуулийн Ерөнхий хороонд хандсан ч ямар нэг шийдэл гараагүй. Өнгөрсөн долоо хоногт Сонгуулийн ерөнхий хорооны удирдлагууд, зарим бүрэлдэхүүнүүд нь солигдлоо. Тиймээс юмыг яаж мэдэхэв гээд эрх мэдэл үгүй ч Монгол Улсын иргэний хувьд сонгуулийг цаашид шударга үнэн, бодитой явагдаасай гэдэг үүднээс шалгуулж, тогтоолгох гэж л яваад байгаа юм. Тагнуулын ерөнхий газрын удирдлагууд ч солигдчихоод байгаа. Бид нар тийшээгээ өргөдөл гомдлоо өгсөн.
-Та бүхний шаардлага юу юм бэ?
-Нотлох баримттай, ул мөртэй гарчихсан өнгөрсөн сонгуулийн үр дүнг хүчингүйд тооцоод дахин санал хураалт хийх ёстой. Ийм л шаардлага тавьж байгаа. Дахин санал хураалт гэж хуулинд байхгүй гэж тайлбарлах гээд байдаг. Энэ хуулинд байхгүй таслал, хуулинд байхгүй гараараа будахын аргагүй өөгүй машинаар будсан саналын хуудаснууд гээд ийм аймшигтай зүйлс гарч ирж байхад хууль тайлбарлах гээд байх хэрэггүй. Энэ дээр сонгуулийн үр дүнг тухайн тойргууд дээр хүчингүй болгож, дахин санал хураалт хийх ёстой. Энэ бол дандаа бие даагч нар дээр гарсан үйл ажиллагаанууд. Бидэнд бүх нотлох баримтууд нь байж байгаа.
-Гар тооллогыг та бүхэн хүлээн зөвшөөрсөн гэж СЕХ-ныхон тайлбарлаж байсан шүү дээ…
-Өөрсдөө л алдаа мадаггүй сайхан байна аа гээд шийдчихэж байгаа юм шүү дээ. Баримтуудаа харуулаад ярихаар байгууллага болгон нэг нэгэн рүүгээ хариуцлагаа чихчихэж байгаа юм. Нэг хүний хаяг дээр огт танихгүй 6-7 хүн бүртгэгдчихсэн байгаа нь Улсын бүртгэлийн ерөнхий газрын хэрэг. Монгол Улсад байхгүй, гадаадад амьдарч байж болзошгүй хүмүүс асар их хэмжээгээр сонгууль өгчихсөн байна. Зургадугаар сарын 25-ны өдөр буюу сонгуулийн маргааш нь IKON.mn сайтад ямар их хэмжээний хиймэл, царцаа, нүүлгэсэн талаар мэдээлсэн. Энэ бүх юм хил хамгаалах газрын дата базаас гараад л ирнэ. Энэ манай асуудал биш ээ, тэдний асуудал гэнэ. Сонгуулийн зөрчлийг шалгах эрх бүхий субьект нь ТЕГ гээд дандаа нэг нэгэн рүүгээ шидэж, түлхсэн ийм үйлдлүүд гарч ирж байгаа. Эцэстээ энэ байгууллагууд эрх барьж байгаа намын харьяалалд байдаг. Тийм болохоор хардахгүй байхын ч арга байхгүй. Энийг тогтоогоод өгөөч гэхээр улайм цайм илт юман дээр чадахгүй байна шүү дээ. Үнэнд гүйцэгдэж л таараа шүү дээ. Энэ бол би заавал ялах гээд байгаа асуудал биш юм аа. Ялагдаж сурах, сурахгүйн асуудал ч биш юм. Сонгуулийг бодитой, үнэн зөв явуулж сурах нь ардчиллын үндсэн суурь нь юм. Энийг л бид хийлгэх гээд байна. Тэрнээс биш хэн ялах гэдэгдээ биш. Яг бодитой сонгууль хийе. Гадаадын иргэний харьяалалтай хүмүүс хүртэл сонгууль өгчихсөн байгааг та бүхэн мэдэж л байгаа шүү дээ. Ийм зүйлсийг хараад чимээгүй өнгөрөөд байх ёстой юм уу. Тэгвэл бид сонгуулиа тохиролцоод л хийчих юм байна шүү дээ. Энэ улсаа ардчилал хүний эрхийг мандуулсан улс орны жишигт хүргэхийн төлөө л ингээд явж байна шүү дээ.