Спортын төв ордны Хурлын танхимд өнөөдөр Биеийн тамирын улсын хороо /БТСУХ/-ны дарга Ц. Шаравжамц Биеийн тамир спортын салбарын эрдэмтэд, судлаачидтай хамтарсан уулзалт зохион байгууллаа.
Энэхүү уулзалтаар биеийн тамир спортын салбарын эрдэмтэд, судлаачидтай БТСУХ ойрын жилүүдэд хэрхэн хамтран ажиллах, зорилтын талаар тэдний санал, бодлыг сонсож, БТС-ын салбарын хөгжилд тулгамдаж буй асуудлын талаар ярилцлаа.
Түүнчлэн , тухайн салбарын судлаач эрдэмтдийн хийсэн эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг үндэслэж өнөөгийн Биеийн тамир спортын салбарын хөгжлийн түвшинг тодорхойлж нэгдсэн дүгнэлтэд хүрэх, сэтгэлгээний шинэчлэлт хийж ойрын зорилтоо тодорхойлох нь хамгийн эн тэргүүний ажил гэдэгт тэд санал нэгтэй байсан юм.
Мөн хүн амын бие бялдрын хөгжилт чийрэгжилтийн түвшин тогтоох сорил маш хангалтгүй байгааг өөрчлөх, өсвөр үеийнхэн оролцоо хүртээмжийг нэмэгдүүлэх, олон жил яригдаж байгаа биеийн тамир, спортын хэллэг, нэр томьёог цэгцлэх шаардлага байгааг оролцогчид онцоллоо.
БТСУХ-ны дарга Ц.Шаравжамц: “Бид салбарынхаа хөгжлийн түвшинг хамтдаа үнэн зөв тодорхойлж, ойрын зорилт, хандлага, зүг чигийг та бүхний судалгаа, шинжилгээг үндэслэн бий болгох хэрэгтэй байна. Хамгийн богино хугацаанд үр дүнд хүрэх замыг сонгоё. Төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхийн хувьд улсын, хувийн гэлтгүй БТДС-иуд хамтраад хийж, төлөвлөж ажиллая. Спорт холбоодтой зөвшилцөөд дунд сургуулиуд спортын төрөлжсөн анги бий болгох боломж нээлттэй. Үндэсний шигшээ багийн тамирчдын хувьд өнөөдөр мэргэжлийн сэтгэл засалч хамгийн эрэлттэй байна. Үүнийг БТДС-иуд бодлогоор бэлтгэх хэрэгтэй байгаа. Спортын эмч мэргэжлээр 2 удаагийн төгсөлт хийсэн ч тэд энэ чиглэлээрээ ажиллахгүй байна. Тэднийг давтан сургаж, гадаадад мэргэжил дээшлүүлэхэд дэмжлэг үзүүлж, хэрэгтэй газарт нь ажиллуулая. Манай салбарын эрдэмтэн, судлаач та бүхэн мэдлэг туршлагаа нэгтгэж, хүчээ төвлөрүүлж ажиллана гэдэгт итгэж байна” хэмээв.