Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

НОМ ЯРЬЖ ӨГЬЕ: Сарны гэрэл

МЗЭ-ийн болон нэрт найруулагч Г.Доржсамбуугийн нэрэмжит шагналт зохиолч, сэтгүүлч Битогтохын Цогнэмэх өгүүлллэг, ойллого, баримтат өгүүлэл, эссээ, чөлөөт сэтгэмж, туужийн “Сарны гэрэл” номоо уншигч олноо толилуулаад байна. Түүний номыг эх барьж авсан Азийн тэргүүн найрагч өргөмжлөлт, Нобелийн шагналт нэр дэвшигч, зохиолч, сэтгэгч Дамдинсүрэнгийн Урианхай шавийнхаа номын өмнөтгөлд ийн өгүүлжээ.

НОМ ХУДАЛДАН АВАГЧ УНШИГЧ БОЛ БАРАА ХУДАЛДАН АВАГЧ БИШ, ТЭД ӨӨРСДӨӨ МЭДЭХ ХЭРЭГ

Хуучин үгэнд, “Шавийн эрдэм багшаас” гэдэг үг бий нь бий ч энэ үг үнэн байх тохиол ч амьдралд олон байдаг, худлаа байх тохиол ч олон байдаг. Гол нь, ямар тохиолд үнэн, ямар тохиолд худал байхыг суралцагч хүний идэвх, чармайлт тодорхойлдог.

Битогтохын Цогнэмэх надад шавьлаад олон он улирч, бид Багш, Шавийн барилдлагаар “гинжлэгдсэн” ч заримдаа хэн нь багшийн эрх эдлэх байр суурь солигддог.

Шавь Б.Цогнэмэх надад гурван ч эрдмээрээ, үүнд, Монголын түүхийн мэдлэг; Монголын сонин, сэтгүүлийн түүчээ сэтгүүлчийн мэргэжилтний авьяас, чадвар; нийгэм-улс төрийн үйл явцын гярхай ажиглалт; хэтдээ зөв нь дандаа батлагддаг дүгнэлтүүдээрээ Багш болдог.

Тэрбээр Улсын драмын эрдмийн театр (УДЭТ)-ын тайзанд жил жил дараалан тавигдаж “хаан” суусан, манай Драмын театр руу үзэгчдийг олон жил ташуурдан хөөж авчирсаар буй “Тэнгэрийн хүү” түүхэн туульсын жүжгээс эхлээд олон он хүлээлгэлгүй лавтай тоглогдох нь магад “Хаадын хаан”, “Үнэний хаан Будда” тэргүүт жүжгүүдээрээ Монголын “Жүжгийн зохиолчид”-ын магнайд цахилах болсноороо ганц надад ч бус бусад “мэргэжлийн жүжгийн “зохиолчид”-од ч багшлахуйц алдарт дэвшжээ.

Зохиолч хүний сэтгэлгээний тэлэлт, хөгжил, ур чадварын төгс боловсролтод оюун билигийн орь залуу Манзшир, Эгшиг төгөлдөр охин тэнгэр Янжинлхамын тааллыг олж ивээлд нь бүрэн багтах нэн чухал. “Өөртөө тусалсан хүнд л Бурхан тусалдаг” гэдэг, хэзээний үг юм, хаанахын үг юм, бүү мэд, миний хувьд айхавтар үнэн санагддаг үг цээжинд минь хадагджээ.

Б.Цогнэмэх уран сайхны сэтгэлгээнийхээ цар хүрээг жүжиг, дуурь, кино, тууж, өгүүллэг, эссээ, яруу найргаар тун хурдтай, идэвхтэй тэлж, ур чадварынхаа түвшинг ахиулсаар байгаа нь уншигчдын амнаас байнга сонсогддог. Таны өмнө дэлгэрч буй эл номд шавийн минь дунд сургуулийн арван зургаан наснаас Драмын театрын тайзнаа хана дугуйлах хүртэлх уран бүтээлийн сэтгэлгээний эрэл, оюуны шим буй.

“Сайн нэрийг хүсвээс, муу нэрийг хусваас!” гэдэг. Сайн нэрийг нэгэнт олсон шавьд, үгний илүүд эс эмзэглэн нэмэхэд, сайн алдраа зузаалах, мууг үл халдаахад ямагт хичээлтэй нэг бодол заавал цээжинд хавтаслагдах ёстойг хэн ч бай үргэлж санууштай байдаг нь, “Номыг минь уншихаар худалдан авч буй уншигч бол бараа таваар худалдан авагч биш!” гэх үзэл санааг алдрын ямар ч өндөрт хүрсэн бай, өөртөө хатуу хуульчлах хэрэгтэйг “Сурсан нь бага ч турсан нь их”-ийн эрхээр захьсу!

Улаан ямаат Дамдинсүрэнгийн УРИАНХАЙ

2020.01.21

Алтан тэвшийн хөндий


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *