– ЯМАР Ч НИЙГЭМ БАЙСАН ЭРХ ЧӨЛӨӨ ГЭЖ БАЙХГҮЙ –
“Зөөлөн цогт”
Монголын Урчуудын эвлэлийн гишүүн, зураач Х.Ууганбаяртай ярилцлаа.
-Монголчууд өөрсдийгөө шинжлэх ухаан, бүтээн байгуулалт гэхээсээ илүүтэй урлаг бүр шашнаар хэт амьсгалаад байна гэж шүүмжлэх нь бий?
-Монголчууд угаасаа өөрийн гэсэн онцлогтой ард түмэн шүү дээ. Соёл нь ч тэр, ёс уламжлал, амьдралын хэв маяг нь ч тэр. Бид чинь хүн төрөлхтний суурин иргэншилтэй танилцаад дээд тал нь 100 жил болж байна. Ингээд бодохоор яг хүн бүхэн урлаглаг байдаггүй. Шашны хувьд мэдээж их шашинлаг ард түмэн. Хэт шашинлаг, заримдаа мухар сүсэгтэй ч гэх юм уу янз янзын л яриа байдаг. Монголчууд урлагийг их аятайхан хүлээж авдаг юм шиг санагддаг. Мэдэхгүй нь мэдэхгүйгээрээ хүлээж авна, мэдэж мэдэрч байгаа нь хандлага сайтай байдаг гэж бодож байна. Харин урлагийн бүтээлийг гоё сайхан гээд худалдан авч цуглуулдаг хүмүүс хуруу дарам цөөн байна л даа. Яг урлаг хөөгөөд явъя гэхээр амьдралын түвшин, цаг заваасаа шалтгаалаад тийм ч боломжтой биш юм шиг санагддаг. Харин шашин бол биднийг үргэлж дагаж явдаг.
-Гэтэл шинжлэх ухаан, техник технологио дээд зэргээр хөгжүүлж, сансар огторгуйд хөлгөө илгээгээд байгаа улс орнууд харин ч их шашинлаг, сүсэг бишрэлтэй, урлагтаа ойр. Тэдний хувьд урлаг, мөргөл хоёр нь амьдралын нэг хэсэг нь болсон байдаг шүү дээ. Тэнд урлаг, шинжлэх ухааныг хослуулдаг. Харин манайд эсрэгцүүлж, мөргөлдүүлдэг хандлага бий?
-Бид бүхэн шинжлэх ухаанаараа дэлхий дахинтай өрсөлдөх нь мэдээж зөв. Боловсролтой мэдлэгтэй оюунлаг залуучууд дэлхийн нэртэй компаниудад цөөнгүй ажиллаж байна. Гэхдээ аливаа юмыг манайхан эсрэгцүүлж тавьж байгаад нэг рүү нь үсэрч хөгжих гээд байдаг нь надад таалагддаггүй. Зүгээр л урлаг бол урлагаараа, шинжлэх ухаан бол шинжлэх ухаанаараа л байх хэрэгтэй. Олон нийтийн сүлжээгээр хараад байхад юмыг шүүмжлээд, түүнийгээ давж алхаад хөгжих ёстой байдаг юм уу, эсвэл дэмжээд хамт хөгжих ёстой юм уу гэдгийг ойлгох хэрэгтэй. Аль нь бат бөх, аз жаргалтай байдаг талаар бодох ёстой болсон. Сүүлийн үед би бас шүүмжлэгч болчихоод байгаа. Гэхдээ заримдаа би үүнийг шүүмжилж бичлээ гээд ч яах юм гэж боддог. Бүр болохгүй зүйл дээр бол шүүмж бичнэ шүү дээ. Энэ эсрэгцүүлдэг, шүүж шүүмжилдэг зан чанар монголчуудын цусанд нь байдаг шинж чанар юм уу, эсвэл тавилттай юм байдаг юм уу, тархи угаалт хамт явагддаг юм уу мэдэхгүй байна. Эерэг мэдээллээс илүү сөрөг мэдээлэл дээр овооролдож шавдаг.
-Таны бүтээлүүдийг анзаарахад бэлгэдэл, зөн билгийн дүрслэл зонхилдог бололтой?
-Зураач болох гээд явахдаа урлагийн түүхийг эхлээд судална. Тэгээд сюрреализм, реализм, модернизм, авангард гээд бүхий л төрөл жанрыг үзэж судална. Энэ дундаас цаашид бүтээлээ туурвих өөрийн сонголт гэж гарч ирнэ. Эдгээрээс надад хамгийн ойр байсан нь сюрреализм, симболизм байсан. Энэ чиглэлээрээ ч дипломын ажлаа хамгаалсан. Энэ бол ерөөсөө ухамсаргүй сонголт байсан. Одоо бодоод байхад нийгмээсээ уйдсан гэх нь ч хаашаа юм. Бурхны шашныг илүү гүнзгий судлахаасаа өмнө энэ нийгмийн байр байдлыг ёгт утгаар илэрхийлж, түүнийгээ сюрреализм, симболизмтой холбож бүтээл туурвихыг оролдож байсан. Сүүлдээ энэ маань жаахан явцгүй болоод ирж байгаа юм. Сайн сайхан зүйл хиймээр байдаг. Сүүлийн үед нийгмээсээ сайн сайхныг хараад, урагшлах шалтгаан болгоод явчих зүйл баригдахаа больж байгаа юм. Ингээд ирэхээр уран бүтээлч хүн өөрийн эрэл хайгуулаа хийгээд эхэлнэ шүү дээ. Бурхны шашин бол өөрөө их гүн гүнзгий. Түүний урлахуйн ухаан, дүрслэл, үлгэр домог гээд бүхий л зүйлээс нь санаа сэдэл, урам зориг авч, итгэл үнэмшил төрүүлэх нь бий.
-“Элсэн цаг” үзэсгэлэн таны анхны үзэсгэлэн бил үү?
-Миний анхны үзэсгэлэн. 1999 онд “Элсэн цаг” хэмээх хамгийн анхны үзэсгэлэнгээ гаргаж байлаа. Яг нарийн тоог нь сайн санахгүй байна аа. Одоогоор хорь орчим бие даасан үзэсгэлэн гаргаад байна уу даа. Хамтарсан үзэсгэлэн бас нэлээд бий.
“Хайрын орон”
-Таны “Зоригдлын орон” үзэсгэлэнд дэлгэгдсэн бүтээлүүдийг ажиглаад таныг аглагт суух дуртай, нийгмээс хол байх сонирхолтой, байгаль руу тэмүүлдэг хүн болов уу гэж таамагласан?
-Зураач хүн бүрийн мөрөөдөл бол өөрийн гэсэн урлантай болох. Урлан гэдэг бол зураачдын сүм л гэсэн үг л дээ. Би ч мөн адил өөрийн урлантай болохоор шийдээд тав зургаан жилийн өмнө Шарга морьтод урлангаа барьсан. Дараа нь мэдээж уран бүтээлээ туурвиж эхэлсэн. Хоёр жил орчим урландаа сууж, ертөнцөөс тасарсан гэж хэлж болно. Өвөл зунгүй Шарга морьтод уулын мухарт суусан. Зурж байх үедээ унших хэцүү учраас янз бүрийн бурхны ном, хичээлүүд их сонссон. Зургууд маань ч эхнээсээ тэр тал руугаа болж эхэлсэн. Хуучин бол миний зурганд бурхан шашны зүйл деталь маягаар, туслах дүр ч юм шиг явдаг байсан бол сүүлийн таван жил тэд нар маань томроод гол сэдэв нь болж гарч ирсэн. Бүтээлээ туурвихын тулд Бурхан шашныг өөрийнхөө үзэл бодол, сэтгэлийн хөдөлгөөнөөр зурж илэрхийлээд байж болохгүй. Нэгэнт л цаг хугацаа, амь амьдралаа зориулж бүтээлээ туурвиж байгаа учраас үнэн зөв, үзэл онол нь боловсорчихсон сургаал номлол олж авч, түүгээрээ дамжуулан урагшлах ёстой болж байгаа юм.
Тэгэхээр мэдээж бурхны шашин бууж ирж байгаа юм. Угаасаа бурхны шашин бидэнд байсан зүйл. Бид үүнийгээ алдаж, гажуудуулсан тохиолдол байгаа боловч өөрсдөө тэрийг голж шилэхгүй, муулахгүйгээр эргэж ухаж, түүнээсээ юм олох хэрэгтэй. Манайд соёлын хоёр чухал зүйл гарч ирээд байгаа. Нэг нь эзэнт гүрэн рүү яваад өгнө. Хүннү, бөө мөргөл, тэнгэр үзэл гээд явчихна. Энэ өөрөө маш судлууштай том сэдэв мөн. Харин бурхны шашин бол бидний амьдралаас хичнээн хусаад ч арилахгүй бидэнд ойрхон үеийн түүх. Үүнд харьцуулалт хийхээс илүүтэй хоёуланг нь сайтар судлаж, дээдлэх ёстой гэж боддог. Манай үндэсний үзэлтэй хүмүүсийн дунд ялгаа зөрчил харагдаад байдаг. Энэ нь биднийг хагаралдуулж талцуулах нэг хүчин зүйл болох аюултай. Миний хувьд бол бурханы шашныг нэн тэргүүндээ тавьдаг. Тиймээс бурхны ном үзэж өөрийгөө тодорхой хэмжээнд мэдлэгтэй болгож байгаа. Хий хоосон сэтгэлгээгээр биш сайн судалж байгаад барьцтай юм хийе гэж зорьдог. Гэхдээ ганцхан бурхан шашнаар өөрийгөө хязгаарлахгүйгээр хийх зүйл олон байна. Монголын туульс гэж асар том судлагдахуун байна. Туульс бол бөөгийн шашнаас өмнөх шахуу зүйл юм. Туульсын өөрийнх нь мөн чанар бол бас их мундаг юм бий. Үүнийг ярих юм бол зөндөө зүйл байгаа. Үүнийг багцаар нь судлах хэрэгтэй.
-Ялангуяа урлагийн хүмүүс өөрсдийгөө онгодын зараал, зарц гэх мэтээр тодорхойлдог. Хүн бүр энэ амьдралд ямар нэгэн даалгавартай ирсэн гэцгээх нь бий. Таны хувьд?
-Бид бол бага насаа өнгөрөөсөн тэр нийгмийнхээ бүтээгдэхүүн. Өнөөгийн нийгэм ч гэсэн яг адилхан, нэр нь л ондоо болохоос биш. Энгийн жишээ ярья л даа. Эхлээд бид сургуульд орно. Тэгээд л онц сурах ёстой, пионер болох ёстой гээд л. Дараа нь оюутан болно, бүгд яг ижилхэн. Эхнэр авах ёстой, хүүхэдтэй болох ёстой гээд л. Би яг энэ зарчмаар явсан. Энэ бол нийгмийн захиалга. Би амьдралыг ийм л гэж бодож явсан. Бусад хүмүүс ч адилхан байх. Гэтэл хүн гэдэг ямар супер амьтан бэ гэдгийг Бурхан багш биеэрээ үзүүлсэн байдаг шүү дээ. Бид эрх чөлөөтэй болсноороо өөрийгөө олж нээх, үнэ цэнээ илүүтэй мэдрэх болсон. Гэхдээ нийгэмд байгаа бүх хүмүүс ингэж чадахгүй байна л даа. Уран бүтээлчид бол заавал бурхны шашинтай учирсан ч бай, үгүй ч бай үнэ цэнээ илүү мэдэрч, арай өөрөөр явдаг.
-Та “Энэ амьдрал бол миний уран бүтээл хийхэд зориулагдсан нэг талбар. Харин миний жинхэнэ амьдрал бол уран бүтээл хийж байгаа тэр агшин, үйл явц” хэмээн ярьсан байна билээ?
-Хувь хүн өөрийгөө олоод эхлэхээр амьдрал их олон талтай болоод ирдэг. Зүгээр нэг ажлаа хийгээд л амьдрах биш уран бүтээлч хүний ертөнц нь илүү томроод эхэлдэг. Зүүдний тухай жаахан ярья л даа. Хүн дунджаар жаран жил амьдарлаа гэж бодоход өглөө босоод унтах хүртэлх зөвхөн нарны амьдралаа л тооцоод байдаг. Ямар гунигтай, ямар богинохон гэж санана. Гэтэл зүүдэн доторх амьдрал цаг хугацаа, орон зай хязгааргүй. Нэг их өргөнөөр сэтгэхгүйгээр зүүдний ертөнцийн жаран жил байгаа гэж бодвол хүний амьдралд зуун хорин жил байна шүү дээ. Их баялаг байгаа биз дээ. Дээрээс нь, уран бүтээл гэдэг бол өөрөө нэг ертөнц гэсэн үг. Би тэр ертөнцийг босгож байна, тэр ертөнцдөө амьдарч байна. Уран бүтээлийн ертөнцөө босгохын тулд амьдарч буй энэ ертөнцийнхөө шимийг нь авч, сайн сайхан гэсэн зүйлсээ гаргаж хүмүүст үзүүлдэг. Энэ л уран бүтээлчийн чин хүсэл. Зүүд ч бай, амьдрал ч бай хоорондоо нэг их ялгаа байхгүй. Харин уран бүтээлийн амьдрал илүү гүн гүнзгий болоод явна. Үүн дотор цаг хугацаа гэж байхгүй. Материаллаг чанараар нь авч үзье л дээ. Рембрандтын зураг зургаан зуун жил болсон ч байж л байна, цаашид хэдийг хүртэл байхыг мэдэхгүй.
Микеланжелогийн гантиг баримал цаашид хэдэн мянган жил байхыг бид мэдэхгүй. Эзнээсээ илүү мөнхөрчихсөн. Өөрөөр хэлбэл, суначихсан, эцэс төгсгөлгүй цаг хугацааны импульс дотор амьдраад байгаа юм л даа. Бидний хойд, урьд насанд итгэдэг итгэлтэй адилхан. Би хойд, урьд насанд итгэдэг болсноосоо хойш миний амьдрал тавь, жархан жилээр тооцогдохгүй юм байна гэдгийг ойлгосон. Миний амьдрал суначихсан хүчтэй эргүүлэг дотор, мөнхийн хөдөлгөөнд орж байгаа юм л даа. Тэр нь төгсгөл байхгүй, асар том орон зайтай. Ингэж бодохоор сэтгэлгээ нь арай өөрөөр явагдаж эхэлнэ. Гэхдээ ийм нарийн зүйл ярьж байгаа ч гэсэн мэдээж бидний амьдрал ямар билээ. Энэ ертөнц, энэ бие, энэ нийгэмдээ л баригдаж явна. Гэхдээ эрх чөлөө бол оюун санаанд байгаа гэсэн үг.
-Монголчууд яавал сэтгэлийн боловсролыг олж, энэ саарал бүдэг үеэ давах бол. Яаж шүү нэг шат ахицгаах вэ?
-Энэ бас их сонин л асуулт байна. Бараг л өөрөөсөө асуудаг асуулт юм уу даа. Яавал би аятайхан болчих бол гэдэг хувь хүний асуудал гэмээр. Ер нь асуудал бол хэзээ ч дуусахгүй шүү дээ. Амьдрал бол зовлонгийн мөн чанартай байдаг. Энэ асуудлын тал дээр харьцангуй гайгүй шүү. Манайхан их муулаад л байдаг. Би бас өөдрөгөөр харахыг хичээдэг. Яагаад гэхээр, хүн орчноосоо л болдог байх л даа. Би уран бүтээлийн нэг найзтайгаа уулзана, дараа нь хэн нэгэн зураачтай очоод уулзана уу гэхээс хаа хамаагүй хүнтэй уулзахгүй шүү дээ. Өөрийнхөө ертөнцийг бүтээчихсэн учраас тэгээд байж магадгүй. Өнөөгийн нийгмийг муулж болмооргүй санагддаг. Бүх л нийгэмд асуудал байгаа. Аль ч нийгэмд хүн эрх чөлөөгүй. Хүний эрх чөлөө бол оюун санаанд нь байгаа. Бид коммунизмын үед эрх чөлөөгүй байлаа. Өнөөдөр бодож сэтгэх эрх чөлөөтэй боллоо. Гэтэл одоо бид физик эрх чөлөөгөө алдаж эхэлж байгаа юм. Нэг мөнгөтэй нөхөр гарч ирээд л бидний эрх чөлөөг залгиж байна. Цаашид ямар ч нийгэм байсан бүгд л ялгаагүй. Европ л гэхэд социал демократ маш гоё нийгэмтэй гэж байгаа ч хүмүүс нь ихэнхдээ гутранги үзэлтэй болчихсон байдаг. Би тэнд олон жил амьдарсан. Ямар ч нийгэм байсан эрх чөлөө гэж байхгүй. Эрх чөлөө гэж худлаа лоозон барьж явах хэрэггүй ээ. Миний хувьд коммунизм байсан ч ялгаагүй, ардчилал байсан ч ялгаагүй, фашизм байсан ч ялгаагүй. Яагаад гэхээр эд нар бүгд л тэнэг хүнийг нь тэнэг гэж ашиглаад л, ухаантайг нь ухаантай гэж ашиглаад л, ялгаа байхгүй. Жинхэнэ эрх чөлөө бидний оюун санаанд л байгаа. Бидний сүнс эрх чөлөөтэй. Үүнийгээ хөгжүүлээд байвал бид арай баялаг амьдарч болох юм. Ийм боломж Монголд байна. Түүхч Д.Өлзийбаатар гуайн хэлснээр, бид дэлхийн хаана ч байхгүй хязгааргүй эрх чөлөөтэй ард түмэн шүү дээ.
Н.БҮЖИНЛХАМ