Манай дэлхийн хуурай газрын гуравны нэгийг экологийн чухал бүрэлдэхүүн болох ойн сан эзэлдэг. Ургамал, амьтан, шавж хорхойн төрөл зүйлийн амьд организмын 80 гаруй хувийнх нь амьдрах орчин ой хөвч болдог. Ой болон бусад эмзэг экосистемийг тогтвортой удирдаж, нөөцийг зөв ашиглах нь уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд нэн тэргүүний ач холбогдол аж. Байгаль дэлхийгээ бүхэлд нь хайрлаж чадвал тэр нь биологийн олон янз байдлын хамгаалал юм.
Энэ ч зорилгын хүрээнд НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага болон Хөгжлийн хөтөлбөр “Ой бүхий аймгуудын биологийн олон янз байдлын хамгаалал, ойн тогтвортой менежмент, нүүрстөрөгчийн хуримтлалыг нэмэгдүүлэх нь” төслийг хэрэгжүүлсэн байна. Тодруулбал, энэ төслийн хүрээнд ойн нөхөн сэргээлт, ойжуулалтыг дэмжин, ойн доройтлоос урьдчилан сэргийлэх зэрэг чиглэлээр Монгол Улсын Засгийн газар, Байгаль орчин, аялал жуулчлалын яамтай үр бүтээлтэйгээр хамтран ажиллажээ. Зургаан жилийн турш хэрэгжсэн энэ төслийн үр дүнд тухайн нутаг дэвсгэрт экологийн чухал дөрвөн бүс, усны эх бүрэлдэх 10 голын сав газар нутгийн (долоон хувийг хариуцан хамгаалж байна) хэмжээнд нийт долоон хувийг хариуцан хамгаалдаг гэнэ. Тодруулбал, Монгол орны хөхтний ангийн 55 зүйл, жигүүртний ангийн 250-иад зүйл, мөлхөгч, хоёр нутагтны ангийн 10 зүйл энэ бүсэд багтаж байна. Цаашлаад загасны ангийн 40-өөд зүйл, шавжийн ангийн 34 багийн 2000 орчим зүйл, дээд буюу гуурст ургамлын ховордсон 100-аад ургамлын зүйлийн 60 орчим нь энэхүү хамгаалалтад ороод байгаа юм.
Төслийн хаалтын ёслол Хэнтий аймгийн Биндэр сумаас эхэллээ. Сүрлэг хөх уулсын энгэр хөвөөгөөр ногоон ой эмжиж, гол горхи мурилзан одох нь ер бусын уран зураг гэлтэй. Байгалын энэ л сайхан гоо үзэмжийг бахдан шагшиж, цэнгэг агаараар нь цээж дүүргэх гэсэн жуулчдын хөл үл тасрах аж. Сумын иргэд өөрсдийн гараар бүтээсэн бэлэг дурсгалын зүйл, мөн үндэсний өв уламжлалаа хадгалсан гутал, эмээлийн мод зэргийг сумын “Соёлын төв”-ийн хажуугийн байранд дэлгэжээ. Нөхөрлөл үүсгэн, хийж бүтээж буйдаа сэтгэл хангалуун байгааг тэдний царайнаас төвөггүй ажиглаж болох аж.
Биднийг “Соёлын төв” рүү ороход төслийн хүрээнд нэгдсэн нөхөрлөлийнхөн сумын ойн тогтвортой менежментийн төслийн хаалтад зориулж, хийж хэрэгжүүлсэн болгоноо тайлагнаж байлаа. Тэд шинэ коронавирусын эсрэг дэглэмийг баримтлан хүн бүрт амны хаалт тараан, гарыг нь ариутгаж, 1-2 метрийн зайтай суулгав. Төслийн хаалтын үйл ажиллагааны үеэр Дадал сумын Баянцагаан нөхөрлөлийн ахлагч Д.Нэргүй “2006 онд байгаль орчноо хамгаалах хүсэл эрмэлзлэлтэй иргэд нэгдэж нөхөрлөл байгуулах болсон. Эхэн үедээ нөхөрлөлүүд хэрхэн ажиллах хууль эрх зүйн мэдлэггүй байсан учраас 2010 оноос Дэлхийн байгаль хамгаалах сангийн сургалтуудад хамрагдсан. Ингээд 2015 оноос өөрсдийн дүрэм журамтайгаар үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. НҮБ-ын Хүнс хөдөө аж ахуйн байгууллагатай таван жилийн турш хамтран ажиллаж, гишүүдээ мэргэшүүлэх сургалтуудад хамруулсан юм. Нөхөрлөлүүд мэргэжлийн хөрөөчин, биологич, санхүүгийн мэргэжилтэнтэй болоод зогсохгүй ховор болон эмийн ургамлыг таньж мэдэх, хортон шавжтай хэрхэн тэмцэх сургалтуудад хамрагдсан. Мөн ойн дагалдах баялагаар бүтээгдэхүүн үйлдвэрлэх, гар урлалын сургалтад хамрагдаад байгаа. Ойгоо арчилж хамгаалах чиглэлээр чадавхжихаас гадна дагалдах баялгийг ашиглан амьжиргаагаа дээшлүүлж байна” хэмээн хамт олныхоо олж авсан туршлагаасаа хуваалцсан юм.
НЭМҮҮ ӨРТГИЙН СҮЛЖЭЭГ ДЭМЖИХ ЗАМААР АЖЛЫН БАЙР НЭМЭГДҮҮЛНЭ
НҮБ-ын Суурин зохицуулагч Тапан Мишра “Ой болон бусад эмзэг экосистемийг тогтвортой удирдаж, нөөцийг зөв ашиглах нь уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх болон өнөө болон ирээдүй хойч үеийн хөгжлийг зөв чиглүүлэх үндэс юм. Түүнчлэн, ой нь ядуурлыг бууруулах, Тогтвортой хөгжлийн зорилгуудыг хэрэгжүүлэхэд чухал үүрэгтэй. Монгол Улс дахь НҮБ-ын төрөлжсөн байгууллагууд цаашид үргэлжлүүлэн энэ чухал салбарыг дэмжин ажиллана” гэв. Харин Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Сарангэрэл “Байгаль орчныг хамгаалаад зогсохгүй иргэн төвтэй экосистемийн тэнцвэрт байдлыг хангах цогц бодлогыг хэрэгжүүлж байгаагаараа НҮБ-ын Хүнс хөдөө аж ахуйн байгууллагын “Ой бүхий аймгуудын биологийн олон янз байдлын хамгаалал, ойн тогтвортой менежмент, нүүрстөрөгчийн хуримтлалыг нэмэгдүүлэх нь” төсөл маш чухал юм. Ойн менежментийг хийх, аж ахуй эрхлэх чадавхид сургаж байгаад би маш их талархаж байна. Экологийн тэнцвэрт байдлыг хадгалахын төлөө сэтгэл зүтгэл, цаг заваа зарцуулж байгаа, мөн байгальдаа халгүйгээр үйл ажиллагаа явуулах ашиглах мэдлэгтэй хүмүүст байгалын дагалдах баялгийг ашиглах эрх нь нээлттэй байх ёстой” гэсэн. Мөн нийт 1873 хүнийг сургалтад хамруулж, чадавхжуулжээ. Үүнээс гадна 43 аж ахуй нэгжид тус бүрд нь 53 сая төгрөг олгож, иргэд маань өөрийн гэсэн аж ахуйтай болсон нь сайхан хэрэг гэдгийг онцолсон. Хамгийн гол нь төсөл ингээд зогсохгүй, НҮБ-ын Хүнс хөдөө аж ахуйн байгууллага цаашид 6 сая ам.долларын төсөл хэрэгжүүлнэ. Ингэхдээ зүүн гурван аймгийг хамруулах аж.
Европын холбооны Хамтын ажиллагааны хэлтсийн дарга Пьер-Ив Люкас “Европын Холбоо Монгол дах төсөл хөтөлбөрөө эрчимтэй өргөжүүлж байгаа бөгөөд НҮБ-ын ХХААБ болон GIZ байгууллагатай хамтран ойн төсөл хэрэгжүүлэхээр болсныг дуулгахад таатай байна. Энэ төслөөр дамжуулан мод, модон бүтээгдэхүүний нэмүү өртгийн сүлжээг дэмжих замаар залууст ажил байрыг нэмэгдүүлэх зорилготой юм” хэмээсэн нь коронавирусын үед ажлын байргүй болсон иргэдэд хэрэгтэй мэдээлэл байв.
Нөхөрлөлийн багийнханы сумандаа хийж бүтээсэн ажлыг харахад тэд үнэхээр хичээнгүй гэдэг нь илт аж. Ойн нөхөн сэргээлт, мод үрсэлгээ арчилгаа хийхээс гадна унанги модоор хогийн сав, хөргөгчний наалт, цэцгийн ваар зэрэг хийж ахуйн хэрэгцээг хангадаг байна. Зөвхөн байгаль хамгаалаад зогсохгүй нутгийн айл өрхүүдийн амьжиргааг дэмжиж ойгоо хамгаалж хариуд нь “хаягдал” модоор үйлдвэрлэл эрхлэх тоног төхөөрөмжөөр хангаж өгчээ. Түүгээр ч зогсохгүй “мужааны цех” байгуулсан аж.
“Биндэр ой” сум дундын ойн ангийн дарга Г.Даваажаргал “Манай сум дундын ой анги нь шалз, цагаан нуга, янгийн ар зэрэг газруудад мод үржүүлгийн 12 га талбайтай. Мөн 18 га талбайд модны тарьц, суулгацыг ургуулж байна. Бид хавар намрын ид ажлын үед ойжуулалт, мод үржүүлгийн талбайдаа 30-40 хүнийг түр ажлын байраар хангадаг. Биндэр, Дадал, Баян-адрага, Норовлин сумдын 539.7 га ойн санг хариуцан хамгаалахаас гадна ойн мэргэжлийн 10байгуулага, 58 ойн нөхөрлөлтэй хамтарч ажилладаг. Бид жилдээ 250-350 га талбайд тусгаарлалт хийдэг” гэж ярилаа.
Сонирхуулахад нарс, шинэс, улиас, шар хуайс, хайлаас, чацаргана, бургас, долоогоно, далийн ягаан гэх мэт 13 төрлийн ургамлыг тариалдаг. Үүнийгээ нарс 500-45000, шинэс 5000-25000, улиас 2500-2800, хайлаас 1500, чацаргана 2000-3800 төгрөг гэх зэргээр насжилт болон өндрөөс хамааран борлуулж байгаа юм. Мөн 460 мянган га бүхий ойн санг хамгаалдаг 54 нөхөрлөл биологийн олон янз байдлын хамгаалал болон нүүрстөрөгчийн хуримтлалын тооцоолол бүхий 10 жилийн ойн менежментийн төлөвлөгөөтэй болсноос гадна 14 нөхөрлөл зэрлэг амьтдын судалгааг хийж, мэдээллээ БиоСантай хуваалцаж байгаа гэнэ.
Түүнээс гадна нөхөрлөлийн 3800 гаран гишүүнийг чадавхжуулах сургалт зохион байгуулж, 189 мэргэжлийн сертификат олгон зорилтот бүс нутагт 11 ойн мэдээллийн судалгааны нэгж байгуулсан байна.
Төслийн орон нутгийн зохицуулагч З.Ууганбаяр “Бид энэ төсөл дээр 2016 оноос хойш хамрагдан Биндэр сумандаа нөхөрлөлийн гишүүдийг ажлын байраар хангах үүднээс мужааны цех байгуулсан. Байгаль дээр унаж хатсан шинс, монос, гишүү, мөчрийн ур үндсийг боловсруулан хогийн сав, аяганы тавиур, ширээ, бэлэг дурсгалын зүйлийг хот болон орон нутагт захиалгаар хийж байгаа. Аяганы тавиурыг л гэхэд онлайнаар 16500 төгрөгөөр борлуулж байна. Батширээт сумын хоёр гишүүн, Биндэр сумын нэг гишүүнтэйгээр 2019 онд байгуулагдан одоог хүртэл үйл ажиллагаа явуулж байна” гэлээ.
Үүнээс харахад бүгд л байгаль дэлхийгээ гэсэн сэтгэлтэй нь мэдрэгдэнэ. Амьдарч буй орчноо унасан модоор хийсэн бүтээгдэхүүнээр тохижуулахаас гадна, унанги модыг түүнэ, цэвэрлэнэ. Сумын иргэд ойтойгоо зүй зохистой харилцаж сурах, цаашлаад байгальд хор хөнөөлгүйгээр үр шимийг нь хүртэх боломжийг энэ төсөл олгож, өнгөрсөн хугацаанд 1378 хүнийг сургалтад хамруулж 43 аж ахуй нэгжид тус бүрд нь 57 сая төгрөг олгожээ. Үүний үр дүнд нь ард иргэд өөрийн гэсэн аж ахуйтай, орлогын эх үүсвэртэй болсон байна.
Хэнтий аймгийн БОАЖГ-ын Ойн албаны дарга Б.Нямхатан “Байгаль хамгаалах чиглэлээр бид ойг хамгаалах нөхөн сэргээлгэх, хууль бус ан, ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг сайн авч ажиллаж байгаа. Хуулийн дагуу орсон орлогуудаасаа нөхөн сэргээлт хийдэг. 2019 онд нийт 49 ажлыг 300 гаруй сая төгрөгөөр хийсэн. Энэ нь дандаа байгаль хамгаалах чиглэлээр хийгдсэн. Түймрийн үед ашиглах багаж төхөөрөмж, уул уурхайн болон нөхөн сэргээлтийг төсвийн хүрээнд хийж байгаа. Аймгийн хэмжээнд 36 байгаль хамгаалагч ажиллаж байна. Бидний нэрлэдгээр хятад мотоцикл эдэлгээ богино. Очоод үзэхэд мотоциклгүй байгаль хамгаалагч байхгүй. Хэрэглээ нь дуусчихсан, туулах чадвар тааруу байдаг. Нэг ойн анги огт төсөвгүй өөрийн орлогоор үйл ажиллагаа явуулдаг. Тэр нь Цэнхэрмандал суманд байгаа. Энэ ойн анги 80.3 мянган га ойн сантай. Гэтэл Ойн судалгаа хөгжлийн төвийн хэрэглэж байсан пургон автомашиныг авч өөрсдөө чадлынхаа хэрээр засварлан ашиглаж байгаа. Энэ мэтчилэн орон нутгийн байгаль хамгаалагчдад унаа тэрэгний асуудал тулгардаг.Мөн самар, жимсчид модыг мунаар цохиж дахин хэзээ ч нөхөн сэргээгдэхгүйгээр гэмтээдэг. Самар, жимснээс амьтдад хоол үлдээлгүй түүдгээс болж баавгай өлсөхийн эрхэнд уулнаасаа бууж хоол хайх болсон” гэлээ.
Хэнтий аймагт баавгай айлын гэрт хамгийн ойрдоо 6 километрын зайд бууж иржээ. Байгаль хамгаалагчид баавгайг торлон бариад хооллож, гэдэс цатгаад эргүүлэн ойд нь аваачиж тавьсан хэмээн сум орон нутгийн ойд тулгамдаж буй асуудлыг нуулгүй ярьсан юм.
Ойн аж ахуйг сэргээх, хамгаалах, байгаль орчиноо сэргээх цаашлаад иргэдийн амьдралд нэмэр болохуйц нэмүү өртгийг өгөх зорилгоор НҮБ-ын ХХААБ-ын Суурин төлөөлөгч Винод Ахужа тандалт судалгаа хийж эхэлсэн аж. Тэрээр “Монгол Улс 1973 онд НҮБ-ын ХХААБ-д гишүүнээр элсэн орсон. Түүнээс хойш хөдөө аж ахуй болон ойн хөгжлийн чиглэлээр олон ажлуудыг хийж байгаа бөгөөд 2007 оноос нөхөрлөлүүдийг дэмжих чиглэлд ажиллаж эхэлсэн юм. Бид аливаа төслийг хэрэгжүүлэхдээ үргэлж өмнөх туршлагаасаа суралцаж байхыг эрмэлздэг. Мөн хэдийгээр бид техникийн мэргэжил, мэдлэгийг авчирч нутагшуулж байдаг ч оролцогчдоосоо байнга суралцаж байдаг юм шүү. НҮБ-ын ХХААБ-ын хувьд бүх талуудтай тухайлбал, Засгийн газар, орон нутгийн засаг захиргаа, нөхөрлөлүүд, иргэдтэй хамтарч ажиллахад хэзээд бэлэн байдаг. Тиймээс төсөл хаалтаа хийж байгаа энэ өдөр дахин нэг төслийн талаар мэдээллийг хүргэмээр байна. Даян дэлхийн байгаль орчны сангийн дэмжлэгтэйгээх 6 сая ам.долларын өртөгтэй төсөл Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймагт хэрэгжихээр болсон. Үргэлжлүүлэн хамтран ажиллах болсондоо таатай байна” хэмээн ярьсан юм.
Үүнээс үзэхэд бид ой модоо, ан амьтадаа хайрлан хамгаалаагүйн улмаас олон талын эрсдэл бий болдог. Тиймээс энэ төслийн ард олон зуун ургамал, амьтад, ой мод сэргээгдэж байгаа нь сайн талтай юм.
Дашрамд сонирхуулахад Биндэр суманд баригдаж буй “Их хуралдай” цогцолборын тухай сошиал орчинд газар дээрх ганцхан “цэг”хатгачихсан хэмээн шүүмжлэн хошуурцгааж байсан билээ. Гэтэл уг цогцолбор 125 га газрыг хамруулан бүтээж байгаа аж. Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн Д.Төртогтохын санаачилсан зохиомжийн дагуу байгалын унаган төрхийг тодотгосон таван том цогцолборын нэг болж байгаа нь гайхалтай. Их Монгол Улс гал голомтоо бадраасан энэ нутагт есөн хөлт цагаан тугийг билгэдэн байгууламжийг барьж байгаа юм. Цогцолборын гол өргөө 21 метрийн өндөртэй, 300 хүний багтаамжтай, мөнгөлөг цагаан ордон сүндэрлэнэ юм. Мөн дэлхийн гайхамшгийн нэг болох “Таж махал”-ын адил цэн тогоруу ихээр нутагладаг “Цагаан нуур”-ын хажууд байрладаг бөгөөд тус нуурын тусгалд “Их хуралдай” цогцолбор тодоор тусдаг гэнэ.
Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн Д.Төртогтох хэлэхдээ “Энэхүү байгууламж маань долоон давхар орон сууцтай дүйцэхүйц өндөртэй. Монгол Улсад байх хамгийн их сийлбэртэй бүтээн байгуулалтад хуримын ордон, соёмбот танхим зэрэг ордог. Харин хамгийн их угалз сийлбэртэй бүтээн байгуулалтаар “Их хуралдай” цогцолбор нэрлэгдэнэ” гэлээ.
Түүнээс гадна гадаад дотоодын аялал жуулчлалынхныг татах зорилгоор “Их эзэн-Чингис хаан” цогцолборыг Дадал сумын нутагт сүндэрлүүлэх юм. Одоогоор зураг төслийг гаргаж байгаа гэлээ. Тус цогцолбор нь Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр 4000 метр квадрат талбайтайгаар баригдах ба дотор талдаа тахилын сүм, үзэсгэлэнгийн танхим, кафе, музей, дижитал үзмэр, бэлэг дурсгалын дэлгүүр, 250 хүний багтаамжтай амфитеатр гэсэн хэсгүүдээс бүрдсэн эрдэнийн чулуу өргөө юм. Чингис хааны түүхэн гавьяаг олон улсад таниулах, Монголын эзэнт гүрэн, Алтан ургийн хаадын түүхийг өгүүлэх төрт ёсны өв уламжлалыгтаниулан сурталчлахад гол зорилготой. Аялал уулчлалын олон улсын стандартад нийцсэн, ногоон барилгын төлөвлөлттэй, хэрэглэгчдэд ээлтэй орчин нөхцлийг бүрдүүлэх гэнэ.
БОАЖЯ-ны Аялал жуулчлалын бодлого, зохицуулалтын газрын дарга С.Баясгалан “Монголд аялах хүсэлтэй жуулчдын тоо 2018 онд 114 сая байсан бол 2019 онд 157 болж өссөн. Энэ их эрэлтийг хангахын тулд бид түүхэн аялал жуулчлалын бүтээн байгуулалтуудыг хийх замаар Монгол Улс тэр дундаа орон нутаг руу чиглүүлэх урсгалыг бий болгож байгаа юм. Өмнө нь түүхэн аялал жуулчлалын газруудад хоосон газар үзүүлснээр эдийн засгийн урсгал багатай байдаг байсан. Харин өнөөдрийн энэ бүтээн байгуулалтуудаар дамжуулан нутгийн иргэд шууд үр ашгийг хүртэх боломтой болж байна ” гэсэн юм.
Тус аймгийнДадал, Батноров, Норовлин, Дэлгэрхаан, Биндэр, Бэрх сумдад нийт зургаан цогцолборыг байгуулах юм. 2023 он гэхэд бүрэн дуусгаж ашиглалтад оруулахаар төлөвлөж байгаа аж.
Д.ОТГОНТУЯА