Өчигдөр Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага (ДЭМБ) коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх зөвлөмжөө шинэчилсэн байна.
Ингэхдээ 12 ба түүнээс дээш настай хүүхдүүд насанд хүрэгчдийн нэгэн адил олон нийтийн газарт явахдаа амны хаалт зүүх ёстойг зөвлөжээ.
Хүүхдүүд хэрхэн вирусийн халдвар тараадаг талаар мэдээлэл хомс байгаа ч сүүлийн үед өсвөр насныхны бусдыг халдварлуулах арга зам томчуудынхтай ижил болох нь баримтаар батлагдаж буй тул ийм зөвлөмж гаргасан байна.
ДЭМБ хүүхдүүдийг гурван насны бүлэгт хувааж, тус бүрт нь зориулсан зөвлөмж гаргажээ.
- 12 ба түүнээс дээш насны хүүхдүүд олон нийтийн дунд орохдоо бусдаас нэгээс илүү метрийн зайтай байж чадахгүй бол насанд хүрэгчдийн нэгэн адил амны хаалт зүүнэ.
- 6-11 насны хүүхдүүдийн хувьд амьдарч буй газарт нь коронавирус хэр өргөн тархсан байгаа, тухайн хүүхэд өндөр настан зэрэг эрсдэлтэй бүлгийнхэнтэй хэр ойр байдгаас шалтгаалж амны хаалт зүүх, зүүхгүйг шийдэх ёстой. Мөн амны хаалтыг аюулгүй зүүх, авах зэрэгт нь насанд хүрэгчид анхаарал тавьж, туслах ёстойг заажээ.
- 5 хүртэл насны хүүхдүүд хэвийн орчин нөхцөлд амны хаалт зүүх шаардлагагүй гэжээ.
Насанд хүрэгчдийн хувьд халдварын түвшин өндөр байгаа газар нутагт буй 60 хүртэл насны эрүүл хүмүүс олон нийтийн газарт бусдаас нэгээс дээш метрийн зайтай байх боломжгүй тохиолдолд даавуун амны хаалт зүүх ёстойг ДЭМБ зөвлөсөн байна.
Ялангуяа хүүхдүүтэй ойр ажилладаг хүмүүст дээрх зөвлөмж чухал болохыг онцолжээ.
Харин 60-аас дээш насныхан болон суурь өвчтэй хүмүүс эмнэлгийн зориулалттай амны хаалтыг зүүх ёстойг заасан байна.