Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

НОМ ЯРЬЖ ӨГЬЕ: Хар бараан ч бодит үнэнтэй нүүр тулгах “Шүүх ажиллагаа”

Чехийн Праг хотод худалдаачин Еврейн гэр бүлд төрсөн Ф.Кафка “Хувирал” тэргүүт тууж, өгүүллэгүүд, “Шүүх ажиллагаа” зэрэг бүтээлээрээ бидэнд танигдсан билээ. Хэдийгээр 31 жил насалсан ч тун сайн бүтээлүүд туурвин үлдээж чадсан юм. Энэ удаад бид түүний “Шүүх ажиллагаа” хэмээх бүтээлийг онцолж байна. “Нэгэн өглөө Иозеф К ямар ч буруугүй атлаа баривчлагдав. Хэн нэгэн түүнийг гүтгэснээс зайлахгүй…” гэж эхлэх түүний энэ бүтээлээс сайн сайхан зүйл олж уншина гэж найдаад хэрэггүй. Гэхдээ бүх зүйл сайн сайхан гээд өөрийгөө хуураад байх уу, эсвэл бодит байдалтай нүүр тулаад үзэх үү гэж өөрөөсөө асуугаарай. Зохиолч маань бидний төсөөлдөг сайхан ертөнц тийм ч ариухан биш, төсөөлөл болон бодит байдал хоёр эрс тэс гэдгийг харуулахыг зорьжээ. Банкинд ажилладаг ноён Иозеф К ямар ч шалтгаангүй баривчлагдаж, бүр өглөөний цайгаа ч ууж чадалгүй нэгжлэг хийлгэн, хамаг юмаа онгичуулан хольж хутгах бүдүүлэг хүмүүстэй учирна. Тэд баривчилсан хүнийхээ хувцас хунарыг хураан авч, зарж орхидог заншилтай. Учир нь нэгэнт баривчилсан хүнийг сулладаггүй гэдгийг мэддэг болохоор тэр юм. Тэднийг ийм зүйлд сургаж, эрх мэдэл олгосон хүмүүс бол мэдээж дээд шүүхийн бохир заваан эрх мэдэлтнүүд. Ноён Иозеф К шулуун, дориун зан гаргасан тулдаа хөгийн амьтдыг бага ч гэсэн айлгаж чаддаг. Хүн ер нь хүлцэнгүй байх тусам бүдүүлэг зальхай хүмүүс хоолойг нь хэрчээд булахад бэлэн байдаг аж. Харин бузар булай бүхнийг нүүрэн дээр нь зоригтой ярьж чадвал тэд айж хулчийдаг.

Гол дүрээ үхүүлж, айдас, ой гутам зан араншин, муу муухай зүйлийн талаар бичигдсэн роман гэж зарим хүмүүс дургүй байдаг ч энэ бүтээлийн хэлэх гэсэн санаа гүн гүнзгий, хамгийн гол нь биднийг үнэнтэй нүүр тулгаж орхидог. Нэг талаар хэнийг ч хамаагүй золигт гаргах шударга бус хүмүүсээс ангид оршиж яваа бол өөртөө талархах сэтгэл төрмөөр. Гэвч бидний эргэн тойронд муу муухай, шударга бус зүйл даамжирч, хэн нэгэн золиос болсоор байна. Заримдаа зоригтой, ухаалаг байж чадах ч ганцаараа бол юунд ч хүрч чадахгүй. Энэхүү номыг уншиж дуусаад үлдсэн сэтгэгдэл гэвэл “Хэрэв чи хэтэрхий дуулгавартай, хүлцэнгүй байвал бусад шударга бус хүмүүсийн идэш болоод өнгөрнө”.

“Шүүх ажиллагаа” роман бол бүхэл бүтэн номын сан байгуулж болохуйц хэмжээний утга зохиол судлаач, шүүмжлэгчдийн 90 гаруй жилийн турш бичсэн сэтгэгдэл, тайлбар, судалгааны бүтээл дагуулсан суут бүтээл болохыг онцолсон байдаг.

Г.БАТЗОРИГ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *