Categories
мэдээ нийгэм

Зам тээврийн ослын улмаас 12 хүн гэмтсэний 1 нь хүүхэд байна

Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс 2020.08.10-13-ны өдрүүдэд нийт 1187 дуудлага мэдээлэл хүлээн авснаас 836 зам тээврийн ослын шинжтэй дуудлага мэдээлэл бүртгэгдсэн.

Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас 12 хүн гэмтсэний 1 нь хүүхэд байна. Ноцтой зам тээврийн ослын улмаас нийслэлд 2, орон нутагт 2 хүний амь нас хохирсон байна.

Нийт хүн бэртсэн, амь нас хохирсон ослыг хэлбэрээр нь авч үзвэл:

  • Явган зорчигч мөргөх хэлбэрээр -3
  • Мөргөлдөх хэлбэрээр-3 тус тус бүртгэгдсэн байна.

Ноцтой зам тээврийн ослоос дурдвал:

2020.08.17-ны 16.30 цагийн орчим Сүхбаатар аймаг Эрдэнэцагаан сумын 1-р баг “Алтан Овоо” гэх газар /сумын төвөөс хойш 10 км/-т шороон замд Dayun маркийн улсын дугааргүй А жолоочтой мотоцикл онхолдож, жолооч 52 настай, эрэгтэй, А нас барсан.

2020.08.18-ны 18.20 цагийн орчимд БГД-ийн 20 дугаар хороо “Гурвалжин” төвийн зүүн урд замд Bieben маркийн автомашины жолооч Н нь явган зорчигч 46 настай, эрэгтэй Б-г мөргөж, амь насыг хохироосон.

2020.08.18-ны 03.10 цагийн орчим Өмнөговь аймгийн Цогт овоо сум Нартын ам гэх газарт Хово маркийн автомашины жолооч Б нь Норт бeнз маркийн А жолоочтой автомашинтай мөргөлдөж улмаар Хово маркийн автомашины жолооч, 41 настай, эрэгтэй Б-ийн амь насыг хохирсон.

2020.08.20-ны 17.13 цагийн орчимд СХД-ийн 33 дугаар хороо Тахилтын зам, …дугаар хашаан дотор Toyota Harrier маркийн автомашины жолооч П нь хөдөлгөөн эхлэх үедээ 1.5 настай, эмэгтэй А-г мөргөж амь насыг хохироосон.

Явган хүний гарц, уулзварт явган зорчигчид зам тавьж өгөөгүй 992 жолоочид Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн 14.7.38-д заасны дагуу арга хэмжээ тооцож ажилласан.

Мөн алба хаагчдаас хийсэн хяналт шалгалтын үеэр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 103 жолоочийг илрүүлж, эрхгүй үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 20 хүнийг шүүхээр баривчилж хуулийн дагуу хариуцлага тооцсон байна.

Сургууль, цэцэрлэгийн зуны амралт дуусаж нийслэл хотын тээврийн хэрэгслийн хөдөлгөөний эрчим ихсэж байгаа тул иргэд жолооч та бүхэн замын хөдөлгөөний дүрмийн өөрт хамаарах заалтыг чандлан мөрдөх, хүүхэд багачууддаа тавих хараа хяналтаа сайжруулах, тээврийн хэрэгслийн хөдөлгөөн эхлэхээсээ өмнө автомашинаа тойрч шалгаж байхыг тээврийн цагдаагийн албанаас анхааруулж байна.

“ЯАРААД ЯАХАВ ДЭЭ”

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *