Хүний эрхийн Үндэсний комисс, Цагдаагийн Ерөнхий газрын удирдлагуудтай уулзаж, Эрүүдэн шүүлтээс урьдчилан сэргийлэх нөлөөллийн аянг зохион байгуулах, гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх чиглэлээр хамтарсан ажиллагааг явуулах, тус гэмт хэргийн хохирогчдын нөхцөл байдлын судалгааг хийх талаар санал солилцов.
Талууд уулзалтын хүрээнд энэ оны сүүлийн хагаст тусгай “Ажлын хэсэг” байгуулж “Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 14 дэх илтгэл”-ээр дамжуулан шийдвэрлүүлсэн цагдаагийн алба хаагчдын хөдөлмөрлөх эрхийн хэрэгжилттэй биечлэн танилцах, Монгол Улс дахь химийн хорт бодисын хадгалалт, хамгаалалтыг хянаж шалгах, хүний эрхийн сургагч багш нарыг дахин бэлтгэх зэрэг олон ажлыг зохион байгуулахаар төлөвлөсөн байна.
Мөн энэ үеэр мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх бодисын хэрэглээ, үйлдэгчид оноож буй ял шийтгэл, эрх зүйн орчныг судлах, малын хулгайн гэмт хэргийн талаарх судалгааг хийх тухай ярилцлаа.
Уулзалтад Хүний эрхийн Үндэсний комиссын гишүүн П.Оюунчимэг, Цагдаагийн ерөнхий газрын Захиргааны удирдлагын газрын дарга, цагдаагийн хурандаа П.Оростогоо, Экологийн цагдаагийн албаны дарга, цагдаагийн хурандаа О.Амарсанаа нар болон бусад албаны төлөөлөгчид оролцжээ.