Categories
мэдээ нийгэм

БЗД-ийн ИТХ-ын төлөөлөгч Г.Хонгор: Бид өдөр бүр илүү зардал, илүү төлөлт төлж байна

“Үндэсний мэдээллийн төв”-д Мобиком компани хэрэглэгчдийн эрх ашгийг хэрхэн зөрчиж байгаа талаар БЗД-ийн ИТХ-ын төлөөлөгч Г.Хонгор, Баянзүрх, Баянгол дүүргийн иргэн Д.Бямбацогт, Г.Үнэнбаяр нар хэвлэлийн бага хурал хийлээ.

Г.Хонгор: Цар тахлын улмаас улс орны эдийн засаг хямарсан, ажлын байр хумигдсан, иргэдийн цалин орлого буурсан энэ цаг үед төр засаг санхүүгийн нэгэн чухал арга хэрэгслийг орхигдуулж байна. Энэ бол “санхүүгийн арвилан хэмнэлт” юм.

Гэтэл бид өдөр бүр илүү зардал, илүү төлөлт хийж байна. Харилцаа холбооны салбар дахь тусгай зөвшөөрөл эзэмшигч зарим оператор компани зах зээл дээрх өөрийн монопольт давуу байдлаа цар тахлын үед зөвхөн өөрийн бизнесийн явцуу ашиг сонирхлын төлөө ашиглаж, харин ашиг орлогыг нь бүрдүүлж буй хэрэглэгчдийг хохироох, эрх ашгийг нь зөрчих, өргөдөл гомдол саналыг нь шийдвэрлэж өгөхгүй байх зэрэг зөрчлүүдийг гаргаж байна.

Мөн энэхүү асуудлууд нь мөн чанартаа Мобиком корпораци ХХК-ийн зах зээлд нийлүүлж буй бүтээгдэхүүн ажил үйлчилгээтэй нь шууд холбоотой байгаа гэв.

БГД-ийн зургаадугаар хорооны иргэн Д.Бямбацогт: Би Мобикомыг анх үүсгэн байгуулагдсанаас нь хойш хэрэглэгч нь байсаар ирсэн. Саяхан 1000 төгрөгний үнэтэй, 99GB дататай дугаарыг авах гэтэл: “та 1000 төгрөгөөр авах боломжгүй, 3500 төгрөгөөр авна” гэсэн. Яагаад 2500 төгрөг нэмж авах ёстой талаар асуутал “та манай хуучин хэрэглэгч” гэсэн. Энэ асуудлыг ойлгохгүй байна, энэ бол биднээс илүү зардал гаргах гэсэн санаа гэв.

БЗД-ийн иргэн Г.Үнэнбаяр: Би 28000 төгрөгийн үнэтэй, бүх сүлжээнд үнэгүй дугаар авсан. Гэтэл хэд хоногийн дараа та уг дугаарыг хэрэглэх боломжгүй, зөвхөн албан байгууллага, намын шугамаар ашиглана гэсэн. Анхнаасаа 28000 төгрөгийн уг дугаарыг сурталчлахдаа хувь хүмүүс барьж болохгүй гэж мэдээлэл цацаж болохгүй байсан гэж, энэ нь цэвэр ашгийн төлөө асуудал хэмээлээ.

А.МӨНХНАРАН

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *