-МИНИЙ ААВ ЗАВХАН АЙМГИЙН ЦАГААН ХАЙРХАНД ТӨРЖ, ЦАГААНЧУЛУУТ СУМАНД ӨССӨН ХҮН-
Ард түмний гавьяат хэмээн хүндлэгдсэн дуучин бол П.Адарсүрэн агсан юм. Эл эрхэм Соёлын тэргүүний ажилтан ч бололгүй хорвоогоос буцсанд олон хүн харамсдаг. Гэвч өнөөдрийг хүртэл түүний олон сайхан бүтээлийг хүмүүс дурссаар, дуулсаар байдаг билээ. Тухайн үед П.Адарсүрэн агсны оролцоогүй тоглолтыг үздэггүй байсан гэхэд ч дэгс үг болохгүй болов уу. Ар Монголын алдарт дуучин П.Адарсүрэнгийн хүү А.Амартайвантай ярилцсанаа хүргэе.
-Өөрийгөө манай уншигчдад танилцуулахгүй юу?
-Намайг Адарсүрэнгийн Амартайван гэдэг. Би эхээс тавуулаа. Нэг ах, нэг эгч, хоёр эмэгтэй дүүтэй, айлын дунд хүү. Намайг бага байхад том ахыг айлд өргүүлчихсэн юм билээ. Би багаасаа айлын ганц хүү учраас их хөдөлгөөнтэй, эрх дураараа өсчихсөн. Адал явдал үргэлж л намайг дагаж явдаг гэх үү дээ. Заримдаа аюултай гэж тооцогдохоор. Учир нь айж эмээх зүйлгүй, зоригтойгоор ажлуудыг санаж, сэтгэж, эхлүүлж хийдэг учраас ийм байх. 10 жилээсээ урлагаар явж, мэргэжлээ сонгон Хөгжим бүжгийн дунд сургуулийг 1988 онд бүжигчнээр төгссөн. Ингээд 1988-1992 оны хооронд Үндэсний ардын дуу бүжгийн чуулгад ажиллаж байсан. Дараа нь Бельгид очиж нарны эрчим хүч хураадаг толиор орон сууцыг цахилгаанаар хангах мэргэжил эзэмшээд ажиллаж байгаад ирсэн. Харин бусад ах дүү нарын дундаас урлагаар явсан хүн байхгүй.
-Та алдарт аавын хүү. Түүнчлэн бүжигчин, урлагийн хүн. Ард түмэн танаас сайхан уран бүтээлүүдийг хүлээдэг болов уу гэж бодох юм?
-Залуу байхаасаа л би Ар Монголын алдарт дуучны хүү гэж онгирч, аархаж явсангүй. Аавынхаа ажиллаж байсан Ардын дуу, бүжгийн чуулгад бүжигчин болоод бусад залуусын адил хөдөлмөрлөж, гоцлол бүжиг бүжиглэж, оргилд нь гарахын тулд явсан. 1998 оны жил аав минь өнгөрөөд, оршуулга дээр нь 22-хон хүн ирэхэд л би ойлгосон л доо. Тэр үед ард түмэндээ гомдох сэтгэл төрсөн. Аавынхаа энэ их үлдээсэн өв, авьяас билгийг мартуулахгүй, өргөж явна гэж зүтгэсэн. Үүнээс хойш их зүйл хийж бүтээжээ.
-Таны аавыг дуулахад үзэгчид уухай нижигнүүлэн арав гаруй дахиулж одоогийн Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулгын ихэнх орлогыг бүрдүүлдэг байсан гэдэг. Энэ мундаг хүний үр удам гэдгээрээ бахархаж явдаг байх. Саяхан аавынхаа гал голомтыг олж тогтоосон гэсэн дээ?
-Аав минь Завхан аймгийн Цагаанхайрхан сумын төвөөс хэдхэн километрийн зайтай Хярын зуслан гэх газар, уулын оройд 1942 онд төрсөн юм билээ. Саяхан 97 настай Даваасүрэн гэх аавын ээжийн эгчийнх нь хүүхдийг амьд сэрүүнд нь дагуулж яваад тулгын чулуу, гэрийн буйр, гал голомтыг нь тогтоолгоод ирлээ. Яалт ч үгүй аавын минь гал голомт мөн юм байна гэдгийг нутаг усны хүмүүс болон ах дүүгээр нь заалгасан нь утга учиртай. Аав минь домог шиг амьдарсан, түүхэн хүмүүн байсан. Тиймээс аавын минь талаарх домог, хууч яриа энд тэндгүй зохиогдож, аймаг, сум бүр л манай нутгийнх гэж өмчлөх гэдэг. Энэ бүх асуултын тодорхой хариу гарлаа. Аав минь Цагаанхайрханд төрсөн, Цагаанчулуут суманд өссөн. Учир нь төрсөн аав Пэлжээ нь өргөж авсан. Өвөө минь Цагаанчулуутад харьяалалтай, тэрүүгээр нутагладаг байсан учраас аав тэнд өссөн юм билээ.
-Өөрийнхөө төрсөн аав дээр өргөгдөж өссөн юм байна…
-Тийм. Түүх нь баримттайгаар бичигдэж, тодорхой болсон шүү дээ. 2005 онд Херо энтертайментийн Баатартай хамтран одоогийн “Монгол тулгатны зуун эрхэм” нэвтрүүлгийн үндсийг тавьсан “Ажиггүй идэр нас” нэвтрүүлэг бүтээж байлаа. Энэ нэвтрүүлгийн продюсерээр нь би ажиллаж, аавдаа зориулан уг контентыг бүтээсэн. 2013 онд Ар Монголын алдарт дуучин гэх ном, 13 дуутай CD гаргаж, тоглолт зохион байгуулж байлаа. Сүүлд 75 насны ойд нь зориулан 37 дуутай цомог гаргалаа. Ийн биет бус өвийг үлдээх тал дээр ганцаараа зүтгэж л байна даа. Миний хүн болж төрсний утга учир аавынхаа үйлийг мартуулахгүй цааш нь өвлүүлж үлдээхэд л буй юм байна гэж ойлгосон.
-Таны аав б.Адарсүрэнг өгөөмөр, цагаан цайлган, хэнд ч муу санадаггүй хүн байсан гэдэг. Аавынхаа энэ сайхан зан чанарын талаар ярихгүй юу?
-Хүнд муу санах, атаархаж чөтөөрхөх ямар ч хүмүүжил байхгүй тэгж өссөн хүн. Их багад нь, сургуульд ороогүй байхад нь хойд ээж нь өнгөрсөн. Ингээд тэр их нинжин, цайлган, цагаан, тусч өгөөмөр, бусдад хайртай сэтгэл төлөвшсөн байх. Ардын дуу, бүжгийн чуулгад аавынхаа хамт ажиллаж байсан хамт олонтой таван жил ажилласан. Тэр хугацаанд аавынхаа үүх түүх, болсон явдлыг нь бүгдийг нь сонсож явлаа. Ингэхэд дандаа л аавыг минь өмгөөлж, хамгаалсан, тэр хүний цагаан цайлган, нинжин сэтгэлийг ярьдаг байсан. Ийм учраас л энэ олон хүнд хайрлагддаг байх. Сошиалаар хүмүүс чи аавынхаа хүнд хэцүү үед хаана байсан юм бэ гэдэг. Эцэг нь ядарч явахад үр нь тэнхлүүн байна гэж байдаггүй юм. Бүр ч илүү ядарч явдаг. Өмөг түшиг болсон аав нь ядарч явж байна шүү дээ. Үүнийг хүмүүс ойлгодоггүй. Нөгөө хайрлаж, харамлаж, хардсан сэтгэлээр л ярьдаг. Аавыг хэцүү үед би орох оронгүй, хөлөө тэмтчээд явж байлаа. Би харин эсрэгээр нь асуумаар байдаг. Та бүхэн аавд минь үнэхээр л хайртай байсан юм бол өөрсдөө хаана байсан юм бэ гэж.
-Харин ээжийн тань тухайд?
-Миний ээжийн аав Ховд аймгийн Булган сумыг хамгийн том сум болгож, уулыг сэтэлж, хөгжлийг авирч байсан хүн. Ийм мундаг хүний хоёр дахь охин бол ээж минь. 1968 оноос хойш Дэнжийн 1000-ын сургуульд ээж багшилж байгаад сүүлд гоц авьяас 93 дугаар сургуульд багшилсан. Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгээс эхлүүлээд шавь нар гэж тоо тоймшгүй бий. Хоёр талаасаа л удам сайтай хүн дээ, би.
-Гень гэдэг зүйл бас байна л даа?
-Пэлжээ өвөө минь гэхэд Завхан аймагт хүний бага эмч байсан. “Пэлжээ доктор” гэж олон түмэндээ танигдсан ийм хүн байсан. 1930-40 оны үед ард түмнийг эмчилж, эдгээх үйлсэд гар бие оролцож, эрүүл мэндийг сахиж байсан. Аавын минь нэрийг гэхэд тэр үеийн Яруугийн хийдийн нэгэн оточ, маарамба өгч байсан юм билээ. Энэ хийдийг сэргээж, хамгаалалтад авах талаар ярьж, хөөцөлдөж байгаа. Энэ хийдийг сэргээчихвэл Отгонтэнгэр хайрхан руу хөврөх аялал жуулчлалд маш хэрэгтэй.
-Аавдаа хэр эрхэлдэг байв?
-Би одоо яаж ч хичээгээд гэртээ аав шигээ дулаахан орчин үүсгэж чаддаггүй. Хэрэв аав гэртээ байх юм бол бид ноцож ноолоод, овоорч шаваад байж байдаг байсан. Гэртээ прожектороор кино үзнэ. Мөн аав шагай харвах их дуртай. Том өрөөнийхөө хамаг юмыг зайчилж байгаад нэг буланд нь шатрын хөлөг тавьж шагайнуудаар хасаа өрөөд аав сум хашлагаа гаргаж ирээд шагай харвана. Бид нар аавын тэнэсэн сумыг аваачиж өгөх гэж уралдаад бөөн юм болно. Энэ мэтчилэн олон сайхан дурсамж бий.
-Адарсүрэн гэдэг хүний дуулсан дуу л тухайн үед хит болдог байж. Тиймээс тухайн үеийн хөгжмийн зохиолч, яриуу найрагчид дуугаа дуулуулахын тулд хатуу юм өгч дуулуулдаг байсан гэдэг?
-Миний аав шиг олны өгсөн архийг хувааж ууж, нөгөө хүмүүсээ давхар баярлуулсан хүн байдаггүй юм шүү. Тийм бие хаа, тийм эрүүл мэндээ золин барин хүн болгоны хүсэлтийг биелүүлж, архинд дуртайдаа биш, баярласан талархсаных нь хариуг нь өгч, агуу ухаан гаргаж, өөрийгөө зольж чадсан. Тэрнээс аав минь хаана ч очсон, ямар ч ресторан, пабд орсон архи аваад уух асуудал биш байсан.
-Аавтайгаа өнгөрүүлсэн нандин дурсамжаасаа ярихгүй юу?
-Тээр жил 1997 онд Ардын дуу бүжгийн чуулгын 40 жилийн ойд тайзан дээр аав бид хоёр хамт гарсан. Тэр үед монголчууд нууц товчоо, Чингис хаанаар өвчилж байсан үе. “Есөн өрлөг” гэх богино хэмжээний бүжгийн жүжигт есөн өрлөгийн нэг Боорчийн дүрд тоглож, тайзны голд бүжиглэж байлаа. Ингээд бүжиглээд гараад ирсэн. Аав дараа нь дуулсан. Уг нь бол төрийн ёслолын үйл ажиллагааны үед дахиулж дуулуулж болохгүй шүү дээ. Нэг дуучин нэг л дуу дуулна. Гэтэл аавыг дахиулж болдоггүй тайзан дээр дахиулчихдаг юм. Яалт ч үгүй хөшиг хаагаад байдаг, үзэгчид дахиулах гээд байдаг. Тэгээд л найруулагч команд өгч дахиулсан даа. Үүнийг хараад үнэхээр агуу явдал гэж бодож, бахархан уйлж байлаа.
-2015 онд Архангайн Цахир сумаас занданшуулсан шарил алдагдаж, хотод зарах гээд явж байна гэдэг мэдээлэл гарсан. Таныг илрүүлсэн гэдэг юм билээ. Энэ талаар ярихгүй юу?
-Шарил гэж болохгүй. Энэ бол амьд шүтээн. Энэ шүтээнийг би улсдаа олж өгч нэрээ мөнхөлсөн. Тэр үед үүнийг хэн хамгаалж, эх орондоо үлдээсэн бэ гэдгийг хэн нь ч яриагүй. Энэ явдлыг минь Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга үнэлээд, Шударга журам медалиар шагнасан байдаг.
-Нэг хэсэг аавын тань туулж өнгөрүүлсэн амьдралын тухай их ярьж, бичсэн. Гэхдээ гэрэлтэй талыг нь бус гэрэлгүй талыг нь бичээд байсан шиг санагддаг юм?
-Өнөөдөр зарим нэг хүн миний аавыг буруу амьдарсан гэж бодоод байдаг юм. Үнэндээ өнөөдрийн нийгэмд бол яалт ч үгүй буруу амьдарсан юм шиг харагдаж байгаа байх. Зүй нь тэр хүн хэзээ ч өөрийнхөө төлөө, үр хүүхдийнхээ төлөө яваагүй л байхгүй юу. Мөнгө төгрөг хуримтлуулаад хүнээс илүү амьдаръя гэсэн бодол ч байгаагүй. Ард түмэнтэйгээ, дууг нь сонсох дуртай хүмүүсийнхээ төлөө амьдарсаар байгаад дууссан. Нарийндаа бол дууссан гэдэг үг тохирохгүй байх л даа. Учир нь өнөөдөр ч гэсэн миний аавын дуунуудыг ард түмэн сонсож, дагаж дуулж байна. Тийм болохоор Пэлжээгийн Адарсүрэн гэдэг хүн их урлагийн төлөө, урлагт хайртай хүмүүсийн төлөө амьдарснаараа харин ч буруудаагүй гэж би боддог. Өнөөдөр би аавынхаа туулж өнгөрүүлсэн амьдралыг дүгнээд бодоход аав минь хүнд “үгүй” гэж хэлж чаддаггүй, хэн хаана гундуухан явна тэр хүнд туслахыг хичээдэг тийм л хүн байж. Үүгээрээ ч ойр тойрны хүмүүсийнхээ хайр хүндэтгэлийг татсан хүн байсан.
-Эцэг, эх, ах дүүс дунд нь урлагийн хүн байсан болов уу?
-Нутгийн өвгөчүүлтэй уулзахад ах дүүс дотор нь дуулж хуурддаг хүн байгаагүй гэсэн.
-Анх хэрхэн тайзан дээр гарч байсныг нь эргээд нэг дурсахгүй юу?
-Аав анх 1965 онд олны өмнө дуулж хамт ажиллаж байсан хүмүүсийнхээ дунд танигдсан гэдэг. Тухайн үед Зөвлөлт, Монгол хоёр армийн уулзалт үдэшлэг дээр Дунайн болон Манжуурын үдэш, “Москва орчмын үдэш”-ийг баянхуур тоглоод дуулсан байгаа юм. Тэгэхэд нь тэнд байсан хоёр орны цэргийн албан хаагчид олон удаа дахиулсан гэдэг.
-Аавын тань амьдралын зарчмын талаар ярилцлагынхаа төгсгөлд асууя?
-Аавтайгаа хамт амьдарч байхад дутагдах гачигдах зүйл үнэндээ байгаагүй. гэхдээ амьдрал үргэлж дардан байдаггүй. Уран бүтээлч хүний сэтгэл лааны гэрэл шиг эмзэг байдаг юм билээ. Ид хийж бүтээж яваа насандаа төр засагтаа үнэлүүлж чадахгүй байна гэдэг хамгийн их эмгэнэл. Энэ эмгэнэлийг би ааваасаа л олж харсан. Урлагийн хүний зовлон жаргалыг би өөрөө сайн мэднэ л дээ. Ингээд аавынхаа дуулж явсан алтан тайзан дээр таван жил бүжиглэлээ. Тэгэхэд урлагийн хүн болно гэдэг ямар их тэсвэр, тэвчээр шаарддагийг ойлгосон. Мөн сэтгэлээр унахдаа амархан хүмүүс юм гэдгийг ухаарсан. Ер нь миний аавын авьяасаас өчүүхэн хэсгийг нь бурхан надад хайрласан болов уу даа гэж боддог юм. Одоо бодоход аав минь амьдралдаа “үгүй”, “чадахгүй” гэдэг үгийг хэлж байгаагүй байх. Энэ нь бараг л амьдралынх нь зарчим болчихсон байсан гэхэд хилсдэхгүй. Ямар сайндаа л хүүхдийг нь гуйсан хүнд “чадахгүй” гэж хэлж чадалгүй хүүхдээ өгөөд явуулж байх вэ дээ. Ийм л амар түвшин хүн байлаа, миний аав. гэртээ ирээд хэдэн хүүхэдтэйгээ нийлж “сахилгагүйтнэ”. Миний багад өнөөдрийнх шиг PC тоглоом, телевизийн олон суваг байсангүй. “Аав хурдан ирээсэй. Шагайгаа ханатал тоглох юмсан” гэж бодно. Аав ирээд цайгаа ч ууж амжаагүй байхад хэдэн хүүхэд нь шаваад тоглоё гээд шалаад зогсчихно. Хэчнээн ядарсан байсан ч хүүхдүүдтэйгээ хэдэн минут ч гэсэн тоглодог байсан нь санаанаас гардаггүй юм.
-Ярилцсанд баярлалаа.
С.ЛХАМСҮРЭН
Б.ОЮУНДАРЬ