Ардын хувьсгалын 99 жилийн ойн Үндэсний их баяр наадмын уралдаанд бүртгүүлсэн хурдан морьдын ихэнх хувийг үндэслэлгүй хасч, цаг хугацаа, хөдөлмөр үнэгүйдсэн тухай 400 гаруй уяачийн гомдол Монголын морин спорт, уяачдын холбоонд иржээ. Тодруулбал, азарга насны ангилалд 174 морь бүртгүүлсэн ч 40.2 хувь, их насны ангилалд 261 морь бүртгүүлсэн ч 31.4 хувь нь хасагдсан байна. Хурдан морьдын уралдаанд бүртгүүлсэн нийт 1806 мориноос 58.1 хувь нь буюу 853 хүлэг хасагдсан аж. Энэ талаар уяадын байр суурийг сонирхов.
УЛС, БҮСИЙН НААДАМД ТАВАН УДАА АЙРАГДСАН ХҮЛГИЙГ ТЭНЦЭХГҮЙ ГЭЭД ХАСЧ БАЙНА
Хэнтий аймгийн Баян-Адарга сумын харьяат, Монгол Улсын манлай уяач Г.Содном
-Та бүхний улсын баяр наадамд сойсон хурдан морьдын ихэнхийг эрлийз гэсэн шалтгаанаар хассан байна. энэ тухай тодруулахгүй юу?
-Өмнө нь тэнцээд уралдсан морийг дараа жил хасна гэдэг байж боломгүй ойлголт. Хэрэв тухайн хэмжээ дамжаанаас нь давсан бол анхнаасаа л уралдуулахгүй байх ёстой шүү дээ. Өчнөөн хүч хөдөлмөрөө зориулж уясан, улс болон бүсийн наадамдаа таван удаа айрагдсан хурдан хүлгийг энэ жил уралдуулаагүй хассан тохиолдол бий. Монгол адуугаа уяад бүтэн жил хөдөлмөрөө барсан хүн наадамд очоод нэг сантиметр зөрөөд хасагдана гэдэг их харамсалтай. Тэгэхээр энэ олон булхай будлиан, эрлийз, монгол гэдгийг цэгцлэх цаг нь болсон.
-Монгол адууг шалгаруулах хэмжээ дамжаа нь маргаантай байна уу?
-Наадам болгоноор баяр наадмын коммис гээд хэдэн хүн аваачиж тавьдаг. Нөгөө хэд нь танил талаа хардаг муухай үзэгдэл байж болохгүй. Наадмын үйл ажиллагааг зохион байгуулдаг коммис үнэнч шударгаар үнэлмээр байна. Сайдын морийг юу ч хэлэхгүй уралдуулдаг мөртлөө хаа холоос жирийн уяач зорьж ирээд тэнцэхгүй гээд буцвал ямар олиг байхав дээ. Суманд нарийн хэмжүүр байхгүй учраас морьдыг зүгээр метрээр хэмжсэн болдог. Адууны туурай шороонд шигдсэн, метрээ буруу барьдаг гэх зэргээр манай уяачид алдаа дутагдал гаргадаг л байх. Хурдан морины уяачид гэдэг үндсэндээ ард түмний үйлчлэгч хүмүүс шүү дээ. Хэдий морь уядаггүй ч монгол хүн морь уралдахыг, хүүхэд гийнгоолж явахыг хараад нулимсаа дуслуулж, сэтгэлээ огшоож байдаг. Гэтэл ийм сайхан баяр наадамд морио гаргах гэхээр уралдуулахгүй гэж хүүхдийг нь уйлуулаад, морийг нь уядаг жудаггүй үйлдлээ болих хэрэгтэй.
Хэмжээгээ яг таг тогтоогоод гаргавал уяачид хэмжээнээс давсан морь авчраад ажилд саад болохгүй шүү дээ. Гэтэл энэ өөрөө алаг цоогтой болохоор ингэж будилуулж байна. Морь бол өсөх настай, сунах биетэй амьтан. Гэвч хэмжээ нь гарцаагүй таарч байгаа үед давсан гэвэл комиссын буруутай үйл ажиллагаа болно.
СЭРВЭЭНИЙ ӨНДРӨӨР ХЭМЖИЖ УРАЛДУУЛАХ УЧИРТАЙ
Дархан-Уул аймгийн Морин спорт уяачдын холбооны нарийн бичгийн дарга Б.БАЯРСАЙХАН
-Энэ жилийн баяр наадамд сойсон хурдан морьдыг олноор хассанаас үүдэлтэй маргаан юунаас эхлэлтэй вэ?
-Улсын их баяр наадмын түүхэнд түрүүлж, айрагдсан морьд дандаа сайжруулсан, цус сэлгэсэн, эрлийз угшилтай байсан. Өөрөөр хэлбэл, ямар нэгэн байдлаар орос, араб, англи адууны цус холилдсон адуунууд уралдаж байсан юм билээ. Ингээд 2013 онд эрлийз морьдыг монгол адуунаас ялгаж уралдуулах шийдвэр гаргасан. Ингэхдээ гадна үзэмжээр буюу үйлдвэрлэг байдлаар ялгаж эхэлснээс маргаан үүссэн гэсэн үг. Сүүлдээ их хурал зохиож, 700 гаруй төлөөлөгч оролцоод ялгаж уралдах нь зөв эсэх дээр санал хураахад дэмжигдсэн. Тодруулбал, сэрвээний өндрөөр хэмжиж уралдъя гэдэгт 60 гаруй хувийн санал авч дэмжигдсэн.
“Монголын морин спорт уяачдын холбоо”-ны зохион байгуулдаг “Их хурд бүсийн уралдаан”-д яг сэрвээний өндрийг хэмждэг төхөөрөмжийг хэрэглээд уралдахад маргаан гараагүй. Хэрэв маргаан гарахад айрагдсан морьдыг нь дахин хэмжиж үзэх боломжтой юм. Ганцхан сэрвээний өндрөөр хэмжихээс өөр баримтлах зүйлгүй.
-Цар тахал дэгдсэнтэй холбоотойгоор сум, аймаг, улсын наадмыг нэг хугацаанд зохион байгуулсан тул уяачид морьдоо олон газар сойгоод байх боломж бүрдээгүй. Тиймээс адуугаа хасуулсан уяачид их гомдолтой байх шиг байна?
-Цар тахлын үеэр эмзэг туссан шалтгаан нь ерөөс ганцхан наадам байсантай холбоотой. Аймаг, сум, улсад нэг хугацаанд ганцхан наадам болсон. Бүтэн жил тэжээгээд, бэлдээд уралдах гэж байсан адуугаа хасуулна гэдэг чинь нэлээн олон хүнийг хамарсан асуудал болж байгаа юм. Дахиж уралдуулах боломж гараагүй учраас гомдолтой. Урд нь хасагдлаа гэхэд дараа нь бүсийн болон өөр аймаг сум, уул овооны наадам байна гэдэг утгаар ханддаг байсан. Гэтэл энэ жил тийн зүйл байхгүй учраас хүнд туссан.
-Тэгвэл маргааныг дахин давтахгүйн тулд ямар шийдлийг холбооны зүгээс дэвшүүлж байна вэ?
-Эрдэнэтчүүд “Эрдэнэт” үйлдвэрийн цехээр арав гаруй жилийн өмнө төхөөрөмж хийлгэсэн юм билээ. Уг төхөөрөмжийг ашиглаад уралдахад хэл ам, хэрүүл шуугиангүй болсон л доо. Үүний гол шалгуур нь сэрвээний өндрөө баримтлаад үйлдвэрлэг байдлыг хардаггүй. Ингэхээр морины хөгжил нь ч өөр болоод Эрдэнэтийн наадамчид морин уралдаан үзэхэд хүртэл урамтай байгаа. Гарцыг нь сэрвээний өндөр гэж л үзээд буй. Энэ жил Дарханд сэрвээний өндрөөр ялгаад уралдуулсан.
-Сэрвээний өндрийн хэмжээ ямар байх ёстой юм бэ?
-Сэрвээний өндрийн хэмжээг 2015 оны тогтоолоор их насны морь 141 см, азарга болон соёолон 140 см, хязаалан 137 см, шүдлэн 132 см, даага 127 см байхаар заасан. Энэ хэмжээгээр уралдвал асуудалгүй. Хамгийн гол асуудал нь сэрвээний өндрийг хэмжихэд хүний оролцоог бага байлгах хэрэгтэй байна. Өнөө метрийг дээш, доош хөдөлгөнө, авлига авч захиалгаар үйлчилнэ гэх мэт асуудлууд гараад байх талтай. Хэрэв сэрвээний өндрийг хэмждэг төхөөрөмж аваад баталгаажуулчихвал хаа хаанаа хэл ам үүсэхгүй.
-Тэгвэл хэмжилт тодорхой ч хөндлөнгийн хүний оролцоо ороод будилуулаад байна гэж ойлгож болох уу?
-Эхлээд гараан дээр комисс хэмжинэ. Ингээд уралдаад ирэхэд өнөө айрагдсан морьдоо дахин хэмжээд үзэж болно. Үзэхдээ тухайн комисс нь санамсаргүй зохион байгуулах хэрэгтэй байгаа юм. Гомдол саналын дагуу дахин хэмжих шаардлага гарлаа гэхэд комиссоо томилоод уяачдын морийг газар дээр нь шалгаад үзчихнэ. Ингээд үнэхээр хэмжээ нь илүү бол дараагийн морийг түрүүлсэнд тооцож болох юм. Энэ мэт хяналтын асуудалд анхаарах нь зүйтэй.
-Өчнөөн сар уяа сойлгод бэлдсэн морио зохион байгуулалт, хяналтын алдаа, магадгүй авлигаас болоод оролцуулахгүй байна гэдэг харамсалтай. Таны хувьд ийм жишээтэй тулж байв уу?
-Ийм жишээтэй олон тулсан л даа. Эхлээд хасахгүй хэрнээ яг уралдаад ирэнгүүт нь хасдаг. Уг нь тухайн комиссын бүрэлдэхүүн нь ялгаад аваад үлдэх ёстой биз дээ. Ингээд уралдаад ирснийх нь дараа хассан тохиолдлууд надад олон тохиолдсон. Энэ үйлдвэрлэг байдал өөрөө хачин хийсвэр юм болж байгаа юм. Миний хувьд морьдыг зөв ялгаж уралдуулах талаар нэлээн тэмцсэн.
П.САЙНЖАРГАЛ