Categories
мэдээ цаг-үе

Б.Атарбаяр: “Тэнгэрийн тойрог” төсөл хэрэгжсэнээр Улаанбаатар хотын авто замын түгжрэлийн асуудал бүрэн шийдэгдэнэ

Монгол Улсын зөвлөх инженер, “Тэнгэрийн тойрог” төслийн удирдагч Б.Атарбаяртай ярилцлаа.


-Улаанбаатар хотод 568 мянган машин хөдөлгөөнд оролцдог гэсэн мэдээ бий. Тэгвэл гүүрэн зам барьснаар машины урсгалыг сааруулж, түгжрэлийг бууруулах боломжтой юу?

– Дэлхийн улс орнуудад давхар замын жишиг олон бий. Манайх чиглэлдээ уулзвартай л болохоос давхар замгүй. Уг тойрог гүүрэн зам 13 километр урттай, бууж, өгсөхийг нь тооцож үзвэл 17.5 километр урттай болж буй. Энэ хөтөлбөр арван жилийн өмнөөс томоохон хөтөлбөр болгож тавьсан. Бид хүн амын өсөлт, хотжилтыг арав гаруй жил судаллаа. Хэрвээ хэрэгжвэл хотын түгжрэлийг 60-70 жил сааруулах боломжтой. Хөдөлгөөний удирдах инженерчлэлийн газраас Улаанбаатарт өнөө маргаашгүй тэг зогсолт болно шүү гэж анхааруулсан. Замын хөдөлгөөн тэг зогсвол стресс бухимдал дээд цэгтээ хүрэх нь тодорхой шүү дээ.

-Гүүрэн замын өндрийг 16 метр болгосон байна. Орон зайг яагаад ингэж шийдэх болов ?

-Мэдээж том байгууламж учраас нам дор орон зай хаах эрсдэлтэй. Ингэж өндөрт байрлуулснаар илүү нарийн, үзэмжтэй харагдана. Нарны гүүрний хөндлөн доогуур гарахдаа та нар үүнийг анзаараарай. Давхар замыг дээш өргөснөөр нарийн харагдуулах боломжтой юм. Ингэснээр дан ганц өнгө үзэмж төдийгүй доод талынх нь авто замд ч саад болохгүй.

-Энэ давхар замыг 800 сая ам доллараар бүтээнэ гэсэн нь шүүмжлэл дагуулаад буй. Ер нь төсөв мөнгөний асуудлыг хэрхэн шийдэх вэ?

-Эх үүсвэр нь улсын төсвөөс гарахгүй гэдгийг нэн түрүүнд хэлмээр байна. Тодруулбал, гадаадын хөрөнгө оруулагчид, дотоодын бүтээн байгуулагчдын хүч хөдөлмөрөөр бий болно гэсэн үг. Ингээд аажимдаа магадгүй 20-30 жилийн хугацаанд тэр мөнгөө бага багаар дарамтгүй хураана. Өөрөөр хэлбэл, төлбөртэй зам байж таарах нь. Энэ гүүрний тавцанг орон сууцны метр квадраттай адил үнэлбэл 2500 долларын өртгөөр бий болох юм. Ямар ч орон сууцны нэг давхартай тэнцэхээргүй өндөр өртгөөр бий болдог гэдгийг ойлгох хэрэгтэй. Хэдэн зуун жил тэр гүүрэн зам дээр машин зорчих гүүрэн замыг орон сууцны метр квадратаар тооцсон. Олон улсын хөрөнгө оруулалтыг татаж ажиллах учраас тэдний жишгийг дагаж ажиллана. Урьдчилсан таамаг тооцоогоор л метр квадрат нь 2500 доллар байгаа. Яг бариад дуусахаар үнэ өртөг нь тодорхой гарна. Бүтээн байгуулалтын үед бараа материалын үнэ өсөх магадлалтай. Тиймээс хамгийн үнэн тоо бүтээн байгуулалт дуусахаар гарна.

-Хөрөнгө оруулалтыг гадаад дотоодоос татна гэж байна. Тэгвэл тэр хөрөнгийг яг хаанаас татахаар төлөвлөсөн бэ?

-Санхүүжилтээ авахаар Германы байгууллагатай тохирсон. Тэр улс орны иргэд батлан даалт гаргаж, хөрөнгийг эрсдвэл хариуцах боломжтой хэмээн биечлэн судалж байгаа. Үндсэндээ суурь бэлтгэлээ хийчихсэн төсөл гэж хэлж болно. Засгийн газар ч эцсийн шийдвэрээ гаргаад бидний ажлыг дэмжсэн.

–Давхар гүүрийг хэдэн жил барих төлөвлөгөөтэй байна?

-Төлөвлөсөн хугацаа хойшлоод л байгаа. Анхны төлөвлөгөөнд 2017-2021 онд барина гэсэн. Энэ бүтээн байгуулалт дөрвөн жил явагдана гэж төлөвлөсөн. Үүнд хөрөнгө оруулахад бэлэн гэдгээ гадаадын талаас хэлдэг. Одоогоор хөл хорио тогтоогдсоноос үүдэн хүлээгдэж байна даа.

-Монголын уур амьсгалд ямар авто зам тохиромжтой юм бол?

-Улаанбаатар маань хамгийн хүйтэн хотод ордог учраас унадаг дугуй, өөр төрлийн тээврийн хэрэгслээр зорчих боломж хомс. Тэгвэл халуун гражнаасаа машинаа асаагаад явах нь хамгийн ээлтэй болоод буй. Эрс тэс уур амьсгалтай холбоотой учраас автомашинаас татгалзахыг мянга уриалаад ч нэмэргүй. Энэ нь хот төлөвлөлт, дэд бүтэцтэй ч хамааралтай ойлголт.

-Тэгэхээр хамгийн ээлтэй тээврийн хэрэгсэл юу болж таарав?

-Хамгийн ээлтэй гэвэл жижиг тэрэг л байна даа. Машин худалдан авахыг яаж ч муу хэлээд хэрэглээг нь зогсоож хүчрэхгүй. Удахгүй хичээл сургууль цуглаж, үйлдвэрлэл хэвийн явагдвал өнөө тэг зогсолт аяндаа хаалга тогшоод ирнэ. Хот дотроо 20 километр замыг туулах гэж хоёр цаг явлаа гэж байна. Тиймээс бидний яриад буй тойрог зам энэ хугацааг товчлох юм. Тодруулбал, Баруун, зүүн замын хооронд, Зуун айл, тэмээтэй уулзварын хооронд буюу Их тойруу чиглэлд тойрог замаа барина. Нэг захаас нөгөө захад хүрэх ердөө тавхан километрийн асуудал байтал Зуун айлаас-Зайсан чиглэлд явахад цаг гаруй хугацаа шаардагдаад буй. Машин уначихаад таван киломер газрыг нэг цаг туулна гэдэг явган хүний хурдаар явж буйн хэрэг. Тиймээс ч тэг зогсолт бидний амьдралд аль хэдийнэ нөлөөлжээ.

-Тэгвэл цаг хэмнэх боломжтой болох нь ээ ?

-Давхар замыг ашиглалтад оруулснаар таван километр газарт ердөө зургаан минутад очоод бууна гэсэн тооцоо бий. Ингэснээр цаг хугацааг арав дахин хэмнэх боломжтой. Өөрөөр хэлбэл, цаг түгжирч явдаг газрыг зургаан минутад л туулах нь.

-Тэнгэрийн тойрог гэдэг нэрийн дор дүүжин тээвэр, гүүрэн зам гэсэн хоёр ухагдахуун үүсээд буй. Зарим хүмүүс үүнийг ялгаж ойлгохгүй байна л даа ?

-Дүүжин зам гэдэг нь нийтийн тээврийг буюу аялал жуулчлалын чиглэлтэй, нэг төрлийн цанын баазад байх тэр тээвэр шүү дээ. Тухайлбал, Хотын төвөөс Зайсан толгой руу аялал жуулчлалын маягаар явах үедээ хэрэглэх боломжтой. Гэвч энэхүү тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөний түгжрэлийг шийдэхэд дорвитой нөлөө үзүүлэхгүй л болов уу. Тэр дүүжин тээвэрт суухын тулд машинаасаа татгалзахгүй нь ойлгомжтой. Олон төрөлт тээвэр чухал учраас тэр байх нь зөв. Гол нь түгжрэлийг авто замаар л шийднэ. Энэ гүүр Улаанбаатар хотын өнгө зүс, дэд бүтцийн шаардлагыг давхар хангах боломжтой. Тодруулбал, халуун хүйтэн ус, эрчим хүч дамжуулахаас эхлээд цахилгааны кабелиуд, хийн хоолой явуулж, дэд бүтцээ бодитойгоор тэлэх боломжтой. Уг тойрог өөрөө инженерийн байгууламжийн тойрог болох юм.

П.САЙНЖАРГАЛ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *