Бурхны аврал гэж байдаг уу. Хэрэвзээ байдаг ахул тэвчиж эс чадах тарчлаан, өлсгөлөн үгээр хэлэхэд ч үг үл хүрэх тийм аймшигт тамаас байж болох бүр л чадлаа шавхан амьд үлдэх нь мөнөөх бурхны аврал мөн үү. Зарим нь “Тийм ээ, аврал мөн” гэх бол зарим нь “Зүгээр л аз”, нөгөө хэсэг нь “Ёстой л хувь тавилан юм. Ус уух хувьтай” гэж хариулах байх. Тэгвэл эрхэм уншигч та бүхэнд энэ удаагийн “Ном ярьж өгье” булангаар 1986 оны Нобелийн энх тайвны шагналт, 1955 онд хэвлэгдсэн цагаасаа хойш даруй 30 гаруй хэлээр орчуулагдан гарч, 10 сая хувь борлогдоод байгаа Эли Визелийн дуулиан тарьсан намтарчилсан бүтээл болох “Шөнө” хэмээх номын тухай товчхон өгүүлье. Дэлхийн II дайны төгсгөл хэсэгт Аушвиц, Бухенвальд, Буна гэх хорих лагераар аавынхаа хамт хоригдож байсан Эли Визелийн амьд үлдэхийн төлөөх тэмцэл, тэр аймшиг дунд хүнээрээ байхыг хичээсэн тэмцлийн талаар эл номонд өгүүлэх болно. Уг номыг Б.Батзаяа орчуулан, “Арвис паблишинг” уншигч танд хүргэж байгаа юм.
1944 оны хавар фашистууд ялагдах нь тодорхой болоод байсан цаг үе авч дайн сунжирсаар. Гэвч нацист армийн цэрэг Унгарын нутагт орж иржээ. Еврейчүүдийн долоо хоног үргэлжилдэг баяр болох Песахын сүүлийн өдөр бүх зүйл эхлэх болно. Яг л тэр өдрөөс эхлэн үйл явдал яг л хурдлуулсан зураг адил хурдан өрнөж эхэлжээ. Эхлээд еврейчүүдийг гурав хоногийн турш гэрээсээ ямар ч нөхцөлд гарч болохгүй байх тушаал буув. Зөрчих аваас үхэл. Тэр өдөртөө л цагдаа нар еврей айлуудын хаалгыг эвдэн орж үнэтэй цайтай бүхнийг нь хуу хамж эхэлсэн бөгөөд гагцхүү “Бүгдийг эрх баригчдад тушаа” гэх хууль үйлчилнэ. Ямар нэгэн аргаар үнэтэй байж болох юуг ч авч үлдсэн бас үхэх ял хүлээнэ. Гурав дахь хоногоос тэднийг шар өнгийн од бүхий тэмдэг энгэртээ зүүж явах ёстой гэсэн дүрэм үйлчилж эхлэв. Эцэст нь еврейчүүдийг хотоос тусгаарлана…
Нэгэнт тусгаарлагдсан тэднийг нэг л өдөр байгаа байгаа газраас нь хайр найргүй хөөн гаргаад цуваагаар хаашаа ч юм бэ авч явлаа. Хэсэг хэсгээр нь хуваан жагсааж хүмүүсийг хаашаа ч юм явуулсаар. Нэг л өглөө сүүлийн хэсэг хүмүүсийн ээлж ирэхэд тэднийг галт тэрэгний чингэлэгт суулгасан юм. Нэг чингэлэгт 80 орчим хүн суулгаад, хэрэв зугтах оролдлого хийвэл мөн л үхэх ялыг сануулан, шүгэлийн дуу тасхийхтэй зэрэгцэн галт тэрэгний дугуй чихран хөдөллөө. Тэгж олноор чихсэн чингэлэгт хэвтэх боломж байхгүй. Мэдээж тэнд тэвчин байна гэдэг туйлын хүнд. Ингэж явсаар нэгэн өртөөн дээр зогссон нь “Аушвиц” байлаа. Харин энэ чухам ямар газар болохыг тэдний хэн нь үл мэдэх ажээ. Тэднийг Биркенау буюу Аушвиц хорих ангид авчирчээ. Галт тэрэгнээс буулгасны дараа жагсан алхах тэднийг хүлээн авсан CC-ийн офицер “Эрчүүд нь зүүн талд жагс, эмэгтэйчүүд нь баруун талд жагс” гэж тушааснаар тэд хаашаа ч гарах гарцгүйгээр хорих ангийн хоригдлууд боллоо. Эндээс тэдний урт удаан тарчлаант өдөр хоногуудын эхлэл тавигдлаа. Шатаах зуухны өтгөн утаа, энд тэнд гарах буун дуу. Амьд үлдэхийн төлөөний аймшигт тэмцэл. Энэ ном уран зохиолынх огт биш. Харин яг бодит болсон үйл явдлыг л энэ аймшигт тамд байсан хүн өөрөө бичсэнд уг номын амин судас нь оршиж байгаа юм. Эл бүтээлийг “Бүх хүн төрөлхтний заавал унших ёстой ном” хэмээн Опра Уинфри тодорхойлсон нь нэгийг хэлээд байгаа юм. Мөн “ийм цөөхөн хуудсанд ийм их хүч агуулагдана гэж төсөөлж байсангүй” хэмээн “Нью Йорк таймс” тодотгожээ. Уншигч та “Шөнө” гэх бүтээлийг заавал авч уншаарай. Танд нэгийг бодуулах нь гарцаагүй. Уншсаныхаа дараа та магадгүй “Ээ бурхан минь” хэмээн дуу алдах ч магад.