Энэ долоо хоногт нийслэлийн суурьшлын бүс рүү зэрлэг амьтан орж ирсэн зургаан удаагийн дуудлага НБОГ-т ирсэн. Үүний дөрөв нь бамбай хоншоорт могойны, хоёр нь начин шонхор шувууны нисгэл ангаахайнх.
Бамбай хоншоорт могой нь хортой могой. Иймээс иргэд хотын суурьшлын бүс рүү могой орж ирсэн тохойлдолд мэргэжлийн байгууллагаруу яаралтай хандахыг зөвлөж байна.
Энэ сарын 20-ны өдрөөс хүүхдүүдээ хүлээн авч эхэлсэн зуслангууд ариутгал халдваргүйжүүлэлтийн дэглэм сахиж ажиллах үүрэг хүлээсэн. Иймд НМХГ-аас зуслангуудын үйл ажиллагаанд шалгалт хийж, зөрчил гаргасан хоёр байгууллагыг 2,5 сая төгрөгөөр торгосон байна.
ТАРВАГАНЫ 10 ШИРХЭГ ТУЛ НИЙСЛЭЛ РҮҮ НЭВТРҮҮЛЭХИЙГ ЗАВДЖЭЭ
НМХГ-ын мэдээлснээр сүүлийн 14 хоногийн хугацаанд иргэд нийслэл рүү тарваганы 10 тулам нэвтрүүлэхийг завджээ. Түүнчлэн нийслэлийн нутаг дэвсгэрт ойролцоо газруудад тарваганы 7 тулам байсныг ЗӨСҮТ рүү шилжүүлж, тухайн газрыг ариутгаж халдваргүйжүүлжээ.
ГУРВАН ДҮҮРГИЙН ТАВАН ХОРООНД ТҮҮХИЙ НҮҮРСНИЙ ХЭРЭГЛЭЭГ ХОРИГЛОВ
Нийслэлийн Засаг даргын шийдвэрээр түүхий нүүрсний хэрэглээг өнгөрсөн жилээс хориглосонтой холбогдуулан гурван дүүргийн таван хороонд энэ жилээс түүхий нүүрс хэрэглэхийг хориглов. Тодруулбал, Баянзүрх дүүргийн 20, Сонгино хайрхан дүүргийн 21, Хан-Уул дүүргийн 12, 13, 14 дүгээр хороодод тус бүр түүхий нүүрсний хэрэглээг хязгаарлаж, сайжруулсан шахмал түлшээр хангахаар болжээ. Өнгөрсөн жил нийслэлийн 150 гаруй хороо түүхий нүүрснээс татгалзаж сайжруулсан түлш хэрэглэсэн билээ.
АВРАГЧИД 260 ХҮНИЙ АМЬ НАСЫГ ХАМГААЛЖЭЭ
НОБГ-ын мэдээлснээр, онцгой байдлын алба хаагчид өнгөрсөн хугацаанд 260 хүний амь насыг авран хамгаалсан байна. Усны ослоос урьдчилан сэргийлэх зорилгоор Туул, Тэрэлж, Хэрлэн голын сав дагуу завьт болон хөдөлгөөнт эргүүл ажиллаж байгааг НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй хэлэв. Тэрбээр “Усны ослоор бага насны хүүхэд эрсдэх магадлал өндөр байна. Иймд эцэг эхчүүд хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулах хэрэгтэй. Бага насны хүүхдийг усанд эндэхээс урьдчилан сэргийлэхэд Нийслэлийн гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар болон цагдаагийн байгууллага хамтран ажиллаж байна” гэлээ.
ГЭРИЙН АЖИГЛАЛТААС 6981 ИРГЭН ГАРЧЭЭ
Монгол Улсад гаднаас зөөвөрлөгдсөн 291 тохиолдол батлагдаад байна. Сүүлийн долоон сарын хугацаанд 15469 хүн эмнэлгийн ажиглалтад оржээ. Гуравдугаар сараас хойш нийт 8346 хүн гэрийн тусгаарлалтад гарсан аж. Тэдний 6981 нь гэрийн ажиглалтаас гарчээ. Өнөөдрийн байдлаар 1233 хүн гэрийн ажиглалтад байна. Өчигдрийн байдлаар 204 хүн гэрийн ажиглалт руу шилжжээ. Үүнээс гадна тарваган тахлын өвчлөл гарах өндөр магадлалтайг НЭМГ-аас мэдээллээ. Энэ өвчнөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр 2491 хүн тарваган тахлын эсрэг вакцинд хамрагджээ.
АЙЛЫН ХАШААНД ТАРВАГА ОРЖ ИРЭХ ТОХИОЛДОЛ НЭМЭГДЖЭЭ
Сүүлийн жилүүдэд тарвага айлын хашаа руу орж ирэх тохиолдол нэмэгджээ. Энэ нь Улаанбаатар хотын суурьшлын бүс тэлэх болсноор тарваганы тархац бүс нутаг хумигдсантай холбоотой гэж Нийслэлийн байгаль орчны газраас мэдээлэв. Иймд ЗӨСҮТ-өөс нийслэлд тарваган тахал гарах өндөр магадлалтай болохыг анхааруулжээ. Иргэдийн тухайд хотын бүс нутагт хууль бусаар тарвага агнах тохиолдол гарч байгаа нь халдварт өвчин дэгдэх өндөр эрсдэлтэй болохыг сануулав. Мөн Улаанбаатар хотод зэрлэг амьтан орж ирсэн зургаан удаагийн дуудлага ирснээс дөрөв нь бамбай хоншоорт могой, хоёр нь начин шонхор шувууны нислэг ангаахай байжээ. Бамбай хоншоорт могой нь хортой тул тааралдсан тохиолдолд мэргэжлийн байгууллагыг дуудахыг зөвлөлөө.
Т.БАТЛХАГВА