ЗӨСҮТ-ийн хариу арга хэмжээний баг долдугаар сарын 24-30 хооронд дөрвөн удаагийн тусгай үүргийн нислэгээр ирсэн 820 гаруй иргэдэд ариутгал, халдваргүйтгэлийн тусламж үйлчилгээ үзүүлжээ.
Ариутгал халдвагүйтгэлийн ажил болон тарваган тахлын сэжигтэй тохиолдлуудын талаар ЗӨСҮТ-ийн ерөнхий захирал Н.Цогбадрах мэдээлэл өглөө.
Тэрбээр “Тусгай үүргийн нислэгээр ирсэн зорчигчид, нисэх багийн ажилтнууд болон гар тээш, дөрвөн шарил, 19,000 кг зорчигчдын ачаа, 16,000 кг карго ачаанд эцсийн халдваргүйтгэл хийлээ.
Энэ хугацаанд мөн 547 хүний сорьцод короновирус илрүүлэх шинжилгээ хийсэн.
“Тарваган тахлын 11 сэжигтэй тохиолдол бүртгэгдэж, гурвынх нь онош батлагдсан”
Коронавирусийн халдварын өндөр эрсдэлтэй байгаа энэ үед тарваган тахалтай холбоотой дуудлага буурахгүй байна. Одоогийн байдлаар тарваган тахлын 11 сэжигтэй тохиолдол бүртгэгдэж, гурвынх нь онош батлагдсан байгаа.
Долдугаар сарын 25, 26-ны өдрүүдэд Баянхонгор, Завхан аймагт тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгдэж, нэгдүгээр хавьтлуудыг тусгаарлан шинжилгээ хийхэд онош үгүйсгэгдсэн.
Энэ сарын 17-ноос хойш Баян-Өлгий аймагт ажиллаж байгаа манай багийнхан тарваган тахлын таван сүргийг илрүүлсэн байна.
Иргэд маань урин дулаан цагт хөдөө орон нутаг, байгалийн үзэсгэлэнт газруудаар аялаж байгаа нь сайшаалтай ч аялаж зугаалах үедээ тарваганы мах хэрэглэж, амь нас эрүүл мэндээ эрсдэлд оруулж байна” хэмээв.